Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0247

 

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0247

Улаанбаатар хот

 

 

 

 

                                    “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л***,

Нэхэмжлэгч: С” ХХК,

Хариуцагч: “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ,

Гуравдагч этгээд: “Э” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24/314 дугаартай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын “Э” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээгээр 2-т /үнийн саналаар 3-т/ эрэмбэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0150 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, С.Б***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х***, Г.М**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 128/2025/0064/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч С” ХХК-иас “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т холбогдуулан “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24/314 дугаартай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын “Э” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээгээр 2-т /үнийн саналаар 3-т/ эрэмбэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0150 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т холбогдуулан гаргасан Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын Э ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээний хоёрдугаарт эрэмбэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК-д Тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй буюу “...захиалагчийн тодруулаагүй асуудлаар “Х” ХХК-ийн залруулга хийснийг хэрхэн үнэлж, дүгнэх тухай, үг үсгийн алдаа гэж банк залруулж байгаа нь тодруулга биш залруулга болох эсэх” гэсэн 2 асуудлыг огт дүгнээгүй. Гэтэл энэхүү асуудал нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд харгалзан үзэх гол үндэслэл байсан.

3.2 Мөн захиалагч Барилгын хөгжлийн төвөөс тодруулга авахаар Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд энэхүү ажиллагааг албан ёсоор хийлгүй зөвхөн утсаар тодруулж, тэмдэглэл үйлдсэн байхад шүүх энэ асуудлыг дүгнээгүй, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

3.3 Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу зөвхөн нэг талыг барьж, барилгын зураг төслийн магадлалийн дүгнэлт гэж юу болох, ямар чиг үүрэгтэй, зорилготой гэдэг тухай дүгнэсэн нь буруу, энэ талаарх гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтыг буруу тайлбарласан.

3.4 Аливаа зохицуулалтыг хэрэглэхдээ тусгай зохицуулалтыг хэрэглэх ёстой. Тендер үнэлэх, даваа эрх олгох аргачлал, зааврын 1.4 дэх зохицуулалт нь нарийвчилсан зохицуулалт мөн. Энэхүү хэм хэмжээнд тодруулга авах хүсэлтийг түргэн, шуурхай хүргүүлж, зохион байгуулах тухай зааснаас бус хүсэлтийн хариуг авахгүйгээр өөрсдөө баримт бүрдүүлж үнэлэх тухай заагаагүй. Гэтэл шүүх энэхүү зохицуулалтыг хариуцагчид давуу эрхийг олгох байдлаар тайлбарласан нь буруу

3.5 Мөн Э ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1, 19.2 дахь шаардлагыг хангаагүй.

3.6 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлэх ёстой байтал хариуцагчаас дахин үнэлгээ хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Дахин үнэлгээ хийхэд үнэлгээний хүснэгтийг дахин гаргаж, эрэмбэ гаргах ёстой байсан

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээд талаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын тухайд, 

3.1. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл” (Бүс, аймаг, сумын түвшинд)-ийн МУШС/2024/0103072 дугаартай тендерийг нийтэд зарласан.

3.2. Тус тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “С” ХХК оролцсон боловч “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/112 дугаар албан бичгээр тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн.

3.3 Улмаар “С” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яам хянан, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/10577 дугаар албан бичгээр “... Тус тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцсэн эсэх, мөн 1134/2023 дугаартай магадлалын талаар гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулж, нягтлах нь зүйтэй ... “Э” ХХК-ийн тендерт ирүүлсэн Хны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7-423/1003 дугаартай зээлийн тодорхойлолтод ... тоогоор болон үсгээр бичсэн мөнгөн дүн зөрүүтэй байгааг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байгаа асуудлыг холбогдох банкнаас тодруулж нягтлах нь зүйтэй ... Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдэе” хэмээн захиалагчид мэдэгдсэн.

3.4. Үүний дагуу “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24/314 тоот албан бичгээр тус нийт тендерт оролцогч нарт “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч “С” ХХК-иас эс зөвшөөрч “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиа үнийн саналыг нь нээж үзэлгүй уг тендерээс шууд хасагдах материал ирүүлсэн байхад “Э” ХХК-ийг шалгаруулсан ... Сангийн яам гомдлыг хянаад үндэслэлтэй гэж үзэн, дахин тендерийн үнэлгээг хийхийг мэдэгдсэн байтал хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24/314 дугаартай шийдвэрээр “Э” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн болон 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24/314 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын “Э” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээгээр 2-т /үнийн саналаар 3-т/ эрэмбэлэгдсэн нэхэмжлэгч компанид гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

4. Анхан шатны шүүх “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С” ХХК-ийн нэхэмжлэлийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК-д Тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.2-д “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-д заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-д заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус зааснаар хариуцагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг, тендер шалгаруулалтын хүснэгтэд заасан шалгуур болон ирүүлсэн баримт бичгүүдтэй харьцуулан тулгаж шалган үзнэ.

6. Тухайн тохиолдолд,Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас зарласан МУШС/2024/0103072 дугаар тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-д “...3. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: Шаардана” гээд “Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгчээр ажилласан байна”, ТШЗ 19.2-д “2. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: б) Магадлалын ерөнхий дүгнэлт” гэж заасан.

Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичигт “...тодруулж нягтлах нь зүйтэй” хэмээн тухайлан заасан үйл баримтыг тодруулахаар хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24/292 дугаартай албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандан тендерт шалгарсан “Э” ХХК-ийн тендерийн баримт бичигтээ ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг хангахтай холбоотой мэдээлэл болох 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1134/2023 дугаар Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийн нэгтгэл, тус магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан эсэх нөхцөл байдлыг тодруулахаар хандсан  дагуу Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1134/2023 дугаар Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийн нэгтгэлийн хуулбарыг ирүүлсэн нь “Э” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичигтэй адил болох нь,

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24/293 дугаар албан бичгээр Ханд хандан тодруулга авахад Хны мөн өдрийн 7-423/1054 дугаартай албан бичгээр банкны ажилтнаас шалтгаалсан алдаа гарсан болохыг тайлбарлан, тооны болон үг үсгийн залруулгыг хүргүүлсэн гэх үйл баримт тус тус тогтоогдсон.

7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг шүүх хүчингүй болгох боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой холбогдуулан Сангийн яамнаас шалгавал зохих асуудлыг хариуцагчид тухайлан зааж, тогтоосны дагуу хариуцагчийн хэрэгжүүлсэн тодруулга авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй” гэх заалтыг зөрчсөн хэмээн маргаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

        8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

  

                                ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

  

 

           ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА