| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч
Шүүгдэгч Т*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т*******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* багийн эмчээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* 1 дүгээр багийн байранд оршин суух хаягтай, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Т******* овогт регистрийн дугаар ()
Шүүгдэгч Т******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн байрны гадаа гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Т******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн байрны гадаа хамтран амьдрагч ийг зодсон хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Т*******ид зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч ийн “...Т******* хөдөө дуудлагаар яваад орой 22 цагийн алдад ирээд чи хоол хийхэд яадаг юм. Хүн явж, явж ядарч ирж байхад гэж надруу уурласан. ... би давхар дуудлагатай байсан тул хоол хийж амжаагүй. Т******* уурандаа гэрт байсан 0.75 литрийн тал шилтэй архийг ганцаараа уусан. Тэгээд б******* байтал хүний зүрхээр хатгуулаад байна гэсэн дуудлага сумын эмнэлэгт ирсний дагуу яваад шөнийн 01 цагийн алдаад эмнэлэг дээр иртэл Т******* гарч ирээд намайг гараараа нүүр рүү цохиж, хөлөөрөө гэдэс рүү өшиглөж зодсон. ...манай сувилагч хажууд байсан болохоор салгасан. Т******* намайг дуудлагаас ирэхэд гэрт байсан “Eden” нэртэй тал шил архийг ганцаараа ууж дуусгаад нэлээн согтсон байсан. Тухайн үйл явдал болоход , Т******* бид нараас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ийн “... дуудлагын дагуу их эмч ийн хамтаар очиж тухайн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлчихээд шөнийн 01 цагийн алдад эмнэлэг дээр ирэхэд эмч нэлээд ядарсан бололтой машинаас буугаад гэр рүүгээ гүйсэн боловч эмнэлэг дотроос Т******* гарч ирээд эхнэрийнхээ араас дуудсан эмч яасан гэж эргэж хараад хүлээгээд зогсож байтал Т******* шууд очоод эхнэрээ цохиод унагачихсан би араас нь гүйж очоод салгахад эмч ийн хамраас ма ш их хэмжээний цус гарч байсан. Би түүнээс чи яагаад ажлаа хийж яваад ирж байгаа хүнийг зодож байгаа юм гэхэд, наадах чинь хоол унд хийгээгүй байна гэж уурласан. Т******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтсон байсан... Т******* нь миний харснаар ийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө мөн нэг удаа түүний цээжин хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч “...манай ээжийн даралт ихсэж зүрх нь савлаад бид нар их эмч , сувилагч нарыг авч ирж, ээжийг үзүүлчихээд буцаагаад эмнэлэг дээр хүргэж өгөхөд эмч машинаас буугаад гэр рүүгээ орох гээд явж байтал нөхөр нь гээд нэг танихгүй залуу эмнэлэг дотроос гарч ирээд чи хаашаа яваад ирж байгаа юм гэж уурлаад шууд очоод цохиж унагаагаад өшиглөсөн. Би эмнэлгийн амьсгалын аппарат тэвэрсэн байсан болохоор яаж ч чадаагүй. Аппаратаа эмнэлэгт оруулж тавиад буцаад гараад ирэхэд сувилагч салгаж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ийн “...шөнө ойролцоогоор 01 цагийн үед сувилагч над руу гар утсаар яриад эмч ийг нөхөр нь зодчихлоо яах вэ? гэж хэлэхээр нь би яваад очтол эмч ийн нүүр хэсэгт хавдаж, цус гарч биед нь гэмтэл учирсан байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхөр хоол хийгээгүй, мөн гэртээ байхгүй байсан гэх шалтгааны улмаас намайг зодсон гэж хэлсэн. Намайг очиход түүхийн нөхөр Т******* нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т*******ийн үйлдлийн улмаас хохирогч ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Иргэн ийн биед хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, нүдний доод зовхинд цус хуралт гэсэн гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохилтын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Иргэн ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Т******* нь хохирогч ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр б******* хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Т*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Т*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т*******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т*******ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /166.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА