Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1142

 

Х.С-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1441 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906 03903 1672 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Х-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, “А...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Х.С нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төв байрны коридорт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М-н нүүр хэсэгт усны саваар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овогт Х-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.С-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие болсон хэрэг явдлаа эхнээсээ үнэн зөв мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би “А...” ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа бөгөөд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас жимс, хивс оруулах гэрээ хэлэлцээр хийж, 2018 оноос эхний бараа бүтээгдэхүүнээ оруулж эхэлсэн. 2019 оны 7 дугаар сараас 9 дүгээр саруудад интоор жимс 14 тонн, Иран хивс 2900 м.кв, 20 тонн помидорны соусыг оруулж ирсэн. ... Энэ ажлаа хэвийн, үр дүнтэй явуулахын тулд хөдөө орон нутагт болон хот, суурин газарт бараа бүтээгдэхүүнээ борлуулах, гэрээний биелэлтэд байнга хяналт тавьж байх зайлшгүй шаардлагатай болоод байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь “А...” ХХК-ийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхэд саад учруулах талтай байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ... Бизнесийн хамтрагчид маань ирчихсэн, хөдөө орон нутагт ажиллах шаардлагатай болсон. Би нийтэд тустай ажил хийх ялыг хийгээд явбал бизнесийн хамтрагчдаа алдах эрсдэл үүсээд байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй гэсэн байсан. Гэтэл Х.С нь шүүх хуралдааны өмнө төлөөд баримтаа шүүгчийн туслахад өгсөн гэсэн. Прокурор торгох ялыг биелүүлсэн талаарх баримтыг үзсэн гэж хэлсэн. Уг баримт нь хэрэгт авагдаагүй нөхцөл байдал үүсээд байна. Х.С нь “А..” ХХК-ийг үүсгэн байгуулаад тодорхой хэмжээний ажилчдыг цалинжуулан ажиллаж байгаа. Тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх явцад бизнесийн хамтрагчдаа алдах, эрхэлж буй ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байгааг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.С нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн талаарх баримтаа анхан шатны шүүх хуралдааны өмнө үзүүлж байсан. Шүүгдэгч Х.С-д шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Х.С нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төв байрны коридорт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М-н нүүр хэсэгт усны саваар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч  Г.М.н “... Х.С нь манай нөхрийн төрсөн эгч юм. ... Тухайн өдөр намайг гэртээ байж байтал Х.С эгч залгаад “гэрт байсан ус буцалгагч, түмпэн, шанага хулгайлаад аваад явсан байна, авчирч өг” гэсэн. ... Х.С манай нөхөр М-н зүүн хацар луу 3-4 удаа алгадсан. ... Тэгээд нөхөр бид хоёр гараад цагдаад дуудлага өгсөн. ... Бид нарыг Цагдаагийн хэлтэст авчирсан. Цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээлгийн танхим болон байцаагчийн өрөөнд байхад Х.С намайг “гурван эгчтэйгээ биеэ үнэлдэг, танай охиныг аавгүй болгоно” гэх мэтээр доромжилж байсан. Тэгээд ус хийгээд авч явдаг саваараа миний зүүн талын хацар, шанаа хэсэгт маш хүчтэй цохиод авсан. Хажууд байсан цагдаа энэ хүнийг гарга гэж хэлсэн. ...” /хх 13-14/,

гэрч Х.М-н “... Бид Цагдаагийн хэлтэст очоод мэдүүлэг өгөөд байж байтал Х.С эгч ууж явсан усны саваараа манай эхнэр М-н зүүн хацар луу нь цохиод авсан. ... Тухайн үед эхнэр М-н зүүн хацар шанаа улайж хөхөрсөн, энгэр нь маажигдсан байсан. ...” /хх 15-16/

гэрч Б.Т-н “... Би жижүүрийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байхад дээрх хоёр эмэгтэй өрөөнд орж ирээд хоорондоо хэрэлдээд байсан. ... Би “энэ хүнээс мэдүүлэг авч байна, дараа нь ороод ир, хүлээлгийн танхимд өргөдлөө бичээд байж бай” гэж хэлээд тэр хоёр эмэгтэйг гаргасан. Тэгээд 5 орчим минутын дараа гадаа зааланд эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь гараад хартал нөгөө хоёр эмэгтэй хоорондоо маргалдаж байснаа эгч гэх эмэгтэй нь дүү гэх эмэгтэй рүүгээ гартаа барьсан усны саваа шидэж байсан. ... Усны сав газар унаад ус нь асгарсан. ...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.М-н биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 7541 дугаартай дүгнэлт /хх 26/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Х.С-н хохирогч Г.М-н нүүр хэсэгт усны саваар цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

   Шүүгдэгч Х.С-с “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь эрхэлж буй ажил, үүргээ биелүүлэхэд саад учруулахаар байх тул уг ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Х.С өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлснээс хойш 4 сарын дараа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлджээ.

     Дээрх байдлаас дүгнэж үзвэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.С-д оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

   Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан хэд хэдэн ялын төрлөөс 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон  хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэн байна.

       Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.