| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0015/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-01-15 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 18
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ТХ-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, С овогт Б.А-д холбогдох,
380.500 төгрөгийн татварын өр барагдуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ТХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь 2017 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 380.500 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Татварын өрийг барагдуулахаар татвар төлөгч иргэн Б.А-д удаа дараа утсаар шаардлага тавьж өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний бие нь Дорноговь аймгийн ТХ-н нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 380.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд журмыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ТХ нь хариуцагч Б.А-д холбогдуулан 380.500 төгрөгийн татварын өр барагдуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 380.500 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ТХ-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох 380.500 төгрөгийн татварын өр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-с улсын тэмдэгтийн хураамж болох 12.065 төгрөгийн 50 хувь болох 6.032,5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц