Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Р.А-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г банкны тооцооны төв нь зээлдэгч Р.А-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... тоот кредит картын гэрээ байгуулан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Р.А 2 улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн бизнес эрхэлж, Замын-Үүд сумын 1 дүгээр багт амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авснаас хойш огт зээлийн төлбөр төлөөгүй, сураггүй болсон. Одоо хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учир Р.А-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:       

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Р.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Г банкны Замын-Үүд тооцооны төвийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... дугаартай кредит картын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.А нь Г банкны Замын-Үүд тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... дугаартай кредит картын гэрээ байгуулан 200.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авсан нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Р.А-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.А-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Д.Ц