Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0675/З |
Дугаар | 128/ШШ2021/0830 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДХ /РД: **/,
Хариуцагч: НЗ,
Гуравдагч этгээд: А СӨХ,
Гуравдагч этгээд: Ё.Ц, /РД: /,
Гуравдагч этгээд: ШХ СӨХ,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ** дүгээр захирамжийн Хас овогт Ё.Цэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар захирамжийн хавсралтаар ХСИС-ийн 49547 мкв газраас орон сууцны зориулалтаар 1654 мкв газрыг бусдад шилжүүлж, 45033 мкв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах" тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Ё.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДХ захирал Ш.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ДХ нь багш, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сургуулийн эзэмшил газраас Нийслэлийн засаг даргын 2011 оны *** дүгээр захирамжаар баталгаажуулан 108 айлын /16 дугаар байр/ орон сууцны барилга барьж, 2013 онд ашиглалтад оруулсан.
Барилга угсралтын ажлын явцад холбогдох дүрэм, журам, норм нормативын дагуу хичээлийн III байр буюу Хилийн 0******* дугаар анги-Хилийн сургуулийн зүүн талын хашааг нурааж, аюулгүй байдлыг ханган, хаягдал материалаар түр хашаа барьж хөдөлгөөнийг хязгаарлаж ажилласан.
Иргэн Л.Г /О.С/ нар нь тус нэгж газарт дур мэдэн, зөвшөөрөлгүй чингэлэг байршуулсан байсан тул удаа дараа шаардлага тавьсны эцэст 2019 оны 03 дугаар сард байрлуулсан чингэлгийг нүүлгэн шилжүүлснээр тухайн газар орчныг сургуулийн хөрөнгөөр засварлаж хэвийн байдалд оруулсан.
Гэтэл энэ хугацаанд 2015 оны ажилтан албан хаагчдын 16 дугаар байрны газрыг их сургуулийн эзэмшлээс хасалт хийх явцад кадастрын зурагт түр хашаагаар цэг авч, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан алдаа гарсан байна.
Иргэн О.Сын чингэлэг байрлуулж байсан нэгж талбар ********дугаар бүхий 123,0 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжаар олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Гэтэл дахин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ** дүгээр захирамжаар иргэн О.Сд тус газрыг олгохоор шийдвэрлэсэн байна.
Хилийн цэргийн 0340 дугаар ангийн барилгын объекттой залгаа энэхүү нэгж талбар бүхий газарт Үйлчилгээний зориулалттай зөвшөөрөл олгосон нь аюулгүй байдал, галт зэвсгийн сургалтын технологийн хэвийн үйл ажиллагааг алдагдах эрсдэлтэй тул бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт хүргүүлж шалгуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн О.Сд олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, А.Э******* даргад тус тус гомдлоо гаргасан.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ** дүгээр захирамжийн Хас овогт Ё*******ын Ц*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай удаа дараа гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг 14 1.2 дахь хэсэгт холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 49547 м.кв талбайтай газраас орон сууцны зориулалтаар шилжүүлсэн 1654 м.кв газрыг хасахаар ДХд 47803 м.кв газар үлдэх ёстой ч 4503 м.кв газар үлдээж, 2770 м.кв газрыг манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар захирамжийн хавсралтаар хассан.
ТӨХ-ны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ***4 дүгээр албан бичигт ... 49457 м.кв сургалтын зориулалттай газрын 1654 м.кв газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж байна гэсэн боловч 1 м.кв-аар ахиулан 1655 м.кв гэж бичсэн байна.
Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар ДХд газрын асуудлыг хэлэлцсэн хэмээн Нийслэлийн Засаг даргын * дугаар захирамжид заасан боловч тухайн хуралдааны тэмдэглэлд нэг ч албан тушаалтан гарын үсэг зураагүй тул хуралдаагүй байхад баримтыг нөхөн үйлдсэн гэж үзэж байна.
Захирамжийн хавсралтад манай газрын хэмжээг буруу бичсэн байх тул зөв болгон өөрчлөлт оруулахыг НЗд даалгаж өгнө үү гэх гомдлыг Монгол улсын Ерөнхий сайдад хандан гаргасан.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар захирамжийн хавсралтаар ДХ 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2770 м.кв газрыг бусдад шилжүүлсэн нь ууль бус үйлдэл байх бөгөөд даалгах шаардлага нь эс үйлдэхүйтэй холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн О.С нь зөөврийн байшинг эзэмшил газартаа байршуулж, үйлчилгээний ажил эрхэлж байсан. Энэ үеэс нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд байгааг мэдэж байсан.
О.Саас газар эзэмших эрх шилжүүлж авсан иргэн Ё.Цийн газрыг нэхэмжлэгч байгууллага хашаалсан тул 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох зорилгоор ДХ нь иргэн Ё.Цийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн, маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДХ нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны ** дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 49457 м.кв газар эзэмшүүлсэн. ДХ нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар албан бичиг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ** дүгээр албан бичгээр газрын зориулалт өөрчлөх хүсэлт гаргасан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу 3.4 дэх хэсэгт заасны дагуу ДХиас ирүүлсэн өргөдөл, зургийн дагуу 2015 оны * дугаар захирамжаар 45033 м.кв, 1655 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.
2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ** дүгээр албан бичигт 1654,6 м.кв газарт хүсэлт ирүүлснийг үндэслэн 1655 м.кв газрыг орон сууцны зориулалттай эзэмшүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан ДХ эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэг дарагдсан байх тул нэхэмжлэгчийн баримтыг нөхөж хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар гаргасан өргөдлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр НЗд хүргүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгээр өмгөөлөгч Г.Нид хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд хариу хүргүүлсэн.
Нэхэмжлэгчийн ярьж байгаа гол үндэслэл нь ХСийн 49,547 м.кв газраа 45,43 м.кв болгож кадастрын зургийг анхнаасаа өөрсдөө хийлгүүлсэн. Нотлох баримтууд хэрэгт авагдсанаар тодорхой байгаа. Орон сууцны зориулалтаар газрыг салгаад үлдсэн сургуулийн газрын кадастрын зургийн хийлгүүлээд салгаж байгаа үйл явц явагдаж байгаа учраас ямар нэгэн эс үйлдэхүй үзүүлсэн зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс эдний газрыг хүчээр багасгаад шийдвэрлэсэн зүйл байхгүй. Сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгчийн өмнөх итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий хүсэлт өргөдлийн дагуу бүх харилцаа явагдсан. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үйлдэлтэй зүйл байдаг. Буцааж газрыг 45,43 м.кв болгосон нь хууль бус зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Ё.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн тухайд 2 жилийн хугацаанд нилээн удаан үргэлжилж байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилдог. Эрх ашгийг зөрчсөн гээд хэрэг маргаанаа шийдвэрлэхгүй удаа дараа санаатай саад учруулаад яваад байсан.
ДХ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Ё.Ц 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус газар бусдын эзэмшилд шилжсэн талаар олж мэдсэн гэж дурдсан нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл 2015 онд ажилтан албан хаагчдын 16 дугаар байрны газрыг их сургуулийн эзэмшлээс хасалт хийж газраа 2 хуваасан талаар нэхэмжлэлдээ тусгасан байна.
Газрыг 2 хуваасан цагаас эхлэн СӨХ болон ДХ хоёр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан газар эзэмшигчийн үүргийг тус тусдаа хүлээх ёстой. Газрын тухай хуулийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Газар эзэмших гэрээнд заасны дагуу газар эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэж, газраа хамгаалалтдаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцаж байх үүргийг хүлээдэг. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд шилжсэн гэдгийг 2015 онд мэдэх үүрэгтэй, мэдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашгийг огт зөрчөөгүй гэж үзэж байна. Тодруулбал: Иргэн Ё.Цэд газар эзэмших эрх олгохдоо тус сургуулийн эзэмшиж буй газартай давхцуулж эсхүл хилийн цэгийг дайруулан газар эзэмших эрх олгосон тохиолдолд ДХ хуульд заасан эрх ашиг хөндөгдөх ёстой.
Гэтэл Иргэн Ё.Цийн эзэмшиж буй нэгж талбарын ********дугаартай 123 м.кв газар нь хэн нэгний эзэмшиж буй газартай давхцалгүй болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд А СӨХ-ны төлөөлөгч
Г.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай СӨХ нь Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг. ДХ нь багш, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2011 оны *** тоот захирамжаар баталгаажуулан, 108 айлын орон сууцны барилга барьж, 2013 онд ашиглалтад оруулсан.
2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр тус их сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй газраас 16 дугаар байрын эзэмшлийн газрыг шилжүүлэхээр кадастрын зураг гаргуулан, газрын хэмжээнээс хасах хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлсэн боловч хүсэлтийн дагуу бүрэн хэмжээгээр манай мэдэлд ирээгүй, иргэн О.С нар нь сургуулийн удирдлагад хүсэлт гарган түр чингэлэг байршуулан 2019 оны 04 дүгээр сард чингэлэг байрлаж байсан 123.0 мкв бүхий ********дугаар бүхий нэгж талбайд маргаан үүссэн байна. Энэ талаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр их сургуулийн удирдлагатай уулзаж мэдсэн.
Манай СӨХ-ны зүгээс хэн нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, шилжүүлэх талаар зөвшөөрөл өгөөгүй болно.
Уг газар нь ДХ Хилийн сургуулийн харъяа газар буюу эзэмшилд зайлшгүй байх шаардлагатай газар байх тул ДХ мэдэлд шилжүүлэх нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байгааг мэдэгдье. гэжээ.
Иргэдийн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ДХиас нийслэлийн Засаг даргад холбогдуулан анх “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр захирамжийн Ё.Цэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, тодруулжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны **дүгээр магадлалаар “... шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийх, ... нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Үүний дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот албан бичгээр “...нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар нэгтгэн томъёолж” ирүүлэхийг мэдэгдсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “манай сургуулийн эзэмшил газар дээр зохих зөвшөөрөлгүй этгээд барилга барьсан ба удирдлагууд солигдсоны улмаас тухайн газарт холбогдуулан маргах боломжгүй болоод байгаа тул эзэмшил газрынхаа хэмжээг бодитойгоор тогтоолгох хүсэлтэй байгаа болно” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар захирамжийн хавсралтаар ХСийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан(4хх, 122 дахь талд).
Шүүх дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***захирамжаар 57589 м.кв газрыг эзэмшиж байсан байх ба тус хуулийн этгээдээс 2011, 2012, 2013 онуудад өөрийн эзэмшил газраас тодорхой шалтгаануудаар хасуулах тухай хүсэлтүүдийг гаргасныг нийслэлийн Засаг даргаас тухай бүрд нь хүлээн авч шийдвэрлэж байсны дагуу 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** захирамжаар 49457 м.кв газрыг сургалтын зориулалтаар эзэмших болжээ.
Дээрх *** дугаар захирамж болон үүнээс өмнөх цаг хугацаанд гарч байсан захирамжууд, газрын хэмжээний тухайд нэхэмжлэгч маргаагүй.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар захирамжаар тус сургуулийн эзэмшил газрыг сургалт болон орон сууцны зориулалттай болгон хувааж сургалтын зориулалтаар олгогдсон газрын хэмжээг 45033 м.кв талбайтайгаар баталгаажуулсныг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “эзэмшил газрын хэмжээнээс үндэслэлгүйгээр хассан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
- ХСь/хуучин нэрээр/-аас 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр газрын зориулалт өөрчлөх тухай хүсэлт гаргахдаа “ЗС” ХХК-ийн үйлдсэн 1654,6 м.кв, 1488,8 м.кв, 1280,9мкв, 45032,7 м.кв талбайтайгаар үйлдсэн 4 ширхэг кадастрын зургийг нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-т хүргүүлсэн болох нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсанаар,
- нэхэмжлэгчийн маргаж буй иргэн Ё.Цийн эзэмшиж буй 123мкв газар нь ДХийн эдэлбэр газрын зүүн урд өнцөгт Хилийн албаны сургуулийн байртай залгаа байрлаж байх ба уг газрын зүүн талд 16 дугаар байр(А СӨХ), түүний зүүн талд 48в байр(ШХ СӨХ) байрлаж байгаа нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр,
- “ШХ” СӨХ нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн *** дугаар захирамжаар ашиглалтын газраа 1280,9 м.кв талбайтайгаар анх баталгаажуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр захирамжаар газрын хэмжээг 2533 м.кв болгож нэмэгдүүлсэн, эдгээр газрууд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Ё.Цийн эзэмшлийн газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн **** тоот лавлагаагаар,
- “ЗС” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн “ХСийн ажилчдын орон сууцны 16 дугаар байранд хамаарах гэж зурсан 1486 м.кв талбайтай газар нь нэгж талбарын ************(Ё.Ц) дугаар бүхий газартай 119 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот лавлагаагаар,
- Мөн ХСийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***дугаартай албан бичгээр “...хувьчлагдсан орон сууцны 48в байрны, НЗД-ын 2012 оны *** тоот захирамжаар зөвшөөрөл олгогдсон баригдсан 16 дугаар байрны эзэмшил газрыг сургуулийн эзэмшил газрын хэмжээнээс хасч өгнө үү” гэсэн хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-т хүргүүлсэн байх ба энэнхүү албан бичигт дурьдсан 16 дугаар байранд хамаарах 1488,8 м.кв газар нь нийтийн эзэмшилд шилжсэн болох нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...хувьчлагдсан орон сууцанд хамаарах 1280.9 м.кв талбай бүхий газар болон 16 дугаар байранд хамаарах 1488.8 м.кв газрыг тус тус нийтийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн *** тоот албан бичиг болон “ЗС” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн кадастрын зургуудаар,
- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар Т.Сд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 123 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр захирамжаар иргэн Ё.Цэд шилжүүлж шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдов.
Ё.Цийн эзэмшилд олгогдсон 123мкв газар нь ДХийн эзэмшлийн 45033мкв газартай давхцалгүй, харин Төрийн өмчийн хорооны 2015.06.16 *** албан бичигт “БХБЯ-ны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс хувьчлагдсан орон сууцанд хамаарах 1280.9мкв болон 16 дугаар байранд хамаарах 1488.8мкв газрыг нийтийн эзэмшил шилжүүлэхэд татгалзахгүй гэж үзсэн байна” гэж дурьдсан 1488,8 м.кв газартай давхцалтай болох нь нь Газар зохин байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот лавлагаагаар тогтоогдов. (4 хх, 97-100 дахь талд)
Дээрхээс үзвэл, нийслэлийн Засаг даргаас 2015 оны ** дугаар захирамжаар ДХийн сургалтын зориулалтаар эзэмшиж буй газрын хэмжээг 45033мкв талбайтайгаар баталгаажуулсан болон иргэн Т.Сд 123мкв газрыг эзэмшүүлж, улмаар иргэн Т.Цэд газар эзэмших эрхээ шилжүүлснийг баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасанд нийцсэн шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдээс өөрийн эзэмшилд олгогдсон байсан 49457 м.кв газраас холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр 1654,6 м.кв газар(нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн хойд хэсэгт байрлах)-ыг орон сууцны зориулалтаар, 1280,9 м.кв газар(нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн урд захад байрлах)-ыг хувьчлагдсан 48в байрны орчны газрын зориулалтаар, 1488,8 м.кв газар(нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн урд хэсэг болон 48в байрны дунд байрлах)-ыг шинээр баригдсан 16 дугаар байрны орчны газрын зориулалтаар тус сургуулийн сургалтын зориулалттай газрын хэмжээнээс хасах хүсэлтийг гаргаж, холбогдох кадастрын зургийг хийлгэж хүргүүлсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрыг үндэслэлгүйгээр хассан гэж үзэхгүй, улмаар тус сургуулийн эзэмшлээс хасагдсан нийтийн эзэмшлийн талбайд иргэн Т.Сд газар эзэмшүүлж, уг газрын эрхийг шилжүүлсний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж байсан 49457мкв газраас орон сууцны зориулалтаар шилжүүлсэн 1654,6мкв болон 1280,9мкв, нийтийн эзэмшилд шилжүүлсэн 1488,8 м.кв хэмжээг хасаад 45033(45032,7) м.кв хэмжээтэйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулсныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тус сургуулиас гаргаж ирүүлсэн, зураг, хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн ХСь/хуучин нэрээр/-ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ***, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот албан бичгүүдэд “...Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны ***, Төрийн өмчийн хорооны 2015 оны *** тоот албан бичгээр дээрх барилгын эзэмшлийн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрч нийслэлийн Засаг даргын 2015 оны ** дугаар захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн” гэснээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаж буй газар нь өөрийн эзэмшил газрын хэмжээнээс хасагдсан болохыг мэдэж, хүлээн зөвшөөрч байсан атлаа “удирдлага солигдсон” гэх шалтгаанаар нэхэмжлэл гаргаж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
Хэдийгээр гуравдагч этгээд Ё.Цийн эзэмшилд олгогдсон 123 м.кв газар нь нэхэмжлэгчээс тухайн үеийн 16 дугаар байр буюу одоогийн “А” СӨХ-ийн ашиглалтад олгохоор шилжүүлсэн 1488,8 м.кв газарт хамаарч байх боловч “А” СӨХ нь өнөөдрийг хүртэл уг газрыг ашиглах тухай хүсэлт гаргаагүй, газар ашиглах эрхээ баталгаажуулаагүй болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ***4 тоот албан бичигт “...А СӨХ-ийн газар баталгаажилтын хувийн хэрэг тус албаны архивт байхгүй” (2хх, 198 дахь талд), мөн албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот албан бичигт “...А СӨХ нь тус албаны архивт болон нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй” (3хх, 112 дахь талд) гэснээр тус тус тогтоогдож байх тул бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт гуравдагч этгээдэд эзэмших эрх олгосныг буруутгах боломжгүй байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн сургалтын зориулалтаар эзэмшиж байсан газрын хэмжээг нийслэлийн Засаг даргын 2015 оны ** дугаар захирамжаар өөрчилснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар захирамжийн хавсралтаар ХСийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, цахимаар холбодоогүй, гуравдагч этгээд “ШХ” СӨХ-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2--т заасныг тус тус баримтлан ДХиас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар захирамжийн хавсралтаар ХСийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033мкв газар үлдээсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох баримтад тулгуурлан өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ