Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01510

 

2021           12            09                                          001/ХТ2021/01510

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлалтай,

............гийн нэхэмжлэлтэй

“............” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Газар чөлөөлүүлэх, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч ............гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 15141, Л.Лааганы гудамж, Г95/6 тоотод байрлах гараашийг хууль ёсоор өмчилдөг бөгөөд уг тоосгон гарааш нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012.09.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон. 30А байрны 48 тоотод оршин суух ............нь 2018.09.03-ны өдөр 30А байрны СӨХ-ны нэрийг барьж, орон сууц орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглаж ашиг олох зорилго өвөрлөсөн шунахайн сэдэлтээр нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хашаа хаалт босгож, манаачийн байр байрлуулж, барьсан хашаа хаалтыг өндөр үнээр үнэлж хууль бус төлбөр хураамж нэхсэн, өөрийн харуулдаа оруулахгүй байх үүрэг өгсөн зэргээс өөрийн өмчлөлийн авто гараашаа ашиглах боломжгүй болж, 2018.10.01-ний өдрийн автомашины зогсоол хөлслөх гэрээгээр автомашины зогсоол түрээсэлж байрлуулсаар байна. ............нь “............” СӨХ-ны нэр дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа нь дуусгавар болсон. Нийслэлийн Засаг даргын 2008.05.21-ний 241 дүгээр захирамжаар олгогдсон 9683 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хууль бусаар ашиглаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Цэнд-Аюуштай хуйвалдаж, улсын байцаагч Г.Цэнд-Аюуш нь түүний нөлөөлөлд автсанаас ашиг сонирхлыг өмгөөлөн хамгаалж, түүнд давуу байдал олгож, зөрчлийг шалгаж шийдвэрлэхээс санаатайгаар татгалзаж, зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүйгээр өргөдлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018.12.04-ний өдрийн 02-03/4610 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн. Нийслэлийн газрын албаны 2019.01.03-ны өдрийн 03-06/08 тоот, 2019.02.28-ны өдрийн 02-06/681 тоот албан бичгээр ............болон түүний нэрийг нь барьсан ............ СӨХ-нд газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч үл биелүүлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/150 дугаар бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 30А байрны барилгын гадна талбайн ашиглалтын байдлыг шалгаж, 2019.04.01-ний өдрийн 1902000207 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, авто замын хяналтын улсын байцаагчийн 2019.04.29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан ч үл зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандах замаар өнөөдрийг хүрэв. Ийнхүү хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас үүссэн хохиролд 2018.10.01-ний өдрийн автомашины зогсоол хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 2,700,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 2,708,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг дур зоргоороо хааж, хашлага хаалт босгож, манаачийн байр байрлуулсныг албадан буулгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна. Манаачийн байр, автомат хаалт зэрэг нь миний эзэмшлийн гараашаас 100 гаруй метрийн зайтай боловч заавал автомат хаалт ашиглаж орж гарах шаардлагатай юм. Иймд манаачийн байр, автомат хаалт зэргийг албадан буулгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “............” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 15141, Л.Лааганы гудамж 30а байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайд хаалт байрлуулж чипний мөнгө 80,000 төгрөг төл гэж байна, зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч “............” СӨХ-ны дарга ............ийг 500,000 төгрөгөөр торгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8 дэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд ............шүүхэд гомдол гаргаж, шүүхээс шийтгэврийг хүчингүй болгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Автомат хаалга суурилуулах ажил нь СӨХ-ноос зохион байгуулсан ажил биш бөгөөд оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө сууц өмчлөгчдийн холбооноос нэг ч төгрөг гаргалгүйгээр зохион байгуулсан ажил бөгөөд ............ чип авахгүй байгаа. Чип үнэ төлбөргүй авахыг 2018.12.26-ны өдөр ............д мэдэгдсэн. Чип авсан бол Сүхбаатар дүүрэгт гарааш хөлсөлж машинаа тавих шаардлага үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ............шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны гүйцэтгэх захирал болоход оршин суугч нар хурал дээр ажлын амжилт хүсэж, та бүхэнд хүргүүлсэн хурлын тэмдэглэл дээр дурьдсан ажлуудыг хийхийг санал болгосон. Миний бие ажлаа авч эхний 2 сар төлөвлөж байгаад 8 сард оршин суугчдаас санал асуулгын судалгаа авч нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг хаалтыг хийлгэхийн тулд үнэ болон хаалт тавьж болох эсэх талаар судлахад үнэ 1,800,000 төгрөгөөс 3,900,000 төгрөг хүртэл байсан. Харин хаалт тавих зөвшөөрлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авдаг гэхээр нь очиход Төрбат мэргэжилтэн төлбөртэй зогсоолын талаар манайхаас зөвшөөрөл авна, танайх мөнгө хураахгүй бол мөн аливаа гудамж, орц гарцыг хаагаагүй бол болно гэдэг аман тайлбар өгсөн. Үүний дараагаар мөнгөн дүн нөхцөлүүдийг оршин суугчдын төлөөлөл 10 гаруй иргэнд үзүүлж ярилцаж, нэгэнт судалгаа аваад иргэд зөвшөөрсөн тул оршин суугчдыг мөнгөө өгөхийг хүссэн. Иргэн ............гийн хувьд 2018.11.10-ны өдөр хавьцаа оройн цагаар гэрийн хаалга хүчтэй цохиж, анх уулзаж байсан. Тэр хаалт болон чипний талаар ярилцсан. Та энэ 3 сарын хугацаанд огт ирээгүй байж яагаад гэрт ирж хэрүүл хийгээд байгаа юм бэ, маргааш өглөө уулзъя, та манай байрны оршин суугч биш ч гэсэн 60,000 төгрөг төлөөд авна бусад бүх гарааштай хүмүүс адилхан аваад болж байна гэж хэлсэн. Гэтэл тэр хүн чи 3000 төгрөгийн үнэтэй зүйлийг дамлаж ашиг олж байна гэсэн. 2018.11.10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл луйварчин, энэ чипээр мөнгө олж байна гэж очсон байгууллага болгон дээрээ миний нэр хүндийг унагаж, гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Улмаар иргэн ............ намайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, 2-3 байцаагчаар шалгуулаад, сүүлд шалгасан Ариунболд нь 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 500,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн ............тэй 2018.12.20-ны өдрөөс 2019.01 сарын хооронд 3 удаа утсаар ярьсан. Уулзъя гэхэд завгүй гэсэн. Ингээд ............ СӨХ-ны удирдах зөвлөл чип үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэж, 2018.12.26-ны өдөр ............д утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогоогүй тул хариуцагч ............ сууц өмчлөгчдийн холбоо, хамтран хариуцагч ............нарт холбогдох гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас хохиролд 2 708 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ............ хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. шийдвэрийн талаар: 1.1. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй. Шүүх, нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч “............” СӨХ-ны зүгээс өөрийн мэдэлд байлгаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, захиран зарцуулж, ашиглалтын зардлыг хариуцаж, ашиглаж, эзэмшиж буй “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лагааны гудамж, ЗОА орон сууцны байрны баруун талын нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж 2018.09.03-ны өдөр хууль бусаар баригдсан хашаа, хаалт, манаачийн байр зэрэг”-ийг битүүмжлүүлэх хүсэлтийг хуульд заагаагүй үндэслэлээр хангаагүй нь ИХШХШТХ-ийн 69-р зүйлийн холбогдох заалтыг зөрчсөнд гомдолтой байна. 1.2. Шүүх хууль зөрчсөн. Шүүх нь шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагын үндсэн гол үндэслэлийн хэсгийг тусгалгүй хасч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироож ИХШХШТХ-ийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн, тухайлбал: “Хариуцагч ............, “Хал мон трейд” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.08.30-ны өдрийн №016 дугаартай “Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ” (хх-ийн 106 дахь тал), тус гэрээний төлбөр болох 2,650,000 төгрөгийг хариуцагч ............өөрийн эзэмшлийн ХААН банкны 5007594647 тоот данснаас 2018.09.06-ны өдрийн 15:04-д 1,350,000 төгрөгийг 5035333579 тоот дансанд “ЕВ-15:04:30 99118852-хаалтны үлдэгдэл” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг (хх-ийн 108 дахь тал), хариуцагч “............” СӨХ-ны эзэмшлийн Төрийн банкны 104400132823 тоот данснаас 2018.08.31-ний өдрийн 13:58-д 1,300,000 төгрөгийг Бямбадэлгэрийн 5035333579 тоот дансанд “Авто хаалтны урьдчилгаа: ............СӨХ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг (хх-ийн 120 дахь тал), мөн хариуцагч “............” СӨХ-ны эзэмшлийн Төрийн банкны 104400132823 тоот данснаас 2018.10.02-ны өдрийн 16:13-д 890,000 төгрөгийг Батсүрэнгийн 5429395767 тоот дансанд “Манаачийн байрны материал: ............СӨХ” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг (хх-ийн 121 дэх тал)” зэрэг нотлох баримтуудын талаарх нэхэмжлэлийн үндсэн гол хэсгийг санаатайгаар хууль зөрчин хасч, хууль бус шийдвэрээ зөвтгөсөнд гомдолтой байна. 1.3. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй. Шүүх, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Нэхэмжлэгч ............ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” боловч, “............” СӨХ-ны хашаа, автомат хаалт, харуулын байр зэргийг буулгах замаар саад болж байгаа үйлдлийг зогсоох үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Тодруулбал: Үүнээс өөр арга замаар буюу илүү эдийн засгийн ашигтай аргаар энэ үйлдлийг зогсоох боломжтой гэсэн нь хууль ёсны бус байх ба шүүх нь маргааны өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлыг ухрааж тэр үед тэгэж шийдэхгүй яасан юм бэ гэх ид шидтэн биш бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарын дээрэм тонуул, хүч түрэмгийлсэн хууль бус үйлдлийг “өөр арга замаар буюу илүү эдийн засгийн ашигтай аргаар” зогсоох талаар тухайн үед шүүх шиг сэтгэх чадваргүй байсан, хариуцагчид дээрэмдүүлэхийг хүсээгүй, хууль бус үйлдлийг нь хүлээн зөвшөөрч чадаагүй тул төрийн эрх бүхий байгууллагад хандсан ч, албан тушаалтнууд нь асуудлыг шийдэхгүй бие биерүүгээ түлхэж байсны харгайгаар НГА, Чингэлтэй дүүргийн газрын алба, Мишээл дэх иргэдэд үйлчлэх төв, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс зэргээр удтал явж, эцэст нь НМХГ-т 2018.11.12-ны өдөр эхэлж хандсан ч, хариуцагч ............нь шалгагч этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан, худал бичиг баримт гаргаж төөрөгдүүлсэн зэрэг хууль бус үйлдлийн улмаас тус газарт 4 удаа бичгээр гомдол гаргахад хүрч, удаа бүр өөр өөр улсын байцаагч томилогдон ажилласан ч, уг асуудлыг шийдвэрлэж чадаагүй, хариуцагчийн зүгээс шүүхэд хандсан зэргээс цаг хугацаа алдаж хохирлын хэмжээ ихсэнд нэхэмжлэгч огт буруугүй билээ. 1.4. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Шүүх, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Хариуцагч ............нь ............ Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл чип үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэж, 2018.12.26-ны өдөр ............д мэдэгдсэн...” гэж хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар огт гаргаагүй, огт нотлогдоогүй худал үгнүүдийг үндэслэл болгож, мөн “Хариуцагч нар чип үнэ төлбөргүй авахыг мэдэгдсэн гэж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй” гэх зэргээр нотлох баримтад үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг хяналт шалгалт явуулж буй төрийн эрх бүхий хяналтын байгууллагын урдуур орж ажлыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээх ёстой мэтээр буруутгасанд гомдолтой байна. Улмаар шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагч “............” СӨХ-ны Автомат хаалгаар орж гарах чипийг хэрэглэснээр түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч байгаа саад бүрэн арилах боломжтой” гэж хариуцагч нарын худал үгээр үг хийж хариуцагч нараас нэхэмжлэгчид огт өгөөгүй чипийг өгсөн мэтээр, чип өгснийг нотолсон ганц ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчид өнөөдөр ч байхгүй чипийг нэхэмжлэгчид байгаа, түүнийг хэрэглэх боломжтой мэтээр гүтгэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх цааш нь “Нэхэмжлэгч ............ гараж руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас гараж өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлж чадахгүй 2,700,000 төгрөгийн хөлс төлөхөөр гараж түрээслэх болсон нь “............” СӨХ болон иргэн ............нарын хууль бус үйлдлээс шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал: “............” СӨХ болон иргэн ............нарын үйлдлээс нэхэмжлэгчид зайлшгүй учрах зардал, хохирол гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь нэхэмжлэгчийг зөв зүгээр байж байгаад НГА, Чингэлтэй дүүргийн газрын алба, Мишээл дэх иргэдэд үйлчлэх төв, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон НМХГ-т хандаад байсан, гэнэт нэг өглөө босч ирээд гараж түрээслэж, шүүхэд хандсан гажигтай этгээд болгон нэхэмжлэгчийг үндэслэлгүй буруутгаж байгаад гомдолтой байна. 1.5. Шүүх нийтэд илэрхий үйл баримт, бодит үнэнгээс зугатааж, хууль хэрэглэхээс зайлсхийсэн. Шүүх: “Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ зөрчсөн үйлдлийг зогсоож гараж руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч ............ нь эрх зөрчигч ............, “............” СӨХ-ны эсрэг гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байх бөгөөд “Орон сууцны тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь “СӨХ нь орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно” заалтыг үл хайхарсанд гомдолтой байна. Түүнчлэн, шүүх нь хариуцагч нарын төрөөс нэг м.кв газар эзэмших эрх аваагүй бодит нөхцөл байдлыг “...“............” СӨХ-ны ашиглах эрхэд байгаа газар...” гэж, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй Нийслэлийн Засаг даргын 2017.11.16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар олгогдсон нэхэмжлэгчийн 13 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгө болон нийтийн эзэмшлийн зам талбайн 5,000 м.кв газрыг дур зоргоороо хаасан хууль бус үйлдлийг “...нэхэмжлэгчийн аливаа эрхэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй” хэмээн зөвтгөж, тэр дундаа НЗД-ын 1998 оны А/122 тоот захирамжаар олгогдсон “Морьт Авто Сервис” ХХК-ийн 0,08 га газар, НЗД-ын 2000 оны А/59-р захирамжаар олгогдсон “Мабэл” ХХК-ийн 144 м.кв газар, НЗД-ын 2008 оны 349-р захирамжаар олгогдсон иргэн Э.Гомбожавын 114 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хашиж хаах эрхтэй, хууль ёсны эрх бүхий этгээд мэтээр буруу тайлбарлан шийдвэрлэж байгааг үл зөвшөөрч, гомдолтой байна. Хоёр. Магадлалын талаар: 2.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тухайд: а). Давж заалдах шатны шүүх нь магадлалынхянавал хэсэгтээ: “Хариуцагч “............” СӨХ нь ...2018.08.30-ны өдөр “Хал мон трейд” ХХК-тай автозогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ байгуулан автомат хаалтыг хийлгэсэн...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч иргэн ............уг гэрээг байгуулж, өөрийн хувийн дансаар төлбөрийг төлсөн нь “Иргэн ............. “Хал мон трейд” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.08.30-ны өдрийн №016 дугаартай “Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ” (хх-ийн 106 дахь тал), тус гэрээний төлбөр болох 2,650,000 төгрөгийг хариуцагч ............өөрийн эзэмшлийн ХААН банкны 5007594647 тоот данснаас 2018.09.06-ны өдрийн 15:04-д 1,350,000 төгрөгийг 5035333579 тоот дансанд “ЕВ-15:04:30 99118852-хаалтны үлдэгдэл” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг (хх-ийн 108 дахь тал) баримтуудаар хөдөлшгүй нотлогдож байгаа. б). Шүүх нь магадлалын хянавал хэсэгтээ: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.04.29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар хариуцагч “............” СӨХ-ны захирал ............т 500,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна /хх-ийн 140, 146-р тал/. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019.07.18-ны өдрийн 441 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн магадлалаар ...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон үйл баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм /хх-ийн 136, 151-153, 155-156-р тал/ гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талд үйлчилсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 221/МА2019/0475 дугаар магадлалын “Улсын байцаагч нь зохих журмын дагуу зөрчлийг тогтоож, тухайн зөрчил үйлдсэн этгээдийг зөв тодорхойлж хариуцлага ногдуулах шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй” гэсэн заалтыг үл хайхран зөрчил үйлдсэн жинхэнэ буруутай этгээдүүд болох нь баримтаар тогтоогдож нотлогдсон (хх-ийн 106, 108, 120 дахь тал) атал, тэднийг гэм буруугүй хэмээн хариуцлагаас чөлөөлж байгаад гомдолтой байна. 2.2. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т ... гэж, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт ... гэж, СӨХЭЗБ’НЗОСБДӨЭХТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт ... гэж тус тус заасан. Хариуцагч “............” СӨХ нь хуулийн хүрээнд автозогсоолын автомат хаалт хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч ............гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын маргаан “нийтийн эдэлбэр газар”-ын орчинд өрнөсөн үйл явдлыг “дундын өмчлөлийн эд хөрөнгө”-г ашиглахтай холбогдуулж, “нийтийн эдэлбэр газар”-ыг “дундын өмчлөлийн эд хөрөнгө” мэтээр буруугаар мушгин тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. “Газрын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дутуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газар-т хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам. Иргэн, ААН. байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, ... зэрэг газар хамаарна” гэж заасан бол “дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэдэг нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-д “Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээд болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйл”-ууц, хамаардаг байх ба мөн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна: 15.1.1. орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээд болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө”-тг хэлдэг байна. Хариуцагч “............” СӨХ, иргэн ............нар СӨХЭЗБ'НЗОСБДӨЭХТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Орон сууцны байшингийн орчны газрыг хязгаартай ашиглах эрхийг Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар хэрэгжүүлэх бөгөөд хязгаартай ашиглах газар /сервитут/-ын хэмжээг Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын норм, стандартад зааснаар тогтооно” гэж, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Энэ хуулийн 18.1.4-т заасны дагуу орчны газрыг холбоо гэрээний үндсэн дээр ашиглана” гэж, мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д “Холбоонд тухайн орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн дэвсгэр болон орчны газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор гэрээний дагуу ашиглуулах” гэж тус тус заасны дагуу ямар нэгэн дүүргийн болон НЗД-ын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх гаргуулж байгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй, хэрэгт авагдаагүй болно. Харин, нэхэмжлэгчийн эзэмшил гаражийн газар, гараж, түүний эргэн тойрны газар нь НЗД-ын 1998 оны А/122 тоот захирамжаар 60 автомашины давхар гаражийн барилгад 0,085 га газар олгогдож, “Морьт авто сервис” ХХК-д архитектор төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн техникийн нөхцөлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтсийн 1999.03.10-ны өдрийн №7 дугаартай мэдэгдлээр өгч, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, ХБИБХ-ийн дарга Л.Нямсүрэнгийн баталсан зураг төслөөр иж бүрэн тохижилттойгоор Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хууль ёсны зөвшөөрлөөр баригдсан байдаг (хх-ийн 215, 216 дахь тал). 2.3. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “...хариуцагч “............” СӨХ, ............нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна” гэж эдгээр хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу эсрэгээр ашигласан бөгөөд хэрэглэвэл зохих “Орон сууцны тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь “СӨХ нь орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно” заалтыг хэрэглээгүйд маш их гомдолтой байна. 2.4. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны байх шаардлага хангаагүй. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “Нөгөө талаар хариуцагч ............нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагч “............” СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр нэхэмжлэгч ............д автомат хаалтны чипийг үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн гэжээ” гэж нэхэмжлэгчийн зүгээс СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэр гэгчийн барааг нь огт олж хараагүй, сургийг нь сонсож байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад тэрхүү СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авсан мэтээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна. Хариуцагч нарын 2019.01.05-ны өдөр бичсэн мессеж /латин/, шүүх хуралдаан дээр л чип авчирч “Энэ чипийг үнэгүй өгөхөд бэлэн байна” гэж шүүхэд танилцуулсан үйлдэл нь нэхэмжлэгчид үнэгүй чип өгсөн гэсэн үг огтхон ч биш юм. Иймд, энэхүү гомдлыг хянан үзэж шийдвэр болон магадлалын нэхэмжлэлийн “Гараж руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүйд болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

............ нь “............” СӨХ, ............нарт холбогдуулан нийтийн эзэмшил газар дээр хууль бусаар барьсан автомат хаалт, манаачийн байрыг албадан буулгуулах, хохирол 2,708,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нар зөвшөөрөөгүй маргасан байна. Хариуцагч нарын зүгээс 2018.08.30-ны өдөр орон сууцны орчны, нийтийн эзэмшил газар дээр автомат хаалт хийлгэсэн, манаачийн байр барьсны улмаас ............ нь өөрийн өмчлөлийн зүйл болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Л.Лааганы гудамж, Г95/6 тоотод байрлах 13 м.кв талбай бүхий гаражийг эзэмшиж ашиглах боломжгүй болж, бусдын гараж түрээсэлж хохирол учирсан гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. /хх-ийн 5, 7, 224-р тал/

Орон сууцны оршин суугчид автомат хаалт хийлгэсэн нь тэдгээрийн ашиг сонирхлын хүрээнд байх ба уг нэхэмжлэлийн хариуцагч нь “............” СӨХ, харин ............нь хариуцагч биш байна.

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хэм хэмжээг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна. Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

Хэрэгт байгаа баримтаар, хариуцагч нар автомат хаалт хийсний улмаас нэхэмжлэгч нь гараж руугаа чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон нь тогтоогдсон боловч хаалтны чипийг олгосон тохиолдолд гаражаа ашиглах боломжтой байжээ. Талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг чипийг хэт өндөр үнээр буюу 80,000 төгрөг төлөөд ав гэж шаардсан гэсэн бол хариуцагч нь 60,000 төгрөг төлөөд ав гэхэд нэхэмжлэгч аваагүй, харин одоо чипийг үнэ төлбөргүй өгөх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан байна. Нэхэмжлэгч нь тухайн байрны оршин суугч биш тул хаалтны чипний үнийг төлөх үндэслэлгүй, чипийг үнэ төлбөргүй олгох хариуцагчийн тайлбар ач холбогдолтой.

Дээрх үйл баримтаас үзвэл автомат хаалт, манаачийн байрыг барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, харин уг хаалтаар нэвтрэх нөхцөлийг хангаагүй буюу  чипийг төлбөртэй өгөх болсноос маргаантай байдлыг бий болсон ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагч СӨХ-ны хууль бус үйлдэл, гэм буруу байгаа гэж үзэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй  гэж үзэв. Нэхэмжлэгч нь хаалт хийсэн, манаачийн байр барьсан үйлдлийг нотолсон болохоос эд хөрөнгөө ашиглахад саад болж буй үйлдлийг буюу хаалтаар нэвтрэхэд хэрэглэх чипийг өгөөгүй хариуцагч СӨХолбооны бурууг үндэслэлтэй нотолж чадаагүй байна. Нийтийн эзэмшлийн газар дээр хаалт барьсан гэх үйл баримт нь маргааны үндэслэл болж чадахгүй тул шүүх дүгнэлт өгөх боломжгүй, харин эрх бүхий этгээдийн шаардах эрхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй юм.

Талуудын маргааны зүйлд дундын эд хөрөнгийн ашиглалт, зардлыг зохицуулсан Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 147 дугаар зүйлийн 147.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд шүүх эдгээр хэм хэмжээг дүгнэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй тул гомдлыг хангагдсан гэж үзэхгүй.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                          Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД