Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах “О” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Ц.З-т холбогдох,

Орон сууцны хэрэглээний төлбөр 1.180.274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь О хотхоны ... дүгээр байр ... айлын орон сууцыг захиалгаар бариулж 2014 оны 10 дугаар сарын 26-нд ашиглалтанд оруулж улсын комисст өгснөөс хойш өнөөдрийг хүртэл“Ч” ХК-аас уг ... айлын орон сууцны хэрэглээний цэвэр, бохир усыг хэрэглэсэн хэмжээгээр тарифын нэхэмжилсэн төлбөрийг барагдуулахаас гадна өөрийн хөрөнгөөр барьсан нам даралтын уурын зуух бүхий узелиэр хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааныг тогтвортой хангаж ирсэн болно. Иймд тодорхой нэр бүхий оршин суугчид нь орон сууцны хэрэглээний төлбөр болох / хогны төлбөр, халуун, хүйтэн ус түүнийг шахах насосны цахилгааны төлбөр, дулаан үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс, орцны гадна, дотор цэвэрлэгээ түүний цалин, зуухны ажилчдын цалин зэрэг/ зардлуудыг урт удаан хугацаанд төлөөгүй улмаас цаашид нүүрс худалдан авалт, ажилчдын цалингийн өглөг зэргээс үүдэн тус байрны дулааныг өгч чадахгүйд хүрсэн хүндрэл учирч байгаа болно. Ц.З нь 2017 оны 04 сарын 25 өдрөөс 2018 оны 11 сарын 25 хоорондох нийт 1.180.274 төгрөгний авлагыг удаа дараалан нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй тул зохих хуулийн дагуу манай компаний нэхэмжилсэн авлагыг, авахтай холбогдсон тэмдэгтийн хураамжийн зардлын хамт гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч Ц.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.З миний бие “О” компаний байрны мөнгө, халаалтын төлбөрийг төлж барагдуулна. 1.180.274 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд журмыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Ц.З-т холбогдуулан орон сууцны хэрэглээний төлбөр 1.180.274 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.З нь нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны хэрэглээний төлбөр 1.180.274 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.З-т холбогдох орон сууцны хэрэглээний төлбөр 1.180.274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.З нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.877 төгрөгийн 50 хувь болох 16.438,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16.438,5 төгрөгийг, хариуцагч Ц.З-с 16.438,5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Зоригтбаатар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                   Д.Ц