| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0321/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 05
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд оршин суух Д овогт О.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт О.Э-т холбогдох,
1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн дүүгээс 1.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Учир нь би О.Э-н гэр бүл, ах, дүү, аав, ээжийг нь таньдаг байсан. О.Э 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүү нь машинаа ББСБ-д тавиад алдах гээд байна, туслаач, машинаа аваад буцааж тавиад мөнгийг чинь өгье гэсэн. Би хүн амьтантай уулзаж ярилцаад эхнэрийн дүүгээс ажлынх нь мөнгийг 3 хоногийн хугацаатай зээлж авч өгснийг өөрөө мэдэж байгаа. Энэ зээлж авсан мөнгийг авч өгснөөс хойш машиныг минь авах газар олдохгүй байна гэх зэргээр худлаа хэлж, дараа нь утсаа ч авахгүй болсон. Өөр утсаар ярихад заримдаа аваад удахгүй өгнө гэж ярьсаар өдий хүрлээ. Би шүүх, цагдаад гэрийн чинь хаягийг олсон, хандана гэж хэлэхэд тэр шүүх, цагдаагаараа яваад ав, мөнгийг чинь юу ч биш болгоно. Сард 5, 10 мянган төгрөг өгнө, харж байгаарай гэж заналхийлсэн учир шүүхэд хандаж чадаагүй өдий хүрлээ. Одоо сард 5, 10 мянган төгрөгөөр ч гэсэн мөнгөө олж авмаар байна. Би 3-4 удаа Замын-Үүд орж зардал мөнгө, цаг хугацаагаараа хохирсон. 1 удаа уулзахад хүлээж бай, сарын дараа мөнгө өгнө гэж худлаа хэлэн намайг явуулсан. Иймд О.Э-с 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Э-н нэхэмжлэлтэй танилцлаа. 1 сая төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч О.Э-т холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч О.Э-н зээл 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийн 50 хувь болох 14.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14.275 төгрөгийг, хариуцагч О.Э-с 14.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Э нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц