| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С-т холбогдох эрүүгийн 2325000000140 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч.С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.С нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ч.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Ч.Э-н цагдаагийн газарт гаргасан гомдол. /хавтаст хэргийн 2 дахь тал/
2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хавтаст хэргийн 4-6 дахь тал/
3. Хохирогч Ч.Э-н “Би өөрийн нөхөр Ч.С-н хамтаар 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дэнж багийн гурван байранд байрлах охин дүү С-н гэрт очиход 0.5 литрийн хэмжээтэй Шар чингис архи гаргаж өгсөн бөгөөд тус архинаас би гурван удаа жижигхэн хундгаар уусан, дахиж уугаагүй, Ч.С ганцаараа архийг ууж дуусгасан. Тэгээд нөхөр бид хоёр 21 цаг өнгөрч байхад өөрийн Эрдэнэ багийн *** тоот хаягтай гэртээ ирэн би галаа түлж, аяга тавгаа угаачхаад Ч.С-г унт гээд ор засаж өгөхөд намайг унтуулдаг хэн бэ гээд үснээс минь зулгааж байгаад газар унагаан нүүр лүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, мөн суран материалтай өмдний тэлээгээр бие хэсэг рүү олон удаа ороолгож, хөлөөрөө дэвсэхээр нь би босож гэрээсээ гарах гэсэн чинь татаж унагаагаад модон материалтай жижиг сандлаар биеийн хэвлий хэсэг рүү хоёр гурван удаа цохисон, мөн газар унасан байхад гар хөлөөрөө нуруу болон хөлийн хэсгүүд рүү цохисон. Тэгээд гэрээсээ гаран 00 ороход араас гарч ирээд ална гэхээр нь зугтаагаад охин С.Ү рүү ярьж аав чинь согтчихоод ээжийг нь зодчихлоо, цагдаа дуудаад өг гэхэд удалгүй охин минь над дээр ирж намайг авсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
4. Гэрч С.Ү-н “ Манай аав Ч.С , ээж Ч.Э хоёр нь гэр бүл болоод 35 жил болж байгаа, дундаасаа дөрвөн хүүхэдтэй, би айлын 3 дахь хүүхэд нь бөгөөд аав ээжийнхээ хамтаар Эрэнэ багийн *** тоотод одоог хүртэл амьдарч байгаа. Аав, ээж хоёр урд өмнө салж байгаагүй. Аав тамхи татдаг, хааяа архи хэрэглэдэг, ээж архи уудаггүй, тамхи татахгүй. Би охины хамтаар Уурхайчин багийн 3-20 дугаар байранд байж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад ээж Ч.Э өөрийнхөө 99372198 дугаараас миний дугаар луу залгаж аав чинь архи уучхаад намайг зодчихлоо, гэрийнхээ гадаа ойролцоо байна, ирээд авчих гэж хэлэхээр нь би ганцаараа Эрдэнэ багийн 44 дүгээр гудамжинд очиход ээж ганцаараа гудамжны үзүүрт байж байхаар нь юу болсон талаар тодруулахад аав бид хоёр нь Дэнж багийн гурван байранд байрлах дүү С-н гэрт очиж золголт хийчхээд эргээд гэртээ ирэхэд аав чинь уусан архиндаа агсарч шалтгаангүй нүүр толгой руу цохиж бие дээр дэвсэж зодсон гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Аав өмнө нь ээжийг зодож цохиж байгаагүй бөгөөд ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №229 дугаартай “Ч.Э-н биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, цээж, зүүн мөр, гарын бугалга, шуу, баруун гарын шуу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, цээж, зүүн мөр, гарын бугалга, шуу, баруун гарын шуу, зүүн ташаанд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
6. Ч.С-н “Би өөрийн эхнэр Ч.Э-н хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ-н 3-35 тоотод төрсөн дүү С-н гэрт очиж золголт хийсэн бөгөөд 0.5 литрийн хэмжээтэй архийг тал хүртэл мөн айраг тус тус ганцаараа уусан. Манай эхнэр архинаас маш бага уусан болохоор эрүүл байсан. Харин би согтчихсон. Тэгээд эхнэр бид хоёр дүүгийн гэрээс 21 цаг өнгөрч байхад гарч гэртээ хариад эхнэр Ч.Э-с хоёулаа унтъя гэсэн чинь унтахгүй, чи өөрөө унт ч гэлүү нэг тийм сонин өнгө аястай үг хэлэхээр нь миний дургүй хүрээд дээрээс нь архиндаа агсараад эхнэр Ч.Э-г өмдний тэлээгээр ороолгож, гараараа үсдэж нүүрээр нь газарт унагаасан гэдгээ бол санаж байгаа юм, өөр зүйл сайн санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дахь тал/
7. Ч.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 36 дахь тал/
8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт. /хавтаст хэргийн 53- 57 дахь тал/
9. Эрдэнэ багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Э-г намайг унт гэлээ, чи намайг унтуулдаг хэн бэ гэсэн зүйлээр шалтаглан хохирогчийг газарт унагаж толгой, нүүр, хэвлий хэсэгт цохиж, суран бүсээр ороолгож эрүүл мэндэд нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, цээж, зүүн мөр, гарын бугалга, шуу, баруун гарын шуу, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Ч.Э-н цагдаагийн газарт гаргасан гомдол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч Ч.Э-н “үснээс минь зулгааж байгаад газар унагаан нүүр лүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, мөн суран материалтай өмдний тэлээгээр бие хэсэг рүү олон удаа ороолгож, хөлөөрөө дэвсэхээр нь би босож гэрээсээ гарах гэсэн чинь татаж унагаагаад модон материалтай жижиг сандлаар биеийн хэвлий хэсэг рүү хоёр гурван удаа цохисон, мөн газар унасан байхад гар хөлөөрөө нуруу болон хөлийн хэсгүүд рүү цохисон” гэх мэдүүлэг, гэрч С.Ү-н “архиндаа агсарч шалтгаангүй нүүр толгой руу цохиж биен дээр дэвсэж зодсон гэж надад хэлсэн тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №229 дугаартай дүгнэлт, Ч.С-н “эхнэр Ч.Э-г өмдний тэлээгээр ороолгож, гараараа үсдэж нүүрээр нь газарт унагаасан гэдгээ бол санаж байгаа юм, өөр зүйл сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.С нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн *** тоот гэртээ эхнэр Ч.Э-г үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаж толгой, нүүр, хэвлий хэсэгт цохиж, суран бүсээр ороолгож, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, цээж, зүүн мөр, гарын бугалга, шуу, баруун гарын шуу, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-н эрүүл мэндэд нь нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, цээж, зүүн мөр, гарын бугалга, шуу, баруун гарын шуу, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Улсын яллагч болон шүүгдэгчээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал дүгнэлт гараагүй бөгөөд шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-т оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС