Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2325000580091 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ***** тоотод оршин суух Б.Г-с хичээл хийх гэсэн юм 2 хоног зөөврийн компьютер хэрэг болоод байна түр хугацаагаар хэрэглүүлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Нр” маркийн 5 дугаар үеийн i5 загварын зөөврийн компьютерыг залилан авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 250 000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч Б.Г-н Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

            2. Хохирогч Б.Г-н ”... Намайг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Г.Г утсаар холбогдоод 2 хоног нөүтбүүкээ хэрэглүүлээч хичээлээ хийх гэсэн юм, эргээд өөрөө авч ирнэ гэж хэлээд миний ”Нр” брэндийн i5 СР-тэй зөөврийн компьютерыг авч явсан. Тэгээд Г.Г нь надтай холбогдохгүй алга болж байгаад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр утсаар холбогдож зөөврийн компьютерыг чинь ломбардад барьцаалсан удахгүй авч өгнө гэсэн бөгөөд авч өгөлгүй удсаар байгаад 2022 оны 12 дугаар сар гарахад Г.Г над руу дахин ярьж зөөврийн компьютер барьцаалсан ломбард хугацаа нь дуусаад өөр хүнд худалдсан байна гэж надад хэлсэн. Г.Г нь адилхан үзүүлэлттэй Айсэр брендийн нөүтбүүкийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надад худалдан авч өгсөн болохоор миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дэх тал/

            3. Гэрч Ц.М-н “ би Уурхайчин багийн 3-22 дугаар байранд байрлах Торгон зул ломбардандаа өөрийн биеэр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажиллуулж байхад Г.Г гэх залуу НР брендийн ай 5 сипүтэй 5-р үеийн нөүтбүүкийг 250 000 төгрөгөнд барьцаалж, мөнгийг нь би өөрийн эзэмшдэг Хаан банкны 5090542189 дугаартай данснаас Г.Г-н данс руу шилжүүлэн өгч байсан, одоо хэд дугаартай данс руу шилжүүлэн өгч байсанг санахгүй байна. Тухайн үед Г.Г нь өөрийн бичиг баримтаа үзүүлэн нөүтбүүк барьцаалж байсан. Одоо царайг нь харвал танина. Нөүтбүүкээ барьцаалахдаа өөрийнх минь байгаа юм гэж байсан. Хугацаа дуусах үед *****  дугаар руу олон удаа залгахад холбогдох боломжгүй байгаад байсан болохоор нөүтбүүкийг худалдан борлуулсан хугацаа дуусаж хэтэрсэн хойно худалдсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

            4. “Торгон зул” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх 811 дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/,

            5. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/5772 дугаартай “Нр брэндийн 5 дугаар үеийн i5 маркийн СР-тэй зөөврийн компьютер 800 000 төгрөг гэсэн үнэлгээ. /хавтаст хэргийн 28-30 дахь тал /

            6. Яллагдагч Г.Г-н “...прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би өөрийн найз Б.Гантулгатай утсаар холбогдож нөүтбүүкээ 2 хоног хэрэглүүлээч хичээлээ хийж байгаад эргүүлээд өгье гэхэд тэг тэг гэрээс ирээд авчих гэсний дагуу Хүрэнбулаг багийн ***** тоот хаягтай Б.Г-н гэрт очиж Б.Г-с нөүтбүүкийн нь авч маргааш нь Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ломбарданд 250 000 төгрөгөөр барьцаалж мөнгийг нь өөрийнхөө Хаан банкны *****  дугаартай дансаараа шилжүүлэн авч 249 000 төгрөгийг нь 1хbet1 цахим бооцоот тоглоомд бооцоо тавьж дуусгасан. Бооцоот тоглоомоо тоглох зорилгоор л нөүтбүүкийг барьцаалсан, хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

            7. Г.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/,

            8. Г.Г-н Хаан банкны *****  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ***** тоотод оршин суух Б.Г-с хичээл хийх гэсэн юм 2 хоног зөөврийн компьютер хэрэг болоод байна түр хугацаагаар хэрэглүүлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Нр” маркийн 5 дугаар үеийн i5 загварын зөөврийн компьютерыг залилан авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 250 000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-н Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Б.Г-н ”... Намайг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Г.Г утсаар холбогдоод 2 хоног нөүтбүүкээ хэрэглүүлээч хичээлээ хийх гэсэн юм, эргээд өөрөө авч ирнэ гэж хэлээд миний ”Нр” брэндийн i5 СР-тэй зөөврийн компьютерыг авч явсан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-н “Г.Г гэх залуу НР брендийн ай 5 сипүтэй 5-р үеийн нөүтбүүкийг 250 000 төгрөгөнд барьцаалж, мөнгийг нь би өөрийн эзэмшдэг Хаан банкны 5090542189 дугаартай данснаас Г.Г-н данс руу шилжүүлэн өгч байсан” гэх мэдүүлэг, Торгон зул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх 811 дугаартай гэрээний хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ТХҮ-ОРХ/5772 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан, яллагдагч Г.Г-н “...Б.Г-н гэрт очиж Б.Г-с нөүтбүүкийн нь авч маргааш нь Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ломбарданд 250 000 төгрөгөөр барьцаалж мөнгийг нь өөрийнхөө Хаан банкны *****  дугаартай дансаараа шилжүүлэн авсан.” гэх мэдүүлэг, Г.Г-н Хаан банкны *****  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ***** тоотод оршин суух Б.Г-с хичээл хийх гэсэн юм 2 хоног зөөврийн компьютер хэрэг болоод байна түр хугацаагаар хэрэглүүлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Нр” маркийн 5 дугаар үеийн i5 загварын зөөврийн компьютерыг залилан авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 250 000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн 800 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гантулгад 800 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Шүүгдэгч Г.Г-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал дүгнэлт гараагүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС