| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0508/З |
| Дугаар | 128/ШШ2021/0576 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2021/0576
2021 09 08 128/ШШ2021/00576 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар, Гомдол гаргагч: “Б” ХХК /РД: ******/ Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байр Хариуцагч: Татварын ерөнхий газрын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, С.Г Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Татварын Ерөнхий Газрын байр Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудасны хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлж тайлагнаагүй зөрчилд 89,958,532.20 төгрөг, бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй зөрчилд холбогдох 8,721,372 төгрөгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Б.Г, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Гомдол гаргагч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын шаардлага, үндэслэлдээ: ...Татварын Ерөнхий Газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нар нь “Б” ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар 948,906,653.30 төгрөгийн зөрчилд 92,277,549 төгрөгийн татвар, 33,398,858 төгрөгийн торгууль, 20,752,526 төгрөгийн алданги нийт 146,968,549 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ноогдуулсан байна. Ногдуулсан нөхөн татвараас дараах хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир шийтгэлийн хуудсаар тавигдсан актын доорх хэсгүүдийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт Улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсанд заагдсан буюу албан татвар дутуу ногдуулсан болон төсөвт төлж тайлагнаагүй гэх нийт 599,723,547 төгрөгийн орлогоос Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан хасагдах зардал /2016, 2017 оны татварын тайлангийн алдагдал 558,455,588 төгрөг/-ийг хасаж тооцоогүй учраас ногдуулж буй татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016, 2017 оны алдагдлыг тооцож татвар ногдуулах ёстой байтал, хасалгүйгээр 55,845,455 төгрөгийн татвар илүү ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёрдугаарт маргаан бүхий шийтгэлийн хуудсанд заагдсан бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөхгүй байх гэсэн үндэслэлээр ногдуулсан 59,166,417 төгрөгийн нөхөн төлбөрт ногдуулсан 5,916,641 төгрөгийн нөхөн татвар нь “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй орлогыг хамааруулсан нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандаж, татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар ногдуулсан татварыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан юм. Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой хөл хорио тогтоосон төрийн болон хувийн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон энэ хугацаанд тус компанийн нягтлан бодогч бусад төлөөллийг хуралдаанд оролцуулалгүйгээр хуралдсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э бид Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Э-аас 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр ирүүлсэн 06/1573 дугаар албан бичигт “Б” ХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд урд хийсэн хяналт шалгалтын ажил үндэслэлтэй эсэхийг хянаж хариуг ирүүлнэ үү гэх хүсэлтийн дагуу Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.3.7 дах заалтыг баримтлан олгосон *** дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолт-оор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын ажлын үр дүнд 948.9 сая төгрөгийн зөрчилд 146.9 сая төгрөгийн төлбөр ногдуулан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр **** дугаар Шийтгэлийн хуудас-ыг үйлдсэн. Татвар төлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрч ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсаныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн татварын улсын байцаагчдын үйлдсэн Шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж үзсэн. “Б” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шийтгэлийн хуудас-аар ногдуулсан төлбөрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар хандсан байна. Бид хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд хандсан асуудлуудад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Компанийн шүүхэд ирүүлсэн гомдолд : 1. ТЕГ-ын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн байцаагч нарын шийтгэлийн хуудсанд заагдсан буюу албан татвар дутуу ногдуулсан болон төсөвт төлж тайлагнаагүй гэх нийт 599,723,547 төгрөгийн орлогоос, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн бүх хэсэгт заасныг баримтлан хасагдах зардал /2016, 2017 оны татварын тайлангийн алдагдал 558,455,558 төгрөг/-ийг хасаж тооцоогүй учраас ноогдуулж байгаа татвар, торгууль алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2016, 2017 оны алдагдлыг тооцож татвар ноогдуулах ёстой байтал, хасалгүйгээр 55,845,455 төгрөгийн татвар илүү ноогдуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.... гэсэн байна. Бид хяналт шалгалтаар Засгийн газраас хэрэгжүүлсэн Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих төслийн хүрээнд “Б” ХХК-ийн Голомт банкаар дамжуулан авсан зээлээс 4.0 тэрбум төгрөгийг Голомт банкин дах захирал Р.Бгийн хадгаламжийн *************, ********* дугаартай дансуудад хадгалан олсон 2015 онд 113,684,671.22 төгрөгийн, 2016 онд 405,106,849.33 төгрөгийн, 2017 онд 80,932,027.77 төгрөгийн, нийт 599,723,548.32 төгрөгийн орлогыг санхүүгийн болон татварын тайланд тусгаагүй, харин дээрх 4.0 тэрбум төгрөгтэй холбоотой зээлийн хүүг санхүү, татварын тайланд зардлаар тусгасан гэж үзсэн. Компанийн зүгээс 2016, 2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг дээрх зөрчлийн дүнгээс хасч тооцох байсан гэж үзсэн байна. Гэтэл хяналт шалгалтаар зөрчил гэж үзсэн 599,723,548.32 төгрөг нь “Б” ХХК-ийн 4.0 тэрбум төгрөгийг захирал Р.Бгийн Голомт банкин дах хадгаламжийн дансанд байршуулан олсон хүүгийн орлого юм. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь 599,723,548.32 төгрөгийн хүүгийн орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.4. хүүгийн орлого, 9.4-т Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, ... зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, үзүүлсэн хөнгөлөлт, урамшуулал хамаарна, 16 дугаар зүйлийн 16.3-т Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно: 16.3.4. хүүгийн орлого, 17 дугаар зүйлийн 17.2-т Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна: 17.2.6. хүүгийн орлогод 10 хувиар гэж заасан. Хуулийн дээрх заалтуудаас харахад хүүгийн орлого гэдэгт мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого хамаарч байгаа ба уг орлогод татвар ногдуулахдаа хасагдах зүйлгүйгээр нийт дүнд нь 10 хувиар татвар ногдуулахаар хуульчилсан байна. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасч ... албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасан. Хуульд заасанчлан банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос бусад байгууллагууд хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого, түрээсийн орлого гэх мэт орлогоос, хамаарах зардлыг хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор байна. Татвар төлөгчийн гомдолдоо дурдсанчлан тайлангаар гарсан алдагдлыг дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан үйл ажиллагаатай холбоотой зөрчил илрүүлсэн тохиолдолд хасч тооцохоор байна. Гэтэл бидний илрүүлсэн зөрчил нь энэ төрлийн орлого биш мөн хуулийн 16.2-т заасанчлан нийт дүнд нь татвар ногдуулах орлого буюу мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого болно. 2. ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарын шийтгэлийн актанд бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөхгүй байх гэсэн үндэслэлээр ноогдуулсан нийт 59,166,417 төгрөгийн нөхөн төлбөрт оногдуулсан 5,916,641 төгрөгийн нөхөн татвар нь “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй орлогыг тус компанийн үйл ажиллагаанд хамааруулсан нь хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэл болж байгаа болно. Энэ татвар ногдуулсантай тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээг бусдад үзүүлсэн тухай үйл баримт нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа учир нөхөн татвар ногдуулсан нь илт үндэслэлгүй болно гэж дурдсан байна. Шалгалтаар “Б” ХХК-аас 2015 онд 51,075,509.00 төгрөг, 2016 онд 3,545,451.00 төгрөг, 2018 онд 4,545,454.00 төгрөг, нийт 59,166,417.00 төгрөгийн орлогыг Монгол Улсын болон Солонгос Улсын иргэдэд олгон татвар суутган авч төсөвт төлөөгүй байна гэж үзэн 5,916,641.90 төгрөгийн нөхөн татвар, 1,720,447.20 төгрөгийн торгууль, 1,084,282.90 төгрөгийн алданги, нийт 8,721,372.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх иргэдэд орлого олгосон баримтууд нь Авлигатай тэмцэх газарт хураагдсан тус компанийн баримт бичгүүд дотор байсан ба зарим баримтууд нь анхан шатны баримтгүй ч мөнгө олгосон тухай жагсаалт зэрэг баримтууд байсан. Тухайлбал солонгос улсын иргэдэд барилгын фасад болон бусад засварын ажлын хөлс гэж олгосон байсан ба тус компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэр офиссын барилга барьсан байсан. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно, 14 дүгээр зүйлд 14.3. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх гэж тус тус заасан. Гэтэл “Б” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль, журмыг мөрддөггүй, санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн байсан. Улмаар хууль, журмыг биелүүлэлгүй анхан шатны баримт бүрдүүлэхгүй байгаа нь хуулиар ногдуулах ёстой татварыг төлөхгүй болон хяналт шалгалтаар нөхөн ногдуулахгүй байх үндэслэл болохгүй болно. гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргааны үйл баримтыг буруу ойлгож, тайлбарлаж байна. Татварын улсын байцаагч нар нь “Б” ХХК нь арьс ширний үйлдвэр дэмжих төслийн хүрээнд 6,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан боловч 4 тэрбум төгрөгийг компанийн захирлын хадгаламжийн дансанд байршуулж 2015-2017 оны хооронд 599,723,547 төгрөгийн хүүгийн орлогыг тайлагнаж, татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд гомдол гаргагчийн зүгээс зөрлөө хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардлуудыг хасч тооцоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хадгаламжийн хүүгийн орлогын хувьд ямар нэгэн зардал гарахгүй шууд олж байгаа орлого юм. Харин зээл болон түүнийг төлөхөд зардал гарч байгаа учраас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хасагдах зардлын асуудал яригдана. Гомдол гаргагчийн хувьд зээлийн хүү, хадгаламжийн хүүг ялгахгүй хасагдах зардлын асуудлыг ярьж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Гомдол гаргагч “Б” ХХК нь Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нарт холбогдуулан Татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн **** тоот шийтгэлийн хуудасны хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлж тайлагнаагүй зөрчилд 89,958,532.20 төгрөг, бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй зөрчилд холбогдох 8,721,372 төгрөгийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Авлигатай тэмцэх газраас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/1573 тоот албан бичгийг Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газарт ирүүлсэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *** тоот томилолтын дагуу Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нар нь “Б” ХХК-ийн 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн **** тоот шийтгэлийн хуудсаар нийт 7 төрлийн 948,906,653.30 төгрөгийн зөрчилд 92,277,349 төгрөгийн нөхөн татвар, 33,938,858 төгрөгийн торгууль, 20,572,526 төгрөгийн алданги, нийт 146,968,734.70 төгрөгийн шийтгэл оногдуулжээ. “Б” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн 4 төрлийн 759,414,722.87 төгрөгийн зөрчлийг эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 13 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн[1] байна. Шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэг. Хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлж тайлагнаагүй зөрчлийн тухайд: “Б” ХХК нь Арьс шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн худалдан авах, тоног төхөөрөмж шинэчлэх, зорилгоор Хөгжлийн банкнаас олгосон зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ-ний хүрээнд Голомт банктай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3635101569 тоот гэрээг байгуулж, 6.5 тэрбум төгрөгийн зээлийг 3******* тоот дансанд байршуулжээ. Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдвэрийн барилга барьж дуусгах тоног төхөөрөмжийн үнэд 4 тэрбум төгрөгийн гүйлгээ /зарлага/ гаргасан бөгөөд мөн өдрөө захирал Р.Б өөрийн Голомт банк дахь хадгаламжийн 3******* дансанд 4 тэрбум төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хадгалж, мөн өдрөө зарлага гаргаж, дахин Голомт банкны 3******* хадгаламжийн дансанд 3,2 тэрбум төгрөгийг байршуулж, нийтдээ 2015 онд 113,687,671.23 төгрөгийн, 2016 онд 405,106,849.32 төгрөгийн, 2017 онд 80,932,027.76 (20,515,068.49+60,416,959.27) төгрөгийн хүүгийн орлого олсон байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй бөгөөд шийтгэлийн хуудсаар тогтоосон 599,726,548.31 төгрөгийн зөрчлийг “Б” ХХК хүлээн зөвшөөрдөг[2]. Гагцхүү 599,726,548.31 төгрөгийн орлогоос 2016, 2017 оны татварын тайлангийн алдагдал 558,455,558 төгрөгийн хасагдах зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй, манай компани ямар ч хүүгийн орлого олоогүй, хадгаламжаас ашиг олж, мөнгө авч байгаагүй бөгөөд уг мөнгийг зээлд зарцуулагдаж байсан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ. Энэхүү маргаж буй үйл баримт, зөрчлийн хувьд 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэглэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь Арьс шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн худалдан авах, тоног төхөөрөмж шинэчлэх, зорилгоор Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд Голомт банкнаас авсан 6.5 тэрбум төгрөгийн зээл, түүний хүүг төлсөн төлбөр буюу компанийн зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтад хамаарах бөгөөд энэхүү хуулийн дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016, 2017 оны тайланд[3] хасагдах зардлаар тусгасан бөгөөд уг асуудлыг татварын улсын байцаагчид ямар нэгэн зөрчилд тооцоогүй. Харин “Б” ХХК-д тусгай нөхцөлөөр олгосон 6.5 тэрбум төгрөгийн зээлээс 4 тэрбум төгрөгийг захирал Р.Бгийн Голомт банкин дахь 2 хадгаламжийн дансанд байршуулж, олсон /бодогдсон/ хүүгийн орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй болох нь холбогдогчоос авсан мэдүүлгээр[4] тогтоогдож байх бөгөөд татварын улсын байцаагчид энэхүү зөрчилд хариуцлага оногдуулсныг буруутгах буюу шийтгэлийн хуудасны энэхүү зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д хүүгийн орлого-д албан татвар ногдохоор, мөн зүйлийн 9.4-т Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, ... хамаарна гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.3.4-д хүүгийн орлого-ийн нийт дүнгээс 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтад зааснаар 10 хувиар тооцож, татвар ногдуулахаар заасан байх тул хадгаламж дахь мөнгөн дүнд бодогдож буй хүүгийн хуримтлалын орлого /цэвэр/-д ямар нэгэн хасагдах зардал тооцохгүй, нийт дүнгээр тооцохоор хуульчилсан байх тул гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...татвар ногдох орлогоос хасаж тооцоогүй, манай компани ямар ч хүүгийн орлого олоогүй, хадгаламжаас ашиг олж, мөнгө авч байгаагүй гэх тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр. Бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: Маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудас /Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 5 дахь хэсэг/-аар компанийн барилга дээр ажилласан хүмүүст 2015 онд 51,075,509.09 төгрөг, 2016 онд 3,545,454.55 төгрөг, 2018 онд 4,545,454.55 төгрөг, нийт 59,166,417 төгрөгийг цалин хөлсөнд олгосон боловч хувь хүний орлогын албан татвар суутган авч, төсөвт төлөөгүй зөрчилд нь 5,916,641.90 төгрөгийн нөхөн татвар, 1,720,447.20 төгрөгийн торгууль, 1,084,282.90 төгрөгийн алданги, нийт 8,721,372 төгрөгөөр торгох[5] шийтгэл оногдуулжээ. “Б” ХХК нь энэхүү зөрчлийг үгүйсгэж, хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ ... компанийн үйл ажиллагаатай хамааралгүй орлогыг тус компанийн үйл ажиллагаанд хамаатуулсан бөгөөд энэ нь санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй гэж, Татварын улсын байцаагчийн зүгээс ... тухайн компани нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлт, хөтлөлт хангалтгүй, ер нь баримт бүрдүүлдэггүй... гэж тус тус маргажээ. Гомдол гаргагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй татвар төлөгчтэй уулзсан эсэх, зөрчлийг ямар нотлох баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй гэж дурдсан боловч татвар төлөгчийн зүгээс тус шүүхэд татварын улсын байцаагчийн зөрчил гэж үзсэнийг үгүйсгэсэн баримтуудаа гаргаж өгөөгүй байх тул дээрх зөрчилд төлбөр ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд татварын улсын байцаагч нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон татварын хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажлын 15 хоног, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 08 сарын 30-ны өдрийг хүртэл 118 хоног сунгаж хяналт шалгалтыг хийсэн; энэ хугацаанд татвар төлөгчөөс хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримт бичгийг жагсаалтаар шаардан хүлээн авч, санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлан болон бусад баримтад хяналт шалгалтыг хийж, 08 дугаар сарын 26-ны өдөр татварын хяналт шалгалтаар зөрчил илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн; уг ажиллагаанд компаниас олгосон итгэмжлэлээр нягтлан бодогч Ж.А-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, холбогдогчийн эрх, үүрэг танилцуулж, түүнээс мэдүүлэг авсан; нягтлан бодогч Ж.А өгсөн мэдүүлэгтээ ... манай компани улирлын чанартай ажилладаг. 2018 онд хуулийн байгууллагад шалгуулаад 6 сараас хойш үйл ажиллагаа явагдаагүй. Ингээд төлбөрийн чадвар муутай байсан учир албан татваруудыг төлөлгүй хугацаа хожимдуулсан гэснээс өөрөөр зөрчлөө үгүйсгээгүй буюу зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, нотлох баримт гаргаж, маргаагүй энэ тохиолдолд татварын улсын байцаагч нарыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4, 9.4, 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх заалтуудыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудасны хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлж тайлагнаагүй зөрчилд 89,958,532.20 төгрөг, бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төсөвт төлөөгүй зөрчилд холбогдох 8,721,372 төгрөгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
|