Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0876

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .. овогтой НГ/**/, Улаанбаатар хот, 

Хариуцагч: УБ, 

Гуравдагч этгээд: ...овогтой ЦЦ/РД:***/, 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ц.Ц, түүний өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Гби УБЕГ-т хандан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, **дугаар байрны * тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Гминий нэрээс иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр түдгэлзүүлж, хүчингүй болгуулах тухай гомдол, хүсэлтийг гаргасан. Энэхүү өргөдлийн хариуд УБЕГ-ын даргын дэргэдэх Хяналт шалгалтын газраас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Хариу өгөх тухай" албан бичгээр тухайн бүртгэлийг түдгэлзүүлэх, мөн хүчингүй болгох үндэслэл хяналт шалгалтын явцад тогтоогдоогүй, иймд маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэй талаар хариуг өгсөн. УБЕГ-ын Хяналт шалгалтын газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар тодруулбал, хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэрийн өмнөөс хянан шалгаж, зохих шийдвэрийг гаргадаг, маргааныг шийдвэрлэх чиг үүрэг бүхий улсын бүртгэлийн төв байгууллагын дотоод нэгж нь юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.*-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд Хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” чиг үүргийг УБЕГ-ын дарга хэрэгжүүлж байх чиг үүргийг хуулиар тогтоосон.

Харин дээрх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Хариу өгөх тухай” албан бичгийг УБЕГ нь хуулиар тогтоосон. Үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хэлбэртэй захиргааны акт гэж үзэж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10*.3.4 дахь заалтад заасан эс үйлдэхүй хэмээн нэхэмжлэлдээ тодорхойлж байна.

Уг бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй шийдвэр буюу эс үйлдэхүй нь өөрөө хуульд нийцэхгүй, үндэслэл муутай хариу болсон бөгөөд хэрэв уг захиргааны актыг хуульд нийцүүлэн зөв гаргасан байсан бол Н.Гминий өмчлөлд байсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч байсан бүртгэл хүчингүй болж, өмчлөх эрх минь сэргээгдэх ач холбогдолтой байсан.

Өөрөөр хэлбэл, *** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан үйл баримтыг хянуулж, хүчингүй болгуулснаар өмчлөх эрх маань анх байсан үеийнхээрээ сэргээгдэх явдлыг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол минь хэмээн үзэж байна. Тухайлбал, УБЕГ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.*-д заасан шийдвэрийг гаргаагүй нь дараахь зөрчлийг илрүүлж, тогтоож, дүгнэж чадаагүй, хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй эс үйлдэхүйтэй холбоотой:

(1) Н. Г, Ц. Цнарын хооронд 201*.11.23 өдөр үйлдэгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн нөхцөлд үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр худалдан борлуулж буй мэтээр бичиж, төлбөрийг бэлнээр болон банкаар тухайн өдөр бүрэн төлсөн гэж бичсэн боловч бодит байдал дээр талууд худалдах, худалдан авахаар тохиролцоогүй, түүнчлэн худалдсан гэх үнэлгээ нь 90 000 000 төгрөг гэж эрх бүхий байгууллага, дансны хуулгаар тогтоогдсон, мөн төлбөр тухайн сарын 23-ны өдөр шилжиж байгаагүй, дансны хуулга баримтаар 24-ний өдөр шилжсэн, түүнчлэн эд хөрөнгийг шалгаж хүлээн авсан гэсэн гэрээний нөхцөл нь бодит байдал дээр хэрэгжиж байгаагүй байдаг.

(2) Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хуульд зааснаар гэрээ, хэлцлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнгээр татварыг худалдагч талаар төлүүлж, түүнд үндэслэн өмчлөх эрх шилжих бүртгэлийг хийх хуулийн зохицуулалттай байтал, татварыг дээр дурдсан 90 000 000 төгрөг бус, 40 000 000 төгрөгийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр төлсөн байдлаар мэдүүлэг үйлдэж улсын бүртгэлийн үйлчилгээ авч, шийдвэр гаргуулсан нь хөдөлшгүй баримтаар ил болсон. Энэ бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7 дахь хэсэгт "Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж заасны дагуу үнэн зөвөөр баримт бичиг гаргаж өгсний үндсэн дээр захиргааны шийдвэр, акт гаргуулах шаардлагыг хууран мэхлэх аргаар зөрчсөн, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4 дэх хэсэгт заасны дагуу "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, ...бусад хууль бус аргыг хэрэглэсэн" тул, УБЕГ нь өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шийдвэрийг гаргах ёстой байсан.

Гэвч хариуцагч байгууллага энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зохих хяналт шалгалтыг буруу явуулж татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй болсон. Иймд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ааас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрхгүй болсон этгээдүүд гэдэг нь тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар улсын бүртгэлийг буруу, өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзсэн хэн ч гомдол гаргах эрхтэй. Улсын бүртгэлийн байгууллага, захиргааны байгууллагатай холбоотой эрхээ сэргээлгэх зорилгоор, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байхад 2 иргэний хооронд эд хөрөнгийн харилцаа үүсэж, эрх нь хязгаарлагдсан гэж урвуулан дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн газрыг оролцуулах боломжоо алдсан нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Учир нь Иргэний хэргийн шүүхэд эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдүүд буюу эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулдаг. Улсын бүртгэлийн байгууллага иргэний хэргийн хүрээнд гуравдагч этгээдээр  оролцох боломжгүй.

... Улсын бүртгэлийн байгууллага яагаад хуулиар тусгайлан хүлээлгэсэн чиг, үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа вэ, нэхэмжлэгчийг хор хохирлоо нэхэх байх гэж хардаж байгаа юм уу гэдэг байдлаар тайлбарласан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа юм.

2018 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль мөн одоо үйлчилж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байна. Тухайн үед бүртгэл хийхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Энэ нь одоо хуулиар хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Одоо үйлчилж байгаа эрх зүйн орчны хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д зааснаар захиргааны байгууллагын үйлчилгээнд оролцогч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг тусгайлан олгосон байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т зааснаар Ц.Цид эерэг нөлөөлөл бий болсон ч хуурч ямар нэгэн захиргааны акт гаргуулсан бол уг актыг заавал хүчингүй болгох ёстой гэсэн хуулийн шаардлага үйлчилж эхэлсэн. Энэ нь иргэд хоорондын өмнө нь маргасан асуудал байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Хувь хүний орлогын албан татварыг нийт үнэлгээгээр төлөх хуулийн заалттай. Тухайн үеийн үнэлгээгээр 2 хувийн татварыг төлсөн бол иргэн Н.Горон сууцаа 90.000.000 /ерэн сая/ төгрөгөөр худалдсан гэж мэдэх боломж үүснэ. Татвараа 90 сая төгрөгөөр төлөөгүй, хууль бус аргаар хэн нэгэн өмчлөх эрхийг олж аваад, хэнээр төлбөрөө барагдуулах нь хамаагүй, өмчлөх эрхээ олж авсан л бол өмчлөх эрхтэй гэж тайлбарладаг учир ийм хууль бус үйл ажиллагааг гаргуулахгүй байх хуулийн зохицуулалттай болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй, гомдол гаргах хугацаа нь дуусаагүй байхад эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг батлагдсан үйл баримт мэтээр дүгнэх нь өмгөөлөгчийн ёс зүйн хувьд хэр зүйтэй вэ? Шүүхээс эцэслэн тогтоогдоогүй гэдгийг удаа дараа тайлбарласан.

Иргэний хэргийн шүүхээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан, бодит байдалд бичгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн тохиролцоо хийгдсэн гэсэн Улсын Дээд шүүхийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч талд тус дүгнэлтээс өөр хөдөлшгүй нотлох баримт одоогоор байхгүй байна.

Захиргааны байгууллага хууль бус бүртгэл гэдгийг хожим олж мэдсэн. Хуулиар хууль бус бүртгэлийн хүчингүй болгох үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл энэ бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж байгаа нь талуудын хоорондын маргаан бодит байдалтай нийцэхгүй, хууль бус байдлаар өмчлөх эрхийн бүртгэлийг олж авсан этгээдийг хамгаалж байгаа мэт харагдаж байна. Иргэд хоорондын хэдэн төгрөг хэнээс авах, гаргах талаарх ажиллагаа одоо явагдаж байгаа. Захиргааны хэргийн шүүх хуулиар хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй, та бүхний бүх эрх нээлттэй байгаа учир хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.

Хууран мэхлэх үйл ажиллагааг өөрөө хамтарч мэдүүлэгтээ мэдүүлсэн хүн хууран мэхэлсэн захиргааны актын хамгаалалтад орох ёсгүй, хууль ёсны итгэл үүсэх боломжгүй. Хууль ёсны итгэл гэдэг өөрөө мэдэх боломжгүй, шударгаар эд хөрөнгө олж авсан этгээдэд хамааралтай байдаг. Гуравдагч этгээд Ц.Цсая өөрөө тайлбарласан. 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн гэрээг 40.000.000 төгрөгөөр мэдүүлж, хууль бус аргаар олж авсан учир хууль ёсны итгэлээр хаана ч хамаарагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ утгаараа шүүх хуралдаанд нээлттэй мэтгэлцэхгүй, хаалттай байдлаар үлдээж байна. Хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Гын нэхэмжлэлтэй УБт холбогдох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан. Түүнчлэн "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай юм.

Маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол **дугаар байрны * тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх анх иргэн Н.Г/ЦД****/-ын өмчлөлд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, иргэн Н.Г/ЦД****/, Ц.Ц/***/ нарын хооронд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмын дагуу эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх ..." гэж заасны дагуу нотлох баримтад үндэслэн иргэн Ц.Ц/***/-ын өмчлөлд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлэн бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ иргэн Н.Г, Ц.Цнарын хооронд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн нөхцөлд үл хөдлөх хөрөнгийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан борлуулж буй мэтээр бичиж, төлбөрийг банкаар болон бэлнээр тухайн өдөр бүрэн төлсөн гэж бичсэн боловч бодит байдал дээр талууд худалдах, худалдан авахаар тохиролцоогүй, худалдсан бодит үнэ нь 90.000.000 /eрэн сая/ төгрөгийг шилжүүлсэн эрх бүхий байгууллага дансны хуулгаар тогтоогддог мөн үл өдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 /хоёр/ хувийн албан татварыг 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн үнийн дүнгээс бус 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнийн дүнгээс 2 /хоёр/ хувийн татвар төлсөн байна гэж маргасан байна.

Дээрх худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх зорилгоор талууд бага үнийн дүнтэй байгуулж өмчлөх эрх шилжүүлсэн нь бүртгэлийн байгууллагын буруутай үйлдэл биш бөгөөд гэрээний талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Учир нь өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэхээр иргэн Ц.Цийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэгт хавсаргасан иргэн Н.Г/ЦД****/, Ц.Ц/***/ нарын хооронд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээний ***дугаартай ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол **дугаар байрны * тоот хаягт байршилтай орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, мөн 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр болон банкаар төлж дуусгасан талаар дурдсан байх ба уг гэрээнд ямар нэгэн болзол тавьсан заалт байгаагүй түүнчлэн гэрээнд гэрээний хоёр тал хоёулаа гарын үсгээ зурж, **дугаартай нотариатч Ж.Д гэрээний үнэн зөв болохыг гэрчилсэн гэрээг нотлох баримтаар үнэлж хуульд заасны дагуу хийсэн бүртгэл байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварын тухайд тухайн гэрээний хоёр тал тохиролцон гэрээндээ 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан борлуулснаар гэрээ байгуулагдсан учир гэрээний үнийн дүнгийн 2 хувь болох 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг тушаасан баримт нотлох баримтаар хувийн хэрэгт авагдсан байгаа нь бүртгэлийн байгууллагыг буруутгах бүртгэл хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг болохоос иргэд хооронд байгуулсан Нотариатчийн гэрчилсэн гэрээний үнэн зөв эсэхийг хянан шалгах үүргийг хүлээсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг даалгах үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Цшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Цминий бие Н.Гтай 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, **дугаар байрны * тоот 125 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч, хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж хууль ёсны өмчлөгч болсон.

Н.Г2018 онд шүүхэд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр  тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, 3 шатны шүүхээр хэлэлцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ***тоот тогтоолоор Н.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн **тоот магадлалыг хэвээр үлдээж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг иргэний шүүх эцэслэн шийдвэрлэсэн улсын бүртгэгч хуульд заасан шаардлагад нийцүүлэн бүртгэлийг хийсэн тул *** дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Эгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн үндэслэлийг хууль бус хуурамч нотлох баримтыг Ц.Цгаргаж өгөөд, үүнийг нь УБ шалгах ёстой байсныг шалгалгүйгээр бүртгэсэн гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс миний өмгөөлж байгаа “Н.Гтухайн үед татварын хууль тогтоомжийг зөрчөөд 90.000.000 төгрөгийн татвараас зайлсхийгээд 40.000.000 төгрөг гэж бичсэн. Үүнд арга хэмжиж авч, хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тайлбарлаж байна.

Хэлцлийн 40.000.000 төгрөг гэж бичсэнийг аль ч шүүх хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Хүчин төгөлдөр бус гэрээг үндэслээд гэж яриад байна. Хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоох чиг үүрэгтэй газар бол Татварын ерөнхий газраас татвараас зайлсхийсэн гэж үзвэл шийтгэх хуудсаар тогтоож, УБт хандан Ц.Цнь 90.000.000 төгрөгийн татвараас зайлсхийн танайд бүртгүүлсэн байна гэх байдлаар хандах байсан байх.

Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хууль бус бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байна. Хууль бус гэдгийг нотолж байгаа нь шүүхээр яригдсан гэж тайлбарладаг. Гэтэл шүүх үүнийг 40.000.000 төгрөгийн хэлцэл хүчин төгөлдөр бус, 90.000.000 төгрөг гэж бичих ёстой гэсэн шийдвэр гаргаагүй. Хүчин төгөлдөр бүртгэлийг бүтгэсний төлөө УБ хариуцагчаар татагдах үндэслэлгүй.

Эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа хэн ч шүүхэд гомдол гаргаж болно. Шүүхэд гомдол гаргах эрхтэй хүн мөн эсэхийг шүүх тогтоодог. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад өөр хүний гарын үсэг зурсан, хууран мэхлэх замаар олж авсан гэх байдлаар ярьж байна. Ц.Цнэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж шүүхээр тогтоогдоогүй. Тогтоогдсон мэтээр тайлбарлаж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү?

Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдийн нэг нь ч албан ёсоор тогтоогдоогүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус, Ц.Цбуруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй. УБ буруутай гэж тогтоогдоогүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Гас УБт холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа даалгах шаардлага хамаарах захиргааны актыг “Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан.

            Нэхэмжлэгч Н.Гас өөрийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж томъёолсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

           

****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, **байрны * тоот хаягт байрлах 125мкв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Гын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн байх ба Н.Гболон Ц.Цнарын хооронд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу иргэн Ц.Цийн өмчлөлд бүртгэгджээ.

Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ “Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор иргэн Н.Гболон Ц.Цнарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь дөчин сая бус ерэн сая төгрөгөөр хийгдсэн болохыг тогтоосон байхад хариуцагч нь хууль бус баримтад үндэслэн хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгохгүй, бүртгэл үнэн зөв байх зарчмыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шүүхийн шийдвэр нь хэлцлийн үнийн дүнг зөрүүтэй гэснээс бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүй, мөн Н.Гас Ц.Цид өмчлөх эрхээ шилжүүлсэн бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл тухай үед байхгүй байсан тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэлийн үйл ажиллагаанд “үнэн зөв байх” зарчмыг баримтлахаар, 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцах”-аар тус тус заасан байх ба 17 дугаар зүйлийн 17.1.*-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” бүрэн эрхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хэрэгжүүлэхээр зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагч нь улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үүрэгтэй” гэх тайлбар хууль зүйн талаасаа үндэслэлтэй боловч энэ нь улсын бүртгэгчийн шийдвэр нь буруу ташаа эсхүл хууль бус болохыг бүртгэлд нэр нь бичигдсэн этгээд хүлээн зөвшөөрсөн, харин зөвшөөрөөгүй бол бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэгжихээр байна. 

Гэтэл маргааны тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагын хувьд уг бүртгэлийг хүчингүй болгох үүрэг үүсэхгүй, уг бүртгэлийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д улсын бүртгэлийн үйл ажиллагаа “нотлох баримтад үндэслэх, ...” гэж заасан зарчимд нийцнэ. Тодруулбал,

Ц.Цаас ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, **байрны * тоот хаягт байрлах 125мкв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж Н.Гболон Ц.Цнарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Н.Гын нэрээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 800,000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 40,000 төгрөг төлсөн баримтуудыг хавсаргасан байна.

Мөн Н.Гнь иргэн Ц.Цид 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ****дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, **байрны * тоот хаягт байрлах 125мкв 3 өрөө орон сууцыг 40,000,000.00 төгрөгөөр худалдсаныг нийслэлийн тойргийн нотариатч Ж.Д гэрчилсэн болох нь Монголын нотариатчдын танхимын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 940 тоот лавлагаагаар тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Даас “...энэ гэрээ нь манай тамга тэмдэгтэй, манай нотариатаар бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна” гэж мэдүүлжээ.

Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Цийн өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:”, 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэж заасанд нийцсэн хууль ёсны шийдвэр байна.

Өөрөөр хэлбэл, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэрлэн тоочсон ба 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан тул дээрх мэдүүлгийг хүлээн авч өмчлөх эрх шилжсэнийг бүртгэснийг хууль бус гэж үзэх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уг гэрээнд ямар нэгэн болзол тавьсан заалт байгаагүй түүнчлэн гэрээнд гэрээний хоёр тал хоёулаа гарын үсгээ зурж, **дугаартай нотариатч Ж.Д гэрээний үнэн зөв болохыг гэрчилсэн гэрээг нотлох баримтаар үнэлж хуульд заасны дагуу хийсэн бүртгэл байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нь Ц.Цаас 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч Н.Гын эхнэр н.Угээс үл хөдлөх эд хөрөнгийн татвар, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргасан гэх боловч энэ нь мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах үндэслэл биш юм.

 

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, ... буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заажээ.

Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Цийн өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэл нь Ц.Цийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн боловч эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт байгаа бөгөөд уг зохицуулалтын хүрээнд хариуцагч захиргааны байгууллагаас бүртгэлийг хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байгаа тохиолдолд захиргааны байгууллагын үйл ажиллагааг ерөнхийлөн зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Мөн нэхэмжлэгч талаас “Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор иргэн Н.Гболон Ц.Цнарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь дөчин сая бус ерэн сая төгрөгөөр хийгдсэн болохыг тогтоосон” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ***дугаар шийдвэрээр “...талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсныг хууль бус гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн Н.Гас Ц.Цид холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ... орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны **дугаартай магадлалаар дээрх ***дугаартай шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны ***дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэрүүд нь “нэхэмжлэгч Н.Гнь өөрийн орон сууцыг ерэн сая төгрөгийн барьцаанд тавьсан болохоо нотолж чадаагүй” гэж дүгнэснээс бус Н.Гболон Ц.Цнарын хооронд 201* оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй байх тул нэхэмжлэгч талын “...бүртгэл хийгдэх үндэслэл болсон гэрээний үнийн дүнг зөрүүтэй болохыг уг бүртгэл хийгдсэнээс хойших цаг хугацаанд шүүхийн шийдвэрээр дүгнэсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шүүхийн шийдвэр нь хэлцлийн үнийн дүнг зөрүүтэй гэснээс бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүй” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч талаас, эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн тодорхой хэсгүүд, гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргасан байх боловч эдгээр нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “эрүүгийн болон иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон асуудлаар захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч Н.Гнь өөрийн өмчлөлийн орон сууцыг өөр этгээдийн өмчлөлд шилжсэнийг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг эс зөвшөөрч маргах эрхтэйн дээр дээр дурьдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хоорондын эд хөрөнгийн эрхийн эрхийн талаарх маргааныг шийдвэрлэсэн, ****дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн шийтгэх тогтоолоор Н.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон агуулгатай, харин нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэл хийх үйл ажиллагаанд хамааралгүй байх тул шүүх нэхэмжлэгч Н.Гын нэхэмжлэлээр УБт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10* дугаар зүйлийн 10*.1, 10*.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.*-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Гас УБт холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Ц.Цийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ