Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч-т холбогдох эрүүгийн 2325000000037 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Ч

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт үйл ажиллагаа явуулдаг МONСНАМР фитнес клубийн доод давхрын хувцас солих өрөөнд С.Т-г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Т “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. С.Т-н цагдаагийн газарт гаргасан гомдол. /хавтаст хэргийн 2 дахь тал/

            2. Хохирогч С.Т-н “2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад над руу найз С  залгаж бид 3 ууж байна, чи хүрээд ирээч гэж ярьсан. Ингээд би замаараа 2,5 литрийн 2 ширхэг пиво аваад Бүрэнбүст багийн 5-10 дугаар байрны хойд талд байх хойшоо харсан подвалд очсон. Тус газар нь Ч ийн ажлын өрөө байсан бөгөөд намайг очиход Ч , С , Ө нар байсан. Ө унтаж байсан бөгөөд Ч , С  2,5 литрийн том пиво ууж байсан юм. Би очоод пивоноос нь уусан бөгөөд мөн өөрийнхөө авчирсан пиво ч бид 3 хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн чинь Ч  бид 2 маргалдаад тэрээр намайг шууд нүүр лүү гараараа цохиод авсан. Ингээд намайг газар унагаагаад миний нүүр лүү өшиглөсөн юм. С  дундуур орж ирээд намайг хамгаалж дээрээс хэвтсэн. Тэгэхэд Ч  зодохоо больж намайг босгосон бөгөөд боссоны дараа бас тэрээр нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Би тус газар очихдоо 500 гр айраг уусан байсан бөгөөд нэмж пиво уугаад согтчихсон байсан. Зодоон болж эхлэх үеэр Ө сэрсэн. Би Ч ийг цохиж зодсоноо санахгүй байна, зөрүүлээд ганц нэг цохисон байж магадгүй ээ. Би Ч ийг зүс танихаас цаашгүй бөгөөд өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Э.Ч бид хоёр учраа ололцсон бөгөөд тэрээр надад эмчилгээний зардалд 115 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Мөн тухайн үед болсон явдлын талаар бүгдээрээ ярилцахад миний гар утсыг Э.Ч нь булааж авч дэвсээгүй юм билээ. Бид хоёрыг ноцолдож байхад л миний гар утас унаад тэгээд болгоомжгүй байдлаас болоод дэлгэц нь хагарсан байсан. Би гар утсаа засварчинд үзүүлэхэд дэлгэц нь хагарсан бусдаар зүгээр байна гэсэн юм. Иймээс би Э.Ч оос гар утасныхаа төлбөрийг нэхэхгүй, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/

            3. Гэрч Б.С ын “2022 оны 12 дугаар сарын 30-ны 21 цаг өнгөрч байхад би хуурай эгч Ө-гийн хамт Богд гол гэх нэртэй бааранд орсон юм. Тэгээд тус бааранд найз Ч той тааралдаж бид 3 хамт баарнаас 23 цаг 40 минутын үед гарсан. Ингээд дэлгүүрээс 2,5 литрийн 2 ширхэг пиво авч Ч ийн ажлын өрөө рүү очиж уусан юм. Тэгтэл над руу найз Т залгаж “хаана байгаа юм бэ би очъё” гэж ярьсан. Ингээд Т ганцаараа 2,5 литрийн 2 ширхэг пивотой ирсэн. Түүнийг ирэхэд Ө эгч унтчихсан байсан юм. Тэгээд Ч , Т бид 3 үргэлжлүүлэн пиво уусан бөгөөд би нойл орчхоод гараад иртэл Ч , Т нар нь барьцалдчихсан зогсож байсан. Ингээд тэр 2 зодолдож Ч  нь Т-ийг ихэвчлэн зодсон юм. Би салгах гээд дийлээгүй бөгөөд Ө эгчийг дуудахад мөн сэрэхгүй байсан. Тэгээд би Ч  болон Ө нар луу ус цацсан юм. Тэгтэл Ч  арай гайгүй болж ухаан орсон юм. Тухайн үед Тийн гар утас газар уначихсан байхад нь Ч  гишгэж байсан. Мөн Тийн хувцсыг Ч  урсан юм. Тэр 2 хоорондоо зодолдоод газар унаад байсан. Тэгээд Ч  нь ахин Тийг зодох гээд байхаар нь би хамгаалсан юм. Ингээд Т тэндээс түрүүлж явсан бөгөөд араас нь бид 3 хамт гарсан. Тухайн үед Тийн хамраас нь цус гарчихсан байсан. Т нь Ч ийг ч гэсэн цохиж байсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд тэр хоёрыг юунаас болж маргалдаж зодолдсоныг нь мэдээгүй ээ. Тухайн үед би халамцуу, Ө эгч согтуу, Ч  ч гэсэн согтуу, Т халамцуу байсан. Ч  нь ноцолдож байх хугацаандаа санамсаргүй л Тийн гар утсан дээр гишгэсэн юм. Тэгж гишгэсний дараа Т нь утсаараа цагдаа дуудах гэтэл Ч  утсыг нь зүгээр булааж авсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 дахь тал/

            4. Гэрч А.Ө-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны 22 цагийн үед хуурай дүү С ын хамт Богд гол гэх нэртэй бааранд орсон юм. Тухайн үед би халамцуу явсан бөгөөд бааранд хуурай дүү Ч той тааралдсан юм. Тэгээд бид 3 хамт баарнаас гарч дэлгүүрээс 2,5 литрийн 2 ширхэг пиво авсан. Ингээд Ч ийн ажлын өрөө рүү очиж уусан юм. Эхнийх нь пивоноос ууж байгаад би хэсэг унтаж архиа гаргалаа гэж хэлээд унтсан. Намайг унтах үед хуурай дүү Т нь С  руу залгаж байсан. Тэгээд намайг унтаж байхад С  сэрээсэн бөгөөд сэрээд хартал Т, Ч  нар нь зодолдоод Тийн хамраас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/

            5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаартай “С.Т-н биед зүүн нүдний алимны салст, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 19-20 дэх тал/

            6. Яллагдагч Э.Ч ийн “миний хувьд согтоод тасарчихсан байсан учраас Ттэй маргалдсан болон зодолдсон эсэхээ санахгүй байна. гэхдээ Т болон С  нар нь намайг Тийг зодсоныг мэдэж байгаа учир би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дахь тал/

            7. Э.Ч ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийнн санал, дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Батбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт үйл ажиллагаа явуулдаг МONСНАМР фитнес клубийн доод давхрын хувцас солих өрөөнд С.Т-н толгой тус газарт нь шалтгаангүйгээр гараараа цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан С.Т-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч С.Т-н “нүүр лүү гараараа цохиод авсан. Ингээд намайг газар унагаагаад миний нүүр лүү өшиглөсөн юм” гэх мэдүүлэг, гэрч Б.С ын “Ч  нь ноцолдож байх хугацаандаа санамсаргүй л Тийн гар утсан дээр гишгэсэн юм. Тэгж гишгэсний дараа Т нь утсаараа цагдаа дуудах гэтэл Ч  утсыг нь зүгээр булааж авсан юм” гэх мэдүүлэг, гэрч А.Өгийн “намайг унтаж байхад С  сэрээсэн бөгөөд сэрээд хартал Т, Ч  нар нь зодолдоод Тийн хамраас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.Ч ийн “миний хувьд согтоод тасарчихсан байсан учраас Ттэй маргалдсан болон зодолдсон эсэхээ санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт үйл ажиллагаа явуулдаг “МONСНАМР” фитнес клубийн доод давхрын хувцас солих өрөөнд С.Т-н толгой тус газарт нь гараараа цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ч ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-н эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.Ч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д  овгийн Э-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС