Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/967

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч С.Энхням /томилолт/,

Хохирогч Б.Б,   

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ад холбогдох ********дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймагт байрлах цайны газарт ажилладаг гэх, Ам 5үл *, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, Ганган-Орхон, Дэнж 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суудаг, урьд нь: 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 928 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 жил, 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/343 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заасны дагуу эдлээгүй үлдсэн 01 сар, 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Б овогт Д.А /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23в байрны 21 тоот 3 өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж Б.Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 60.000.000 төгрөгөөр зарна гэж тохиролцон, улмаар урьдчилгаа болгож бэлнээр 3.000.000 төгрөг, дансаар 5.120.000 төгрөг нийт 8.120.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогджээ.  

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.А 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23в байрны 21 тоот 3 өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж Б.Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 60.000.000 төгрөгөөр зарна гэж тохиролцон, улмаар урьдчилгаа болгож нийт 8.120.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь :  

- эд хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 2-4, 7-8 дэх тал/,

- Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- хохирогч Б.Бийн... 2019 оны 6 дугаар сард манай хадам ээж манай нөхөр бид хоёрт хандаж манай хажуу айлын Анхтуяа Улаанбаатар хотод байх байраа зарна гэж байна, та хоёр хямд чинь авчих гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар 25-ны өдөр Анхтуяа гэх хүнтэй нөхөр бид хоёр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Драгон төвийн хойд талын 23в байрны гадаа уулзсан. Тэр үед Д.А гэх хүн нөхөр бид хоёр хандаж байраа 60.000.000 төгрөгөөр зарна эхлээд урьдчилгаа 10.000.000 төгрөгөө өгчих 50.000.000 төгрөгийг нь 5 жилийн хугацаанд хуваагаад өгч болно гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр Д.Агийн үзүүлсэн байрыг үзэхэд 23в байрны 21 тоот байсан. Д.А гэх хүн нөхөр бид хоёр хандаж уг байрыг миний эзэмшлийн байр, байрны гэрчилгээ Өвөрхангай аймагт байгаа удахгүй очоод аваад байрны гэрчилгээг та хоёр өгье гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёртой уулзахаас өмнө нь Д.А гэх хүн 2019 он 06 дугаар сарын 19-ний өдөр бид хоёрт үзүүлсэн байраа өөрөө хүнээс түрээсэлж гэрээ хийсэн байсан. Д.А хүний эзэмшлийн байрыг нөхөр бид хоёрт зарна гэж худлаа хэлсэн байсныг сүүлд байрны эзэн ирж мэдсэн. 2019 оны 06 дугаар сарын 25-аас хойш Д.А гэдэг хүн байрны урьдчилгаа мөнгөө өгөхгүй бол хүнд өглөө шүү гээд байдаг байсан. Анх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Д.А гэх хүнтэй уулзахдаа бэлэн 3.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2019 оны 07 дугаар сард Д.Агийн эзэмшлийн 5556186417 тоот дансанд 2.000.000 төгрөгийг би шилжүүлсний дараа Д.А эгчийнхээ дансыг өгөөд 300.000 төгрөг авсан ба 2019 оны 10 дугаар сард манай нөхөр 1.500.000 төгрөгийг 5556186417 тоот дансанд шилжүүлсэн мөн 2019 оны 09 дүгээр сард 820.000 төгрөгийг 5556186417 тоот дансанд би шилжүүлсэн. Дээрх Д.Ад өгсөн мөнгөнүүд бол байр авахаар өгсөн мөнгө бөгөөд 2019 оны 10 дугаар сард Д.А надад хандаж дахин мөнгө нэхээд байхаар нь байрны гэрчилгээг яасан юм бэ аваад ирвэл үлдсэн мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгтэл Д.А надад хэлэхдээ ажилтай учир хөдөө явж чадахгүй байна хөдөө явах юм бол байрны гэрчилгээг аваад ирж чадна гэж хэлсэн...Ө.Гантөмөр гэх хүнтэй уулзахад Д.А гэх хүн түрээсийн гэрээ хийж уг байрыг түрээсэлж түр оршин сууж байсан гэдгийг хэлсэн байсан...8.120.000 төгрөг залилуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 86 дахь тал/, 

- гэрч Ё.Жаргалмаагийн...Би Өвөрхангай аймаг, Хархорин сум Дэнжийн 3-5 тоотод оршин суугаад 27 жил болж байна. Яг манай хажуу айлын эмэгтэй буюу Д.А манайхтай хөрш айл болоод 5, 6 жил болж байна. Би хажуу айлын эмэгтэй буюу Анхтуяаг хажуу айл хөрш болоход танилцаж байсан бөгөөд гайгүй зан харилцаатай эмэгтэй болохоор нь түүний гэрээр орж гараад харилцаатай байсан юм. Тэгтэл Д.А надад хэлэхдээ Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Драгон төвийн хойно 3 өрөө байртай, тэр байраа зарна та юу ч гэсэн хүүхдүүдээ хэлээд үзэхгүй юу хямд өгнө тэр байраа 60.000.000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 10.000.000 төгрөг авна үлдэгдэл 50.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулж болно гэж хэлсэн...Тэгээд би өөрийн төрсөн хүү Самдандорж болон бэр Болортунгалагтай утсаар холбогдоод манай хажуу айлын эмэгтэй Д.А та хоёр ажилтай ойрхон байр хямд зарах гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай охин хүү хоёр миний ярьсан зүйлийг сонирхоод тэр хүнтэй чинь уулзъя гээд Д.Атай уулзахаар болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- гэрч Ө.Гантөмөрийн...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн хойно байдаг 23в 21 тоотод байрыг 2013 онд худалдаж аваад өөрийн нэр дээр эзэмшиж байсан уг байрыг хүмүүст түрээсэлдэг...2019 оны 06 дугаар сард Д.А гэх хүн надтай утсаар холбогдоод байрыг чинь түрээсэлье гэдгийг хэлсэн, Д.А миний байрыг 1 жил 6 сарын хугацаатай, сард 550.000 төгрөгийг хөлстэй хийсэн...2020 оны 01 дүгээр сард өөрийн түрээсэлж байсан байранд очиход миний танихгүй хүн байхаар нь асуухад Болортунгалаг гэх эмэгтэй надад хандаж би Д.А гэх хүнээс худалдаж авсан урьдчилгаа 10.000.000 төгрөгөөс 8.700.000 төгрөгийг нь өгсөн гэж хэлсэн...Би уг байрыг өөрийнхөө байр гэдгийг нотлох зорилгоор байрныхаа бичиг баримт болон Д.А гэх хүнд түрээсэлсэн гэрээг авч ирж үзүүлсэн...Д.А 2019 оны 06 дугаар 19-ний өдөр гэрээ байгуулснаас хойш биеэр огт уулзаж чадаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Хаан банкны 29/1988 дугаартай албан бичиг, Д.А, Б.Б нарын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 39, 44-45, 47-48 дахь тал/,

- шүүгдэгч Д.Агийн...Тухайн үед би хажуу айлын эгч Ё.Жаргалмаатай ярилцаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны хойно өөрийн эзэмшлийн байртай тэр байраа зарна гэж хэлсэн. Би энэ байрыг түрээсэлдэг байсан. Тухайн үед би уг байрыг 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь урьдчилгаа 10.000.000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээг Ө.Гантөмөр Ш.Түвшинтөр нартай гэрээ албан ёсоор байгуулж байсан...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ё.Жаргалмаа эгчийн хоёр хүүхдээс байрны урьдчилгаа гэж Драгон төвийн АТМ дээрээс 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан...2019 оны 7 дугаар сард Болортунгалагын нөхөр 2.000.000 төгрөг, мөн дараа нь Болортунгалаг 2.000.000 төгрөгийг шилжүүлж бас эгчийнхээ данс руу 300.000 төгрөг шилжүүлж авсан ба 2019 оны 09 дүгээр сард 820.000 төгрөг шилжүүлж авсан. Би Болортунгалаг гэх хүнээс нийт 8.120.000 төгрөгийг байрны урьдчилгаа мөнгө гэж авсан энэ мөнгө одоо өгнө...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82- 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

           

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-82-83, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.   

2.2. Тус шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт, өөрийн өмчлөлийн бус байрыг зарна гэж хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн болох нь нотлогдсон байх тул залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Бийг залилсан гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг байсаар атал зөвхөн эхний залилах гэмт үйлдэл хийж эхэлсэн цаг хугацааг тус гэмт хэрэг үйлдэж төгссөн хугацаа мэтээр яллах дүгнэлтэд бичсэн нь алдаатай байх боловч тус гэмт хэргийн шинж хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул тус алдааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.     

2.4. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.      

Иймд шүүгдэгч Д.Аг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3. Хохирол, хор уршиг :        

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 8.120.000 төгрөгөөс /хх-86/  4000.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчээс хохирлын үлдэх 4.120.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

Шүүгдэгч Д.А нь урьд 2018, 2020, 2021 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг уг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-50, 51-71, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, жирэмсэн гэх болон  түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-33-36, 38, 47-49, 82-83, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн жирэмсэн болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр  Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. Учир нь :    

Тус шүүгдэгчийн хувьд : эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, жирэмсэн байх тул торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг тухайн шүүгдэгчийн  байнга буюу түр оршин суугчийн хувьд шууд харьяалагдаж буй засаг захиргааны  тусгайлсан нэгж болох сум, дүүрэг эсхүл баг, хорооны нутаг дэвсгэрээс эсхүл амьдарч буй орон байрнаасаа гадагш явахыг хориглох утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй байх тул тус хориглолтыг хэрэглэх нь тус жирэмсэн Д.Агийн хувьд эх, хүүхдийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах буюу эрх зүйн байдлыг нь дордуулахад хүргэнэ гэж үзнэ.        

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэр нь Монгол Улсын засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг эсхүл нийслэлийн алинд шууд харьяалагдаж байгааг нь үндсэн шалгуур болгож, тухайн харьяалагдаж байгаа засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна” гэсэн утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй бөгөөд тус шүүгдэгчийн оршин суугаа Хархорин сум нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд Өвөрхангай аймагт шууд харьяалагдаж байх тул шүүгдэгч Д.Анхутуяад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ба тус оногдуулсан ялын утга агуулгыг “шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр  Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, Ганган-Орхон, Дэнж 1 дүгээр гудамж, 7 тоот оршин суух газрын хаягаа өөрчлөхгүй” гэж тодотгон ойлгож, хэрэгжүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй.                  

 

2. Бусад асуудал      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Аг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас 4.120.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бт олгосугай.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР