Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух Ц овогт С.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, Б овогт Н.Ү-д холбогдох,

Зээлийн төлбөр 8.665.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр ХХБ-наас 1,8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай цалингийн зээл гаргуулж Замын-Үүд суманд амьдардаг иргэн Ү-д 6 сая төгрөгийг бэлэн тоолж өгсөн. Бид тухайн үед мөнгө өгсөн тухай гарын үсэг зуралцаагүй. Эхнэрийн хамт байсан. Уг мөнгийг иргэн Ү нь  2 сарын хугацаанд эргэн төлнө гэж тохирсон байсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл иргэн Ү нь нэхүүлж байж 1.650.000 төгрөгийг уван цуван өгсөн байдаг. Дээрх зээлийг миний бие нь хүүгийн хамт 3 жилийн хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өөрөө төлж дуусгасан. Миний бие Ү-с өнөөдрийг хүртэлх зээлийн хүүд 4.315.000 /1215 хоног/ үндсэн зээлээс цувуулж өгсөн 1.650.000 төгрөгийг хасч тооцоод 4.350.000 төгрөг нийт 8.665.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Ү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ү миний бие С.А-н нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид харилцан ярилцаж нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч С.А нь 1.665.000 төгрөгнөөсөө татгалзаж, миний бие 7 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.А миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8.665.000 төгрөгнийхөө 1.665.000 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч Н.Ү нь 7 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Н.Ү-д холбогдуулан зээлийн төлбөр 8.665.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.665.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Н.Ү 7.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ү-д холбогдох зээл 8.665.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.665.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Н.Ү нь 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч С.А-д төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.590 төгрөгийн 50 хувь болох 76.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, улсын орлогоос 76.795 төгрөгийг, хариуцагч Н.Ү-с 7.000.000  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 126.950 төгрөгийн 50 хувь болох 63.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ               Д.Ц