Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2325000000069 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой баг Тариаланчдын ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,

4. Хохирогч Б.Б-н  “2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой би нөхрийн хамт Ж  гэх айлд очоод орой 22 цаг өнгөрч байхад нөхөр Б  түрүүлээд гэр лүүгээ харьсан. Б  айлаас өөрийнхөө машинтай явна гэхээр нь би түлхүүрийг нь өгөөгүй юм. Тэгээд би гэртээ харих замаараа найзтайгаа уулзчихаад гэр лүүгээ 22 цаг 30 минутын орчимд очсон. Намайг гэрт ороход Б  над руу хандаж хүмүүстэй архи уулгаж идүүлсэнгүй гээд уурласан. Тэгэхээр нь би Б д хандаж өнөөдөр би чамайг ууж идүүллээ, өөрөө хүртэл чамайг айлаас очиж авлаа гэж хэлэхэд Б  над руу дайрч үүдний өрөөнд намайг унагаагаад дээр маань гараад гараараа учир зүггүй, нүүр нүдгүй цохиж нүдсэн. Хадам аав босож ирээд Б гаас салгах үед би Б гийн доороос гарч, гэрээс гарч зугтсан. Өмнө нь манай нөхөр намайг цохиж зодсон асуудал байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-17, 40-41 дэх тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №111 дугаартай “Б.Б.Б-н  биед нүүр, баруун болон зүүн бугуйд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

6. Яллагдагч Б.Б гийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би гэрээсээ гарч найз Жижгээтэй тааралдсан юм. Тэгээд түүнтэй хамт тэднийд очиж 1 шил архи хувааж уусан. Мөн тэднийд нэг хүн ирчихсэн байсан бөгөөд бид 3 дахиад тэднийд 2 шил архийг нэмж уусан. Тэгээд нэг мэдсэн чинь би согтоод тасарчихсан байсан бөгөөд гэртээ яаж очсоноо мэдэхгүй байгаа юм. Мөн нэг мэдсэн чинь би гэртээ ирчихсэн манай аав Баянсан болон хүү 10 настай Энхтүвшин нар нь намайг барьж аваад хүлж байсан санагдаад байгаа юм. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг мэдэхэд би цагдаа дээр байсан. Би юунаас болж эхнэртэйгээ маргалдаад түүнийг цохиж зодсоноо согтолтын улмаас үнэхээр санахгүй байна. Гэхдээ би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед юу болсон талаар манай аав, эхнэр, хүүхдүүд надад хэлсэн. Би эхнэр Б  амьдраад 13 жил болж байна, албан ёсны гэрлэлтийн батлахтай, дундаасаа 3 хүүхэдтэй. Миний хувьд эхнэрээ урд өмнө цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

7. Б.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой баг Тариаланчдын ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-гхүмүүстэй архи уулгасангүй гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар газарт унагаж гараараа толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь нүүр, баруун болон зүүн бугуйд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хохирогч Б.Б-н  “...Б  над руу дайрч үүдний өрөөнд намайг унагаагаад дээр маань гараад гараараа учир зүггүй, нүүр нүдгүй цохиж нүдсэн... ” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан №111 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Б гийн ...Би юунаас болж эхнэртэйгээ маргалдаад түүнийг цохиж зодсоноо согтолтын улмаас үнэхээр санахгүй байна… гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-гархи уулгасангүй гэсэн шалтгаанаар газарт унагаж, толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь нүүр, баруун болон зүүн бугуйд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.Б-н  эрүүл мэндэд нь нүүр, баруун болон зүүн бугуйд, зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС