| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-Улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,
-хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
-Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Гд холбогдох эрүүгийн 2234003320496 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Г нь: “Миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.Мын өргөдөл /хх-ийн 5-6 тал/,
-Хохирогч Д.Мын “...Би Төв аймгийн Баянцогт сум Гуна 1 дүгээр багийн нутаг Цагаан даваа гэх газар мал маллан амьдардаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны оройны 19 цагийн орчим М.Г гэх хүн согтуу Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг малаа хариулсангүй гээд намайг хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр би гэрийнхээ урд ууланд хариулж байгаа гэж хэлсэн. Тэгтэл М.Г над руу таны малыг би өдөржин харлаа, чи нэр цэвэрлэж өгөөрэй гэхээр нь би чиний нэрийг яаж цэвэрлэх юм гэж хэлтэл чи намайг 2021 онд алдсан түлш шатахуунаа намайг хулгайлж хямдхан түлш зараад явж байна лээ гэж ярьсан байна гэхээр нь би, чи н.Баттогтохын түлш 1 литрийг нь 1000 төгрөгөөр зарна гэж явсан байна лээ гэж хэлтэл М.Г миний уруул хэсэг рүү баруун гараараа цохиж уруул сэтэрч хиймэл шүд хуваагдаж эвдэрсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Шүүгдэгч М.Гын хохирогчоор өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой би үхэрээ туугаад явж байсан чинь 400 орчим тооны бог мал тааралдаад харсан чинь Д.Мын мал байсан. Тэгэхээр нь би тэр малыг нь туугаад Д.Мын харалдаа уул дээр гаргаад орхисон. Би гэртээ харьсан чинь хүргэн н.Мөнгөнсүх, н.Цогт-Очир нар малын хашаа бариад байж байсан. Д.Мын үхэрчин залуу н.Лхагваа манай гэрийн ойролцоо явж байхаар нь би дуудсан чинь над дээр халамцуу ирсэн. Би “чи яагаад согтуу явж байгаа юм бэ, Д.М хаана байна” гэтэл н.Лхагваа “гэртээ согтуу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би портер маркийн автомашинтайгаа Д.Мын гэрт 17-18 цагийн үед очсон. Би гэрийн гадаа нь очоод Д.Мад мал чинь тасарчихсан байна шдээ гэж хэлсэн чинь Д.М баян хүний мал чамд ямар хамаатай юм, чи миний түлшийг хулгайлсан гээд Д.М намайг машинд сууж байхад автомашины гаднаас гараараа 3 удаа цохисон. Тэгэхээр нь би Д.Мад бие муутай хүн шдээ гээд автомашины хаалгыг онгойлгоод миний автомашины тэвшин дээр харалдаа арагш нь дарсан. Би Д.Мыг автомашины тэвшин дээр арагш дарах үед цохичихсон байх. Тэгээд Д.М бид хоёр автомашины Д.Мын тэвшин дээр байсан уснаас авч цусаа угаагаад салсан. Намайг гэртээ харьсан чинь хүргэн н.Мөнгөнсүх, н.Цогт-Очир хоёр аав юун цус болчихсон юм бэ гэхээр нь би Д.М намайг хулгайд хардаад зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд н.Мөнгөнсүх, н.Цогт-Очир хоёрыг дагуулаад Д.Мын гэрт очсон. Д.М хамар, ам, нүүрнээс нь цус гарчихсан, миний хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Гэрч С.Батнасангийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д.Мын ямааг саравчин дотор нь самнаж байхад Д.Мын гэрийн урд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод Д.Мтай уулзаад юм яриад зогсож байсан. Тэгтэл удалгүй Д.М ирсэн хүн хоёр чанга, чанга дуугараад маргалдаж байсан. Удалгүй ахиад нэг хартал барилцаад авсан байхаар нь нөхөр н.Өсөхбаярыг тэр хоёрыг салгаадах гээд явуулсан. Манай нөхрийг очиход тэр хоёр салсан байсан. Манай нөхөр ирээд Д.Мын уруулыг сэт цохисон байна, уруулаас нь цус гарж байна гэж хэлээд ирсэн. Удалгүй цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн яваад өгсөн юм. Орой бид нар ямаагаа самнаж дуусаад би нөхөр н.Өсөхбаяртай Д.М ахын гэрт ороод сууж байтал гэрийнх нь гадаа машин ирж зогсоод Д.Маа гараад ирээ гэж хүн дуудаад байсан. Д.М ах гэрээс гарах гэхээр нь би гаргаагүй орж ирээд уулзна биз гэж хэлээд гаргаагүй. Тэгтэл урд айлын гэх өдрийн ирсэн М.Г гэх хүн хоёр залуу дагуулаад орж ирсэн. Тэгэхээр нь би М.Г гэх хүнд хандан та яагаад хүний гоо сайханг ийм болтол нь цохиж байгаа юм гэтэл М.Г гэх хүн миний өөдөөс хуц пизда миний чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуу Д.М ахын гэрээс гарсан. Удалгүй машинтай хүмүүс явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
-Гэрч Т.Түмэнхүүгийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д.Мын ямааг саравчин дотор нь самнаж байхад Д.Мын гэрийн урд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод Д.Мтай уулзаад юм яриад зогсож байсан. Тэгтэл удалгүй Д.М ирсэн, тэр хоёр чанга чанга дуугараад хэрэлдээд барилцаад авсан харагдахаар нь ямаа цуг самнаж байсан н.Өсөхбаяр гэх залууг салгах гээд явуулсан. н.Өсөхбаярыг очиход тэр хоёр салсан, Д.Мын уруулыг сэт цохисон байсан гэж хэлээд н.Өсөхбаяр ирсэн. Ирсэн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн яваад өгсөн юм. Удалгүй 1 цагийн дараа приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.Мыг зодсон хүн хоёр хүнтэй ирээд явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
-Шүүгдэгч М.Гын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед тугалтай үхрээ хайгаад явж байхад Д.Мын хонь, ямаа бололтой 400 гаруй бог мал манай гэрийн зүүн талд явж байхаар нь туугаад Д.Мын уулан дээр хөөж ирээд орхисон. Тэгээд Д.Мын гэрийн гадаа очоод Д.Мтай уулзаад малаа аваарай, хулгай, чоно, нохой хөөгөөд явна шүү гэтэл Д.М баян хүний хөрөнгөө яах нь ямар хамаа байна гэснээ намайг буриадтай нийлж шатахуун хулгайлсан гээд миний хоолойг боогоод миний толгой руу гараа Д.М 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад гараараа савчаад Д.Мыг цохисон. Д.Мын биеийн хаана цохисонг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
-Гэрч Б.Мөнгөнсүхийн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед баз н.Цогт-Очирын хамт хадам аав М.Гын гэрт хонины хашаа барих гээд очсон. н.Цогт-Очир, хадам аав М.Г бид гурав хашаа янзалж байгаад 15 цагийн үед хадам аав М.Г хойшоо мал хүргэж өгчихөөд ирье гээд портертойгоо гараад явсан. Түүнээс хойш 40 минутын дараа буцаж ирээд намайг Д.М машин дотор сууж байхад 3, 4 удаа цохиод зодчихлоо гээд хүрээд ирсэн. Ирэхдээ хамраас цус гарсан бололтой нүүр амаа угаагаад зогсож байсан. Хадав аав н.Цогт-Очир бид хоёрт аавыг нь энэ хүмүүс дээрэлхээд байдаг юм, та хоёр ирсэн дээрээ хэлж яриад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн чинь тэгээд эрүүл юм уу, согтуу юм уу гэтэл хадам аав М.Г согтуу байна лээ гэхээр нь би согтуу хүн дээр бид хоёр очоод яахав дээ, юу ч гэсэн хийж байгаа ажлаа дуусгаадахъя гэж хэлээд хашаагаа үргэлжлүүлээд барьсан. Хашаагаа барьж дуусгачихаад н.Цогт-Очир хадам аавын машиныг бариад хадам аав М.Г бид гурав Д.Мынх руу явсан. Д.Мын гэрийн гадаа очоод Д.Мыг дуудсан чинь гарч ирэхгүй болохоор нь н.Цогт-Очир, М.Г хоёр түрүүлээд орсон. Ардаас нь би гэр рүү нь орсон чинь гэрт хүмүүс байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад Д.Мад зодуулсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
-Гэрч Х.Цогт-Очирын “..2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баз н.Мөнгөнсүх, хадам аав М.Г бид гурав малын хашаа засаж байсан. 18 цагийн үед байх бүрэнхий болох гэж байхад хадам аав М.Г хойшоо айл руу мал асуучихаад яваад ирье гээд өөрийн портер маркийн автомашинтай явсан. Удалгүй 30 орчим минутын дараа М.Г нь хойд талын хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Гар нь цус болчихсон байх шиг ажиглагдсан. Тэгэхээр нь н.Мөнгөнсүх, М.Г бид гурав портертой тэр айлд нь очсон. Д.М гэх айлд очих үед тэр айлын эзэн нь нэлээн согтуу сууж байсан. Аавыг түлхээд унагаасан юм шиг л би ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №240 дугаартай “...Д.Мын биед уруул, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэ цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтэй хамаар...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,
-Шүүгдэгч М.Гын “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Мтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч М.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Мыг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч М.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Цэрэнтогтохоос: “Шүүгдэгч М.Гыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” - гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас: “Гэмт хэрэг үйлдсэн шинж чанар шүүгдэгчийн насны байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Гд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүхийн шатанд шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Мад 430.000 төгрөгийг төлсөнг дурдаж,
Эрүүгийн 2234003320496 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, “GMH M.Ganjav CM” гэх бичиглэл бүхий 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал тус тус хадгалахыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Гд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Мад 430.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2234003320496 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, “GMH M.Ganjav CM” гэх бичиглэл бүхий 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА