Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга:Д.Чинзориг

улсын яллагч: Д.Уянга

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Саранчимэг

хохирогч: Г.Алтаннавч

шүүгдэгч: Г.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Юншээбуу овогт Гүрбазарын Баясгаланд холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013139 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Юншээбуу овогт Гүрбазарын Баясгалан, 1956 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11  дүгээр хороо Шавартайн ам гэдэг газарт 01 дүгээр гудамжны 04 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ХЕ56122108,

Холбогдсон хэргийн талаар:

Г.Баясгалан нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  08.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Шавартайн ам гэдэг газарт Г.Алтаннавчтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй. Болсон зүйлийн талаар хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэлтэй маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хохирогч Г.Алтаннавч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 07-ны өглөө энэ асуудал болсон. Би Баясгалангийн урд ууланд малаа бэлчээж явсан. Тэнд манайхыг малаа бэлчээхэд Баясгалан дургүй байдаг. Баясгалан эхэлж ирээд, дараа нь охин нь ирсэн. Тэр “энд малаа бэлчээж болохгүй” гэхэд нь би “энд яагаад бэлчээж болдоггүй юм” гэж хэлсэн. Дараа нь Баясгалан үгийн зөрүүгүй гартаа барьж байсан модоороо миний толгой руу нэг удаа цохисон. Мөн үснээс зулгааж доошоо дарахад нь би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тэгээд салаад би тэндээс хойно хонь хариулж байсан 2 хүнд очиж толгойгоо үзүүлэхэд миний толгой хавдсан байсан. Миний халаасанд байсан утас мөн эвдэрсэн байсан учир би тэр хоёр хүний утсаар цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирэхээр би тэдэнтэй цуг Баясгалангийн гэрт очсон. Баясгалан надад “шүүх эмнэлгийн дүгнэлт 3 хоногтоо гарна. Үзүүл” гэхээр нь би үзүүлэхэд “хөнгөн гэмтэл учирсан байна” гэсэн дүгнэлт гарсан. Хуулийн дагуу бид эвлэрэх боломжтой байсан учир би Баясгалангаас “1 сая төгрөг өгвөл эвлэрье” гэж нэхэмжилсэн. Тэгээд Баясгалан энэ өглөө надад 600.000 төгрөг өглөө. Дараагийн 2 сард үлдэх 400.000 төгрөгийг өгнө гэсэн. Үүнд би итгэж байна. Бид сайн дураар эвлэрч байна гэв.

          Шүүгдэгч Г.Баясгалан хэрэг бүртгэлтэд  мэдүүлэхдээ :2016 оны 08 дугаар сарын 07-нд 09.00 цагийн орчимд Алтаннавч манай руу хонио туугаад ирсэн. Тэгэхээр нь би урьд зодсоныг чинь зүгээр өнгөрөөнө гэж бодож байна уу гэж хэлсэн. Тэгтэл үгүй шүү би явдаг газраар нь явна. Одоо л би завтай болж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу чулуу авч шидсэн. Тэгэхээр нь би хариу чулуу шидсэн. Дахиад намайг зодож магадгүй гэж бодоод би үсдээд авсан. Тэгтэл намайг зодохгүй гэж хэлэхээр нь би үсийг нь тавьсан. Тэгж байхад миний охин Мөнхцэцэг ирэхээр нь би гарт нь байсан модыг нь ав гэсэн. Охин модыг нь авах гэхэд Алтаннавч модоо тавихгүй байсан. Гэтэл охин модыг нь татаад авсан. Гэтэл тэр мод нь хадаастай мод байсан юм байна лээ миний охины гарыг урчихсан байсан байна лээ. Тэгээд дахин зууралдаагүй салцгаасан. Би Алтаннавчид шүүх эмнэлэгт үзүүлээрэй дүгнэлт гаргуулаарай гэж хэлээд явсан. Бид хоёр чулуу шидэлцсэн юм бий. Охин бид хоёр нийлж Алтаннавчийг зодоогүй. Алтаннавч өмнө нь намайг зодож байсан гэжээ. /хх-ийн 7/

          Хохирогч Г.Алтаннавч хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:2016 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 08.00 цаг өнгөрөөд малаа дагаад явж байтал манай ойролцоох айлын Баясгалан гэдэг 60 орчим насны эмэгтэй мотоциклтэй ирээд намайг бузарын гичий хулгайч наад малаа аваад зайл гэж намайг элдвээр хэлээд манай малыг мотоциклээрээ хөөсөн. Тэгээд яваад өгсөний дараахан охин нь дахиад мотоциклтэй хүрээд ирсэн. Охин нь ирээд намайг чи дээд боловсролтой л гэсэн хачин л юм байна ш дээ гэж  хэлсэн.  Гэтэл ээж нь мөн цаанаас нь мод барьж ирсэнээ миний толгой руу барьж явсан модоороо ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд цохьсон. Мөн чулуу авсанаа шидэж миний баруун нүдний хажууд оносон. Би модоор цохиулаад унтал Баясгалан үсдээд тавихгүй байхаар нь 2 гарыг нь барьтал охин руугаа гарыг нь тавиулаач гээд орилоод байсан. Гэтэл охин нь миний гар тавиулах гээд гар луу өшиглөхөөр нь аргагүйн эрхэнд гараа авсан. Гар нь сул болохоор дахин миний үснээс зулгаасан. Намайг нилээн удаан тэгж зовоосон. Миний зүүн гар бүдүүн булчиндаа нилээн хавдсан байсан. Баясгалан нь намайг зодооч гэхээр нь би чамайг зодохгүй гэж хэлээд хариу эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд намайг чи явдаг газраараа яваарай шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулаарай гэж хэлээд явсан. Тэрээр өөрийнхөө малын бэлчээрийг манай мал идлээ гэж л зодсон юм шиг байсан. Гэрийх нь ойролцоо мал явахаар л хөөгөөд байдаг юм. Намайг зодож байхад миний халаасанд байсан утсыг эвдсэн байсан. Миний толгой руу мод чулуугаар цохьсон. Үсдэж зулгааснаас болоод толгой их өвддөг болсон. Тэрээр миний өмчилж авсан газарт малаа орууллаа гэж л уурлаад байдаг юм.Би 350.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан гэжээ. /хх-н 11-12/

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхцэцэг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 08.00 цагийн үед босоход гэрийн зүүн хойд талд нэлээн хэдэн хонь байсан. Ээж Баясгалан тэр үед хониндоо явсан байсан. Тэр хонь манай гэрт 300 метр орчимд дөхөөд ирэхээр нь хонийг холдуулах гээд очсон чинь нэг эгч хонины цаанаас босоод ирсэн. Би түүнд эгчээ хонь чинь гэрийн хаяанд ороод ирсэн байна ш дээ гэж хэлсэн чинь тэр эгч би хонио хаана бэлчээхийг заалгахгүй чи миний хонийг хөөдөг хэн бэ гэж намайг загнасан. Хонь нь өөрсдөө манайхаас холдох гэхээр урдуур нь орж хэрээд тогтоогоод байсан. Тэгж байтал ээж Баясгалан ирээд миний явах ажил дуусч байгаа чиний хийсэн өмнөх хэргийг шалгуулж мөрдүүлнэ гэж тэр эгчид хэлсэн. Тэр эгчийг Алтаннавч гэдэг бөгөөд түүнийг танина. Алтаннавч тэгтэл ээжид чиний явах ажил одоо эхэлж байгаа за юу гэснээ ээж рүү чулуу аваад шидсэн. Чулуу нь оноогүй ба ээж бултсан. Ээж Баясгалан Алтаннавч руу явж очоод гарнаас нь барьж үснээс нь зулгааж доош нь дарсан. Алтаннавч тэр үед нарийн шилбүүр барьж явсан бөгөөд ээжийг цохих гээд савчаад байсан учир тэр модыг нь би гарнаас нь барьж авсан. Тэр хоёр бие биенийхээ бугуйнаас барьж өвдөглөөд газарт суусан байсан. Манай ээж түүнд би ийм хүн биш чи намайг ийм болгосон гэж хэлсэн. Мөн Алтаннавч эгчээс чи намайг зодох уу гэж түүнээс хэд хэдэн удаа асуусан. Тэгэхэд би зодохгүй гэж хэлээгүй. Нэлээн олон удаа асуухад Алтаннавч би чамайг зодохгүй гэж хэлэхээр нь үснээс нь тавьсан. Ээж Баясгалан хэлэхдээ чи 24 цагийн дотор шүүх эмнэлэгт үзүүлээрэй л гэж хэлсэн. Алтаннавч намайг өөрт нь гар хүрээгүй гэдгийг мэдсээр байж ээжид би чамайг охинтой чинь хамт хам хэрэгт оруулна даа гэж хэлээд орилоод байсан. Тэгээд л тэд нар салцгаасан. Алтаннавчийн биенд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ээж түүний үсийг нь гартаа ороогоод дарсан байсан. Түүнээс ямар нэгэн зүйлээр цохиж гэмтээгээгүй. Тухайн асуудал малын бэлчээр дээр болсон гэжээ.  /хх-н 55—57/

          Гэрч Э.Саруул хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэн Баясгалангаас 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хөдөө бэлчээр дээр Алтаннавч гэгчид зодуулж гэмтээлээ гэх өргөдөл гомдлыг хүлээн авсан. Тухайн өдөр нь 5 дах өдөр байсан бөгөөд тухайн өдөр өргөдлийг тоо бүртгэлээс авах гэхэд мэдээлэл судалгааны  ажилтнууд 17.00 цаг болгоод тараад явчихсан байсан. Тэгээд өргөдөл авалгүйгээр гомдол гаргагч Баясгалангаас тайлбар авч байтал уг хүн чи миний өргөдөлтэй танилцахгүй худлаа юм бичиж байгаад надаар гарын үсэг зуруулах гэлээ чамайг шалгуулдаг газраар нь шалгуулна гээд гараад явчихсан. Тэрнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр тоо бүртгэлээс гомдлыг нь аваад Баясгалантай холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байсан. Гомдол гаргачийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир уг материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай 9 хоногт нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын хяналтанд шилжүүлсэн. Алтаннавч ирж тайлбар өгөөгүй. Гомдол гаргагч нь ирж тайлбар өгөөгүй учир Алтаннавчаас тайлбар аваагүй гэжээ.  /хх-н 40/

           Г.Алтаннавч,Г.Баясгалан нараас асууж авсан тайлбарууд /хх-н 5-7/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-н 8/ Нокио 3310 хуучин гар утас  10.000 төгрөг гэж үнэлжээ.хохиролын эд зүйлийн үнэлгээг  танилцуулсан тэмдэглэл/ хх-н 9-10/

          Хохирогч Г.Алтаннавчийн нэхэмжлэлд гаргаж өгсөн баримт/ хх-н 13-14/, /хх-н 37-38/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 16/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11011 тоот акт.ДҮГНЭЛТ:

1.Алтаннавчийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17

           Оролцогч нарт шинжилгээхийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг таницуулсан тухай тэмдэглэл/ хх-н 18-19/,

          Г.Баясгаланд гадагш явж болохгүй баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/ хх-н 20/

          Г.Баясгаланг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 21-25/,/хх-н 44/, / хх-н 58-62/

Г.Баясгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н28 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27/,хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл/ хх-н 39/ зэрэг болно.

Холбогдсон хэргийн талаар:

Г.Баясгалан нь 2016 оны 8 дугаар сарын 07-ны өглөө  08.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Шавартайн ам гэдэг газарт Г.Алтаннавчтай  манай бэлчээр дээр малаа хариуллаа гэж  хувийн таарамжгүй харьцааны улмаас   маргалдан улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж үснээс нь татаж биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Г.Баясгалан, Г.Алтаннавч нар нь мал бэлчээх бэлчээрийн асуудлаас болж маргалдан улмаар зодолдож Г.Алтаннавчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Иймд Г.Баясгаланг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Баясгалан нь хохирогч Г.Алтаннавчид 1.000.000 төгрөг өгч хохиролгүй болгосон, одоо хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн нь хуульд харшлахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баясгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж болно гэсэн үндэслэлээр Г.Баясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

         Г.Баясгалан нь  урьд ял шийтгэгдэж байгаагүйг  хх-н 27-рт авагдсан цагдаагийн байгууллагын   лавлагаагаар тогтоогдож байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Баясгалан нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдах нь зүйтэй

         Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Юншээбуу овогт Гүрбазарын Баясгаланг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Г.Баясгаланд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3  дах хэсэгт заасан хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр Г.Баясгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар Г.Баясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

5.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баясгаланд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                           С.ПҮРЭВСҮРЭН