Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2017/0007/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Г.Мөнхномин,
Улсын яллагч                  Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Мерей
Шүүгдэгч                                           Э.Лхагвадорж нарыг оролцуулан

    Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Лхагвадорж холбогдох эрүүгийн 201623000284 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1987 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Цагаан овгийн Эрдэнэхуягийн Лхагвадорж /РД: СА87052412/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Лхагвадорж нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын “Дунд бүрдийн гол” гэх газар иргэн Ч.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хавсарч унаган зүүн хөлийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Лхагвадорж нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын “Дунд бүрдийн гол” гэх газар иргэн Ч.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хавсарч унаган зүүн хөлийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Батноров сумын төвд манай эхнэрийн ахын хүүхэд болох Эрдэнэжаргалыг дуудаж хөдөө явъя гэж гуйгаад тэгээд явах гэж байтал Эрдэнэжаргалын танил Баяр-Эрдэнэтэй таарсан. Тэгтэл Баяр-Эрдэнэ Эрдэнэжаргалыг араас дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баяр-Эрдэнийг дагаад Батноров сумаас баруун тийш 1 км хүрэхгүй газар байх Дунд бүрдийн гол дээр очсон. Гол дээр очиход Ган-Од, Лхагвадорж, Ариунбаатар нар байсан. Лхагвадорж голд нь завилаад зүүн тийшээ хараад сууж байсан. Ган-Од урд талд нь Ариунбаатар нь хойд талд нь хэвтэж байсан тухайн үед Лхагвадорж нэлээд халамцуу байсан. Лхагвадорж энэ үед Эрдэнэжаргал руу агсам тавьж чамайг бол би яавал яачихна гээд агсараад байсан. Тэгтэл Эрдэнэжаргал Лхагвадоржид ах нь бол чамайг зодолдоод ч дийлэхгүй барилдаад ч дийлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Лхагвадорж надруу агсарч чи муу аавын байшинг дутуу барилаа гэхээр нь би өөдөөс нь байшинг чинь дуусгасан гэхэд Лхагвадорж шавар дутуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо байшингийн хормойн шавар гэж ойлгоод шаврыг нь хийгээд өгчихье гэж хэлсэн. Тэгтэл Э.Лхагвадорж намайг уулзъя гээд тэр хэдээс хойш багцаагаар 10-аад метр газар дагуулж яваад цамцнаас бариад намайг хоёр удаа тонгорч унагаасан. Тэгэхээр нь би босоод больё гээд түүнээс бараг зугтаад нөгөө хэд дээр очсон. Тэгтэл Э.Лхагвадорж надруу дахин хүрч ирээд хоёулаа уулзъя гэхээр нь дахиад хойшоо нөгөө хоёрын сууж байсан газраас багцаагаар 4-5 метр газар очтол Э.Лхагвадорж миний зүүн хөлийг нэг удаа хавсархад зүүн талын хөлийн шилбэ тас гээд дуугараад хугарах шиг болоод зүүн талын хөл хугараад гадагшаа эргэчихсэн байсан. Тэгээд би сөхрөөд суун тустал чамайг бол хэвтэрт оруулна гээд миний дээрээс шуугаараа дарж боосон. Тэгтэл урд сууж байсан Баярсайхан, Гомбо, Эрдэнэжаргал, Ган-Од, Ариунбаатар нар хүрч ирээд Баярсайхан, Гомбо нар бид хоёрыг салгасан. Энэ үед Эрдэнэжаргал, Ган-Од хоёр намайг дамнаж машинд суулгасан. Тэр үед Э.Лхагвадорж намайг зодчихоод нэг хүний хамт сумын төврүү баруун талаасаа орж байгаа харагдсан. Намайг сумын эмнэлэгт Эрдэнэжаргал, Ган-Од хоёр хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон. ... миний хувьд Лхагвадоржийн өөдөөс харилцан зодолдсон асуудал байхгүй. Би аймгийн эмнэлэгийн мэс заслын 1-т 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрийг хүртэл 22 хоног хэвтэж эмчлүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн эмнэлэгт хагалгаанд орж зүүн хөлийн шилбийг хадуулсан. Э.Лхагвадоржид зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. ... надад өөр нэмж ярих зүйл гэвэл намайг аймагт хагалгаанд орохоос хоёр хоногийн өмнө Лхагвадорж надруу утсаар ярьж юу юугүй шүүх цагдаа болоод яахав хоёулаа хувиараа зохицчихъё гэж ярихаар нь би түүнд ах нь чамайг юу гэж хэлж байхав дээ хамаатан садан хүмүүс байж нэгнийхээ мууг үзээд яахав дээ гэж хэлсэн. Би нөгөөдөр хагалгаанд орно гэхэд дүү нь хэдэн мал ажилчихаад эмчилгээний чинь мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд намайг хагалгаанд ордог өдөр Лхагвадорж аймагт надтай уулзъя гэж ирсэн. Дөнгөж хагалгаанаас гарсан байхад манай эхнэртэй ирж уулзаад надтай уулзъя гэж хэлээд өөр зүйл хэлээгүй явсан байсан. Түүнээс хойш Лхагвадорж надтай огт уулзаагүй миний биеийг асуугаагүй            гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 хуудас/
Гэрч Э.Ган-Одын мөрдөн байцаалтад өгсөн: ... Батноров сумын баруун талаар урсдаг “Дунд бүрд” голын эрэг дээр эмнэлэгийн жолооч Ариунбаатар, Э.Лхагвадорж бид гурав нэг шил 0,75 грамын архи уугаад сууж байтал бидний хажууд Эрдэнэжаргал, Ариунболд хоёр автомашинтай ирсэн. Жаахан ууж сууцгааж байгаад бөөнөөрөө хамт суусан. Тэгтэл Ариунболд, Лхагвадорж хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Лхагвадорж Ариунболдыг хоёулаа хойшилж юм яръя гээд дагуулаад явсан. Тэгтэл хойно очоод хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Энэ үед Гомбо, Баярсайхан хоёр салгана гээд очиж байгаа харагдсан. Тэгээд байж байтал Ариунболд ах хөл хугалчихлаа гэж хэлсэн ... Эрдэнэжаргал бид хоёр явж очоод Ариунболд ахыг өргөөд машинд суулгаад эмнэлэгт авчирсан. Ариунболдын зүүн хөлийн шилбэ нь Э.Лхагвадоржид зодуулснаас болж хугарсан. Ариунболд ах хэлэхдээ Лхагвадорж миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. ... Ариунболд, Лхагвадорж нар хоорондоо харилцан зодолдсоныг бол мэдэхгүй, Ариунболд ахыг Лхагвадорж зодох гээд араас нь хөөж байхыг харсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 хуудас/
Гэрч Х.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: ... Эрдэнэжаргалын эхнэр надруу утсаар яриад эмнэлэг дээр хүрээд ирээч Ариунболд ах хөлөө хугалчихаад байна гэж хэлэхээр нь эмнэлэг рүү явж очиход манай нөхөр Ч.Ариунболд жаахан халамцуу Эрдэнэжаргалын машины ар талын суудал дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Лхагвадорж намайг хавсарч унагаад зүүн хөлийн шилбийг маань хугалчихлаа гэж хэлсэн. ... эмнэлэгт багцаагаар 20 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед зүүн хөлийнх нь шилбийг хоёр хугарч дээр нь бяцарсан байна гэж эмч хэлсэн. ... нөхөр Ариунболд надад хэлэхдээ Э.Лхагвадоржийн аавын байшингийн талаар маргалдаад Лхагвадорж намайг хавсарч унагасан тэгэхэд миний зүүн хөлийн шилбэ тас гэж дуугараад хугарч би босож чадахгүй болсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21 хуу/
   Гэрч Д.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ... Баяр-Эрдэнэ гэдэг залуу мотоцикльтой хүрч ирээд нэг шил архи аваад явж байна үүнийг уухуу гэж хэлэхээр нь тэгье гэхэд араас дагаад яваарай гээд баруун тийшээ хөдлөөд явсан. Тэгтэл Ариунболд ах гарч ирээд түүний араас машинтайгаа хөдөлсөн. Тухайн үед манай эхнэр машин барьж явсан. Тэгээд Батноров сумын баруун талаар урсдаг “Дунд бүрд” голын наана эрэг дээр очсон. Тэнд Лхагвадорж, Ариунбаатар, Ган-Од нар гурвуулаа сууж байгаа харагдсан, Баярсайхан, Гомбо, Дашзэвэг нар бас тэр хэдээс арай тусдаа сууцгааж байсан. Ариунболд ах бид хоёр машинаас бууж үлдээд эхнэрийг явуулсан. Тэгтэл Баяр-Эрдэнэ өврөөсөө архи гаргаж ирээд түүнийг тойруулаад сууж байтал Э.Лхагвадорж, Ариунболд ахтай байшингийн дээвэр тааз дутуу хийсэн гэлүү тиймэрхүү зүйл яриад хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед архиа уугаад Ган-Одтой хамт урагшаа хараад сууж байсан. Тэгтэл бидний ард  Ариунболд ах, Э.Лхагвадорж хоёр маргалдаж ноцолдож байхад нь Баярсайхан, Ариунбаатар хоёр салгаж байгаа харагдсан. Энэ үед Ариунболд ах Лхагвадоржид хөл хугалчихлаа гэж хашгирсан. Тэгэхэд нь Ган-Од бид хоёр очоод харахад зүүн хөлийнх нь шилбэ хугарсан байсан  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23 хуу/
Гэрч Ч.Ариунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... Лхагвадорж, Ариунболд ахруу агсарч чи муу аавын байшинг дутуу барилаа өлтөг мөнгийг нь өгөөд байхад байшин дутуу барилаа гэхэд Ариунболд ах өөдөөс нь байшинг чинь дуусгасан гэхэд Лхагвадорж шавар дутуу гэж хэлсэн. Тэгтэл Лхагвадорж, Ариунболд ахыг уулзъя гэж биднээс хойш багцаагаар 40-50 орчим метр газар дагуулж явсан. Тэгээд хоёр удаа тонгорч унагаж байгаа харагдсан. Дараа нь анзаарч харахад Лхагвадорж, Ариунболд ахын дээр гарчихсан ноцолдоод сууж байсан. Энэ үед Ариунболд ах хөл болохоо больчихлоо гээд хашгираад байсан. Тэр үед Баярсайхан, Гомбо бид хэд очиж салгасан, Эрдэнэжаргал, Ган-Од хоёр Ариунболд ахыг дамжилж машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 хуу/
Гэрч П.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цаг сайн анзаараагүй намайг ажил дээрээ байхад сувилагч Сайхантуяа надад хэлсэн шиг санаж байна хөл хугарсан хүн ирсэн дуудлагаар тухайн хүнийг үзсэн. Үзэхэд өвчтөн Ариунболдын зовиур явж чадахгүй, зүүн хөлийн шилбээр маш их өвдөлттэй хавдаж улайсан гэсэн зовиур өгсөн. ... зүүн хөлийн шилбэний хугарал гэсэн оношийг тавьсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 хуу/
Гэрч Г.Сосормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... манай хүү Э.Лхагвадорж нь Ч.Ариунболдыг зодож зүүн хөлийн шилбийг хугалсан гэдгийг мэдэж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37 хуу/
Гэрч Г.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн: ... Лхагвадорж нь Ариунболдыг хавсараад унагаасан энэ үед Ариунболд ах хөл хугалчихлаа хөл болохоо байлаа гээд хашгираад байсан. Тэгэхэд Лхагвадорж намайг явъя гэж хэлээд өөрөө мотоциклоо бариад намайг ардаа сундалж авч яваад намайг сумын төвд Дашзэвэгийн гадаа буулгаж орхиод явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 хуу/  
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 212 дугаартай дүгнэлтэнд:
1. Ч.Ариунболдын биед зүүн хөлийн шилбэ ясны дунд хэсгийн бяцарсан  хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Лхагвадорж бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас Ч.Ариунболдын биед хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цагаан овогт Эрдэнхуягийн Лхагвадоржийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Э.Лхагвадоржийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лхагвадоржид оногдуулсан 2 жилийн сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Лхагвадоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 4 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Лхагвадоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ