| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
М******* Улсын нэрийн өмнөөс
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч *******,
шүүгдэгч П.Х******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******* овогт П******* Х*******т холбогдох эрүүгийн 2231003210250 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М******* улсын иргэн, 1974 оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Т” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын 3 дугаар баг, Төв гудамж 1-37 тоотод тоотод оршин суух хаягтай, аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, М******* овогт П******* Х******* /РД: МТ74**************13/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч П.Х******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,132,*******7 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Х******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,132,*******7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Х******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч П.Х*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, хохирлыг нөхөн төлнө” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.Б 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ жил манай сумын хувьд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй. Би хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн эвдрэлд орсон газарт буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлмээр байна. Манай сумын төрийн сангийн 100130200914 тоот дансанд хохирлын мөнгийг хийлгэж байгаа, харин миний хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч О.А 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад Бугант тосгоны “Сангийн гол” гэх газар луу өдөр 11 цагийн орчимд очсон. Очоод удалгүй байж байтал миний араас цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг цуглуулж уулзаад намайг 1 цагдаа машинд суулгаж хөдөө “Жаргалант” гэдэг газар луу хамт авч явчихаад орой 18 цагийн орчимд төвд орж ирээд буулгаад орой дуудна гэж хэлээд явсан. Манай хадам аав П.Х******* “Сангийн гол” гэх газарт уурхай ажиллуулж байсан юм. Тэгээд би хадам аавд туслахаар Бугантын Батсайхан гэдэг залуугийн хамт очсон юм. Манай хадам аавд “Hyundai-2900” маркийн шар өнгийн экскаватор байдаг. Уурхай нэр гэж байхгүй байхаа хувиараа л ажилладаг. Хэзээнээс эхэлж ажилласныг мэдэхгүй. Би хадам аавд очиж туслаад ер нь 5 хоног болж байгаа. Хадам аав, Батсайхан бид гурав л хамт ажилладаг юм. Хэдэн грамм, кг, алт олборлосон талаар мэдэхгүй, угаалгыг нь би мэдэхгүй, аав өөрөө л угаалгаа авдаг. Ер нь өдөртөө очиж ажиллаж байгаад оройдоо ирдэг байсан. Алт угаах төхөөрөмж байсан “гитар” гэдэг усан буу байсан” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Б 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Хүрлээ ахтай өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байгаа юм. Тэгээд өглөө Анхбаяр ахтай хамт ажлаа хийхээр очсон юм. Хүрлээ ах өчигдөр манай гэрт ирээд уурхай дээр “туслахаар ажиллах уу” гэхээр нь би зөвшөөрөөд уурхайд нь туслахаар ажиллахаар болж өчигдрөөс хамт ажиллаж байгаа юм. Цагийг нь сайн санахгүй байна. Өчигдөр очиж өдөр ажиллаж байгаад орой ирсэн. Экскаватор нь сайн болохгүй, 2-3 удаа буудаж угаалга авсан юм. Экскаваторыг Хүрлээ ах өөрөө жолоодож байсан, “Hyundai-2900” маркийн шар өнгийн экскаватор байсан. Нэг өдрийн 50.000 төгрөг гэж тохирсон, одоогоор цалин мөнгөө аваагүй. Гэрээ баримт үйлдээгүй ээ, амаараа ярилцаж тохиролцсон юм. Хүрлээ ахын отог байдаг юм байна лээ, өчигдөр хоноогүй бид 3 хамт ирсэн, Хүрэлээ ах өглөө түрүүлээд явсан юм байна лээ, Анхбаяр ах бид 2 араас нь явсан юм” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Л.П 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би П.Х******* гэх залуугаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хороонд мод, модон материал буюу нарсан палк авсан бөгөөд би нийт 2025 мянган ширхэг палкыг нийт 95,700,000 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Би уг палкыг Улаанбаатар хот руу тээвэрлэж дундаас нь ашиг олж зарсан юм. Уг гүйлгээнүүд нь миний нарсан палк худалдаж авсан мөнгө. Уг П.Х******* гэх залуу нь аймгийн сумын Бугант тосгонд модны компанитай юм. Би П.Х*******ын компани нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5],
6.2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон Шинжээчийн дүгнэлт: 1.Иргэн П.Х******* алт ашиглах үйл ажиллагаа улмаас дээрх /1-р асуултад өгсөн/ координат бүхий талбайнуудад 50м өргөн, 18м өргөн, 3м гүнтэй 557,8м2 хэмжээтэй 1 ухаш, 24м өргөн 12м урт, 2,5м гүнтэй 201,1м2 1 ухаш нийт 758,9м2 буюу 0,08га 2 ухаш үүсгэсэн байна. 2.Голын гольдрол өөрчлөөгүй, гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд ороогүй, энгийн хамгаалалтын бүсээс 1000м зайтай ус ашиглаагүй, хохирол учруулаагүй байна. Харин тус талбай /Ка-1, Ка-2/ ухаш нь ойн захаас 2-24 метр байрлаж байгаа тул ойн сан бүхий газарт орсон, хохирол учруулаагүй байна. 3.Иргэн П.Х*******ын хууль бус үйл ажиллагаа явуулсан дээрх цэгүүд бүхий талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын сайт /cmcs.mrpam.gov.mn/ уул уурхай, кадастрын хэсгээс шалгаж үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/-тэй давхцалгүй байна. 1.Ашиглалтын үйл ажиллагаанд өртсөн эвдрэлд орсон 0,08га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход: газрын хэвлийд 991,668 төгрөг, эдэлбэр газарт 12,620 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 4*******,0******* төгрөг, ургамлан нөмрөгт 1,166,000 төгрөг, нийт 2,597,315 төгрөгийн хохирол учруулсан байна. 2.Тус газарт 1978,7м3 эзлэхүүн бүхий /ухашийг нөхөн дүүргэж тэгшилж дагтаршуулах, шимт хөрсөөр хучилт хийх/ талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 1,288,800 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 1,800 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 143,760 төгрөг, хүнд механизм техникийн нөхөн сэргээлт хийх газарт очих, ирэх зардалд 1,116,400 төгрөг, нийт 2,697,000 төгрөг зарцуулахад тооцоо гарсан болно” гэх дүгнэлт[6],
7.2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хос итгэл төгс” ХХК-ний үнэлгээний тайлан: “Hyundai Robex 2900LC-3” маркийн экскаватор 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд М******* улсад орж ирсэн үнэлгээний дүн 9,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ хуучин гар хийцийн үнэлгээг 1,880,000 төгрөг, ус татах насос /помп/ хуучны дугаар, марк тодорхойгүй үнэлгээг 360,000 төгрөг, усны татах насос /помп/ 360,000 төгрөг, нийт 11,600,000 төгрөг болохыг тодорхойлов” дүгнэлт[7],
8.2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18-04-003/61 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актанд: “М******* улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учирсан хохирол 991,668*2=1,983,336 төгрөг, газарт учирсан хохирол12,620х3=37,860 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол 4*******,0********3=1,281,081 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 1,166,000*5=5,830,000 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 9,132,*******7 төгрөг болж байна” гэх дүгнэлт[8],
9.Иргэний нэхэмжлэгч Л.Б 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “П.Х******* гэдэг хүнд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Hyundai ICT” 1997онд үйлдвэрлэсэн “Robex 29001LС-3” загварын, Е9040Р10349 арлын дугаартай, 82-75 УБ улсын дугаартай экскаватор 45,000,000 төгрөгөөр зарахаар гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Тухайн үед 20,000,000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл 25.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг нь 1 жилийн хугацаанд цувуулж авсан, одоо үлдсэн 10.000.000 төгрөгийг аваагүй байна. Би 45,000,000 төгрөгнөөс 35,000,000, үлдэгдэл 10,000,000 төгрөгөө төлөөд экскаваторынхаа бичиг баримтын нэрийг шилжүүлэн авч болно гэсэн. Бичиг баримт нь миний нэр дээр боловч дээрх экскаватор нь яг одоо бол П.Х*******ын ашиглалт, эзэмшилд байгаа” гэх мэдүүлэг[9],
10.Шүүгдэгч П.Х******* 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Намайг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд аймгийн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр Ойн сан бүхий газарт хамаарах 0.08га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,132,*******7 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг уншиж ойлгож, мэдсэн. Би өөрийнхөө яллагдагчаар татагдсан хэргийн зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг уншиж танилцлаа. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[10],
11.2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр 18-04-003/61 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актанд: “М******* улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учирсан хохирол 38,098*2=76,196 төгрөг, газарт учирсан хохирол 113*3=339 төгрөг, усан санд учирсан хохирол 581,617**3=1,744,851 буюу нийт хохирлын үнэлгээ 1,821,386 төгрөг болж байна” гэх дүгнэлт[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Х*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Б нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч П.Х*******ын гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эврэлд өртсөн 0,08м2 талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газар | 12,620 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирол | 991,668 төгрөг |
| 3 | Усны нөөцөд учруулсан хохирол | - |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол | 4*******,0******* төгрөг |
| 5 | Ойн санд учруулсан хохирол | - |
| 6 | Ургамалд учруулсан хохирол | 1,166,000 төгрөг |
| 7 | НИЙТ | 2,597,315 төгрөг |
Хүснэгт91 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[16]
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Х*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамалд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 9,132,*******7 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун далан долоон/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2,697,000 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга/-н төгрөг, нийт 11,829,*******7 төгрөгнөөс улсын орлогод оруулсан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторын үнийг хасч тооцон, үлдэгдэл 2,829,*******7 /хоёр сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо/-н төгрөгийг шүүгдэгч П.Х*******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[17]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Х******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулж, харин иргэний нэхэмжлэгч Хээр адууныхан овогт Л Б нь “Hyundai 2900” маркийн экскаваторын үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 1 бүр нь 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий арлын дугааргүй, марк тодорхойгүй, ус татах насос /помп/ 2 ширхэгийг тус тус хураан авч устгаж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.Х*******аас гаргуулахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгавал зохилтой.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.Х*******ыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Х*******т хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Шүүгдэгч П.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Ойт бүс” ХХК-ны үнэлгээний зардал 3,500,000 төгрөгний үлдэгдэл 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан тус компанид олговол зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М******* овогт П******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх дэх заалтад заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Х*******т хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Х*******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 02 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Х*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамалд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 9,132,*******7 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун далан долоон/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2,697,000 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга/-н төгрөг, нийт 11,829,*******7 төгрөгнөөс улсын орлогод оруулсан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторын үнийг хасч тооцон, үлдэгдэл 2,829,*******7 /хоёр сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо/-н төгрөгийг шүүгдэгч П.Х*******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Х******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулсугай.
9.Иргэний нэхэмжлэгч Хээр адууныхан овогт Л Б нь “Hyundai 2900” маркийн экскаваторын үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 1 бүр нь 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий арлын дугааргүй, марк тодорхойгүй, ус татах насос /помп/ 2 ширхэгийг тус тус хураан авч устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.Х*******аас гаргуулахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
11.Шүүгдэгч П.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Ойт бүс” ХХК-ны үнэлгээний зардал 3,500,000 төгрөгний үлдэгдэл 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан тус компанид олгосугай.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ