Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 282

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Д-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох
ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар томилогдсон. 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Есөнбулаг сумын газрын даамлаар ажиллаж байгаад нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. 
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Д нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэр гарч, нэхэмжлэгч Б.Д-г Есөнбулаг сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.У-д даалгаж, Б.Д-н 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 124 хоногийн олговорт 2.734.055 төгрөгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-11-рт/
Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Д-г 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Есөнбулаг сумын газрын даамлын ажилд нь томилсон байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д ...энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Иймд шүүхийн шийдвэр биелэгдэж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан байх тул нэхэмжлэгч Б.Д нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.  
Харин нэхэмжлэгч Б.Д нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зохицуулсан бөгөөд энэ хэргийн маргаан бүхий харилцааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ ажилд томилогдсон өдрөөс хойш 3 сарын дотор  шүүхэд гаргах учиртай байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “...жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна” гэж заажээ. 
Нэхэмжлэгч Б.Д-н ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажлын байраар хангасан үе буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш тэрээр гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа1 сар 1 хоног өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Д нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, хариуцагчийн төлөөлөгч Б.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ