| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/110 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч С.Ганболд, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт Сэрээжавын Ганболдод холбогдох эрүүгийн 2321000000068 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ухаанууд овогт Сэрээжавын Ганболд. /РД: ЖГ91041417/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ганболд нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой шөнийн 22 цагаас 00 цагийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч О.Тайваны эзэмшлийн Red Mi Note-9 Pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ганболд шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэв.
Хохирогч О.Тайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мустанг бааранд эхнэр Сарантуяа, түүний найз Мөнхчимэг нарын хамт орж үйлчлүүлсэн. ...00 цаг болж тус баар хаах гэж байсан тул бид 3 баарнаас гарахдаа би өөрийнхөө гар утас байхгүй байгааг мэдсэн. Ингээд ширээн доор унагаасан байж магадгүй гэж бодоод сууж байсан ширээнийхээ эргэн тойронд үзсэн боловч байгаагүй. Би өөрийгөө согтуудаа утсаа хаясан байх гэж бодоод тоолгүй орхисон юм. Гэтэл өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай эхнэрийн найз Мөнхчимэг миний хаясан гар утсыг тухайн өдөр баар хаах үеэр Лемонс караокед намхан нуруутай бор залуу манай ахын утас гээд бариад явж байсан, маргааш нь дахин Лемонс караоке руу орохдоо ахынхаа гар утсыг ломбардад барьцаанд тавьсан гээд явж байсан талаар манай эхнэр С.Сарантуяад хэлсэн байсан. Эхнэрийн найз Мөнхчимэгт Лемонс караокены зөөгч охин энэ талаар хэлсэн юм байна лээ. Тэгээд өнөөдөр Лемонс караокены зөөгч охин манай эхнэрийн найз Мөнхчимэгт миний гар утсыг бариад явж байсан залуу яг одоо Лемонс караокед байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 тэр даруй Лемонс караоке руу очиход биднийг Мустанг бааранд байхад манай ширээн дээр ирж эхнэрийн найз Мөнхчимэгтэй танилцъя гээд байсан залуу мөн байсан. Улмаар би тэр залуугаас гар утас хаана байгаа талаар асуухад тэрээр улаан дэлгүүрийн баруун талд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт хүнээр кодыг нь тайлуулаад барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнийг дагуулаад хэлсэн ломбард руу нь очиж ажилтнаас нь Red Mi Note-9 Pro загварын гар утас барьцаанд авсан талаар асуухад тус ломбардын ажилтан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Цэцэг гэдэг хүний бичиг баримтаар барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. ...Тус ломбардны ажилтан тэр залууг хараад энэ хүн Red Mi Note-9 Pro загварын гар утсыг барьцаанд тавьсан гэж таньж байсан. Тус залуугаас нэрийг нь асуухад Идэрхүү гэж хэлж байснаа дараа нь Ганбаяр гэх мэтээр худлаа хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байрлах “10К” нэртэй ломбардыг хувиараа ажиллуулдаг. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15-16 цагийн хооронд ажил дээрээ байж байхад манайд Цэцгээ гэх эмэгтэй болон Ганболд гэх залуу орж ирсэн. Орж ирээд манай ломбардад Red Mi Note-9 Pro загварын номин цэнхэр өнгийн гар утсыг Цэцгээ гэх эмэгтэйн бичиг баримтыг үзүүлээд барьцаанд тавиад 240,000 төгрөг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч Ц.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд найзуудтайгаа уулзахаар Лемонс караокед түрүүлж ирээд ширээ асуугаад байж байсан юм. Тэгсэн өмнөх орой танилцсан Ганбаа гэх залуу тэр Лемонс бааранд явж байсан. Тэгээд надаас иргэний үнэмлэх чинь байгаа юу, миний утас байгаа юм, чиний бичиг баримтаар тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний утас мөн юм уу, өөр хүний утас биш биз дээ, дараа нь янз бүрийн юм болохгүй биз гэхэд надад миний утас мөн гээд утасныхаа кодыг хийгээд яриад байхаар нь би өөрийнх нь утас юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд Лемонс баарнаас бид 2 гараад СМУ-н улаан дэлгүүрийн баруун талын “10K” гэх ломбардад очсон. Тухайн ломбардад манай таньдаг хүн байгаа гэж байсан. Тэгээд би тухайн ломбардад Ганбаагийн гэх цэнхэр өнгөтэй утсыг бичиг баримтаа үзүүлээд, нэр дээрээ бүртгүүлээд 240,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд би Ганбаад мөнгийг нь өгөөд ломбардаас гараад гэр рүүгээ явсан. Тухайн үедээ Ганбаа гэх залууд утсаа хурдан аваарай, би хөдөө явчихна шүү, бичиг нь чамд байгаа юм чинь над руу залгаарай гэж хэлэхэд за тэгнээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Б.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лемонс караокед зөөгч ажилтай Заяа гэх охин надад хэлэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баар хаах үеэр хул шар өнгийн канттай куртик өмссөн жижиг биетэй эрэгтэй хүн номин цэнхэр өнгийн артай андройд гар утас зарна, манай ахын утас юмаа гээд бариад явж байсан, мөн маргааш нь тэр залуу гар утсаа ломбардад барьцаанд тавьсан гээд Лемонс караоке рүү орж ирсэн талаар надад хэлсэн. Улмаар би энэ талаар найз О.Сарантуяад хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Шүүгдэгч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг өнгөрч байхад найз Гантулга, Мөнхтөр нартай Мустанг бааранд орж 2 шилтэй пиво авсан. Тэгээд пиво уугаад байж байгаад баруун талын ширээн дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн сууж байхад нь 1 эмэгтэйтэй нь танилцах гэж очсон. Очоод олон юм ч яриагүй ширээн дээрээс нь холдохдоо тухайн хүний ширээн дээр байсан утсыг нь аваад явсан. Тэгээд тухайн бааранд жоохон сууж байгаад баарнаас гараад явсан. Маргааш нь авсан утсаа ломбардад тавих гэсэн боловч бичиг баримт байхгүй болохоор чадаагүй. Тэрний маргааш өдөр нь 2-3 хоногийн өмнө танилцсан Цэцэгээ гэх охиноор тухайн утсаа СМУ-д байдаг ломбардад барьцаанд тавиулаад 260,000 төгрөг авсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
- Гэрч Т.Анхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 27-28/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ДЦ-23-29 тоот дүгнэлт /хх-ийн 34-37/
- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48/
- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
- Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 53-59/
- Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62/
- Хохирол төлбөр төлсөн баримт, иргэний нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-ийн 63-64/
- Шүүгдэгч С.Ганболд, хохирогч О.Тайван нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 72-73/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Ганболдод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч С.Ганболд нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шөнийн 22 цагаас 00 цагийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч О.Тайваны эзэмшлийн Red Mi Note-9 Pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Тайван, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулга, гэрч Ц.Цэцгээ, Б.Мөнхчимэг, Т.Анхзаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч С.Ганболдод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сэрээжавын Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.Ганболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч С.Ганболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч С.Ганболдын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ухаанууд овогт Сэрээжавын Ганболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ганболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Тайванд 550,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн Red Mi Note-9 Pro загварын гар утсыг түүнд буцааж өгсөн /хх-ийн 49/ байна. Хохирогч О.Тайван нь шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулга “хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ухаанууд овогт Сэрээжавын Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрээжавын Ганболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Ганболдод тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Ганболдод мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА