Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0275

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0275

Улаанбаатар хот

 

 

 

“Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Б.Б***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Б.Б***,

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2-р багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2025/0001 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д***,

хариуцагчийн өмгөөлөгч Т.Г***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 111/2022/0024/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд хандан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2-р багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б***, тус багийн Засаг дарга М.Б*** нарт холбогдуулан гаргаж маргасан.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр “Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5.1, 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад огт мэдэгдээгүй, байлцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн тул гомдолтой байна

Багийн иргэдийн Нийтийн Хурлаас Э.Д***, С.Ш*** нарт итгэмжлэл олгосон байсан тул би иргэдийг төлөөлөх боломжгүй болохоо тайлбарласан

Өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргасан ба тухайн өмгөөлөгчийг сонгох, хөлс төлбөрийн асуудлыг иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэн шийдвэрлэхээр ажиллаж байхад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцах баримтад гарын үсэг зуруулсан боловч миний бие бүрэн танилцаагүй, танилцах боломжоор хангаагүй. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хэрэгт цугларсан баримттай огт танилцаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй

Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт тус багийн Засаг дарга М.Б***г татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарт үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн,

Анхан шатны шүүх ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага, албан тушаалтан тус бүрт холбогдуулан нэхэмжлэлийн ямар шаардлага гарган маргаж байгаа болох, тэдгээрийн үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл” гэж тус тус заасанчлан тус шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Ингэхдээ нэхэмжлэгч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах захиргааны байгууллага, албан тушаалтныг болон хууль бус гэж үзэж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагааг  өөрөө тодорхойлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, түүнээс гаргасан захиргааны актад хамаарах тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

          4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б***, багийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан.

          Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон мөн багийн Засаг дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасанд нийцээгүй байна.

          5. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн Засаг даргад холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох, тухайн Засаг даргын ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж, зөрчигдсөн хэмээн үзэж маргаж байгаа болохыг шүүх тодруулалгүйгээр багийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.

            6. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж тухайлан заасан байхад анхан шатны шүүх, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгох тухай” 05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Хуралд оролцсон багийн иргэдийн 100 хувь дэмжигдсэн саналаар багийн иргэд малчдыг төлөөлж, “С***” ТББ-ын тэргүүн Э.Д***, Уртын гол 2 дугаар багийн иргэн С.Ш*** нарыг томилсугай” гэж, 2 дахь заалтаар “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д***, С.Ш*** нарт Уртын гол 2 дугаар багийн нийт иргэдийн хууль ёсны эрх ашиг, хүсэл сонирхол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж ажиллахыг даалгасугай” гэж шийдвэрлэсэн тогтоолыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Д***, С.Ш*** нарыг оролцуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан шаардлагыг хангахгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй хариуцагчийн итгэмжлэлийг зөвтгүүлэхтэй холбоотой ямар нэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

          7. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 111/ШШ2025/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     

                             ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА