Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Даваа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох эрүүгийн 2325000000097 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т.А

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.А нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Зээлийн ****  тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Р-н  толгой тус газар заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч М.Р  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

2. З.Хохирогч М.Р-н  “2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаднаас А   орж ирээд гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Би баруун талын орон дээр хэвтэж байсан. Би А   хандаж “чи дуртай үедээ ирж эгч, дүү хоёрыг гичий, нохой, жингэрээр нь дууддаг, би өмнө нь юм хэлж байгаагүй шүү, битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлээд хоорондоо маргалдаж А   нь намайг гөлөг минь чамайг ална шүү гэж хэлэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд А  ай зууралдаж, нэг нэгнийгээ заамдаж барьж байгаад салсан. Би буцаад орон дээрээ очоод сууж байсан чинь А   “чи муу гөлөг ямар овоо муу гөлөг вэ” гэж хэлээд гал тогооны шүүгээний нүдэнд байсан заазуурыг бариад над руу дайрсан. Энэ үед эгч О  гаднаас орж ирээд А  ыг болиулах гэсэн боловч А   нь над руу дайраад заазуураар миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Эгч О  түүнийг надаас холдуулж гарт нь байсан заазуурыг нь булааж аваад А  ыг дагуулаад гэрээс гарсан. Миний толгойноос цус гараад нүүр рүү урсаад байсан. Би уурласандаа болоод араас нь гараад гэрийн хашаан дотор А  ай зууралдаж байтал манай хашаанд байдаг эгч Ц  гарч ирээд бид хоёрыг салгах гэж дундуур орсон. Эгч Н цагдаа дуудаад А  ыг салгаад хашаанаас гаргасан. А   нь гэрийн гал тогооны шүүгээний нүдэнд байсан заазуурыг авч, миний толгой хэсэг рүү заазуурын иртэй талаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Гэрч М.О ийн “Би гэртээ нүүрс авахаар болоод тооцоог нь хийх гэсэн чинь интернэт банк болохгүй болохоор нь миний урдны хамтран амьдрагч А   луу залгаад түлээ захиалчихлаа, миний интернэт банк болохгүй байна, чамд мөнгө байвал бэлнээр аваад ирээч би чамд маргааш өглөө шилжүүлчихье гэж хэлсэн чинь тэгий гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд захиалсан нүүрс ирээд манай гэрийн хашаанд буулгаж байх үед А   ирсэн. Тэр ирээд надад бэлнээр авч ирсэн 190.000 төгрөгийг өгчхөөд гэр лүү орсон. Би гэрийн гадна талд нүүрсээ хүлээж аваад тооцоог нь хийгээд нүүрсний машиныг гарсны дараа хашааны хаалгаа хаагаад хашаанд буулгасан нүүрсээ янзалж байсан чинь манай гэрт хүмүүсийн чанга, чанга дуугараад байхаар нь гэрт орсон чинь А   нь гартаа заазуур барьчихсан, дүү Р орон дээрээ суучихсан хоорондоо маргалдаж байсан. А   заазуур бариад дүү Р руу дайрсан. Би араас нь очиж гарнаас нь татах үед А   нь гартаа барьсан заазуураар дүү Р-н толгой руу цохих шиг болсон. Би А  аас заазуурыг булааж аваад түлээний сав руу шидээд А  аа чи хүн аллаа шүүдээ гэж хэлээд түүнийг татсаар байгаад гэрээс гаргасан. Энэ үед дүү Р нь араас гарч ирэхэд түүний толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Насанд хүрээгүй гэрч М.А-н“гаднаас А   ах орж ирээд байж байтал нагац ах түүнийг дуртай үедээ ирээд, дургүй үедээ гэх мэт зүйл яриад тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Би хувцас индүүдэж байгаад нэг харсан чинь А   ах гартаа манай гэрийн заазуурыг барьчихсан байсан. Энэ үед ээж орж ирсэн. А   ах нагац ах Ртай маргалдаж байгаад түүн рүү заазуур барьж дайрсан. Ээж А  ыг болиулах гэсэн боловч чадаагүй. А   гартаа барьсан заазуураар Р ахын толгой руу цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дэх тал/,

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №183 дугаартай “М.Р-н  биед хуйханд шарх цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хуйханд үүссэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжинд үүссэн цус хуралт нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

6. Яллагдагч Т.А  ын “О ийн захиалсан түлээ, нүүрс ирчихсэн буулгаж байсан. би О д мөнгө тоолж өгөөд, О  түлээний тооцоогоо хийгээд хашааны хаалга хаагаад бид хоёр хамт гэрт орж ирэх үед Р нь орондоо орчихсон байсан. Би гэрийн ширээний хажуу талын сандал дээр сууж байтал Р нь намайг хэл амаар доромжил, агсам тавьж эхэлсэн. О  дүүгээ боль гэж хэлж байсан. Би чимээгүй суугаад байсан. Энэ үед Р нь хувцсаа өмсөөд гал тогооны шүүгээнээс заазуур аваад намайг ална гэж заналхийлж над руу дайрсан. О  дүүгээ боль гэж удаа дараа шаардсан боловч над руу хүйтэн зэвсэг барьж дайрах үед нь түүнээс зайлсхийж хажуу тийш болох үед миний араас заазуур шидээд миний толгой руу оносон. Энэ үед би уг заазуурыг нь бариад зогсож байтал Р нь намайг ална гэж хэлээд над руу дайрсан. Би түүний толгой хэсэгт баруун гартаа барьж байсан заазуурны иргүй талаар нь нэг удаа цохисон. О  намайг салгаж гэрээс гаргасан. Өөр ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй би биеэ хамгаалсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22, 40-41 дэх тал/,

7. Т.А  ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/,

8. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.А нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Зээлийн ****  тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Р-н  толгой тус газар заазуураар цохиж “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Р-н  “...А   нь над руу дайраад заазуураар миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч М.О ийн “...А   заазуур бариад дүү Р руу дайрсан би араас нь очиж гарнаас нь татах үед А   нь гартаа барьсан заазуураар дүү Р-н толгой руу цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.А-н“...А   гартаа барьсан заазуураар Р ахын толгой руу цохисон...”гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №183 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Т.А  ын яллагдагчаар болон сэжигтнээр хэргээ хүлээн мэдүүлсэн “...гартаа барьж байсан заазуурны иргүй талаар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Т.А  ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.А нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Зээлийн ****  тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Ртай маргалдаж, толгой тус газар заазуураар цохиж хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Т.А  ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас М.Р-н  биед хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Т-ын А  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС