| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч М.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б*******д холбогдох эрүүгийн 2315000000034 дугаартай 163/2023/0056/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт М*******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, боловсролгүй, ажилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт амьдардаг, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Баруун дэнжийн 2-204 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, 29 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Д.О*******той машины шалавч унагаалаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний шанаа хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Д.О*******той машины шалавч унагаалаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний шанаа хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн шанаанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Д.О*******ын өгсөн: Манай найз Гантулга хэд хоногийн өмнө манай гэр түлээгүй болсон ууланд бэлэн мод байна тэр модыг ачиж гэртээ авч ирмээр байна гэж над руу яриад байсан. Тэгэхээр нь би өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найз Гантулгын утас руу залгаад модонд явах машин олсон юмуу гэж асуусан чинь Гантулга би модонд явах машин олсон, чи хувцсаа өмсөөд гэртээ байж бай гэсэн. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд гэрээсээ гараад урдаас нь гараад очиход намайг Бонго-3 маркийн машинтай нэг найзтайгаа ирээд авсан. Намайг гэрээс авахад өдрийн 13 цаг болж байсан. Гантулга бас дахиад 1 машин авна гээд хойд хорооллоос нэг портер очиж аваад 2 машинтай, нийт 6 хүн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн Нарангийн наад ам гэх газраас очиж 2 портер түлшинд хэрэглэх үзүүр торцоов гэх моднууд аваад ачсан. Уул руу гарахаасаа өмнө Гантулга дан байрны ар талын гудамжны бүлангийн дэлгүурээс 1 шил 0.5, 1 шил 0.75 литрийн нийт 2 шил Хараа нэртэй архи авсан. Дараа нь уул руу явахаасаа өмнө миний сууж явсан Портер дугуйг солих зуураа 1 шил 0.5 литрийн архиа бид нар хувааж уусан. Дараа нь уулруу гараад модоо ачихдаа 0.75 литрийн шилтэй архиа ууж дуусгасан. Модоо ачаад явж байхад урд явж байсан Бонго-3 загварн тээврийн хэрэгслийн жолооч М.Б*******, Гантулга 1 залуу гурав 2 дугаар тасгийн дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи авсныг замдаа бид нар талыг нь уугаад талыг нь уугаагүй Хялганатад ирсэн. Миний сууж явсан портерын тосол нь тургиад шаврын даваан дээр зогссон.Тэгээд Хялганат руу ирэхдээ зургуулаа 1 портертоо сууж ирээд М.Б*******ын эгчийнх нь гэрийн гадна хашаанд модоо буулгах гээд бүгд нэг нэгээрээ бууж байгаад хамгийн сүүлд Өлзий ах бид хоёр буухдаа М.Б*******ын машины шалавчийг санаандгүй унагаасан. Би уг нь шалавчийг унагаагаад гөвөөд буцаагаад машиных нь шалан дээр тавьсан. Тэгсэн чинь М.Б******* “шалавч унагаалаа аятайхан буухад яадаг юм?” гэхээр нь би “Чи ямар сүртэй юм бэ? гэсэн чинь М.Б*******” аятайхан буухад яадаг юм? Пизда минь гэж хэлээд машинаасаа буугаад миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гараараа нүүрээ бариад үзсэн чинь цус болсон байхаар нь тонгойсон чинь Өлзий ах бид хоёрыг салгасан. Би энэ Б*******ыг нэг ч удаа цохиогүй. Өлзий ахыг салгасны дараа би хальтираад унасан хойгуур М.Б******* дахиж гүйж ирээд миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би эхнэрлүүгээ залгаад намайгхүн зодлоо цагдаа дуудаарай гэж хэлээд дан байрны цаад талын гудамжаар явж байхад миний эхнэр З.Энүжин, төрсөн дүү Д.Болортуяа нар урдаас ирсэн. Тэгээд манай эгч бас нэмэгдэж ирээд бөөндөө Хялганатын эмнэлэг рүү очиж үзүүлэхэд зүүн нүд тагларсан, зүүн нүдний зүүн хажуу тал гэмтэл зүсэгдсэн байдалтай байсныг эмч нар хоёр оёдол тавьсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
2. Гэрч Л.А*******ийн өгсөн: Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн ******* сумын Хялганат тосгонд байрлах өөрийн гэртээ байж байгаад хадам дүү Б*******ыг бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хүрээд ир түлээний модонд явчхаад ирье гэсэн. Тэгээд хадам дүү Б******* 12 цагийн орчимд Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд 15 цагийн орчимд хадам дүү Б******* бид хоёр түлээнд явах гэж хашаанаас гараад явж байхад найз О******* миний ******* дугаарын утас руу залгасан. Тэгээд утсаар О*******той ярьж би хадам дүү Б*******тай түлээнд явж байна гэхэд найз О******* найз нь хамт яваад өгье гэсэн. Тэгээд найз О*******ыг аваад хадам дүү Б******* бид гурав Сэлэнгэ сумын 2 дугаар баг Нарангийн ам гэх газарт очиж түлээнд хэрэглэх моднууд бэлтгэж байхдаа авч явсан 1 шил архиа Б*******, О******* бид 3 хувааж уусан. Тэгээд түлээгээ дүү Б*******ын Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж дуусаад Хялганат тосгон 1-502 тоотод байрлах өөрийн гэрийн хашаандаа буулгахаар болоод би машинаас буугаад түлээний татлага тайлаад машин дээрээс түлээний хэдэн мод буулгаж байхад найз О******* хадам дүү Б******* хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан.Тэгээд би О*******, Б******* хоёрыг салгаад та хоёр яагаад маргалдаад байгаа юм гэхэд О******* манай хашаанаас гарч явсан. Тэгээд би хадам дүү Б*******тай түлээний модоо буулгаж дуусаад гэртээ ороод байж байхад миний эхнэр Энхжаргал руу найз О*******ын эгч нь гэх эмэгтэй залгаж Хялганат тосгоны эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би эхнэр Энхжаргалын хамт эмнэлэг дээр очиход найз О******* зүүн нүдний дээр оёдол тавиулчихсан эмнэлэгт байж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
3. Гэрч Ө.Б*******ы өгсөн: Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Хүлээн авах дээр хүүхэд үзээд гарах гэж байтал гаднаас хүнд зодуулсан гэх хүн орж ирсэн. Ерөнхийдөө зүүн нүдний эргэн тойронд хавдаж хөхөрсөн, зүүн хөмсөгний хажууд 05 см орчим зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч байсан. 2 оёдол тавьж цус тогтоосон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
4. Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай: Д.О*******ын биед зүүн шанаанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
5. Яллагдагч М.Б*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ манай хүргэн ах А******* над руу 99655080 дугаарын утсаар залгаж хоёулаа 2 дугаар тасаг руу түлэх дорцоовонд явчихаад ирье гэж ярьсан. Тэгээд өөрийн Бонго-3 маркийн машинтай хүргэн ах А*******ийнд очсон. Тэгээд А******* ах бид хоёр О*******ыг Хялганат тосгоны төв хороололд явж байхад нь очиж авсан. Тэгээд бид гурав Сэлэнгэ сумын 2 дугаар баг руу модондоо явж байхад О*******оос архи үнэртээд архи уусан байсан. Бас А******* ах 0,5 литрийн Хараа гэх архи авсан байсан. Тэгээд бид 3 Сэлэнгэ сумын 2 дугаар тасаг буюу дорцоов авах газраа очоод дорцоовоо ачиж байхдаа бид 3 нөгөө авсан 0,5 литрийн архиа хувааж ууж дуусаад тэндээсээ хөдлөөд Хялганатын ард байдаг хүргэн ах А*******ийнд очсон. Тэгээд А******* ахын хашаанд байж байхад О******* машинаас машины шалавч хамаад буухаар нь би О*******ыг шалавч уначихлаа аваад өгөөч гэсэн чинь амандаа үглээд чадахгүй гэж хэлэхээр нь би уурлаад бид хоёр муудалцаад заамдаж аваад О******* миний зүүн шанаа руу баруун гараараа 2 удаа цохихоор нь зөрүүлээд О*******ыг нүүр хэсэг рүү 1 удаа цохиод тэгээд зууралцаж байгаад О*******ыг унагааж нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид 2 хүргэн ах А*******, төрсөн эгч Энхжаргал нар бид хоёрыг салгасан. Тэгээд О******* утсаар хэн нэгэнтэй яриад хашаанаас гараад явсан. Тэгээд манай төрсөн эгч рүү цагдаа яриад төрсөн эгч Энхжаргал, хүргэн ах А******* нар эмнэлэг рүү дуудагдаад явсан. Би гэм буруугээ хүлээж байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.О*******, гэрч Л.А*******, Ө.Б******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Б*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч М.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Д.О*******той “машины шалавч унагаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний шанаа хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн шанаанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О*******ын эрүүл мэндэд зүүн шанаанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 05 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч М.Б*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч М.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал болон архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч М.Б*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.О******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч М.Б******* нь хохирогчийг хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болон 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд хохирогч нь шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн67 дахь тал/
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.
Шүүгдэгч М.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 56-63 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Б******* нь Булган аймгийн ******* суманд 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, ам бүл 3 аав, ээжийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Баруун дэнжийн 2-204 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч М.Б*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт М*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.О******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ