Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01491

 

 

2021           12            07                                          001/ХТ2021/01491

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

............гийн нэхэмжлэлтэй

............, “............” ХХК-д холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, хариуцагч ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ............гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2014.12.22-ны өдөр “............” ХХК-тай 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014.02.12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. “............” ХХК-иас 2015.03.31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул “............” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “............” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2015.06.10-ны өдөр ............тэй Зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. ............ нь ............ болон “............” ХХК нь миний эрхийг зөрчиж, зөвшөөрөл авалгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан болохыг сүүлд олж мэдсэн бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааг олж мэдсэн даруйд надтай гэрээ байгуулсан “............” ХХК-ийн удирдлагатай холбогдож уг хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгуулах буюу 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах талаар асуудлыг тавихад дахин зээл авах зайлшгүй шаардлагатай байгаагаа учирлаж, ...барьцааны гэрээг бүртгүүлснээс үл хамаарч таны оруулсан хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд гаргаж өгнө гэж хэлсэнд итгэж ирсэн. ............ болон “............” ХХК-иас хөрөнгө оруулагч миний тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхийг ноцтой зөрчиж, надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй Барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Иймд дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үүднээс “............” ХХК болон ............ нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ-ны улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын гаргаж байгаа тайлбар зэргийг үндэслээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах хууль зүйн үдэслэлийг харж үзээсэй гэж хүсэж байна. 1. Хөрөнгө оруулагчийн хувьд ............ нь хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд барилгын ажилд гэрээгээр дурдсан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлсэн. Харин барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, гүйцэтгэгч “............” ХХК нь барилгын үйл ажиллагааг дангаараа хариуцан ажиллах, барилга ашиглалтанд орсноор хөрөнгө оруулагчид тэргүүн ээлжинд ашиг өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн гэрээ юм. 2. Хамтын ажиллагаанд ............гийн оруулсан хөрөнгө оруулалт болон ............гийн авах ашгийг тэргүүн ээлжинд олгох баталгааг хөрөнгө оруулалтын гэрээний 5.1.2-т ...ямар ч нөхцөлд, тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон хэмжээгээр ашгаа авах эрхтэй.., 5.1.3-т ...оруулсан хөрөнгө оруулалт болон ашгийнхаа хэмжээг мөнгө хэлбэрээр авч чадахгүй тохиолдолд гүйцэтгэгч тавьсан саналын дагуу ашиглалтад орсон байрнаас 1 метр квадрат талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2666 м.кв талбайг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тал шилжүүлэн авах эрхтэй..., 5.1.4-т ...өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, гэрээгээр тохирсон ашгийг нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээгээр баригдаж буй барилгын зарим хэсгийг болон ашиглалтанд орсон орон сууцыг барьцаалах эрхтэй... гэж тус тус зохицуулсан байна. Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр эхний хөрөнгө оруулалтын ашгийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгөхөөр тохиролцсон байна. 3. Хариуцагч тал “............” ХХК нь 2015.03.31-ний өдөр байгуулсан №02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1, 6.1-т тус тус заасан үүргийг зөрчиж, хөрөнгө оруулагч ............д хэлж, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр 2015.06.10-ны өдөр хариуцагч ............тэй зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 4. ............ болон “............” ХХК нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хамтран ажиллах гэрээний нэг тал болох анхны хөрөнгө оруулагч ............д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэсэнд хамаарах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээ, энэ бол зээлийн барьцааны гэрээ гэж огноологдсон, энэ гэрээний үдсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын 8470 метр квадрат талбай бүхий орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан барьцааны бүртгэл нь хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн дагуу тэргүүн ээлжинд шаардлага хангуулах нэхэмжлэгч ............гийн эрхийг зөрчсөн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 6. “............” ХХК болон ............ нарын хооронд 2015.06.14-ний өдөр байгуулагдсан маргаан бүхий зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч ............д мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсан байх тухай Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан шаардлагыг зөрчсөн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад зааснаар ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.. -ээр заасан. Эдгээр хуулиар тогтоосон хэлбэрийн хүрээнд барьцааны эрх үүсэх үндэслэл нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага хийдэг. 7. ............ийн тухайд хийсэн хэлцэл нь ............гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна, харин тэрнээс хойш хийгдсэн н.Дөлгөөн нарын бусад гэрээ нь ............гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж байна. Мөн цаашлаад н.Дөлгөөн нар гэх улсуудтай харилцан ойлголцсон, Өөрөөр хэлбэл бие биенийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байдлаар барьцаалсан хөрөнгүүдээ хуваагаад зохих ёсоор нь өмчлөлдөө шилжүүлээд, тохиролцоод шийдчихсэн. Тийм учраас хэн алиныхаа эрх ашгийг хөндөхгүй байгаа учраас энэ талаар ярих шаардлагагүй, эдгээр хүмүүстэй холбож үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм гэжээ.

Хариуцагч ............ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн ............ би 2015.06.10-ны өдөр “............” ХХК-тай 2015/06/10 тоот зээлийн гэрээ, 2015/06/10А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан 1,500,000,000 төгрөгийн зээл олгож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компани нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй компанийн эзэмшигч, удирдлага нь 2 удаа солигдож бусдын нэр дээр шилжээд байна. Мөн тус компани нь 2016.03.11-ний өдөр иргэн ............тай 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2667.22 м.кв талбайтай 46 айлын орон сууц, 2017.09.18-ны өдөр иргэн Б.Дөлгөөнтэй 7310 м.кв талбайтай 124 айлын орон сууц барьцаалан зээлийн гэрээ тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба компани улсын бүртгэлийн байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, бүртгэсэн талаар өмнөх барьцаалагчид мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг. Би “............” ХХК-ийн хууль бус үйлдлүүдэд холбогдуулан Баянзүрх, Баянгол дүүрэг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Дархан-Уул аймаг дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл гаргасныг шалгаад холбогдох хариуг 2018.06.12-ны өдрийн 1-4/2959 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Иргэн миний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно гэжээ.

Хариуцагч ............ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Зээл авсан, зээлээ алданги болон ашигтай холбогдуулан 1 тэрбум төгрөг зээлчихээд 2.5 тэрбум болгоод авна гэх асуудлыг нь шүүх дүгнэсэн. 2. Энэ шүүхийн шийдвэрт өнөөдөр ............ийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг асуудлаар ............ Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Барьцаалагчийн эрх ашгийг эвлэрлийн асуудал хөндөөгүй, өөрсдөө нэгэнт барьцаалагчид хамааралгүй гэдэг байдлаар шүүхийн байр суурийг албаар гаргасан. н.Дөлгөөн дээр мөн барьцаалагчийн үндсэн байр суурь, эрх ашгийг хөндөж байна гэдэг асуудал тавьсан, мөн яг одоо барьцаалагчийн хууль ёсны эрх ашгийг ............, н.Дөлгөөн нар дээр хөндөгдөөгүй гэдэг нь өөрөө Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан хангагдах биш дуусгавар болох асуудлыг яриад байна. ............ өөрөө нэхэмжлэл гаргаад “............” ХХК хариуцагчаар яваа, үүн дээр ............ орж ирсэн, хүсэлт өгсөн. Тэгвэл тухайн зүйлд заасан хууль бус гэдгийг тогтоох ёстой, тэгж байж үр дагавар нь арилгагдана. Энэ бол хууль хэрэглээний хувьд шийдэгдээд явж байгаа асуудал, нэгэнт энэ улсууд өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 заасан хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Зөвхөн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар үр дагаврыг арилгах гэдэг байдал руу ороод байна. Үр дагаврыг арилгана гэдэг нь сая хэлээд байсан 46 байраа би авсан, 2.5 тэрбум дээр тохирсон байна гэдэг юм. ............тэй хийсэн барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ бол энэ гэрээний салшгүй хэсэг байна гэдгийг талууд гэрээн дээрээ тохиролцсон гэжээ.

Хариуцагч ............ийн өмгөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 онд иргэн ............ хариуцагч “............” ХХК-ийн хувьд хооронд хохироод байгаа хөрөнгө оруулалт нэрээр оруулсан гэх 1 тэрбум төгрөгтэй холбоотой маргаанаа шүүхийн эвлэрлийн журмаар шийдүүлсэн гэх баримтыг шүүхэд өгсөн. Энэ нь бас улсын бүртгэлд өгөгдсөн баримтаар гарч ирдэг. Энэ барьцааны гэрээний дагуу ............ бол тэргүүн ээлжинд барьцаагаараа хангагдана гэдэг нь ойлгомжтой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар ойлгомжтой байна. Энийг нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа, энэ шалтгаанаар барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхээр шийдвэрлүүлээгүй, түүнээсээ татгалзсан гэж үзэж байна. ............ийн хууль зүйн дагуу, үндэслэлтэй, зээлийн гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014.02.12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 144 айлын орон сууцны барилга барихаар болсон. Барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх, ашиглалтанд оруулахад барилгын хөрөнгө оруулагч шаардлагатай байсан тул ............тай холбогдож хөрөнгө оруулах санал тавьсны дагуу 2014.12.22-ны өдөр 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажилласан бөгөөд барилгын ажлын явц удааширч, тохиролцсон хугацаанд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг өгч чадахгүй байсан тул уг гэрээний хугацааг сунгаж явсаар өнөөдрийг хүрсэн. 2015.03.31-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнд заасны дагуу манай компани барилгын үйл ажиллагаатай холбоотой дахин санхүүжилт шаардагдах тохиолдолд хөрөнгө оруулагч ............д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэг хүлээсэн ............ээс манай компанид зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч энэ мөнгө нь манай компанид орж ирсэн баримт байхгүй байгаа бөгөөд тухайн гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нэгдүгээрт уг гэрээг байгуулахдаа анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн, хоёрдугаарт уг зээлийн гэрээг хуульд нийцүүлэн, бодитоор хийсэн гэдэгт эргэлзээтэй байгаа. Анхны хөрөнгө оруулагч ............гийн санхүүжилтээр барилгын ажил явагдсан, явагдаад удаашраад дараагийн хөрөнгийг авахад заавал анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэнэ гэснийг л зөрчсөн. Түүний улмаас нэхэмжлэгч ............ нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр, түүнийг компани зөрчөөд ............тэй гэрээ байгуулсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлд зааснаар хариуцагч ............, ............ ХХК нарт 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............, ............ ХХК-иас тус бүр 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ............гийн өмгөөлөгч болон хариуцагч ............ийн давж заалдсан гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ............, хариуцагч ............ нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус дор дурьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар: Анхан шатны шүүх “...хариуцагч ............, “............” ХХК нарт 2015.05.10-ны өдрийн 2015/06/10а барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгасугай...” хэмээн нэхэмжлэгч ............гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурьдагдаагүй асуудлаар хариуцагч нарт бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй. Үүнд: 1.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “............” ХХК барилгын ажлыг дангаараа хариуцан ажиллаж, гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа хэлцлийг бие даан шийдвэрлэж, хамтын үйл ажиллагааны үр дүнд болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бол Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд зааснаар хязгаарлах тул гэрээний дагуу үлдсэн санхүүжилтыг өөрөө бүрдүүлэхээр хариуцагч ............тэй зээлийн гэрээ байгуулан, барьцааны эрхийг бүртгүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ. 1.1.1. Нэхэмжлэгч ............ нь “............” ХХК-ийн хооронд 2014.12.22-ны өдөр 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь Монгол Улсын Иргэний хууль /цаашид “Иргэний хууль” гэнэ/-ийн дөчин наймдугаар бүлэгт заасан Хамтран ажиллах гэрээний төрөл болох нь тухайн гэрээний зохицуулалт, талуудын тохиролцсон тохиролцоогоор нотлогдож байгаа. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар гэрээндээ өөрөөр заагаагүй бол гэрээний талуудаас төлсөн хураамж нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө байхаар, 477.5 дахь хэсэгт дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасан. Гэтэл анхан шатны шүүх гэрээний нэг тал болох “............” ХХК-ийг ганцааранг нь маргаан бүхий орон сууцны барилгын өмчлөгч гэж үзсэн нь дээр дурьдсан Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт болсон. Мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авсан байхаар заасан нь Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон талуудын дундын өмчлөлийн хөрөнгөө өмчлөх эрхийг хамгаалахад чиглэгдсэн заалт байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. 1.1.2. Түүнчлэн гэрээний талууд 2015.03.31-ний өдөр 2014.12.22-ны өдөр 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ндээ өөрчлөлт оруулж, 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-г байгуулж, энэ гэрээний 4.1-т “Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна гээд, 6.1-т “Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна” хэмээн дээр дурьдсан Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн зохицуулалтыг гэрээндээ тодорхой тусгасан. Анхан шатны шүүх эдгээр гэрээнээс анхны буюу 2014.12.22-ны өдрийн 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 6.1-т заасныг үнэлж, 2015.03.31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-гээр анхны гэрээний заалт, тохиролцоонд дээрхи байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлыг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасныг зөрчсөн. 1.2. Анхан шатны шүүх “...талууд энэ гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэн, гэрээний зүйлд 46 айлын орон сууцыг шилжүүлэн авсан байна. Иймд ...барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэх үндэслэл болно. Хэдийгээр ............ нь маргаан бүхий орон сууцны барилгаас 46 орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч ............ийн барьцааны эрх дуусгавар болоогүй тохиолдолд барьцаалагчийн зүгээс түүнд Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх шаардлага тавих хууль зүйн нөхцөл байдал үүсээд байгаа. Түүнчэн хариуцагч нар ийнхүү ............д мэдэгдэж, зөвшөөрлийг авалгүй “Зээлийн барьцаа гэрээ” байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцнуудыг бусдад худалдаалах, барьцаалах, түрээслүүлэх зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй байгаагаас түүний өмчлөх эрх нь зөрчигдсөөр байна. 1.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “............... 2015.06.10-ны өдөр хариуцагч “............” ХХК нарын хооронд байгуулагдсан барилгын материал авах зориулалтаар 2,010,000,000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээ, барьцааны хөрөнгөөр хангуулах тухай маргааны талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.06.29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар адил шатны шүүх дүгнэлт хийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй...” хэмээн тус шүүхийн 2019.01.28-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлын талаар үндэслэлгүй дүтнэлт хийсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр ............, “............” ХХК нарын хооронд 2015.06.10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлттэй холбогдолтой маргаан хянан хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлага шийдвэрлэгдэж байгаа. Харин тэдний хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ” хүчин төгөлдөр эсэх үйл баримтын талаар тухайн хэрэгт маргаагүй. Харин нэхэмжлэгч ............ нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дээрх “Зээлийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаварыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэх нь Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ............, “............” ХХК-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй. Энэ нь “Зээлийн барьцааны гэрээ” хүчин төгөлдөр эсэх асуудлыг хянан хэлэлцэх асуудлаар хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт, гомдлыг удаа дараа хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 10 дугаар “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоол, мөн шүүхийн 2019.06.18-ны өдрийн 55 дугаар “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоолоор урьд нь шийдвэрлэгдчихсэн болохыг шүүх анхаар үзээгүй байна. Дурьдсан тайлбар, үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. 1.4. Анхан шатны шүүхийн “...Мөн энэ талаар хянан шийдвэрлэн, хүчин төгөлдөр болсон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.28-ны өдрийн 17 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...“............” ХХК, ............ нарын хооронд 2016.03.11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д “барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн ............ийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн ............ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж зааснаар анхны барьцаалагч иргэн ............ тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй гэж дүгнэжээ...” гэсэн нь хуульд нийцээгүй байна. 1-рт ............ нь ............, “............” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр тэдний хооронд 2015.06.10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түүний үр дагаврыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.28-ны өдрийн 17 тоот шийдвэр нөлөөлөхгүй. 2-рт анхан шатны шүүх ............, “............” ХХК-ийн хооронд 2016.03.11-ний өдөр байгуулагдсан 16/001/01 дугаар “Барьцааны гэрээ”-ний 2.4-т “(I)Барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн Боржигон овогт Отгонсүрэнгийн барьцаанд байх (II) тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн ............ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж заасныг буруугаар ойлгон тайлбарлажээ. 2016.03.11-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.2-т “...144 айлын 8740 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилга нь иргэн Боржигон овогтой Отгонсүрэнгийн ............ийн барьцаанд байх тул…” гэж заасан нь тус барилга одоогийн хууль ёсны бүртгэлээрээ ............ийн барьцаанд байгаа гэх утгыг илэрхийлсэн болохоос бус ............ барьцаалсан нь хууль ёсны, үүнийг хүлээн зөвшөөрсөн гэх утга илэрхийлэхгүй. Гэрээнд “...Хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн ............ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж заасан бөгөөд “барьцааны эрх дуусгавар болох”, “барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах” үйл явдлууд нь хууль зүйн хувьд өөр өөр үр дагаврыг бий болгодог. “............” ХХК болон ............ нар уг гэрээнд хөрөнгө оруулагчийн барьцааны эрх ............ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ...” гэж заасан болохоос бус “............... барьцаагаар үүргийн гүйцэтгэлийн хангуулсны дараа ............гийн барьцааны эрх хэрэгжинэ…” гэж заагаагүй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох зургаан үндэслэлийг заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсч, бүртгэл хүчингүй болсон эсхүл дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болохоор хуульчилсан. Нэхэмжлэгч ............гийн тухайд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан “...хүульд заасан бусад үндэслэл...”-ээр ............ийн барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар “............” ХХК болон ............ нарын хооронд 2015.06.10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгааг шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй байна. ............, “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16/001/01 дугаар “Барьцааны гэрээ”-ний 2.4-т “Барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн Боржигон овогт Отгонсүрэнгийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн ............ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ” гэж заасан нь “............” ХХК болон ............ нарын хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-г хууль бус гэх үндэслэлээр түүний үр дагаврыг арилгуулахаар шаардах ............гийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй болохгүй юм. Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар: 2.1. Магадлалын хянавал хэсэгт “..Нэхэмжлэгч ............ хариуцагч “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй 2014.12.22-ны өдрийн гэрээний талуудын хүлээх эрх үүрэг, гэрээний талуудын хүсэл зорилгын агуулгыг үзвэл нэгдмэл нэг зорилго хэрэгжүүлж, ашиг олох хамтын зорилгогүй...Талуудын хооронд байгуулагдсан дээрх 3 гэрээ нь хамтран ажиллах биш, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний харилцааны агуулгыг илүү илэрхийлж байна...” хэмээн талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон, энэ нөхцөл байдал нь хууль хэрэглээний алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ............ болон хариуцагч “............” ХХК нар 2014.12.22-ны өдөр 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ) буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.3-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана” гэж заасанчлан талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлага, ашиг алдагдлыг хуваарилах журам зэрэг гол нөхцөлийг уг гэрээнд тодорхой тусгасан байдаг. Тухайлбал: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан нөхцөлийн дагуу талууд (I) хамтын үйл ажиллагааны төрөл, зорилгыг “Гэрээ”-ний 1.1-т “Хөрөнгө оруулагч тал нь...144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулсан орлогоос тэргүүн ээлжинд ашиг авах. Гүйцэтгэгч тал нь оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд буцаан өгөхөд...” гэж, (II) хамтын үйл ажиллагаанд эдлэх талуудын эрх, үүргийг “Гэрээ”-ний 5 дугаар зүйлд, (III) ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах нөхцөлийг “Гэрээ”-ний 3 дугаар зүйлд “Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, ашиг, эрсдэл хуваарилах зарчим” гэж, (IV) удирдлага, хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх нөхцөлийг “Гэрээ”-ний 6 дугаар зүйлд зааснаар тус тус зохицуулсан. Иргэн ............ болон “............” ХХК нь “Хамтран ажиллах” хүсэл зоригтой байсан болох нь “Гэрээ”-ний агуулгыг тодорхойлсон байдал, гэрээний зохицуулалтаар хангалттай нотлогдож байгаа ба тэд хүсэл зоригийнхоо үндсэн дээр байгуулсан “хөрөнгө оруулалтын гэрээ” нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлээр зохицуулсан “Хамтран ажиллах гэрээ” гэрээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэрээний талуудын хувьд тэдний хооронд байгуулагдсан уг гэрээ нь Хамтран ажиллах гэрээ мөн биш гэдэг асуудлаар хэн аль нь маргаагүй. Давж заалдах шатны шүүх ............ болон “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг “ашиг олох хамтын зорилгогүй” гэж үзэхдээ “...хамтран ажиллах гэрээний талууд хамтын зорилгод хүрэхийн тулд нэгдэж, хамтарч байгаа энэхүү гэрээнд үйлчилж байгаа зарчмыг илэрхийлж байдаг. Агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий тэгш байх бус, хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэх ёсгүй. Гэрээнээс олсон ашгийг хуваарилахдаа алдагдлыг ч мөн адил оруулсан хувь нэмрийг оруулж тооцох ёстой...” гэсэн дүгнэлт хийсэн нь дараах хуулийн зохицуулалтад нийцээгүй. Иргэний хуулийн 477, 478 дугаар зүйлүүдэд тодорхой харилцаануудад “Гэрээнд өөрөөр заагаагүй бол” хэмээн гэрээний талууд чөлөөт байдлын хүрээнд гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг олгосон байдаг. Нэхэмжлэгч ............, “............” ХХК-ийн хооронд 2014.12.22-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 6.1-дэх заалтаар Хамтын үйл ажиллагааны удирдлагыг гүйцэтгэгч тал бол “............” ХХК дангаараа хариуцахаар заасан Иргэний хуулийн 478.1 дэх хэсгийн, гэрээний 3.2 дахь хэсэгт талууд гэрээгээр хүртэх ашгийг хэрхэн хуваарилахаар заасан нь Иргэний хуулийн 478.8 дахь хэсгийн, 3.3-т эрсдэл хариуцах тохиролцоо нь мөн зүйлийн 478.12 дахь хэсгийн “гэрээнд өөрөөр заасан нөхцөл”-д хамаарах хуульд нийцсэн тохиролцоо байсан. Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл бодитоор үнэлж дүгнэлгүйгээр “...агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий тэгш байх бус, хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэх ёсгүй...” гэж дүгнээд талуудын хооронд үүссэн энэхүү харилцааг “Зээлийн гэрээ” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ийнхүү маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн хийсэн хэлцэл” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт энэ талаар хуульчлаагүй...” гэх байдлаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан. 2.2. Магадлалын хянавал хэсэгт “...2014.12.22-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана...” гэх заалт нь хариуцагчийг гуравдагч этгээдтэй орон сууцны борлуулалтаас бусад аливаа нэгэн хэлцэл хийх эрхийг хязгаарлаагүй...” гэжээ. Талууд 2015.03.31-ний өдөр 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 6.1-т “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа “Хөрөнгө оруулагч тал”-д заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэх байдлаар 2014.12.22-ны өдөр байгуулсан “Гэрээ”-нд өөрчлөлт оруулсан болохыг анхааралгүй, нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг ноцтой зөрчиж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “............” ХХК болон ............ нар 2015.06.10-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан тул уг хэлцлийг байгуулах үедээ гэрээнд заасан журмын дагуу хөрөнгө оруулагч ............д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн байсан. Дурьдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

............ нь ............, “............” ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2015.06.10-ны өдрийн хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагаврыг арилгуулах, барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч “............” ХХК нэхэмжлэлийг эсэргүүцээгүй, хариуцагч ............ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд, 2014.12.22-ны өдөр ............, “............” ХХК-тай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь орон сууцны барилга барихад зориулж 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг оруулах, хариуцагч нь  хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд буцаан өгөхөөр харилцан тохирсон, 2015.03.31-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн 2016.03.11-ний өдөр гэрээний 2, 3 ба 7-р заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, ...нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг давхар барьцаалж 2016.04.08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч ............д  уригдагч тал “............” ХХК 2,500,000,000 /хоёр тэр бум таван зуун сая/ төгрөгийг төлөхөөр тохирсон эвлэрлийн гэрээг  баталсан үйл баримт тогтоогджээ. “............” ХХК 46 айлын орон сууцны өмчлөх эрхийг ............гийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч эдгээр барьцааны зүйл өмнө нь ............ийн зээлийн барьцаанд байсан тул өмнөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж нэхэмжлэгч нь үзжээ.

Харин “............” ХХК 2015.06.10-ны өдөр иргэн ............тэй зээлийн гэрээ байгуулж, 1.500.000.000 төгрөгийг барилгын материал авах зориулалтаар сарын 4.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015.11.03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 510,000,000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 2,010,000,000 төгрөгийг зээлж авсан, 2015.06.10-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 8470 м/кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ.

............ нь 2016.03.11-ний өдөр барьцааны гэрээ байгуулахдаа ............ийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс 26 айлын орон сууцыг давхар барьцаалсан, энэ талаар 2016.03.11-ний өдрийн гэрээний 2.2-т тусгасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ............гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт байгаа баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба  харин магадлалын тогтоох хэсэгт хуульд заасан шаардлагын дагуу тусгавал зохих зүйлийг тусгаагүй байх тул залруулж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн гомдлоо дараах үндэслэлээр гаргасан. Үүнд:

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурьдагдаагүй асуудлаар шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй, ............ болон “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасан хамтран ажиллах гэрээ, 477.5-д зааснаар дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байхыг заасан байхад “............” ХХК-ийг ганцааранг нь маргаан бүхий орон сууцны барилгын өмчлөгч гэж үзсэн нь хуулийг зөрчсөн, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авсан байхаар заасан, хуулийн энэ зохицуулалтын дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тусгайлан заасан байхад шүүх анхны 2014.12.22-ны өдрийн 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 6.1-д заасныг үнэлж, 2015.03.31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-гээр анхны гэрээний заалт, тохиролцоонд дээрхи байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлыг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн, хариуцагч нар ............д мэдэгдэж, зөвшөөрлийг авалгүй “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцнуудыг бусдад худалдаалах, барьцаалах, түрээслүүлэх зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй байгаагаас түүний өмчлөх эрх нь зөрчигдсөөр байна, мөн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар адил шатны шүүх дүгнэлт хийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй...” хэмээн тус шүүхийн 2019.01.28-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ хэргийг шийдвэрлэх нь Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ............, “............” ХХК-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй, 2016.03.11-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.2-т “...144 айлын 8740 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилга нь иргэн Боржигон овогтой Отгонсүрэнгийн ............ийн барьцаанд байх тул…” гэж заасан нь тус барилга одоогийн хууль ёсны бүртгэлээрээ ............ийн барьцаанд байгаа гэх утгыг илэрхийлсэн болохоос бус ............ барьцаалсан нь хууль ёсны, үүнийг хүлээн зөвшөөрсөн гэх утга илэрхийлэхгүй, өөрөөр хэлбэл ............ барьцаагаар үүргийн гүйцэтгэлийн хангуулсны дараа ............гийн барьцааны эрх хэрэгжинэ…” гэж заагаагүй. Нэхэмжлэгчийн тухайд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан “...хуульд заасан бусад үндэслэл...”-ээр ............ийн барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл байсан тул барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байгааг шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй байна.

2.2. Давж заалдах шатны шүүх гэрээний талуудын хүлээх эрх үүрэг, гэрээний талуудын хүсэл зорилгын агуулгыг үзвэл нэгдмэл нэг зорилго хэрэгжүүлж, ашиг олох хамтын зорилгогүй... хамтран ажиллах биш, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцааны агуулгыг илүү илэрхийлж байна...” хэмээн талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан, гэрээнд талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, эрх, үүрэг, удирдлага, ашиг алдагдлыг хуваарилах журам зэрэг гол нөхцөлийг тодорхой тусгасан байдаг, талууд хамтран ажиллах” хүсэл зоригтой байсан болох нь “Гэрээ”-ний агуулгыг тодорхойлсон байдал, гэрээний зохицуулалтаар хангалттай нотлогдож байгаа, талуудын хувьд гэрээг хамтран ажиллах гэрээ мөн биш гэдэг асуудлаар хэн аль нь маргаагүй, давж заалдах шатны шүүх ...хэн нэг нь үндэслэлгүйгээр давуу эрх эдлэх ёсгүй, гэрээнээс олсон ашгийг хуваарилахдаа алдагдлыг ч мөн адил оруулсан хувь нэмрийг оруулж тооцох ёстой...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 477, 478-д заасныг зөрчсөн, 2014.12.22-ны өдрийн гэрээний 6.1 дэх заалтаар Хамтын үйл ажиллагааны удирдлагыг гүйцэтгэгч тал болох “............” ХХК дангаараа хариуцахаар заасан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн, гэрээний 3.2-т  талууд гэрээгээр хүртэх ашгийг хэрхэн хуваарилахаар заасан нь Иргэний хуулийн 478.8 дахь хэсгийн, 3.3-т эрсдэл хариуцах тохиролцоо нь мөн зүйлийн 478.12 дахь хэсгийн “гэрээнд өөрөөр заасан нөхцөл”-д хамаарах хуульд нийцсэн тохиролцоо байсан, давж заалдах шатны шүүх ийнхүү маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн хийсэн хэлцэл” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт энэ талаар хуульчлаагүй...” гэх байдлаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан, түүнчлэн  “...2014.12.22-ны өдрийн гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана...” гэх заалт нь хариуцагчийг гуравдагч этгээдтэй орон сууцны борлуулалтаас бусад аливаа нэгэн хэлцэл хийх эрхийг хязгаарлаагүй...” гэж гэрээний агуулгыг зөв тайлбарлаж чадаагүй, 2015.03.31-ний өдрийн  гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа “Хөрөнгө оруулагч тал”-д заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэх байдлаар өөрчлөлт оруулсан болохыг анхааралгүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн,  “............” ХХК болон ............ нар 2015.06.10-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан тул уг хэлцлийг байгуулах үедээ гэрээнд заасан журмын дагуу хөрөнгө оруулагч ............д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан агуулгатай шийдвэр гаргасан боловч үндэслэл нь талуудын хооронд үүссэн маргааныг үндсэндээ шийдвэрлээгүй, өөр асуудал буюу эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэлийн шаардлагыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаарх гомдлын зарим хэсэг үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг хангах нөхцөл болоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх үүрэгтэй тул маргаанд хамаарахгүй асуудлаар буюу эд хөрөнгийн бүртгэлийн журам, өөр этгээдүүдийн хооронд шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хэд хэдэн барьцаалагчийн эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан зохицуулалтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй байжээ.

............ нь сонирхогч этгээдийн хувьд, хариуцагч этгээдүүдийн байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “............” ХХК-тай байгуулсан 2014.12.22-ны өдрийн гэрээний 6.1-д заасан “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана...” гэх заалт, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015.03.31-ний өдрийн гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа “Хөрөнгө оруулагч тал”-д заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэсэн заалтыг хариуцагч нар зөрчсөн, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авах эрх зүйн үндэслэлтэй гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

............ болон “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2 гэрээ нь гэрээг байгуулсан эдгээр этгээдүүдийн хооронд эрх, үүрэг үүсгэх бөгөөд “............” ХХК нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа ............д мэдэгдэж, гэрээ, хэлцэл хийхдээ зөвшөөрлийг  авах үүргээ зөрчсөн, энэ талаар хариуцагч өөрөө маргаагүй юм. Харин хариуцагч ............ нь энэ талаар мэдээгүйгээс гадна “............” ХХК-ийн нэгэн адил  гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул буруутай гэж үзэхгүй бөгөөд харин “............” ХХК-ийн буруутай үйлдэл ............, “............” ХХК-ийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл авах нөхцөлийг заасан тул талуудын гэрээгээр тохирсон нөхцөл хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан тул “............” ХХК-ийг барьцааны хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд ............, “............” ХХК-ийн байгуулсан 2015.06.15-ны өдрийн барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.

Нөгөө талаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.” гэж заасан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бус зээлийн гэрээ байгуулагдсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн, шүүхийн дүгнэлт гэрээний нөхцөл, агуулгад нийцсэн байна.

Гэрээнд хэлбэрийн хувьд хамтран ажиллах гэрээний нэр томьёо, үг, өгүүлбэрийг заасан байх боловч талуудын хооронд хамтран ажиллах гэрээний гол шинж болох хамтын ажиллагаа байхгүй, нэхэмжлэгч нь мөнгөө өсгөж авах тохиролцоо байсан, улмаар 1 тэрбум төгрөгийг өгсөн боловч 2,5 тэрбум төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулснаар талууд гэрээгээ  дуусгавар болгожээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.” гэж заасан зохицуулалт нь гэрээний талуудын хооронд хамааралтай бөгөөд хуульд заасан уг үүргээ нэг тал нь зөрчсөн бол үр дагавар нь талуудын хооронд байдаг тул хамтран ажиллах гэрээ гэж үзсэн ч гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус  гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ............, “............” ХХК-ийн байгуулсан зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, улмаар үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд “нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 32 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ............, “............” ХХК-д  холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагаврыг арилгуулах, барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ............гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД