Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 42

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух, Б овогт Л.У-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 220.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.У нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай компанитай ... тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 20.000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Л.У нь одоогийн байдлаар манай компанид NP-10 төхөөрөмжийн 200.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Л.У “Төхөөрөмж зээлээр авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1090 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.У Ж ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний төлбөр 220.000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнгийн дүнгийн алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгнөөс төхөөрөмжийн төлбөр 220.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Манай компани гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 110.000 төгрөгнөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Л.У-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 220.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлагынхаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 110.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Л.У нь төхөөрөмжийн төлбөр 220.000 төгрөгийг төлж эвлэрсэн нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.У-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 220.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 110.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Л.У нь төхөөрөмжийн төлбөр 220.000 төгрөгийг төлж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.550 төгрөгийн 50 хувь болох 5.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5.275 төгрөгийг, хариуцагч Л.У-с 220.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 7.250 төгрөгийн 50 хувь болох 3.625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ             Д.Ц