| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч В.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Б*******д холбогдох эрүүгийн 2315000000065 дугаартай, 163/2023/0061/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн Б*******, Булган аймгийн Булган суманд 1974 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут, Барилга засварын байрны 301 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 49 настай, эрэгтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 9 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны 2-213 тоотод байрлах Г.Б*******ийн гэрт орж маргалдаж, улмаар түүнийг заазуураар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч В.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны 2-213 тоотод байрлах Г.Б*******ийн гэрт орж маргалдаж, улмаар түүнийг заазуураар толгойн тус газарт нь цохиж биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бат-Эрдэнийн өгсөн: Би архи хэтрүүлэн уучихсан байсан тул хойд хороонд байрлах хохирогчийн гэрт очсоноо мэдэхгүй байгаа юм гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
2. Хохирогч Г.Б*******ийн өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш би гэртээ Э*******, хадам ээж Цэнд-Аюуш болон өөрийн зээ, хүүхдийн хамтаар байж байсан юм. Тэгээд би эхнэр Э*******ийн хамтаар өөрийн зээ 1 нас, 2 сартай охиноо унтуулчихсан байсан юм. Тэгтэл гаднаас Б******* согтуу орж ирээд хүүхэд сэрээчих гээд зээ охиныг маань үнсэх гээд байхаар нь би унтаж байгаа хүүхдийг яах гээд байгаа юм гэж хэлтэл чи юу гээд байгаа юм гээд ширээн дээр байсан заазуурыг Б******* аваад миний зүүн чамархай хэсэгт заазуурны ар хэсгээр цохисон. Улмаар миний толгойноос цус гоожсон. Улмаар манай эхнэр түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. В.Б******* нь архи хааяа нэг уудаг. Ингэж агсан согтуу тавьж надтай маргалдаж байгаагүй. Миний хувьд өөрийн эхнэрийн төрсөн дүүгийн үйлдлийн улмаас гэмтэл авсан учир надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
3. Гэрч В.Э*******ийн өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Б******* гэртээ байхдаа бага багаар архи уугаад жаахан халамцуу байж байхад гаднаас манай дүү Б******* 18 цагийн үед орж ирээд зээ охин унтаж байхад нь үнсэх гээд ирэхээр нь би хүүхэд үнсэж сэрээлээ боль гэхэд манай нөхөр хажуунаас нь чи боль, яах гээд хүүхэд сэрээх гээд байгаа юм бэ гэж чанга дуугаар хэлэхэд өөдөөс нь хэрүүл хийж босч ирээд гал зуухны өрөөнд зууралдаж байгаад Б******* заазуур аваад Б*******ийн толгой хэсэг рүү цохисон. Удалгүй Б*******ийн толгойноос цус урсаад ирхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед В.Б******* заазуураа барьж ирээд том өрөөнд ханан пишингийн хажууд орны доод хэсэгт тавьсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай: Иргэн Г.Б******* биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
5. Яллагдагч В.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад улмаар өөрийн гэсэн ухаанаа алдсан. Тэгээд юу болсон талаар огт мэдэхгүй байж байгаад өглөө нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Тэгээд эрүүлжүүлэх байрнаас гараад цагдаа болон өөрийн хүргэн ах Б*******, эгч Э******* нартай уулзаж ярилцаж үзэхэд би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байхдаа гэртээ хариад хүргэн ах Б*******тэй маргалдаж толгой руу заазуураар цохьсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуурыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б*******, гэрч В.Э******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч В.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад В.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны 2-213 тоотод байрлах Г.Б*******ийн гэрт орж маргалдаж, улмаар түүнийг заазуураар толгойн тус газарт нь цохиж биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн 36 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Г.Б*******ийн эрүүл мэндэд учирсан зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн хутга мэс хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч В.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч В.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар холбогдоход мөн гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч В.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 39-56 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч В.Б******* нь Булган аймгийн Булган суманд 1974 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут, Барилга засварын байрны 301 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч В.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч В.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч В.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч В.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бат-Эрдэнийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч В.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч В.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Б******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ