Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2703 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭТТХК/20240103136 дугаар тендерийн 2 дугаар багцад гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0220 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц, А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0058/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2703 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭТТХК/20240103136 дугаар тендерийн 2 дугаар багцад гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0220 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Манай компани тендер зарласнаас хойш ажилчдынхаа мэдээллийг E-Mongolia.mn цахим хаягаар шалгаад 2 ажилтны мэдээлэл бодит байдлаасаа бол зөрүүтэй байсан. Бид Боловсролын ерөнхий газарт хүсэлтээ гаргаад, н.Чгийн хувьд 10 дугаар сарын 19-ний өдөр, н.Цгийн хувьд 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу тендер нээхээс 55, 28 хоногийн өмнө E-Mongolia.mn цахим хаягт холбогдох өөрчлөлтүүд орсон. Тендер нээхэд, үнэлгээ хийхэд тухайн н.Ч, н.Ц нарын өмнөх мэдээллүүд захиалагч талын мэдээллийн систем дээр бол гарч ирсэн байсан байна. Бид нар мэдэгдлээ авсны дараа Сангийн яаманд гомдол гаргасан. Төрийн худалдан авах ажиллагааны газарт ийм алдаатай юм болчихлоо, энийг шалгаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Мөн мэргэжлийн байгууллага болох Боловсролын мэдээллийн технологийн төвд энэ талаар хандсан. Боловсролын мэдээллийн технологийн төвөөс ирсэн албан бичгийг анхан шатны шүүх шийдвэртээ доторх агуулгыг нь дурдаад, гэхдээ тендер нээсний дараа мэдчихээд энэ талаараа залруулах юм явжээ гээд төрийн байгууллагаас ирсэн албан бичгийг ташаагаар шийдвэр дээр тайлбарласан. Мөн нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж манай тал үзэж байгаа. Жишээлбэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн, хавтаст хэргийн 228 дугаар хуудаст байгаа яагаад “Эрдэнэс тавантолгой” ХК хур системээр ажилчдын мэдээллийг шалгахад хуучин буюу нэмэлт өөрчлөлт ороогүй мэдээлэл гарч ирсэн бэ, ямар учраас болов, сервер яагаад шинэчлэгдээгүй вэ гэсэн буюу яг маргааны үндсэн зангилааг тайлах мэдээллийг агуулж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичгийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар огт дурдаагүй, огт энийг үнэлээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, үнэн зөвөөр дүгнэх гэсэнтэй шууд зөрчилдөж байгаа. Анхан шатын шүүхийн шүүх хуралдааны явцад Боловсролын сайдын 2024 оны А/146 дугаар тушаалаар баталсан Боловсролын индексийг тендерийн баримт бичигтээ бид үнэлгээндээ ашигласан гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өгдөг. Гэхдээ Үнэлгээний хорооны 5 дугаар тэмдэглэлийг харах юм бол тэнд нийт 5 компани, 3 ажлын байранд буюу эрүүл ахуйч, технологич, ерөнхий тогоочийн ажлын байранд нийт 24 боловсон хүчнийг санал болгосон байгаа. Тэр санал болгосон 24 боловсон хүчний 12 нь Үнэлгээний хорооноос боловсролын шаардлага, ажлын туршлагын шаардлага хангагдаж байна гэж үзсэн. Энэ 12 хангасан гэсэн хүмүүсийнх нь 10 хүний боловсролын индекс нь захиалагч талын шаардаад байгаа тэр тушаал журамтай зөрчилдөж байгаа. Тоо нь ерөөсөө таарахгүй байгаа. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед өөрт ашигтай байдлаар буюу бид нар индексээ үнэлж, харж Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан гэж байгаа боловч 12 шаардлага хангасан хүнийх нь 10 нь индекс нь ор тас зөрж байгаа. Захиалагч талаас тендерийн баримт бичгээ боловсруулахдаа хөнгөн хуумгай, хариуцлагагүй хандсан гэж манайх үзэж байгаа. Жишээлбэл яриад байгаа 2024 оны Боловсролын сайдын тушаалын 2 дугаар зүйл дээр юу гэж заасан бэ гэхээр мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, индексийг 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн мөрдсүгэй гэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ журмын дагуу бол энэ индексийн дагуу сурч байгаа хүүхэд бол өнөөдөр сургуулийнхаа гуанзанд пирожки идээд гүйж байгаа. 2028 онд төгслөө гэж бодоход 3 жилийн ажлын туршлагаа хангахад 2031 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерийн шаардлагыг хангах индекстэй, ажлын туршлагатай хүн болж таараад байгаа юм. Энийгээ бид мөрдүүлсэн гээд байгаа. Гэхдээ Үнэлгээний хорооны тэмдэглэлийг буюу хавтаст хэргийн 171-ээс 180 дугаар хуудас дахь тэмдэглэлийг харахад ерөөсөө индексийг хараагүйгээр, зөвхөн мэргэжлийн нэршлийг харж шийдвэрээ гаргасан нь харагдаад байгаа. Манай компанийн эрх ашиг хаана зөрчигдсөн бэ гэвэл төрийн байгууллагуудын цахим мэдээллийн серверийн цаг тухай бүрд шинэчлэлт нь хийгдээгүй, хоцордог, түүнээс болж маргааны маань гол асуудал үүссэн. Бид тендерийн баримт бичгээ шалгаад, тэнд байгаа бүх шаардлага нэг бүрийг хангаад, Сангийн сайдын баталсан журмын дагуу бүх зүйлээ нягтлаад дээрээс нь бид E-Mongolia.mn цахим хаягаас авсан ажилчдынхаа дээд боловсролын кю ар /QR/ кодтой лавлагааг хүртэл тендерийнхээ баримт бичгийн 30, 50 дугаар хуудаст н.Ч, н.Ц нарын мэдээллийг өгсөн. Бид шийдвэр гарсны дараа хойноос нь хөөгөөгүй, шийдвэр гарсны дараа хаана ямар асуудал болчхов оо гэдэг талаас нь явсан. Гэхдээ анхан шатны шүүх тэр 2 албан бичиг, нотлох баримтыг бодитоор үнэлээгүй шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэдэг хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20250103*** дугаартай “Катерингийн үйлчилгээ /Уурхай, НБҮ, ТНАЛТ/” үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарласан байх ба нэхэмжлэгч “Т” ХХК уг тендер шалгаруулалтад оролцож, материал хүргүүлсэн байна.

2.2. Дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендерийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ерөнхий тогооч “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич”, Хүнсний эрүүл ахуйч “Хүнсний технологич эсхүл хүнсний эрүүл ахуйч” мэргэжилтэй байхаар заажээ.

2.3. Уг тендер сонгон шалгаруулалтад оролцсон “Х” ХХК-иас тендер шалгаруулалтын баримт бичигт гомдол гаргасны дагуу Монополын эсрэг газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20250103*** дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэр, үйлдлийн хэрэгжилт, тендер хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байх ба гомдлыг хянаад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” 01/1770 тоот албан бичгээр “Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1.1-д заасан мэргэжил нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 ны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекс”-д нийцэхгүй байх тул ТШЗ 19.1.1-д холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мэдэгдсэн байна.

2.4. Улмаар захиалагчаас тендерийн баримт бичгийн Тендерийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д өөрчлөлт оруулж, энэ талаарх тодруулгыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2305 тоот албан бичгээр тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд хүргүүлсэн байх ба үүнд Ерөнхий тогооч нь 072104, 072105 индекстэй буюу Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич, Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй”, Хүнсний эрүүл ахуйч нь 072103, 072104, 072105 индекстэй буюу Хүнсний технологич эсхүл хүнсний эрүүл ахуйч, Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хүнсний чанар, аюулгүй байдал гэсэн мэргэжилтэй байхаар тусгажээ.

2.5. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд ерөнхий тогоочоор санал болгосон Н.Ч 0702101 индекстэй буюу Хүнсний инженерчлэл мэргэжилтэй, хүнсний эрүүл ахуйчид санал болгосон Ц.Ц 097801 индекстэй буюу Нийгмийн эрүүл мэнд гэсэн мэргэжилтэй байгаа нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2703 тоот албан бичгээр “Т” ХХК-д мэдэгдсэн байна.

2.6. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч гаргасан “Т” ХХК-ийн гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн агуулга бүхий 03/10931 тоот албан бичгийг захиалагч болон гомдол гаргагч нар хүргүүлсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, мэргэжлийн чиглэл, индекс нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр “Т” ХХК-ийн тендерээс татгалзсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

3.1. Тодруулбал, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 4.5-д “Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан.

3.2. Тендерийн үнэлгээний хорооноос 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 22 минутад тендерийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn системийн лавлагаа хэсгээс татаж авсан “Т” ХХК-ийн хүний нөөцийн мэдээлэлд ерөнхий тогоочоор санал болгосон Н.Ч 0702101 индекстэй буюу “Хүнсний инженерчлэл” мэргэжилтэй, хүнсний эрүүл ахуйчид санал болгосон Ц.Ц 097801 индекстэй буюу “Нийгмийн эрүүл мэнд” мэргэжилтэй гэсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байх ба энэ нь Боловсролын мэдээллийн технологийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/518 тоот албан бичигт “Н.Ч нь 2018 онд Технологийн дээд сургуулийг 07210105 дугаартай Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн бөгөөд уг мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09.10 цагт БЕГ-ын ES3610760*** дугаартай хэрэглэгчийн эрхээр баталгаажуулж лавлагааны санд оруулсан, Ц.Ц нь АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 720109 индекстэй хүнсний эрүүл ахуй бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн бөгөөд уг мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.11 цагт БЕГ-ын ES3610760*** дугаартай хэрэглэгчийн эрхээр баталгаажуулж лавлагаанд санд оруулсан болохыг үүгээр уламжилж байна” гэснээр тогтоогдсон байна.

3.3. Тендер сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь өөрийн тендер, түүнтэй холбоотой мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, мэргэжлийн индекс зөрүүтэй байгааг залруулаагүй болох нь тогтоогдож байх тул уг тендерийг хүлээн авахаас татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасантай нийцэж байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/68 дугаартай албан бичигт агуулагдаж буй “E-Mongolia системээс гарсан тодорхойлолт болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХУР системээс авсан мэдээлэл зөрүүтэй байсан” тухай хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй буюу үнэлээгүй. Үүнээс харахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй ... 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийг 2018, 2020 онд төгссөн ажилтнуудаас шаардсан” гэж тайлбарлаж байна.

4.1. “Т” ХХК-ийн ажилтан болох Н.Ч нь 2018 онд Технологийн дээд сургуулийг 07210105 дугаартай Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн бакалаврын хөтөлбөрт, Ц.Ц нь АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 720109 индекстэй хүнсний эрүүл ахуй бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн болох хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар хангалттай тогтоогдож байх ба E-Mongolia систем болон ХУР системээс гарсан тодорхойлолтын огноо зөрүүтэй байх нь энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй бөгөөд тендерийн баримт бичигт заасан хүний нөөцийн мэргэжил, индексийн шаардлагад нийцэхгүй байгаа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

4.2. Мөн Монополын эсрэг газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан ЭТТХК/20250103*** дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1.1 дэх хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 ны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекс”-д нийцүүлэхийг даалгасны дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан нь хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тендерийн үнэлгээний хороог буруутгах үндэслэл болохгүй.

4.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ас зарласан ЭТТХК/20250103*** дугаартай “Катерингийн үйлчилгээ /Уурхай, НБҮ, ТНАЛТ/” үзүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцогч нараас шаардлагыг хангасан тендер ирүүлээгүй үндэслэлээр тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер шалгаруулалтад нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендер ирээгүй шалтгааныг судалж, худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дахин зохион байгуулахаар болсон байх тул нэхэмжлэгч “Т” ХХК нь тендер сонгон шалгаруулалтад дахин оролцох боломжтойг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ