| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Б*******,
шүүгдэгч Н.Э*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт Н******* Э*******ад холбогдох эрүүгийн 2231003620245 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг, Манхан толгой 1, гудамж 11а тоотод тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т******* овогт Н******* Э******* /РД:******,/
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Н.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, Усны сан газарт хамаарах Ерөө голд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1,821,386 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, Усны сан газарт хамаарах Ерөө голд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1,821,386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Н.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.Э 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Улаан хясаа” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл байхгүй байх гэж бодож байна, өмнө нь 1970 хэдэн оноос 2000 он хүртэл Орос Монголын хамтарсан алтны зөвшөөрөлтэй аж ахуй нэгж ашиглаж байсан газар юм. Учирсан хохирлыг нарийн сайн мэдэхгүй байна, экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирол болон нөхөн сэргээлтийг хийж хохиролгүй болгож өгвөл сумын засаг даргын тамгын газрын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Э.А 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Гантулга гэж хүнээс “Хюндай-2900” маркийн экскаваторыг нь 5 хоногоор нэг өдрийн 500,000 төгрөг өгөхөөр болж тохиролцож түрээслээд Энхбаатар, Жигжсүрэн, Өлзийжаргал, Азбаяр нарыг хөлсийг нь өгч ажиллуулахаар болоод экскаваторыг гитаран бууны хамт аваад алт ухах зорилготой тэнд очсон юм. Тэгээд газар ухаагүй очоод экскаватор эвдрээд ухаж чадаагүй юм. Би найз Азжаргалын /утас:95660011/ “3ил-131” маркийн машинд хүмүүсээ суулгаж, хоол хүнсээ ачиж очсон байсан, “Зил-131” машинаараа буцаж сэлбэгэнд явсан. Надтай зөрөөд миний байсан “Улаан хясаа” нэртэй газар Ерөө голын зах дээр очиж байсан. Би байхгүй байсан тул газар ухсан талаар нь мэдэхгүй байна. Э******* “Хьюндай-2900” маркийн экскаватортой урдаас нь нэг гитаран буу зүүчихсэн, өөрөөсөө гадна 2 хүнтэй хамт очиж байсан. Би тухайн газар алт ухах зорилгоор очсон боловч экскаватор эвдрээд газар ухаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй юм” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Н.А 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, манай төрсөн ах А намайг хэд хоног надад хөлсөөр ажил хий гээд Бугант тосгоны Улаан хясаа нэртэй газар луу авч явсан. А ахтай би “Зил-131” маркийн машинд суугаад замаасаа модон гүүрний тэндээс нэг экскаваторыг ахтай хамт явсан нэг хүн унаад цааш явцгаасан, би “Зил-131” маркийн машинд сууж явсан машинаас буугаагүй болохоор зарим юмыг сайн санахгүй байна. Орой болсон хойно Ерөө гол гараад нэг газар очоод “экскаватор нь эвдэрчихсэн янзална" гэж байхад нь би унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь А ах намайг сэрээгээд экскаваторын сэлбэгэнд явъя гээд бид 2 “Зил-131” маркийн машинтай нь Бугант руу сэлбэгэнд явсан юм, тэгээд би тэр газар луу дахиж очоогүй. Төрсөн ах А, *******ых гээд 2 танихгүй залуу манай Бугант тосгоны Энхбаатар гээд ах бид 5, Бугантаас “Зил-131” маркийн машинтай яваад замаасаа модон гүүрний тэндээс маркийг нь мэдэхгүй шар өнгийн экскаватор, гитаран бууны хамт аваад цааш явсан. Экскаваторыг нь асаагаад өөрөөр нь явуулж очсон. Би экскаваторынх нь маркийг нь мэдэхгүй, тэр газраа очоод ажиллаж чадаагүй экскаватор нь эвдэрчихсэн учраас газар ухаж чадаагүй, ашигт малтмал олборлосон зүйл байхгүй. Тэр газраас маргааш өглөө нь А ах бид 2-ыг сэлбэгэнд явахад бид нарын очсон газрын хажууд шар өнгийн экскаватортой хэдэн хүмүүс байсан. Би сэрээд ахтай шууд Бугантын төв явсан болохоор тэр хүмүүсийг газар ухсан эсэх талаар мэдэхгүй байна. Манай төрсөн ах А намайг ажил хийлгэнэ гэж авч явсан очоод экскаватор нь эвдэрсэн тул газар ухаж ажиллаагүй юм. Өглөө сэлбэгэнд яваад би Бугантын төв дээр бууж үлдээд тэр газар дахиж очоогүй тул би өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ц.Ж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Бугант тосгоны нутаг модон гүурний хажуугаас нэг экскаватор аваад цааш яваад Ерөө гол гараад, гол дагаж өгсөөд урд зах дээр нь харанхуй болсон хойно очсон юм. Бид нар түрүүлээд “3ил-131” маркийн машинтай явсан. Араас экскаваторыг нь Өлзийжаргал унаад ирсэн. Тэр газар очоод экскаватор нь ажиллаж чадаагүй эвдэрчихсэн юм. Тэгээд бид нар тэндээ хоноод маргааш өглөө нь сэлбэгэнд А, дүүгийн хамт явсан. Ажиллаж чадаагүй байж байтал цагдаа нар ирсэн юм. 2022 оны 08 дугаар сарын 14, 15-ны үед одоо өдрийг сайн санахгүй байна. А, дүүгийн хамт бас нэг Бугантын залуу, Өлзийжаргал бид 5 “Зил-131” маркийн машинтай Бугантаас гараад замаасаа маркийг нь мэдэхгүй шар өнгийн экскаватор аваад Өлзийжаргалаар унуулаад Ерөө голын урд зах дээр очсон, экскаватор нь очоод ажиллаагүй эвдэрчихсэн тул газар ухаж алт олборлож чадаагүй юм. Бид нар Ерөө голын зах дээр очоод хоноод маргааш өглөө нь экскаватороо янзлах гээд оролдож байх үед бид нарын байсан газрын хажууд шар өнгийн экскаватортай 3 залуу ирсэн. Тэд нар Ерөө голын урд зах усан дотроос экскаватороо ажиллуулан ухаж эхэлж байтал цагдаа нар ирж зогсоосон юм. Тэр ирсэн залуусыг би танихгүй, тэд нар ирээд дөнгөж ухаж эхэлж байтал цагдаа нар ирсэн тул их ухаж чадаагүй байх. Би тэр газар А гэж залуу хэд хоног хөлсөөр туслах ажилтнаар ажлаад өгөөч гэхээр нь хамт очсон, очоод экскаватор нь эвдэрсэн тул аШигт малтмал олборлоогүй, тэнд очоод миний бие өвдөөд цагдаа нар ирэхэд би халуураад хэвтэж байсан. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны нутаг, яг ямар нэртэй газар гэдгийг нь би мэдэхгүй, Ерөө голын урд зах дээр байсан. Тухайн газрын тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Г.Д 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 сард байх Улаанбаатар хотод 22-ын товчооны наад талаас хямдхан экскаватор хайж байгаад нэг хүнээс засвартай эвдэрхий “Хьюндай- 2900” маркийн хуучин экскаватор 17 саяд худалдаж авсан юм. Тэгээд засуулж янзлуулаад 2022 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажил хийхээр авч очсон юм. Би энэ экскаваторыг өөрөө хэрэглэх гэж биш засуулж янзлуулаад хүмүүсд түрээсэлж мөнгө олох зорилготой худалдаж авсан юм. Бугант тосгоны модон гүүрний тэнд түрээслэх хүн олдохгүй байлгаж байсан чинь 08 сарын дундуур өдрийг нь одоо нарийн сайн санахгүй байна. Э******* гэж залуу утасдаад “экскаваторыг чинь 3 хоног түрээсэлж ажлаад түрээсний мөнгийг өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би зүгээр байлгаж байхаар гэж бодоод Э*******ад 3 хоногийн 2 сая төгрөгөөр түрээслэхээр болоод мөнгийг дараа нь авахаар болоод турээслэсэн юм. Тэгээд 2, 3 хоногийн дараа байх Э******* над руу утасдаад “экскаваторыг нь ашиглаж чадаагүй байж байгаад цагдаад баригдчихлаа” гэсэн юм. Миний эзэмшлийн “Хюндай-2900” маркийн шар өнгийн экскаватор байгаа, ямар нэгэн бүртгэл дугаар бичиг баримт байхгүй байгаа, худалдаж авахад бичиг баримт байхгүй гэж байсан. Хаана ямар ажил хийхээ хэлээгүй, газар ухах ажил байгаа гэж байсан. Э*******тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Э******* ажлаад дараа нь мөнгийг нь өгнө гэж байсан тул мөнгө авч чадаагүй. Би одоо 15 саяар үнэлж байна, ерөнхийдөө их муудсан экскаватор байгаа. Хаана ямар газар ухсан талаар мэдэхгүй, надад хэлэхдээ газар ухаж чадаагүй гэж байсан. Э*******ад ашигт малтмалын зөвшөөрөл байгаа эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Б.Г 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Г.Дг сайн танихгүй. 2021 онд би өөрийн нэг эвдэрсэн экскаватороо зарсан юм. Тэрийг авч байсан залуу юм байна лээ. Надад эвдэрч муудсан асдаггүй нэг экскаватор байсан юм. Тэрийг би таарсан үнэнд нь хүнд зарчих юмсан гэж ярьж байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сард Д гэж залуу холбогдоод “зарах гэж байгаа экскаваторыг чинь авъя” гэсэн юм. Тэгээд ирж үзэж хараад надаас 17 саяар худалдаж авсан юм. Урьдчилгаа 6 сая төгрөг бэлнээр өгөөд дараа экскаватороо авахдаа үлдсэн мөнгийг нь бэлнээр өгөөд авсан юм. Тэрнээс хойш холбоогүй байсан чинь саяханаас над руу утасдаад “би таниас экскаватор авсан залуу байна, та очоод мэдүүлэг өгөөч” гээд дахин дахин гуйгаад байсан. Миний эзэмшлийнх байсан 2021 оны 10 сард Дд зарсан. “Хьюндай-2900” маркийн шар өнгийн экскаватор байгаа, бичиг баримт гэж байхгүй, улсын дугаар байхгүй, бүртгэлгүй бичиг баримтгүй техник байгаа” гэх мэдүүлэг[7],
8.2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 619,828 төгрөг байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажпын зардал тооцох боломжгүй байна” гэх дүгнэлт8,
9.“Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: Тус шинжилгээгээр нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 38,098 төгрөг болж байна” гэх дүгнэлт9,
10.2022 оны 08 дугаар сарын үнэлгээний тайлан хэсэгт: “Hyundai-2900 маркийн экскаватор үйлдвэрлэгдсэн он, монголд орж ирсэн оны зах зээл дээр зарагдаж байсан үеийн судалгааг хийж 2022 оны 08 дугаар сарын байдлаар 16,000,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт10,
11.2022 оны 08 дугаар сарын үнэлгээний тайлан хэсэгт: “Алт угаах төхөөрөмжийн нийт жин ойролцоогоор 2500-3000 кг бөгөөд зах зээлд хаягдал төмөрт тушаах үнийг 630,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт11,
12.Шүүгдэгч Н.Э******* 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн төвөөс өөрийн танил Р, Г нарыг хөлсөөр ажиллуулахаар тохироод 3-лаа хамт Бугант багийн модон гүүрний хажуугийн модон дотор байсан Д экскаваторыг очиж авсан. Д экскаваторыг би нэг өдрийн 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байсан юм. Экскаваторын хамт модон гүүрний хажууд миний өөрийн гитаран буу байсныг бас аваад цааш явж орой болсон хойно “Улаан хясаа” нэртэй газар очсон юм. Очиход тэнд экскаватор нь эвдэрсэн ажиллаагүй гээд А гэж залуу Ерөө голын зах дээр байсан. Тэндээ хоноод маргааш нь буюу 08 дугаар сарын 16-ны өдөр би өөрөө экскаватороо жолоодоод алт угаах төхөөрөмж буюу гитаран буугаа байрлуулаад Ерөө голын урд захын усан дотроос бага хэмжээний газар ухаад гитаран буун дээрээ асгаж угааж байтал цагдаа нар ирж баригдсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Улаан хясаа” нэртэй газар алт ухах зорилгоор экскаваторыг ажиллуулж Ерөө голын усан дотроос бага хэмжээний газар ухаад гитаран буун дээрээ асгаад угаах гэж байгаад цагдаа нарт баригдсан, алт ухах зорилгоор газар ухсан. Би Дарамбазар гэж хүний “Хьюндай-2900” маркийн экскаваторыг түрээсээр авч өөрөө жолоодож ажилуулж байгаад баригдсан. Мөн өөрийн эзэмшлийн гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг ашигласан, өөр ямар нэгэн техник хэрэгсэл ашиглаагүй. Тэр газар ямар нэгэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй газар байсан. Би Г, Р нарт тухай газрыг манай найзын тусгай зөвшөөрөлтэй газар гэж хэлсэн бас Г, Р нарыг би хөлсөөр ажиллуулахаар авч явсан болохоор ямар нэгэн оролцоо байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөх учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
13. Шүүгдэгч Н.Э******* 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн төвөөс өөрийн танил Р, Г нарыг хөлсөөр ажиллуулахаар тохироод 3-лаа хамт Бугант багийн Модон гүүрний хажуугийн модон дотор байсан Д экскаваторыг очиж авсан. Д экскаваторыг би нэг өдрийн 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байсан юм. Экскаваторын хамт модон гүүрний хажууд миний өөрийн гитаран буу байсныг бас аваад цааш явж орой болсон хойно “Улаан хясаа” нэртэй газар очсон юм. Очиход тэнд экскаватор нь эвдэрсэн ажиллаагүй гээд А гэж залуу Ерөө голын зах дээр байсан. Тэндээ хоноод маргааш нь буюу 08 дугаар сарын 16-ны өдөр би өөрөө экскаватороо жолоодоод алт угаах төхөөрөмж буюу гитаран буугаа байрлуулаад Ерөө голын урд захын усан дотроос бага хэмжээний газар ухаад гитаран буун дээрээ асгаж угааж байтал цагдаа нар ирж баригдсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Улаан хясаа” нэртэй газар алт ухах зорилгоор экскаваторыг ажиллуулж Ерөө голын усан дотроос бага хэмжээний газар ухаад гитаран буун дээрээ асгаад угаах гэж байгаад цагдаа нарт баригдсан, алт ухах зорилгоор газар ухсан. Би Дарамбазар гэж хүний “Хьюндай-2900” маркийн экскаваторыг түрээсээр авч өөрөө жолоодож ажлуулж байгаад баригдсан. Мөн өөрийн эзэмшлийн гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг ашигласан, өөр ямар нэгэн техник хэрэгсэл ашиглаагүй. Тэр газар ямар нэгэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй газар байсан. Би Г, Р нарт тухай газрыг манай найзын тусгай зөвшөөрөлтэй газар гэж хэлсэн бас Г, Р нарыг би хөлсөөр ажиллуулахаар авч явсан болохоор ямар нэгэн оролцоо байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөх учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, 14.2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18-04-003/61 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актанд: “Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учирсан хохирол 38,098*2=76,196 төгрөг, газарт учирсан хохирол 113*3=339 төгрөг, усан санд учирсан хохирол 581,617*3=1,744,851 буюу нийт хохирлын үнэлгээ 1,821,386 төгрөг болж байна” гэх дүгнэлт, 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Э нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Э*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол 1,821,386 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга гурван зуун наян зургаа/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 38,098 /гучин найман мянга ерэн найм/-н төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Н.Э******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[8]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаватор нь Г.Д эзэмшлийн техник гэж мэдүүлж байгаа боловч хэний эзэмшил, өмчлөлд байгаа болох нь нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд уг техник нь тээврийн хэрэгслийн бичиг баримтгүй, улсын дугааргүй, бүртгэлгүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч Улсын орлогод оруулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшлийн 630,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг тус тус Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Иргэний нэхэмжлэгч Г.Д нь “Hyundai 2900” маркийн экскаваторын үнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Н.Э*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Э******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Н.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд шүүгдэгч Н.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 1,821,386 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн хэмжээ нь бол байгаль орчинд 1,821,386 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардал 38,098 төгрөг байна. ...Экскаватор гэдэг хүнд техник механизм байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хор уршгийг нэмэгдүүлж байдаг. Улсын бүртгэлгүй техник хэрэгслийг эзэмшигч нь буцаан олгоод үнийн дүнг гаргуулж байгаа шүүхийн практик байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу цаашид үр дагаврыг бодолцож үзээд экскаваторыг улсын орлого болгох зайлшгүй шаардлагатай гэж улсын яллагчийн зүгээс харж байна” гэсэн саналыг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Прокуророос зүйлчилж ирсэн зүйчлэлтэй маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс маргаан байхгүй. Хохирлын асуудал дээр эргэлзээтэй зүйл байгаа. Нөхөн сэргээлтийн зардал дээр нэг ч төгрөгийн зөрүү байдаггүй. Шүүх үүн дээр дүгнэлт хийх байх. Шүүгдэгчийн зүгээс бол гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Э*******ад анхааруулсан болно.
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ад 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Э*******ад анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Э*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 1,821,386 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга гурван зуун наян зургаа/-н төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 38,098 /гучин найман мянга ерэн найм/-н төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э******* нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 630,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Иргэний нэхэмжлэгч Г.Д нь “Hyundai 2900” маркийн экскаваторын үнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Н.Э*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ