Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга С.Бадмааравдан

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 2325000000103 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод Г.М-н баруун хөлийг хавсарч унаган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Хохирогчийг баруун хөлөөрөө хавсарч унагасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.М-н “би эхнэр Б-н  хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1 дүгээр байрны гадна машиндаа байж байхад эгч Б  ирээд миний сууж байсан жолооч талын хаалгыг онгойлгож, намайг гараараа нүүр болон бие хэсэгт цохиж буулгаад жолооч талаас даваад эхнэр Б-н  нүүр хэсэгт ойролцоогоор 7-8 удаа цохих үед Б-н  хамарнаас цус гарч байгаа харагдсан. Тэгээд бид нар гадаа маргалдаж байгаад ээж, эгч А  нар хадам ээжийн гэр лүү орсон. Эхнэр бид хоёр араас нь ороход бөөн хэрүүл болоод эхнэр, эгч хоёр бие биеэ үсдэж авахаар нь салгах гэтэл А  намайг татаад хөлөөрөө хавсрахад нь миний хөл шууд хугарчихсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дэх тал/

2. Гэрч У.Б-н  “Хадам эгч Б  ирээд М-н  сууж байсан жолооч талын хаалгыг онгойлгож, М-г  гараараа нүүрэн болон бие хэсэгт нь цохиж буулгаад, жолооч талаас давж орж ирээд миний нүүр хэсэгт ойролцоогоор 7-8 удаа цохиж, миний хамраас цус гарах үед би өөрийн гар утсаа гаргаж ирэн бичлэг хийж эхлэх үед намайг үргэлжлүүлэн цохиж байхад хадам ээж Б  миний сууж байсан талын хаалгыг онгойлгож, намайг татаж буулгаад толгой хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэр үед хадам эгч Б  ирээд хадам ээжтэй цуг намайг үсдэж чирч байх үед М  дундуур орж салгахад хадам эгч М-т  хандаж, чи хэнээс төрсөн болоод наад янханаа өмөөрөөд байгаа юм, наадхаасаа сал гэж орилж дайрч байсан. Тэгээд хадам ээж, эгч болон түүний нөхөр А  одоо тэгвэл чиний ээжийг чинь ална гээд манай гэр рүү орно гээд манайх руу явсан. Би араас нь гэрт ороод ээжид намайг зодчихлоо гэхэд ээж хэн зодсон юм гэхээр нь Б  эгч гэхэд Б  эгч за зүгээр байгаарай. Би чамайг гурван удаа л алгадсан шүү гээд маргалдаж байхад Б  намайг үсдэж аваад цохиод байхаар нь би биеэ хамгаалах гээд хариу Б  эгчийн үснээс зулгаагаад буйдан руу унах үед Хадам ээж Б  дөхөж ирээд тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр чамайг хооллож байсан нь бидний буруу байж дээ гуйлгачин минь гэхэд Б ийн нөхөр А  нь толгой руу гурван удаа гараараа цохисон. Энэ үед М  хайраа эмнэлэг дуудаарай гээд орилсон тэгэхээр нь би салаад М  дээр очиход хөл хугарчихсан, амнаас цус гарчихсан шалан дээр сууж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/

3. Гэрч Ч.Б гийн “охин Б  машинд нь дөхөж очоод М-г  алгадаад аваад чи юу хийж байгаа юм архи, дарс уугаад гэхэд М  би ер нь яасан юм гээд эгч рүүгээ уурласан. Тэгээд Б  машин дотор сууж байсан бэр Б-г  алгадаад авсан. Тэгээд би Б-г  машинаас татаж буулгаад машиныхаа түлхүүрийг аваад бэр Б-н  гэрт орж ээжид нь хэлье гээд ортол Б-н  ээж Ц надад хамаагүй гээд юу ч болоогүй юм шиг зогсож байсан. Тэгээд араас Б , М  хоёр орж ирээд Ц-ийн гэрт хэрүүл маргаан болсон. Тэр хооронд Б , Б  хоёр бие биеэ үсдээд авахад нь М  салгах гэх хооронд А  М-г  барьж аваад хөл рүү нь хөлөөрөө хавсарч өшиглөөд унагахад хүү М-н  хөл хугарчихлаа, түргэн дуудаадхаач гээд орилоод бэр Б  зайл та нар гээд бид нар луу дайраад байхаар нь А , Б  хоёрыг аваад гэрээс гараад гадаа 04 цаг хүртэл хүлээж байгаад тэндээсээ гэрлүүгээ явцгаасан... Б , Б  хоёрыг үсдэлцээд авахаар нь салгах гээд зууралдаж байхдаа эргээд харахад А  М-г  хавсарч унагахаар нь хөөе чи битгий цохиорой гэж хэлээд удалгүй М  хөл хугарчихлаа гэж орилсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дугаартай “Г.М-н биед баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн дунд 1/3-р далд ташуу хугарал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3-р далд бяцарсан хугарал, баруун шилбэ, шагайн үе, зүүн шанаа, доод уруулд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 28 дахь тал/

5. Яллагдагч О-ы“эхнэр Б  машинд нь дөхөж очоод М-г  алгадаад авчихсан. Чи юу хийж байгаа юм архи дарс уугаад гэхэд М  яагаад байгаа юм гэхэд цаана нь Б  та нараас болсон биз дээ гээд орилоод байсан. Тэр хооронд М  маргалдаад байхаар нь би татаад салгасан чинь машины хажуугаар уначихсан. Тэгээд гадаа хэсэг маргалдаж байгаад Б-н  ээжийнх нь гэрт ороод бас хэрүүл маргаан болоод манай эхнэр Б , Б  хоёр үсдэлцээд эхлэхэд М  та нар ер нь яах гээд байгаа юм гээд орилохоор нь би салгаад үүдний хэсэгт байж байхдаа М-г  унагаад дараад байж байя гэж бодоод хавсарчихсан чинь газарт унаад босож ирээд миний ард зогсож байгаад гэнэт орилоод газар унаад хөл хугарчихлаа гэхэд нь хөл нь хугарчихсан харагдсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 42-43, 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Төгөлдөр дүгнэлтдээ “Шүүгдэгч О.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод Г.М-н баруун хөлийг хавсарч унаган баруун шилбэний шаант болон тахилзуур ясны гадна хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.М-н “...А  намайг татаад хөлөөрөө хавсрахад нь миний хөл шууд хугарчихсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Б-н  “...М  хайраа эмнэлэг дуудаарай гээд орилсон. Тэгэхээр нь би салаад М  дээр очиход хөл хугарчихсан, амнаас цус гарчихсан шалан дээр сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б гийн “...А  М-г  барьж аваад хөл рүү нь хөлөөрөө хавсарч өшиглөөд унагахад хүү М-н  хөл хугарчихлаа, түргэн дуудаадхаач гээд...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт, яллагдагч О-ы“…М-г  унагаад дараад байж байя гэж бодоод хавсарчихсан чинь газарт унаад босож ирээд миний ард зогсож байгаад гэнэт орилоод газар унаад хөл хугарчихлаа гэхэд нь хөл нь хугарчихсан харагдсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод Г.М-н баруун хөлийг хавсарч унаган баруун шилбэний шаант болон тахилзуур ясны гадна хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч О-ыүйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлбөргүй байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Алтанбаганыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар оролцогчидоос санал хүсэлт гараагүй бөгөөд шүүгдэгч О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн О-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС