| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0141/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхсаруул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
-улсын яллагчаар Э.Мөнхсаруул,
-шүүгдэгч, хохирогч Г.Д, Х.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Б, Г.Днарт холбогдох эрүүгийн 2334000000094 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1979 оны
03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Б
2.Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун-Зуунмод” гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Дтой маргалдан, зодолдож хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун-Зуунмод” гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай маргалдан, зодолдож хутга буюу зэвсэг хэрэглэж хэвлийн тус газар нь хутгал эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Г.Д нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч Х.Б нь мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 12-13-ний шилжих шөнө 12 өнгөрөөд цагаан сарын бууз хийх ажил дуусаад ах эгч нар бүгд хот руу явсан. Г.Д бид хоёр үлдэе гээд 2-лаа 2, 3 пиво уусан. Бид хоёр үлдээд өглөө очно гээд үлдсэн. 2, 3 пиво ууж сууж байгаад би ахын хувьд хатуу үг хэлсэн. Бид хоёр гадаа байсан. Хоёр машин хоорондоо зэрэгцээ байсан. Ах нь явъя гэж хэлэхэд манай хүн жаахан дургүй машинаасаа жижиг хутга авч барьсан байсан. Нэг хутга урдуур өнгөрөх шиг болсон тэгтэл гэдэс жаахан зүсэгдсэн байсан. Тэр уурандаа би гэрийн үүдэнд байсан дасгал хийдэг голдоо пүрштэй хар юмыг барьж гарч ирээд Г.Дийн бие рүү цохиж унагаад, унахаар нь дарж байгаад хутгыг нь авсан. Төв аймагтай ойрхон байсан Г.Дийн эхнэр н.Буянтөгс болох манай төрсөн дүү ирсэн. Ирээд хутгыг нь аваад эгчийг дуудсан. Эгч миний машиныг бариад хот руу явсан. Төв аймгийн цагдаад би өөрөө мэдэгдсэн. Төв аймгийн эмнэлэгт үзүүлж боолт хийлгээд хотод цэргийн эмнэлэгт ирж 4 хоног эмчилгээ хийлгэсэн. Г.Доос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.
Хохирогч Г.Д нь мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 12-13-ний шилжих шөнө ах болох Х.Б бид 2 буузаа хөлдөөх гэж архи ууж үлдсэн. Архи ууж согтсоны улмаас хоорондоо маргалдаж хутга шөвөг бол нэгнийгээ гэмтээсэн. Миний хувьд тархинд 3 оёдол тавиулсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа” гэв.
Шүүгдэгч Х.Б, Г.Д нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун-Зуунмод” гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Дтой маргалдан, зодолдож хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун-Зуунмод” гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай маргалдан, зодолдож хутга буюу зэвсэг хэрэглэж хэвлийн тус газар нь хутгал эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Б, Г.Д нар нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 111-112 тал/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхсаруул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 43 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 120-121 тал/ 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Х.Б, Г.Д нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Б, Г.Д нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Х.Б, Г.Д нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул хавтаст хэргийн 111-112 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Х.Б, Г.Д нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Г.Д нарын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Б, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Х.Б, Г.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36/А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Б, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутга, хар өнгийн төмөр пүрш зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Эрүүгийн 2334000000094 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б, Г.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Б, Г.Днарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Б, Г.Днарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 / зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Г.Д нарт оногдуулсан 650 / зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Шүүгдэгч Х.Б, Г.Д нарт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5.Эрүүгийн 2334000000094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, хар өнгийн төмөр пүрш зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б, Г.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА