| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А******* даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,
улсын яллагч А.Б*******,
шүүгдэгч Э.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т******* овогт Э******* М холбогдох эрүүгийн 2131002770208 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “” ХХК-д агрономич ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Хуурч 4 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т******* овогт Э******* М /РД:/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.М нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед ******* аймгийн ******* сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ****улсын дугаартай ХҮ250СҮ-9А маркийн мотоцикль жолоодож яваад мөн дүрмийн “12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, авто тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас явган зорчигч Д.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;
мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл, осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад авто тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.М нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн үед ******* аймгийн ******* сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай ХҮ250СҮ-9А маркийн мотоцикль жолоодож яваад мөн дүрмийн “12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;
мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл боловч осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдог бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1],
2.Хохирогч Д.Б 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би Э.Моос эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг хүлээн авсан” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Л.О 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...21 цагийн орчимд нэг мотоцикль манай гэрийн баруун талаар хаазлаад хөдлөөд явах дуу гарсан. Тэгээд удаагүй түс, тас хийх чимээ гарсан...” гэх мэдүүлэг[3],
4 Гэрч М.Э 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Доод гармын харалдаа зам дээр хүн хэвтэж байх шиг байхаар нь очоод үзтэл Д.Б ах байсан. Тэгэхээр нь босгох гэтэл босохгүй байхаар нь шууд өргөөд машинд суулгаад гэр рүү нь хүргэж өгөх гээд гэрт нь очоод гэрэлд хартал толгойноос нь цус гараад, хөл нь хугарсан байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч П.Х 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.М мотоциклио унаад манай гэрт ирсэн. Тэгээд манайд орж ирээд манай эхнэр хоол хийсэн байсан тул хоол идчихээд манай түлээний модыг зөөж өрөөд хэдэн цаг гэдгийг санахгүй байна, ямар ч байсан нилээн бүрэнхий болсон байхад манайхаас “гэртээ харина” гээд мотоциклио унаад явсан...” гэх мэдүүлэг[5],
6.Зөвлөх инженер Ч.Ж 2021 оны 09 дүгээр сэрын 24-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтдээ: “**** СЭЗ улсын дугаартай мотоцикль жолоодож явсан Э.М Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараахь зүйл, заалтуудыг зөрчжээ. Үүнд:Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
3.4.Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнээс үзвэл Э.М нь СЭЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад иргэн Д.Б мөргөн унагааж гэмтээгээд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй хэргийн газрыг орхин явсан ноцтой зөрчил гаргаж, зам тээврийн осол хийсэн байна” гэсэн дүгнэлт[6],
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 381 дугаартай “...Д.Б биед зүүн дунд чөмөг яс, зүүн шаант ясны сэлтэрхийт, зөрүүтэй хугарал, зүүн V, VI-р хавирганы хөндлөн хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт[7],
8.Шүүгдэгч Э.М 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[8], 9.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Д.Б нь эмчилгээний зардалд 1,589,440 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Мын хувьд улсын яллагчийн саналын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлэхгүйгээр хэргийн газраас зугатаасан үйлдэл нь түүнд ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзэж торгох ял оногдуулах нь тохирно гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Шүүгдэгч Э.М нь жолооч биш өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтанд хамрагдаагүй, эрхийн үнэмлэхгүй тул ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж үзсэн.
Учир нь эрүүгийн хуулийн тусгай ангид нэмэгдэл ял оногдуулахаар заасан тохиолдолд заавал оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Очирт 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нэмэгдэл ялын тоолох хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бт 4,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн мотоциклийн хагарч бутарсан эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т******* овогт Э******* Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч Э.Мөнх-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М анхааруулсугай.
8.Шүүгдэгч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бт 4,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн мотоциклийн хагарч бутарсан эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ