| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Э.Д
Улсын яллагч Ж.Батбаатар
Шинжээч эмч Ж.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О , О.С
Шүүгдэгч Б.Г , Ч.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г , Ч.О нарт холбогдох эрүүгийн 2225005990489 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Ч.О
2. Б.Г
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод оршин суух Б.Г ийг нөхөртэйгөө хардан гэрийнх нь гадна дуудаж гарган үсдэх, алгадах хэлбэрээр зодож Б.Г ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотын гадна Ч.О-тэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж үсдэх, цохих хэлбэрээр Ч.О-н эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “Хэрэг болсноос хойш олон хоногийн дараа шинжээчид үзүүлсэн. Энэ хугацаанд гэмтэл авсан байж болно. Би өөрийгөө хамгаалах гэж түлхсэн түүнээс гэмтэл учруулаагүй. Хаалга эвдсэн, нүдний шил эвдэрсэн, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол учирсан. Эдгээр зардлаа нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ “Манай нөхрийн утсанд мессеж ирсэн. Тэгээд Д Г нартай уулзсан, тэгэхэд надтай эвгүй харьцсан. Тэр өдөр очоод хаалгыг нь тогшиход ууртай гарч ирээд намайг үсдсэн, би бас үсдсэн. Гэр лүүгээ ороход нь араас нь нэг өшиглөсөн, Энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийг минь тайван байлгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шинжээч эмч Ж.Г мэдүүлэхдээ “хохирогчид учирсан гэмтлийн зэргийг манна нэмэх буюу тархины доргилтод илэрдэг шинж тэмдэгээр нь оношилж дүгнэлт гаргасан. Хүний тархийг битүү саванд байгаа шингэн зүйлтэй адилтгаж болох бөгөөд доргих үед хөдөлгөөнд орж тархинд өөрчлөлт илэрдэг. Үсдэж татах үед тархины доргилт үүсч болно” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Г ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 736 тоот дүгнэлтэд “...Б.Г ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 745 дугаартай: “...Ч.О-н биед баруун мөр, бугалга, шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цагт хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх цус хуралтууд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
4. Хохирогч Б.Г ийн “Тэгээд хаалга хүчтэй цохиод байхаар нь арга буюу гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Тэгтэл урд нь Т ахтай хамт явж байсан эмэгтэй байсан. Тэр хүн манай гэр лүү орох гэж дайрсан. Тэгэхээр нь би гэртээ оруулахгүй, та яахаараа манай гэр орон руу ордог юм бэ гээд түлхсэн. Тэгтэл гараад ир гээд миний гараас татаж орцонд гаргаад чамд ямар газар байдаг юм бэ, чи янхандаж яваад ийм эд хөрөнгөтэй болсон биз, янхан минь гэх мэтээр хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр хүнд та хүнээс санаа зовохгүй байна уу, одоо яв гэсэн чинь нөгөө эмэгтэй миний баруун талын хацар луу алгадсан. Тэгэхээр нь хойшоо болсон чинь миний нүдний шил цохигдоод газарт унаж шил нь хагарсан. Би та чинь одоо ямар хаашаа хүн бэ гэсэн чинь миний үснээс барьж доош дарсан. Би ч гэсэн тэр хүнээс салах гээд үснээс нь зулгаасан. Энэ үед миний хоёр хүүхэд гэрээс гарч ирээд намайг хараад уйлаад надаас цагдаад дуудлага өгөх утасны дугаар асуугаад цагдаад миний том охин Ю дуудлага өгсөн. Нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж доош дараад 10 орчим минут болсон байх. Би тэр хүнд та миний үс, толгойг дараад 10 орчим минут боллоо. Одоо тавьчих, маш их өвдөж байна гэдгээ хэлсэн чинь намайг тавьсан. Би тэр хүнээс салаад миний хүүхэд дуудлага өгсөн. Цагдаа ирэхээр газар дээр нь энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн чинь нөгөө эмэгтэй зугтаагаад явсан. Тэгээд тэр өдрөө би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
5. Гэрч Л.Т ын “2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой би Г уулзаж газрын талаар ярилцах гээд 22 цаг өнгөрч байхдаа эхнэртээ дүүгийн гэрт очиж юм хийнэ гээд худлаа хэлээд гэрээсээ гарсан. Тэгэхгүй бол уулзуулахгүй. Гэрээсээ гараад Г утсаар ярьж Есөн-Эрдэнэ захын хажуу талын зогсоол дээр түүний машин дотор найзтай нь гурвуулаа сууж газар ярьж байгаад салаад явсан. Бид нарыг машин дотор сууж байхад цагаан өнгийн Тоёота Приус 41 загварын цагаан өнгийн машйн бид нарын хажууд ирж жоохон зогсож байгаад зайтай очиж зогссон. Тэгэхээр нь би Г-н машинаас буугаад машиндаа суугаад гэртээ харьсан. Байрныхаа гадна очоод эхнэрийгээ гараад ир гадаа агаарт жоохон алхъя гэсэн. Тэгсэн чинь эхнэр маань гарч ирээд хаа хүрээд ирэв гэхээр нь ажлаа дуусаад ирлээ гэсэн. Бид хоёр жоохон гадаа байж байгаад орж унтаж амарсан. Тэр өдрийн орой эхнэр маань цээж хөхөрсөн байна гээд харуулж байсан. Цээж нь хэсэг газарт жижиг жижиг цус хурсан байсан. Мөн үснээс зулгаасан гээд унасан хэсэг үс үзүүлж байсан. Хувцас урсан гэж байсан. Яг ямар хувцастай явсан, урагдсан хувцсыг нь хараагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/
6. Насад хүрээгүй гэрч Б.Ю өгсөн “2022 оны 09 дүгээр сарын сүүлээр яг өдрийг нь хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Гэртээ унтаж байсан чинь хүн тогшсон. Ээж очоод хаалга онгойлгохгүйгээр хэн бэ гэсэн чинь СӨХ-ийн хүн байна гэж эмэгтэй хүн хэлсэн. Тэгсэн чинь ээж өглөө эрт СӨХ-ийн хүмүүстэй уулзах ажил байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж дээр очсон. Энэ үед ээж гэрийнхээ хаалгыг онгойлгоод ээж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн ээжийн хөл рүү нь өшиглөсөн. Ээж гэрээсээ гараад яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэрүүл хийгээд ээжийг үсдэж аваад, бие биенийгээ зураад ээж газарт унасан. Ээж цагдаа дуудаарай гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Хамгийн түрүүнд гэрийн хаалга онгорхой байхад ээжийн зүүн талын хөл рүү нь өшиглөсөн. Ээжийг үсдэж авсан. Ээж ч гэсэн зөрүүлээд үсдэж аваад ноцолдсон. Ээж цагдаа дууд гэхээр нь би гал тогооны өрөө рүү очоод гар утсаа аваад ирэхэд ээжийг газар шалан дээр унагасан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дахь тал/
7. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-ОРХ/4947 дугаартай “...бүргэд хаалга 650,000 төгрөг, шилний рам-80,000 төгрөг, харааны шил 2 ширхэг 70,000 төгрөг гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 44-47-р тал/
8. Хохирогчоор Ч.О-н “Тэгэхээр нь би чамд миний нөхөртэй битгий уулз гэж удаа дараа сануулсан шүү дээ гэсэн чинь Г чи ажил хийдэггүй болохоор мэдэхгүй л дээ Оюунгэрэлээ гэсэн. Тэгэхээр нь би ажил төрөлгүй байж болно. Заавал харанхуй шөнө уулзах ямар ажил байдаг юм бэ гэсэн чинь Г балай авгай минь чи ажил хийж үзээгүй болохоор мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь ямар ажил ярьдаг юм бэ гэсэн чинь Г 11 хороололд газар зарж байгаа гэхээр нь би түүнд манай нөхөрт газар авах мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл Г миний ахыг чи бүх насаараа зулгааж, зовоож байгаа гэж хэлээд хашхираад байсан. Г намайг хаалганаасаа түлхэж холдуулчхаад гэртээ орох гээд байсан болохоор би зүүн талынхаа гар, хөлөөр гэрийнхэн хаалгыг тулаад зогссон чинь намайг заамдаж, чирээд шат руу бараг түлхээд унагах шахсан. намайг гэрийнхэн эсрэг талд байх айлын хаалганы орчим зогсож байхад Г-н нүд ам нь гялалзаж ирээд миний үснээс шууд зулгаагаад авсан. Миний зүүн гар сул байсан болохоор адилхан үснээс нь зулгаасан. Тэгэхээр нь би түүнд үс тавь гэсэн чинь Г чи тавь гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл зэрэг тавья гэсэн чинь миний үсийг тавьсан. Би ч гэсэн түүний үсийг тавьсан. Үүний дараа Г балай авгай минь шил төлж өгөөрэй гээд нүүр лүү нэг юмаар цохисон. Яг юугаар цохисныг нь анзаараагүй. Миний духны зүүн хэсэгт хавдсан байсан. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад тэндээс яваад нөхөр дээрээ очсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/
9. Ч.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дэх тал/,
10. Б.Г ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дахь тал/
11. Орхон аймаг дахь газрын 7035102 дугаарын утсанд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 13 минут 26 секундэд ирсэн дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 120 дахь тал/
12. 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 144 дэх тал/
13. 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 154 дэх тал/
14. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 166 дахь тал/
15. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 173 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Батбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод оршин суух Б.Г ийг нөхөртэйгөө хардан гэрийнх нь гадна дуудаж гарган үсдэж эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотын гадна Ч.О-тэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж үсдэх, цохих зэргээр эрүүл мэндэд баруун мөр, бугалга, шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Б.Г ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Ч.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, Б.Г нь хаалга, нүдний шилний үнэ, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжилсэн болохыг дурьдах нь зүйтэй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Б.Г Ч.О-н нөхөртэй нь ямар нэгэн харилцаагүй. Гэтэл Ч.О нь маш их уур бухимдалтай ирж Б.Г ийн хаалгыг эвдэж, биед нь халдсан. Шинжлэн судалсан баримтуудаар Б.Г Ч.О-г зодож цохьсон үйлдэл тогтоогдохгүй байна. Харин өөрийгөө хамгаалсан гэж үзэж байна. Б.Г ийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Ч.Оюунгэрэл, Б.Г нар харилцан үсдэлцсэний улмаас Б.Г ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий гэмтэл учирсан гэж үзэх нь учир дутагдалтай байна. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь эргэлзээтэй байна. Ч.О нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа. Б.Г ийн нэхэмжлэл нь үндэсэлгүй байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г ийн цагдаагийн газарт гаргасан гомдол, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 736 тоот дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 745 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Г ийн “...миний баруун талын хацар луу алгадсан, миний үснээс зулгааж доош дараад 10 орчим минут болсон байх...” гэх мэдүүлэг, гэрч Л.Т ын “...эхнэр маань цээж хөхөрсөн байна гээд харуулж байсан. Цээж нь хэсэг газарт жижиг жижиг цус хурсан байсан. Мөн үснээс зулгаасан гээд унасан хэсэг үс үзүүлж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Ю “...нөгөө эмэгтэй хүн ээжийн хөл рүү нь өшиглөсөн, ээжийг үсдэж аваад, бие биенийгээ зураад ээж газарт унасан...” гэх мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-ОРХ/4947 дугаартай дүгнэлт, хохирогчоор Ч.О-н “...миний үснээс шууд зулгаагаад авсан. Миний зүүн гар сул байсан болохоор адилхан үснээс нь зулгаасан, нүүр лүү нэг юмаар цохисон...” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь газрын 7035102 дугаарын утсанд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 13 минут 26 секундэд ирсэн дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.О нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод оршин суух Б.Г ийн гэрт очиж маргаан үүсгэж, харилцан зодолдсоны улмаас Б.Г ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл, Ч.О-н эрүүл мэндэд баруун мөр, бугалга, шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г , Ч.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Б.Г ийн эрүүл мэндэд тархины доргилт бүхий гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй”, “шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй”, “шүүгдэгч Б.Г нь бусдын халдлагаас өөрийгөө хамгаалсан” гэх зэрэг санал дүгнэлтүүд гарсан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Г , Ч.О нарын үйлдэл холбогдол, хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Б.Г нь хаалганы үнэ, нүдний шилний үнэ, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролтой холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхив. Хавтаст хэргийн 44-47 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр бүргэд хаалга 650 000 төгрөг, шилний рам 80 000 төгрөг, харааны шил 2 ширхэг 70 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Г ийн харааны шил шүүгдэгч нарыг маргалдаж зодолдох явцад унаж гэмтсэн нь тогтоогдож байх тул үүнийг гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна. Харин төмөр хаалгыг шүүгдэгч Ч.О цохиж эвдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.Оюунгэрэлээс 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хаалганы үнэ болох 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч Ч.О гэм хорын нэхэмжлэл гаргаагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г , Ч.О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунгэрэлд Б.Г т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, амбулаторийн карт, рентген зураг зэргийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Г эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овгийн Ч-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овгийн Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Г ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунгэрэлд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Г т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г , Ч.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунгэрэлээс 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Г / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***** тоотод оршин суух/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төмөр хаалганы үнэ болох 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, амбулаторийн карт, рентген зураг зэргийг хохирогчид буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Г эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС