| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0008/З |
| Дугаар | 221/МА2025/0274 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0274
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2025/0274 | Улаанбаатар хот |
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***,
Хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***,
Нэхэмжлэгч: “Ж” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0974 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, А.З***
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***,
Хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,
Хэргийн индекс: 128/2024/0008/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан анх “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг “хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж тодруулан маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0974 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, 40.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гэрээг дүгнэх, тооцох нийлэх бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 12.1-д “эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-д заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна”, 12.2-д “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг “ХУР төрийн мэдээлэл солилцооны цахим систем” эсвэл “ДАН танилт нэвтрэлтийн нэгдсэн систем”-ээр дамжуулан өөрөө хэвлэн авна гэж тус тус заасан байх бөгөөд шүүхийн үзлэгээр Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд газар эзэмшигчийн гэрээ, гэрчилгээг үүсгэж, мөн журмын 12.4.9-д заасны дагуу улсын бүртгэлийн дугаар олгогдсон байсан нь үзлэгээр тогтоогдсон.
3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 33-д “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/545 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” талаар “Ж” ХХК-д мэдэгдсэний дагуу “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/01 дугаартай албан бичгээр “...дээрх нөхцөл байдлыг харгалзан газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцлахгүй байх арга хэмжээ авч, газрын төлбөрийн үлдэгдлээс манай газрын хэмжээг 1100 м.кв хэмжээгээр хасаж авсны нөхөн олговор 44-55 сая төгрөгийг хасаж, газрын төлбөрийн бодит хэмжээг гаргаж тооцоо нийлэх” гэх агуулга бүхий хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 13 минутад хүлээн авч бүртгэсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Танилцав. Бүртгэлд авав” гэсэн шийдвэрлэсэн тэмдэглэл хийж, бүртгэлийг хаасан.
3.3 Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 34-т “Үүнээс үзвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын алба шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн дээрх хүсэлтэд дурдсан асуудлыг тодруулаагүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй үзүүлсэн байх тул ... нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь “Ж” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/01 дугаартай албан бичиг нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/545 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хариу бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж, шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасан бөгөөд “Ж” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/27 дугаартай албан бичгээр “...дээр дурдсан шалтгаануудын улмаас 2019 оны бүтэн жилийн 2020 оны эхний хагас жилийн газрын төлбөрийг төлөөгүй байгаа ба хавсралтад заасан графикийн дагуу нөхөн төлөх зөвшөөрөл олгохыг хүсье” гэж хүсэлт гаргасныг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөр хариуцсан мэргэжилтэн С.У*** хүлээн авч “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд “Ж” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын 2019-2020 оны газрын төлбөрийг төлөх талаар өөрсдийн гаргасан хүсэлт нь 2020 оны тайлант хугацаанд хамаарч байгаа учир тус хугацаандаа төлж дуусгаж болно /Утсаар мэдэгдэв/ гэж хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг бичгээр амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ”, 5 дахь хэсэгт “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу хариу мэдэгдсэн.
3.4 “Ж” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээ нь 2005 оноос 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 140.000 м.кв байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протоколоор 2019-2023 онуудын нийт төлбөр болох 108,825,923 төгрөгийг төлөгдөөгүй дүгнэгдсэн,
3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “Ж” ХХК анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 107 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 1863*** дугаар бүхий 140.000 м.кв газрыг “ажилчдын сууц”-ны зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан.
Үүнээс хойш мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжаар газрын зориулалтыг “Орон сууц” болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжаар газрын хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулалгүйгээр газар эзэмших эрхийг баталгаажуулан, хугацааг 5 жилээр сунган 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсныг мөн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/23 дугаар захирамжаар дахин 15 жилийн хугацаагаар сунгаж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн огноо бүхий 01116-2020/00935 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээг 139.945 м.кв гэж тэмдэглэсэн.
“Ж” ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...2019 онд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай талбайгаар дайран өнгөрөх шинэ автозам байгууламжид газраасаа тасалж өгсөн, Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн өргөтгөл, спортын талбайн газрыг өгсөн, 2020 онд иргэн Б.Д***ийн газрын нөхөн төлбөрт газраасаа 4*64 м.кв газар өгсөн, мөн УБЦТС ХК-ийн цахилгааны 3 ширхэг ТП-д газраасаа өгч, нийт 2945.6 м.кв талбайг үнэ төлбөргүй буцаан өгсөн...”, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...нийт 1890 м.кв орчим хасагдаж, 139.945 м.кв болсон” гэх агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А1264 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг 138.385 м.кв болгон өөрчилж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдсон.
4. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн 138.385 м.кв газар эзэмших эрхийг “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа хоёр жил дараалан эзэмшээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцож” шийдвэрлэснийг анхан шатны шүүх “...захиргааны байгууллагаас 138.835 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэнтэй холбоотой газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг “эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшээгүй” үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй ... газар эзэмших гэрээг хэзээ байгуулсан, гэрээний ямар нөхцөлийг хэрхэн зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшээгүй хугацааг хэрхэн тоолсон нь тодорхойгүй ... шийдвэр гаргах ажиллагаанд хамаарх нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг тодруулаагүй...” зэргээр дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшигч этгээд нь тухайн газрыг анх олгосон зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүргийг хүлээнэ.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь “...газар эзэмших гэрчилгээг эзэмшиж эхэлсэн үеэс Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, 2006-2008 онд Ерөнхий боловсролын 106 дугаар сургууль барихад, 2018 онд Буддын шашны Ялгуулсан хутагтын Гунгаа даржаалин хийд барихад, 2019 онд тус сургуулийн өргөтгөлийн барилгад, нийтийн чанартай авто зам барихад зэрэг нийт 1.2 га газрыг тус тус шилжүүлсэн... орон сууц барих бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Тухайлбал, “Э” ХХК-иар хотхоны орон сууцны “Загвар зураг төслийн ажил”-ыг хийлгэхээр гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн зарим нөхцөлийг бүрдүүлсэн, БНХАУ-ын Ж*** групптэй хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар эхний тохиролцоог хийсэн” гэх зэргээр газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг явуулсаар ирсэн хэмээн тайлбарлах боловч
нэхэмжлэгч хуулийн этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрх анх үүссэн 2005 оноос хойш 18 жилийн хугацаанд эзэмших эрх бүхий газартаа “ажилчдын сууц”, “орон сууц”-ны зориулалттай барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр,
“Орбит хотхон” төсөл хэрэгжүүлэхээр загвар зургийг гаргасан хэмээн 2020 оны огноотой зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч тухайн зураг нь хуульд заасан журмын дагуу холбогдох эрх бүхий этгээдээр батлагдаагүй,
“...Хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу ажлыг эхлүүлэх гэтэл дэлхий нийтийг хамарсан Коронавирус халдварын цар тахал дэгдэж Монгол Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дүгээр тогтоолууд гарч ... хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарлана хэмээн заасны дагуу компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн” хэмээн тайлбарлах боловч тухайн үйл баримттай холбогдуулан хуульд заасан журмын дагуу Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/-ийн гэрчилгээг аваагүй,
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинэ автозам, Ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн өргөтгөл, спортын талбай болон Буддын шашны Ялгуулсан хутагтын Гунгаа даржаалин хийд барьсан хийгээд 2020 онд иргэн Б.Д***д газраасаа 4*64 м.кв газар өгсөн зэрэг үйл баримт нь нэхэмжлэгчид хамааралгүй болох хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тус тус тогтоогдсон.
Мөн, маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаал /2025 оны А/6 дугаар тушаалаар хүчингүй болсон/-ын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 12.2-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг "ХУР-төрийн мэдээлэл солилцооны цахим систем" эсвэл "ДАН-танилт нэвтрэлтийн нэгдсэн систем"-ээр дамжуулан өөрөө хэвлэн авна” гэж заасан.
Энэ журмын дагуу нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1264 дүгээр захирамжаар өөрийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг 138.385 м.кв болгон өөрчилсөн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээг өөрөө хэвлэн авах журамтай.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан газрын төлбөрийг хуучин хэмжээ болох 140.000 м.кв болон сүүлд хүсэлт гарган багасгасан 138.385 м.кв аль ч хэмжээгээр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад
“...захиргааны байгууллагаас 138.835 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэнтэй холбоотой газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь нотлогдохгүй”, “... газар эзэмших гэрээг хэзээ байгуулсан, гэрээний ямар нөхцөлийг хэрхэн зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшээгүй хугацааг хэрхэн тоолсон нь тодорхойгүй” зэргээр үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0974 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/1042 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “гэрээг дүгнэх, тооцох нийлэх, бусдад шилжүүлсэн газрын суурь үнийн дүнгээр газрын төлбөрөөс хасалт хийлгэх” хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, бусдад шилжүүлсэн 1200 м.кв газрын суурь үнийн хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг хасаж тооцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА