Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/12

 

Б.Са-ид холбогдох хэргийн талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Шүүгдэгч Б.Са- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Б.Энхжаргал Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* Хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Са-, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Б.Са-ид холбогдох эрүүгийн 1823001770016 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг Барилгачдын хэсэг **** дугаар гудамж *** тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 07 сарын хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Б-ийн Са-. Регистрийн дугаар: /ИР******/

Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Са- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Са-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар Шүүгдэгч Б. Са-ид 2 жил 1 /хоёр жил нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Са-ид ногдуулсан 02 жил 1 сарын / хоёр жил нэг / сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Са-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаа/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Са- хохирогч Г.******* эмчилгээний зардалд 552420 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Са- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.*******, Ё.******* нарт 2180000 төгрөг, хохирогч Т.Эрдэнсувд, Э.******* нарт 3160000 төгрөг, хохирогч П.*******т 1000000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч П.*******, Д.******* Б.******* нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Са-ид 06/зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Са- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “зам тээврийн ослын үеийн замын хөдөлгөөний дүрс бүхий бичлэгийг хуулбарласан DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Са-ийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Киа Фронтер маркийн 23-11 ЗАА улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэсэн ачааны зориулалттай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 зааснаар хохирогч Б.*******, Ё.*******, Э.*******, Т.*******, М. тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Са-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Са-, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Са- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа болон хохиролд нийт 6.892.420 / зургаан сая найман зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Б.Са-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан “... ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-р зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж ... болно” гэж заасан байдлаас харахад Б.Са-ид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж болохоор байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Са-ид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилж өгнө үү гэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Са-ийн өмгөөлөгчийн гомдолд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Боржигон овогтой Б-ийн Са-ид холбогдох 1823001770016 дугаартай эрүүгийн хэргийн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 25- ны өдөр гаргасан гомдлыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдсан гомдлын товч утга: “… Шүүгдэгч Б.Са- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа хохирол 6.892.420 / зургаан сая найман зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-р зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг... Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Са-ид оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 40 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Са-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг эдлэхдээ нээлттэй дэглэм бүхий байранд эдлүүлэн, эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн ослын үеийн замын хөдөлгөөний дүрс бүхий бичлэгийг хуулбарласан DVD 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төргөгийн үнэ бүхий Киа Фронтер маркийн 23-11 ЗАА улсын дугаартай 1998 инд үйлдвэрлэсэн ачааны зориулалттай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор зааж, шүүгдэгчид авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаагүй харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаас хорих ялыг хөнгөрүүлээгүй тухай гомдол гаргасан байх тул тайлбар гаргах нь: - Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Б.Са- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог багийн нутаг Соёмботой толгойн арын замд Хьюндай Верна Аксент маркийн 68-80 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмийн заалтуудыг зөрчиж иргэн Т.*******ын жолоодож явсан Тоёота Королла маркийн 63-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч А.Эрдэнэсүх, Х.Нямбаатар нарын амь насыг хохироож, Г., Э.******* нарын эрүүл мэндэд хүнд, Б.*******, Ё.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, М., жолооч Т.******* нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан бөгөөд уг зүйлийн 11 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар мөн зохицуулсан байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Ял хөнгөрүүлэх, эсэх” асуудлыг шүүгч өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхтэй тул тухайн зүйл заалтыг хэрэглээгүй нь шүүгчийг хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Дээрх хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон, олон тооны хохирогч нар нь гэмтсэн, гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэж байгаа тул учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалаас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Са- нь гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хохирогч нарт нийт 6.892.420 төгрөгийг тус бүрт нь өгсөн. Зарим хохирогчид нь хохирлоо бүрэн гаргуулж авсан, зарим хохирогчид маань төлбөрөө татан авсан учир одоогийн байдлаар бодит учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Одоогоор ямар нэгэн нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа. Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Са- Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэнг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Б.Са- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг аль болох арилгах талаар анхаарал тавьж байгаа. Б.Са-ид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөх бүрэн боломжтой байгаа юм. Иймд анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг өөрчилж Б.Са-ид оногдуулсан 2 жил 1 сарын ялыг 1 жил 1 сар болгон хөнгөрүүлж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа Б.Са- нь хүлээн зөвшөөрч байгаа. Б.Са-ийн машинд хамт сууж явсан хүн нь нас барсан. Бусад хүмүүс нь гэмтэл авсан. Шинжээчийн дүгнэлт гаргасан уг дүгнэлтийг гаргахад 2 машин хоорондоо мөргөлдөж осол гарсан байгаа. Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд ... тухайн машины хурдыг тохируулах ёстой байсан. Мөн хэргийн газрийн үзлэгээр Б.Са-ийн машины дугуйн мөр гарсан байдаг, энэ нь тухайн үед тоормосолж машиныг зогсоох гэсэн асуудал байсан уу?, эсвэл машин ямар нэгэн гулгалт, шарвалт үүсэв үү гэдгийг тогтоох шаардлагатай байсан гэв. Шүүгдэгч Б.Са- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргах тайлбар байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлогдон тогтоогдсон байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Са-ийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Б.Са- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог багийн нутаг Соёмботой толгойн арын замд Хьюндай Верна Аксент маркийн 68-80 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ. а). Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 3.6 “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Т.*******ын жолоодож явсан Toyota corolla маркийн 63-12 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч А.Эрдэнэсүх, Х.Нямбаатар нарын амь нас хохирч, Г., Э.******* нарын эрүүл мэндэд хүнд, Б.*******, Ё.******* , Б.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, М., жолооч Т.******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******, Б., Д.*******, хохирогч Г., Э.*******, Б.*******, Ё.*******, Т.*******, Б.*******, насанд хүрээгүй хохирогч М. нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчдийн /амь хохирсон, гэмтэл авсан/ хохирогч нарт гаргасан дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Шүүгдэгч Б.Са-ийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо ... Б.Са- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Б.Са- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч /амь хохирсон/ хүмүүсийн ар гэрт мөнгөн хэлбэрийн туслалцаа үзүүлсэн ба хохирогч нар нь гомдол, саналгүй гэж байгаа ч тухайн этгээдийн гэм буруугаас олон хүний амь хохирч, олон хүнд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, улмаар зарим хохирогчид цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлага байгаа учраас Эрүүгийн хуулинд заасан хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх Б.Са-ид үйлдсэн гэмт хэргийнх нь нөхцөл байдал, нийгмийн хор уршиг, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хуулийн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хүнддээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Са-ийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Са-ийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ