| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/211 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/211
2023 03 30 2023/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2309000000301 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:*** ).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 11 дүгээр хорооллын орчимд ***ийг найзуудынх нь хамт хүргэж өгөөд буулгасан бөгөөд *** нь тухайн тээврийн хэрэгслээс буухдаа өөрийн эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утсыг мартаж буун, улмаар уг гар утсыг *** нь бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшиж, 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Дээрх гэмт хэргийг үйлдэж хувьдаа завшсан гар утсыг ашиглаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд ***ийн эзэмшлийн ХААН банкны *** дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 917,000 төгрөгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын болон өөрийн дансанд шилжүүлэн авч, 917,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 2309000000301 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн ***ээс ирүүлсэн өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчмоос 11 дүгээр хороолол орохоор найз *** хамт 03 цаг орчимд хувийн таксинд сууж үйлчлүүлээд буусан. Тухайн таксинд тооцоогоо төлөөд буусны дараа арын суудал дээр өөрийн гар утсыг орхиж буусныг мэдээд найз *** дугаараас өөрийн 80607740 дугаар луу 2-3 удаа залгахад холбогдож байсан ба авахгүй байсан. Үүний дараа 06 цаг орчимд залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Миний орхисон гэх гар утас дэлгэцийн хэсэгтээ ямар нэгэн кодгүй шууд ашиглах боломжтой гар утас тул 2023 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдөр Хаан банкны дансыг хаалгахаар Хаан банкны лавлах дугаар луу залгасан боловч холбогдож чадаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны салбар дээр очиж өөрийн дансыг шалгахад *** дугаарын данснаас зарлагын гүйлгээ гарсан байсан. Хаан банкнаас тодруулж асуухад мобайл банк ашиглаж гүйлгээ хийсэн байна гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Усан ягаан өнгийн айфоне 11 про макс загварын ягаан өнгийн кейстэй утас байсан. Би тухайн таксинд суухаас өмнө дүү Золбаяр руу залгаж байсан. Утасны дэлгэц хэсэгтээ ямар нэгэн кодгүй, содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй. Би тухайн тээврийн хэрэгслийн загварыг нь мэдэхгүй, хар эсвэл саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Жолооч нь эмэгтэй ба, хажуугийн суудалд эмэгтэй хүн суусан байсан. Тухайн гар утсыг нөхөр 2022 оны 07 дугаар сард 1,500,000 төгрөгөөр худалдан авч бэлэглэж байсан. Өөрийн утсыг зах зээлийн ханшаар үнэлж байна.Таксины төлбөрийг найз Уранцэцэг төлсөн. Хаан банкны *** дугаарын данснаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 917,000 төгрөгийн зарлага гарсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Би *** дугаарын Хаан банкны дансыг 6-7 жил орчим ашиглаж байна. Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 65 дугаар цэцэрлэгт ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ байх үед цуг ажилладаг туслах багш *** ирээд найздаа дансны дугаараа хэлчих, 150,000 төгрөг шилжүүлээд нөхрийнхөө утасны төлбөрийг сунгах гэсэн юм гэсэн тул өөрийн дансны дугаарыг хэлэхэд удалгүй *** дугаарын данснаас 10 цаг 03 минутад сан гэх утгатайгаар 150,000 төгрөгөөр орлогын гүйлгээ хийгдсэн. Үүний дараа Туяа орж ирсэн. 150,000 төгрөгийг 10 цаг 09 минутад интернэт банк ашиглан *** Мобиком гэх нэртэй данс руу *** гэх утгатайгаар шилжүүлсэн. Тухайн өдөр Туяа ажил дээр ирэх үедээ ломбардаас гар утсаа аваад дүүтэйгээ сольсон гэж хэлж байсан ба айфоне загварын гар утас хэрэглэж байсан. Миний дэргэд байх үедээ айфоне загварын гар утсыг ашиглаж миний Хаан банкны данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
4. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн ХХК”-ын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №ТХҮ-923/5742 дугаартай: Гар утас I phone 11 pro max 1,250,000 төгрөг /Хэрэглэж байсан зах зээлийн дундаж ханшаар тооцоолов/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
5. ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** *** дугаарын данс руу 150,000 төгрөг,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ***гийн *** дугаарын данс руу 200,000 төгрөг,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *** *** дугаарын данс руу 76,000 төгрөг,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ***гийн *** дугаарын данс руу 206,000 төгрөг,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *** *** дугаарын данс руу 235,000 төгрөг,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***гийн *** дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд (хавтаст хэргийн 40-45 дахь тал),
6. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Би тухайн үед Теди төвийн гадна зогсож байсан хүнд 250,000 төгрөгөөр худалдсан, дэлгэц нь ориг биш байна гэж хэлээд хамгийн доогуур үнээр худалдсан. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхдээ өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулна. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр дахин өгсөн: Тухайн гар утсыг олох үед код нэхэхгүй байсан учир данс дахь үлдэгдлийг хараад өөрийн гэр *** тоотод байхдаа Хаан банкны өөрийн *** тоот данс руу 200,000 төгрөг, 206,000 төгрөг, 50,000 төгрөг, ээж *** Хаан банкны *** тоот данс руу 235,000 төгрөг, ажлын газрын хүн болох *** данс руу 76,000 төгрөг, өөрийн ажил дээр байхдаа ажлын хүн *** данс руу 150,000 төгрөгийн гүйлгээг тус бүр шилжүүлсэн. Дээрх бүх хүмүүст хууль бусаар олж авсан мөнгө гэдгийг хэлэлгүй утасны төлбөр болон өрнүүдээ өгсөн. Би тухайн үедээ гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
7. Эд зүйл хүлээлгэн өгсөн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: Яллагдагч ***гаас хохирогч ***т Ай фоне 11 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дахь тал),
8. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч ***гийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 61, 68-71 дэх тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 50-54 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр хорооллын орчимд иргэн *** нь хүргүүлээд буухдаа өөрийн эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утсыг мартсаныг буюу гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан;
-Мөн дээрх завшсан гар утсаар интернэт банкийг нь ашиглаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр хохирогч ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас:
- 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *** *** дугаарын данс руу “sansar” гэсэн утгатай 76,000 төгрөг,
- 2023 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр “sansar bayrlalaa” гэсэн утгатай ***гийн *** дугаарын данс руу 206,000 төгрөг,
- 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “sansar” гэсэн утгатай *** *** дугаарын данс руу 235,000 төгрөг,
- 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “1” гэсэн утгатай ***гийн *** дугаарын данс руу 50,000 төгрөг,
- 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “san” гэсэн утгатай *** *** дугаарын данс руу 150,000 төгрөг,
- 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “sansar” гэсэн утгатай ***гийн *** дугаарын данс руу 200,000 төгрөг нийт 917.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн ***ээс ирүүлсэн өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- “Ашид Билгүүн ХХК”-ын хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №ТХҮ-923/5742 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** *** дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ***гийн *** дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *** *** дугаарын данс руу 76,000 төгрөг шилжүүлсэн,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ***гийн *** дугаарын данс руу 206,000 төгрөг шилжүүлсэн,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *** *** дугаарын данс руу 235,000 төгрөг шилжүүлсэн,
- ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***гийн *** дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 40-45 дахь тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгийг завших хууль зүйн ойлголт нь Гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн буюу өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран санамсаргүй хаягдаж орхисон эд хөрөнгийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсны дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ***ийн санамсар, болгоомжгүй байдлаар мартаж буусан I phone 11 pro max загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирол учруулжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ***гийн хууль бус үйлдэл нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх ба хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно.
Шүүгдэгч *** нь хохирогчоос гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас олж авсан гар утасны интернэт банкийг нь ашиглаж удаа дараагийн гүйлгээгээр данснаас нь 917,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан нь тогтоогджээ.
Гээгдэл эд хөрөнгө завших болон хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх, материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***гийн завшсан эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 1,250,000 төгрөгөөр тогтоосон, мөн хохирогчийн гар утсыг ашиглан өөрийн болон бусдын данс руу шилжүүлж хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 917,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт хэргүүд хуульд заасан бага хэмжээнээс буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл завших болон хулгайлах хэд хэдэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч завших болон хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч шүүгдэгч ***г 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг,
- бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшиж, 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
- хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын болон өөрийн дансанд шилжүүлэн авч, 917,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт бичиж ирүүлсэн алдаа зөрчил байна гэж үзэж дараах байдлаар зөвтгөсөн болно. Үүнд:
Шүүх шүүгдэгч ***гийн завших гэмт хэрэг гарсан цаг хугацааг хавтаст хэрэгт авагдсан хохирогч ***ийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 13 дахь тал), хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал), зэрэг бичгийн баримтуудаас дүгнэж 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн шинжийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байх ба бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхаар тайлбарласан байгааг анхаарч үзэх нь зүйтэй байх ба дээрх гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөн шийдвэрлэж, ийнхүү зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч ***ийн I phone 11 pro max загварын гар утсыг хүлээлгэж өгсөн (хавтаст хэргийн 58 дахь тал), хохирогчийн хохирлоо бүрэн барагдуулсан гэх бичгийн хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д ялын санал танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхий хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад түүний оршин суугаа газар буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ***г “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, ялын хугацаанд өөрийн оршин суугаа газар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэн шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***г өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН