| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 2315000000062 дугаартай 163/2023/0060/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн Б*******, Орхон аймгийн ******* суманд 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 21 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 06 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Дундатын адаг гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг архи ууж байсан Х.З*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар зүүн гуян тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000062 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 06 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Дундатын адаг гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг архи ууж байсан Х.З*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зүүн гуян тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Х.З*******ын өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 02 цагийн үед нутгийн дүү нар орж ирж шинэлээд эхнэр хоол унд хийж өгөөд сууж байгаад 06 цагийн үед Б*******, Улаанаа нартай юм яриад сууж байхад Б******* нь би залуучуудын дарга болсон, багийн дарга болмоор байна гэхээр нь залуу хүмүүс хийлгүй яахав гээд яриад байж байсан. Тухайн үедээ нойр хүрээд архи уусан байсан болохоор хэсэг хугацаанд орж гараад согтсон байсан. Нэг сэрэхэд зүүн гуяны урд талдаа дээд хэсгээр Б******* цэнхэр өнгийн иштэй хутгаар 1 удаа хатгаж гэмтээсэн. Тухайн үед цус гараад хэсэг манарсан байна лээ. Нэг мэдэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Надад одоо гомдол байхгүй. Миний нэхэмжилж байсан эмчилгээний зардалд эхлээд 3.006.000 төгрөг, дараа нь 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 13-14 дэх тал/,
2. Гэрч Х.О*******ийн өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн үед босоод ажилдаа явах гэж байхад дүү Б хөдөөнөөс залгаад сүлжээн дээр гарч ирсэн байна, аав З******* хүнд хутгалуулсан, цус их алдаж байна, та яаралтай ирээрэй гэж хэлсний дагуу 09 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Дундатын адаг гэх газарт ах З*******ын гэрт очиход ах газар хэвтчихсэн, зүүн гуяны хэсгээс цус гарч байсан. Тэгээд би шууд хувцасыг нь өмсгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авчирсан. ...Б******* гэх залууг хутгалсан гэж ярьж байсан. Тухайн залуучуудын яриагаар Золоог алнаа гэж яриад байсан гэсэн. Уг хутгыг Б******* өөрөө гараараа хийсэн гэж ярьсан гэсэн. Б*******ын эзэмшлийн цэнхэр иштэй гар хийцийн хутга байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
3. Гэрч Д.О*******гийн өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 12 цагийн үед багийн Засаг дарга утсаар холбогдоод З*******тай муудалцаад З*******ыг хутгалсан гэнэ, хүүхдээ олж ав, амиа хоролчих вий гэж хэлэхээр нь за гэж хэлээд утсаа салгаад хүүрүүгээ залгахад холбогдохгүй байсан. Удахгүй хүү өөрөө хүрч ирээд уйлаад болсон зүйлээ үнэнээр аав, ээж хоёртоо хэлсэн. ...Миний хүү малд явахдаа заримдаа хутга авч явдаг. Гэхдээ тэр хутга нь гэрт байсан. Өнгөрсөн жил хоёр морь холбоод хоорондоо орооцолдоод боогоод үхсэн түүнээс хойш хэрэгтэй юм байна гээд малд явахдаа хааяа авч явдаг юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
4. Гэрч С.Оийн өгсөн: ...айраг, архи ууж сууж байгаад Б*******, З******* ахад хандан би Залуучуудын зөвлөлөөс нэр дэвшиж дарга болно гэхэд З******* ах би залуучуудын дарга хийж байсан гэхэд Б******* уурлаад та юу хийж байсан юм гэхэд З******* ах мөн уурлаад хоорондоо маргалдаад зууралдаад авахаар нь би дундуур нь ороод салгахад Б******* намайг гараараа нүүр хэсэг рүү хоёр удаа цохиод авахаар нь чи одоо яасан тавьтаргүй юм бэ гэж хэлээд салгасан юм. Тэгээд З******* ах Б******* руу хандан үгээр идээд талийгаач аавыг нь яриад байсан. Тэр үед Б******* З******* ахыг ахаа хоёулаа тамхи татах уу гэж хэлээд гараад удалгүй үүдний тамбар хэсэгт дахин зууралдаад авахаар нь би араас нь гарахад З******* ахын зүүн гуяны урд хэсгээс цус гараад байхаар нь яасан бэ гэхэд Б******* намайг хатгачихлаа гээд орилоод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
5. Насанд хүрээгүй гэрч З.Бийн өгсөн: ...Б******* ах аавыг хажуудаа суулгаад дүү нь нэг алгадвал чихнийх нь хэнгэргийг хагартал алгадаж сурсан шүү гээд аавыг алгадсан. Тухайн үед Аав Б******* хоёр хоорондоо зууралдан ноцолдож байгаад гутлын хайрцаг руу унаад аавын бугуй, тохой хэсэг халцарсан юм. Тэгээд үргэлжлүүлж ноцолдоод байшингийн үүдний тамбар хэсэг рүү гараад тэр хоёрыг салгах гээд Улаанаа ах, Эрка ах хоёр салгах гээд ноцолдож байхад хаалга хальт онгойход харахад Б******* ах хутга барьчихсан далайгаад зогсож байсан ба тэгээд хаалга хаагдсан. Хэсэг хугацааны дараа аав З******* зүүн гуяны хэсэгт хутгалуулаад цус гарсан байшингийн үүдний довжоон дээр сууж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
6. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай: Магадлуулагч Х.З*******ын биед зүүн гуя, зүүн гар тохой, шуу бугалагт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр, иртэй зүйлээр 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
7. Яллагдагч Б.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсэг нь 8.5 см, ишний урт 8.5 см, нийт урт 17 см урттай нэг ширхэг гар хийцийн хутгыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.З*******, гэрч Х.О*******, Д.О*******, С.Оэ, насанд хүрээгүй гэрч З.Б нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Б.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 06 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Дундатын адаг гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг архи ууж байсан Х.З*******тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зүүн гуян тус газарт нь нэг удаа хутгалж биед нь “зүүн гуя, зүүн гар тохой, шуу бугалагт шарх бүхий хөнгөн гэмтэл” санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас тусгай мэдлэг бүхий шинжээчийн 49 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан зүүн гуя, зүүн гар тохой, шуу бугалагт шарх бүхий хөнгөн хохирол хохирогч Х.З*******ын эрүүл мэндэд учирсан шалтгаант холбоо тогтоогдон батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно. Өөрөөр хэлбэл хурц үзүүр, иртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар хатгаж уг гэмтлийг учруулах боломжтой байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б*******ын хутга мэс хэрэглэн хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн байх санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.З******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Б******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохиролд 1.600.000 төгрөгийг /хавтаст хэргийн 69-70 дахь талд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт/ хохирогч Х.З*******ын эзэмшлийн дансанд шилжүүлж төлж барагдуулснаар тэрээр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Х.З*******ыг гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 42-47 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, малын А дансны хуулга зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь Орхон аймгийн ******* суманд 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн ******* гэх газарт мал маллан амьдардаг, Hyundai Sonata болон Hyundai Tuscani загварын тээврийн хэрэгсэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Б*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсэг нь 8.5 см, ишний урт 8.5 см, нийт урт 17 см урттай нэг ширхэг гар хийцийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.
Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээг танилцуулсан прокурорын саналын Олсон нь хэсэгт яллагдагч Л.Галсандорж гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Х.З******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсэг нь 8.5 см, ишний урт 8.5 см, нийт урт 17 см урттай нэг ширхэг гар хийцийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ