Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2325000000066 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Н.Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт сувилалын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд бие засаж байхад гар утсаараа зураг дарсан гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч А.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч А.М-н “2023 оны 01 дүгээр сарын 02- ны орой 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн арын талбай дээр найз Т ийн хамт чаргаар нь ээлжилж гулссан. Удалгүй манай найз Т  Оюут баг руу чиглээд гэртээ харихаар надаас салаад явсан харин би 1 дүгээр сургуулийн зүүн талаар Эрдэнэт сувилал руу чиглээд ганцаараа алхаж явтал 3-6 дугаар байрны зүүн хойно өндөр биетэй. 30-40 орчим насны, гартаа савхин бээлий өмссөн, хар өнгийн ноосон малгайтай эрэгтэй сонин сонин дуу гаргаад шээгээд байсан. Тэгэхээр нь би хэсэг харж зогссон тэгтэл тухайн эрэгтэй над руу дунд хуруугаа гаргасан. Үүний дарэа би хажуугаар зөрж явсан нэг ахаас утсаараа нэг яриулаач гэж хэлж утсыг аваал найз руугаа залгах гээд дугаарыг нь бичиж байтал байрны гадаа шээж байсан ах гэнэт над руу чиглээд хойноос хурдтай гүйсэн. Би өөрийнхөө хажууд зогсох байсан ахад хандан тэр ах намайг хөөгөөд байна гэж хэлтэл утсаа аваад инээгээд явчихсан. Тэгэхээр нь би Эрдэнэт сувиллын байр руу гүйж зугтаасан. 1 давхарт ороод нэг буланд суугаад нуугдтал нөгөө гадаа шээж байсан ах араас ороод ирсэн. Би тэр ахыг дотор оруулахгүй гээд хаалгыг нь барьтал дийлээгүй. Үүний дараа гаднаас орж ирсэн ах хоёр гараараа миний үснээс зулгааж хөлөөрөө өшиглөх газар унагаагаад дээрээс нэлээн хэдэн удаа толгой, бөөр, хавирга руу цохисон. Дараа нь газраас босгож ирээд чи миний хамрыг хугалсан гэж нүүр рүү 5-6 улаа цохисон. Дахин газар унагааж миний толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Энэ үед миний нүд харанхуйлсан. Удалгүй миний хоолойноос гараараа боож босгож ирээд гараас атгаж цамцнаас зуурч авахаар нь би хувцас өлгүүрийн эгч дээр явж очоод энэ ах намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгтэл өлгүүрийн эгч намайг зодсон эрэгтэйд хандан цагдаа дуудлаа шүү яв чи гэж хэлтэл намайг зодсон эрэгтэй дууд дууд гэж хэлсэн. Бас өөрийгөө цагдаа гэж өлгүүрийн эгч бид хоёрт тэгж хэлсэн. Мөн тэр эрэтэй миний хамар руу гараараа цохих үед нүдний шил хагарсан. Би тэр эрэгтэйг урьд өмнө харж байгаагүй яагаад намайг хөөсөн гэдгийг мэдэхгүй байна. Мөн намайг зодсон эрэгтэйн хамар нь далийчихсан, хамраас нь цус гарчихсан байсан Тэр эрэтэй намайг зодож байхдаа чи миний хамрыг хугалсан гэж хэлсэн. Толгойны эм уухгүй бол толгой өвдөөд байгаа. Мөн шөнө унтаж байгаад нусаа татах үед хамар янгинаад байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг бусдад зодуулж байхыг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. ...намайг зодсон Б гэдэг ах надтай уулзаад надаас уучлалт гуйж, буруугаа ойлгож байгаа талаараа хэлсэн. Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны орой нүдний шилээ шинээр хийлгээрэй, эм тариа аваарай гээд нийт 360 000 төгрөг ээжийн ****  тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Б гэдэг ах надаас уучлалт гуйсан. Мөн өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаагаа надад болон манай ээжид хэлсэн. Иймд Н.Б гэх ахтай холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/

3. Гэрч Д.Т-н “2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг 30 минут орчим намайг ажлаасаа буугаад гэртээ харихаар явж байхад миний хүү М над руу залгаад ээжээ би нэг согтуу хүнд зодуулчихлаа, сувиллын 1 давхарт байна гэж дуудсан. Намайг Эрдэнэт сувилал руу ороход 1 давхарт өлгүүр дотор миний хүү М сууж байсан ба өлгуүрийн эмэгтэй цагдаа дуудсан байсан. Би хүүгээсээ юу болсон талаар асуухад нэг согтуу ах намайг 1 дүгээр сургуулийн дэргэд явж байхад зодох гэж хөөгөөд Эрдэнэт сувиллын 1 давхар руу араас хөөж орж ирээд зодсон гэж хэлсэн. Тэр өдрөө хүүхдээ БОЭТ дээр очиж үзүүлэх толгойны рентген зураг авхуулахад тархи, хүзүүний ясанд гэмтэл хугарал байхгүй байна, хамар бага зэрэг мурийлттай байх магадлалтай гэж хэлсэн. Үүнээс хойш миний хүү хамартаа дусаагуур дусааж, эм ууж байгаа. А.М-н биеийн байдал хэвийн байгаа. Би хүүгийнхээ толгойг хэд хоног ажиглаж байгаа ба удахгүй бариач дээр дагуулж очиж бариулах гэж байгаа. Мөн хамрын таславчийн муруйлтыг нь эдгэрэлтийг 16 нас хүртэл нь харж байгаад эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг шийднэ. Миний хүүгийн биеийн байдал хэвийн байгаа учраас гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 дахь тал/

4. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаартай “А.М-н биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

5. Яллагдагч Н.Б-н“Би М гэх хүүхэд болон түүний ээж Д.Т нартай холбогдож уучлалт гуйж өөрийн зүгээс шаардлагатай бол нүдний шил болон эм тариа мөнгийг гаргаж өгөх болно гэдгээ хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.М гэдэг хүүхдийн араас хөөж Сувиллын байр руу орсон. Сувиллын байр руу ороод М гэх хүүхдийн хувцаснаас татаж чангаах үед М гэдэг хүүхэд надаас зугтаах гэж эсэргүүцэл үзүүлэх явцдаа хаалганы ирмэг болон хана мөргөж биедээ гэмтэл авсан. Би энэ хүүхдэд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Энэ хүүхдэд учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна. Гэмтэл учруулсандаа их гэмшиж байна. Би дахиж ийм алдаа гаргахгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/

6. Н.Б-нийэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/,

7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хавтаст хэргийн 48 дахь тал/

8. “Нас тоолох тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт сувилалын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд бие засаж байхад гар утсаараа зураг дарсан гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч А.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгин хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санааай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-н цагдаагийн газарт гаргасан гомдол, насанд хүрээгүй хохирогч А.М-н “...хоёр гараараа миний үснээс зулгааж хөлөөрөө өшиглөх газар унагаагаад дээрээс нэлээн хэдэн удаа толгой, бөөр, хавирга руу цохисон. Дараа нь газраас босгож ирээд чи миний хамрыг хугалсан гэж нүүр рүү 5-6 удаа цохисон. Дахин газар унагааж миний толгой руу 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тунгалагийн: “...Эрдэнэт сувиллын 1 давхар руу араас хөөж орж ирээд зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт, яллагдагч Н.Бат-Эрдэнийн: “...М гэх хүүхдийн хувцаснаас татаж чангаах үед М гэдэг хүүхэд надаас зугтаах гэж эсэргүүцэл үзүүлэх явцдаа хаалганы ирмэг болон хана мөргөж биедээ гэмтэл авсан. Би энэ хүүхдэд гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг, “Нас тоолох тухай” мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт сувилалын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд бие засаж байхад гар утсаараа зураг дарсан гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй хохирогч А.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Б нь шууд санаатай үйлдлээр бага насны хүүхдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.М-н эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 360 000 төгрөг төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ням-Эрдэнэ нар эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш  овгийн Н-н БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялыг нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС