Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ланс овогт Болдбаатарын Бямбацогт, Боржигон овогт Пүрэвжилийн Сүлд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2321000000083 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Баян хөх сэрх” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26 дугаар хороо, 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ланс овогт Болдбаатарын Бямбацогт /РД: МЮ 93050836/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, ХААН банкны Дорнод салбарт мэдээллийн технологич ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Гарден хотхоны 217-4-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 982 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Пүрэвжилийн Сүлд-Эрдэнэ /РД: ЖЯ 95080417/.

 Шүүгдэгч Б.Бямбацогт нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Галакси” бааранд 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед П.Сүлд-Эрдэнэтэй бүлэглэж, хохирогч Н.Батбилэг, Б.Бямбадорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

   шүүгдэгч П.Сүлд-Эрдэнэ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Галакси” бааранд 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Б.Бямбацогттой бүлэглэж, хохирогч Н.Батбилэг, Б.Бямбадорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бямбацогт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өөрийнхөө бурууг ойлгож байна, нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч П.Сүлд-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна” гэв. 

Хохирогч Н.Батбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамт спорт хороонд ажилладаг Бямбадорж гэх хүний хамт Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд 23 цагийн орчимд үйлчлүүлж байхад манай ширээн дээр үл таних залуу ирээд “баар хаасан байна, пиво аваад өгчих” гэсэн. Ингээд баарны үйлчлэгчээс асуусан чинь “пиво өгөхгүй” гэхээр нь түүнд хэлсэн чинь тухайн үл таних залуу надтай маргалдаад эхэлсэн. Тухайн үл таних залуутай хамт миний зүс таних Сүлдээ гэх залуу явж байсан. Ингээд хэл амаараа маргалдаад байж байхад тухайн залуу нь миний зүүн нүдний доод хэсэгт цохисон. Энэ цохилтоос болж надад айхтар гэмтэл учраагүй. Намайг цохисон үйлдлийнх нь хариуд би түүнийг нэг удаа гараараа цохисон боловч миний цохилт түүнийг оноогүй. Тухайн үл таних залуутай хамт явж байсан Сүлдээ гэх залуу нь миний нүүр хэсэгт цохисон. Учир нь би Сүлдээтэй зууралдаж ганц хоёр харилцан цохилцох үед Сүлдээ нь миний үснээс зулгааж доош нь дараад нүүр хэсэгт олон удаа өшиглөсөн. Биднийг маргалдаж байх үйлдлийг надтай хамт явж байсан Бямбадорж ах утсаараа бичлэг хийсэн. Нөгөө үл таних залуу Бямбадорж ах руу очиж цохиод нүүр хэсэгт нь өшиглөсөн байсан. Би түүнийг бичлэгээс нь харсан. Түүнээс биш Бямбадорж хэрхэн зодуулж байгааг нь нүдээрээ хараагүй. Учир нь намайг Сүлдээтэй маргалдаж зууралдаж миний араас хөөж байх явцдаа газарт хэвтэж байсан Бямбадорж ахын нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн байсан. Сүлдээгийн надтай хөөцөлдөж надтай зууралдах үедээ л миний үснээс зулгааж доошоо дараад нүүр хэсэгт өшиглөөд байсан үйл явдал болж байгаад Сүлдээ тухайн баарнаас гарч яваад өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. ...Миний хувьд цаашид эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байх тул үүнд зарцуулах төлбөрийг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 20-22/

Хохирогч Б.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...пиво асууж ирсэн залуу нь Батбилэгийг нэг удаа нүүр рүү нь цохисон. Ингээд Батбилэг нь тухайн залууг зөрүүлэн алгадсан чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан залуу нь түүнийг цохисон. Батбилэг нь тэр залуутай зууралдаж байхад нөгөө пиво асуугаад байсан залуу нь намайг бичлэг хийлээ гээд нүүр хэсэгт цохисон. Энэ үед би гар утсаа газарт унагаасан учир авахаар доошоо тонгойход намайг өшиглөсөн үү, цохисон уу санахгүй байна. Би шууд л ухаан балартаж нэг сэрэхэд миний нүүр ам хавдсан байдалтай байсан. Ингээд хамт баарнаас гарсан. ...мөн энэ гэмтэлтэй холбоотой одоогоор хийгдсэн эмчилгээ байхгүй тул хэрэгт тусгах баримт байхгүй. Цаашид би эмчилгээ хийлгэх үед шаардлагатай төлбөр мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 15-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд:

1. Б.Бямбадоржийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх /баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал/, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 тоот дүгнэлтэд:

1. Н.Батбилэгийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны хөндийн салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх /зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал/, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44-45/

П.Сүлд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Билгээ, Бямбацогт хоёр хэл амаар маргалдаж байгаад зууралдаад байсан учир би тэр хоёрыг салгаж байсан юм. Энэ үед Билгээ гэх залуу нь Бямбацогтыг хэл амаар арай л их өдөөд доромж маягаар харьцаад байхаар нь Бямбацогт түүнийг нэг удаа гараараа биеийн дээд хэсэгт нь цохисон /яг хаана нь цохисон талаар тодорхой хараагүй/. Энэ үйлдлийнх нь хариуд Билгээ Бямбацогтыг зөрүүлэн цохисон. Би тэр хоёрыг салгах гэж зөндөө оролдсон боловч Билгээ миний үгийг авахгүй манай найз руу дайрч давшлаад байхаар нь Билгээтэй зууралдаж зодолдож эхэлсэн. Зодолдохдоо би түүний толгой, нүүр хэсэгт нь цохиод байсан. Билгээ ч мөн адил миний биед халдаад байсан. ...Баарнаас гарах гэж байх үед Билгээтэй хамт явж байсан үл таних залуу нь шалан дээр сууж байсан учир би түүнд хандаж “та нар зам зуур явж байгаа танихгүй хүнтэй яах гэж маргалдаж байдаг юм” гэж хэлээд түүний мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 70-71/

Б.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэр хоёрыг салгах гээд очсон боловч нөгөө залуу нь над руу ч дайраад Сүлдээ рүү ч дайраад намайг чаддаг юм бол цохичих гээд хацраа наагаад дайраад байхаар нь би толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн цохилт айхтар хүчтэй байгаагүй, хацар хэсэгт нь хүрээд л өнгөрсөн. Ингээд тэр залуу нь намайг зөрүүлэн хацар хэсэгт цохисон чинь манай Сүлд-Эрдэнэ тухайн залуутай зууралдаж зодолдоод эхэлсэн. Энэ үед нөгөө маргалдаад байсан залуутай хамт нэг ширээнд сууж байсан залуу нь гар утсаараа бичлэг хийгээд явж байхаар нь би түүн дээр очиж “бичлэг хийхээ боль” гэж хэлсэн боловч өөдөөс хэгжүүрхээд байхаар нь түүнийг хавсарч унагаагаад нэг удаа нүүр хэсэгт нь өшиглөсөн. ...Сүлд-Эрдэнийг дагуулан баарнаас гарах үед миний хавирч унагаан нүүр хэсэгт нь өшиглөсөн залуу нь  газраас босолгүй доошоо тонгойгоод өвдөглөж гараараа тулаад байж байхад Сүлд-Эрдэнэ түүн дээр очоод нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөөд гарч явсан...” гэжээ. /хх-ийн 72-73/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

“Маршал мед” эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 43/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦ-23-54, ДЦ-23-57 тоот дүгнэлт /хх-ийн 52-54, 58-61/

Б.Бямбацогтын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 74/

П.Сүлд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 79/

Н.Батбилэгт хохирол төлбөрт 160,000 төгрөг шилжүүлсэн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/

Б.Бямбадоржид хохирол төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Ланс овогт Болдбаатарын Бямбацогт, Боржигон овогт Пүрэвжилийн Сүлд-Эрдэн нар нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Галакси” бааранд хохирогч Н.Батбилэг, Б.Бямбадорж нарыг зодож, хохирогч Б.Бямбадоржийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Н.Батбилэгийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны хөндийн салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Бямбадоржийн “...пиво асууж ирсэн залуу нь Батбилэгийг нэг удаа нүүр рүү нь цохисон. Ингээд Батбилэг нь тухайн залууг зөрүүлэн алгадсан чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан залуу нь түүнийг цохисон. Батбилэг нь тэр залуутай зууралдаж байхад нөгөө пиво асуугаад байсан залуу нь намайг бичлэг хийлээ гээд нүүр хэсэгт цохисон. Энэ үед би гар утсаа газарт унагаасан учир авахаар доошоо тонгойход намайг өшиглөсөн үү, цохисон уу санахгүй байна. Би шууд л ухаан балартаж нэг сэрэхэд миний нүүр ам хавдсан байдалтай байсан...” гэх, хохирогч Н.Батбилэгийн “...үл таних залуу ирээд “баар хаасан байна, пиво аваад өгчих” гэсэн. Ингээд баарны үйлчлэгчээс асуусан чинь “пиво өгөхгүй” гэхээр нь түүнд хэлсэн чинь тухайн үл таних залуу надтай маргалдаад эхэлсэн. Тухайн үл таних залуутай хамт миний зүс таних Сүлдээ гэх залуу явж байсан. Ингээд хэл амаараа маргалдаад байж байхад тухайн залуу нь миний зүүн нүдний доод хэсэгт цохисон. ...Тухайн үл таних залуутай хамт явж байсан Сүлдээ гэх залуу нь миний нүүр хэсэгт цохисон. Учир нь би Сүлдээтэй зууралдаж ганц хоёр харилцан цохилцох үед Сүлдээ нь миний үснээс зулгааж доош нь дараад нүүр хэсэгт олон удаа өшиглөсөн. Биднийг маргалдаж байх үйлдлийг надтай хамт явж байсан Бямбадорж ах утсаараа бичлэг хийсэн. Нөгөө үл таних залуу Бямбадорж ах руу очиж цохиод нүүр хэсэгт нь өшиглөсөн байсан. Би түүнийг бичлэгээс нь харсан. Түүнээс биш Бямбадорж хэрхэн зодуулж байгааг нь нүдээрээ хараагүй. Учир нь намайг Сүлдээтэй маргалдаж зууралдаж миний араас хөөж байх явцдаа газарт хэвтэж байсан Бямбадорж ахын нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн байсан. Сүлдээгийн надтай хөөцөлдөж надтай зууралдах үедээ л миний үснээс зулгааж доошоо дараад нүүр хэсэгт өшиглөөд байсан үйл явдал болж байгаад Сүлдээ тухайн баарнаас гарч явсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92, 93 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Маршал мед” эмнэлгийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦ-23-54, ДЦ-23-57 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Бямбадорж, Н.Батбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92, 93 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Болдбаатарын Бямбацогт, Пүрэвжилийн Сүлд-Эрдэнэ нарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нараас нэхэмжилсэн 260,000 төгрөгийг төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарт зодуулах үед хохирогч Б.Бямбадорж, Н.Батбилэг нарын гар утас эвдэрч хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бямбадоржийн гар утасны дэлгэц 100,000 төгрөгөөр, хохирогч Н.Батбилэгийн гар утасны дэлгэц 160,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байх бөгөөд хохирогч нарт учирсан энэхүү эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогч нар нь шүүгдэгч нараас эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь хохирогч Н.Батбилэгт 160,000 төгрөг, хохирогч Б.Бямбадоржид 100,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Бямбадорж, Н.Батбилэг нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Бямбацогтын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч П.Сүлд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ланс овогт Болдбаатарын Бямбацогт, Боржигон овогт Пүрэвжилийн Сүлд-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Болдбаатарын Бямбацогт, Пүрэвжилийн Сүлд-Эрдэнэ нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бямбадорж, Н.Батбилэг нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Батбилэгт 160,000 төгрөг, хохирогч Б.Бямбадоржид 100,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Бямбацогтын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч П.Сүлд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бямбацогт, П.Сүлд-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА