Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0024/з |
Дугаар | 241 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 241
С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0289 дүгээр магадлалтай, С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болохыг тогтоож, С.Төгсдэлгэрийг урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Төгсдэлгэрт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 44 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,731,800.99 /хоёр сая долоон зуун гучин нэг найман зуу төгрөг ер есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яамнаас гаргуулж, нэхэмжлэгч С.Төгсдэлгэрт олгон, С.Төгсдэлгэрийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0289 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0289 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Нэг. Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааны талаар:
Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яам дагнан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор түүний бүтцэд ажиллаж байсан газар, хэлтсүүдийн чиг үүрэгт өөрчлөлт орж, ажилтнуудын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх нягтлан үзэхгүйгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзсэн нь буруу юм. Учир нь, а/ өмнө нь спортын чиглэлийн үйл ажиллагаа тухайн албанд хамаарагдаж байсныг байхгүй болгосон, б/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар хамаарах ажил үүргийг шинэчлэн тогтоож, нийгмийн эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, статистик мэдээ мэдээлэл, дүн шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэхээр болсноор үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тул бүтцийн өөрчлөлт орсон гэж үзнэ. Энэ нь:
1. Эрүүл мэндийн яам бүтцийн хувьд Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдсөн.
2. С.Төгсдэлгэр орон тооны бүтцээр ажлаас чөлөөлөгдсөн тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор тодорхойлогдоно.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулсан нөхцөлд ажил олгогч төрийн албан хаагчийг: а/ үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, б/ өөр албан тушаалтныг томилох нь төрийн байгууллагын бүрэн эрхэд хамааралтай болохыг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүйгээс ажил олгогч С.Төгсдэлгэрийг заавал газрын дарга болгох үүрэгтэй гэх буруу дүгнэлт хийсэн байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-т “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ” гэж зааснаас үзвэл, өмнө байсан яамны бүтцэд өөрчлөлт орсон гэж үзнэ.
Иймд С.Төгсдэлгэрийг тухайн газрын даргаар томилох эсэх асуудал нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамааралтай гэж үзнэ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн С.Төгсдэлгэрийг ахлах мэргэжилтний албан тушаалд томилохдоо өмнө нь ажиллаж байсан ажилд тэнцэх эсэхийг дүгнээгүй, харин түүнийг ажил албатай үлдээх зорилгоор тухайн албанд шинээр томилсон шалтгаант холбоо, байгууллагын бүтцийн өөрчлөлт, ажил олгогчоос гаргах шийдвэрийн эрх зүйн зохицуулалтын агуулгын ялгааг шүүх зөв тайлбарлан дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, ердийн журмаар төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн хууль зүйн хамгаалалт, төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн үед ажил олгогчид олгосон эрхийн хэм хэмжээний ялгаа, заагийг шүүх зөв тодорхойлж чадаагүй байна.
Иймд С.Төгсдэлгэрийг ажил, албатай үлдээж, тус газарт ахлах мэргэжилтний ажилд томилсноор түүний цалин, хангамж буураагүй, төрийн албаны бүх баталгаа хэвээр үлдсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Төгсдэлгэр нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул дээрх эрхийн баримт бичгүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна.
С.Төгсдэлгэр албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримтад гомдол гаргаагүй атлаа заавал газрын дарга хийх шаардлага нь хоорондоо харилцан хамааралгүй болж буй үйл баримтын хамаарлыг шүүх хуульд нийцүүлэн зөв үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
Дээрх үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч, С.Төгсдэлгэрийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Б/74 дүгээр тушаалыг хүчинтэй гэж үзжээ.
Шүүх дээрх үйл баримтад хамааралтай харилцааг зөв тодорхойлж, үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан гэх үндэслэлээр эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0289 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Төгсдэлгэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 03 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам нь Эрүүл мэндийн яам болон өөрчлөн зохион байгуулагдсан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар тус яамны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/75 дугаар тушаалаар албан хаагчдыг буцаан томилсон, ингэхдээ Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр)-ны “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын даргын албан тушаалд ажиллаж байсан С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулан тус газарт Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон, нэхэмжлэгч С.Төгсдэлгэрээс “... үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан” гэж, хариуцагчаас “...өмнөх яамны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, бүтцэд ажиллаж байсан газар хэлтсүүдийн чиг үүрэг өөрчлөгдсөн, ... цалин, хангамж бууруулаагүй, төрийн албаны бүх баталгаа хэвээр үлдсэн ... тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, шинээр өөрчлөн зохион байгуулагдсан Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцэд “Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар” нь хэвээр үлдэж, газрын даргын 1 орон тоо батлагдсан, уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан “... эрүүл мэндийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, тушаал шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн хөгжлийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт, ... төсвийн зарцуулалт, үр ашигтай байдалд хяналт тавих (дотоод аудит)”-ын үндсэн чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн, нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулан томилох Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна.
Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”-аар зааснаас үзэхэд төрийн байгууллагын “бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн” гэх үндэслэл нь тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг “цаашид ажиллуулах эсэхийг шийдэх”, “албан тушаал бууруулах” бүрэн эрхийг ямар нэг болзол, шалгуургүйгээр эрх бүхий этгээдэд олгоогүй, тухайн тохиолдолд хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй юм.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...яамны бүтэц өөрчлөгдсөн нөхцөлд ажил олгогч төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх /эсхүл/ өөр албан тушаалтныг томилох нь төрийн байгууллагын бүрэн эрхэд хамааралтай, ... С.Төгсдэлгэрийг тухайн газрын даргаар томилох эсэх асуудал нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарна” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...С.Төгсдэлгэрийг ахлах мэргэжилтний албан тушаалд томилохдоо өмнө нь ажиллаж байсан ажилд тэнцэх эсэхийг дүгнээгүй, харин түүнийг ажил албатай үлдээх зорилгоор тухайн албанд шинээр томилсон” гэх тайлбараас үзвэл, хуульд заагаагүй үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон /тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох/”-оор тусгайлан заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...С.Төгсдэлгэрийг ажил, албатай үлдээж, тус газарт ахлах мэргэжилтний ажилд томилсноор түүний цалин, хангамж буураагүй, төрийн албаны бүх баталгаа хэвээр үлдсэн, ... ажил олгогчид олгосон эрхийн хэм хэмжээний ялгаа, заагийг шүүх зөв тодорхойлж чадаагүй, ... эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн” гэх зэрэг үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх захиргааны акт “илт хууль бус болох”, илт хууль бус биш боловч “хууль бус байх” шинжийн агуулгыг ялгамжтай хэрэглээгүй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулж томилсон нь “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн боловч, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “С.Төгсдэлгэр миний 2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэр эдлүүлж, амралтын мөнгийг хуулинд заасны дагуу бодож олгохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй орхисон, давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй нь буруу байна.
Зүй нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг ... /батална/”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсний дагуу нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийн “...2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэр эдлүүлж, амралтын мөнгийг хуулинд заасны дагуу бодож олгохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0289 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан “С.Төгсдэлгэрийн 2017 оны ээлжийн амралтыг зохих журмын дагуу биеэр эдлүүлж, амралтын мөнгийг хуулинд заасны дагуу бодож олгохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалт нэмэн, шийдвэрийн тогтоох хэсгийн заалтын “3”, “4” дугаарыг “4”, “5” болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА