Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0037

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

улсын яллагч: М.Хэрлэнчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Ө.Болормаа

шүүгдэгч: С.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хөховогт Сугарын Мөнхбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 201625013537 дугаартай хэргийг  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөх овогт Сугарын Мөнхбаатар, 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар  аймгийн Уулбаян суманд  төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжны 116  тоот нийтийн байранд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЛК90032114,

  Холбогдсон хэргийн талаар:                                         

С.Мөнхбаатар нь согтуугаар 2016 оны  9 дүгээр сарын 23-ны орой  23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13  дугаар хорооны  6 дугаар гудамжны 218-б тоот хашаанд оршин суух иргэн Х.Жаргалсайхантай маргалдан зодож түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч С.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Жаргалсайхан эгчийн хашаанд түрээслэж буусан. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай найз ажил дээр ирээд цуг гэрт ирсэн. Манай гэрт Жаргалсайхан эгч согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд байсан. Манай эхнэр Хандаамаа Жаргалсайхан эгчийг гар гэхэд та нар манай хашаанд буусан байж гээд байсан. Манай эхнэрийг түлхэж унагаад гэдэс рүү нь цохисон. Эхнэрийн доороос цус алдаад байна гэхээр нь би уурлаад хэл амаар доромжилсон. Цагдаа дуудахад ирэхгүй байсан. Түргэн дуудахад бас ирэхгүй байсан тул Эх нялхасын эмнэлэг явсан. Жаргалсайхан эгчийг зодсон зүйл байхгүй. Биед нь хүндэвтэр гэмтэл учруулаагүй гэв.

   Шүүгдэгч С.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ найз Эрдэнэсүхийн хамт нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай хашааны эзэн Жаргалсайхан эгч гэрт орж ирээд бид хамт архи хувааж уусан. Тэгээд байж байтал Жаргалсайхан эгч жорлон орлоо гээд гарсан. Тэгтэл гадаа хүмүүс маргалдаад байх шиг болсон хэн ямар зүйлээс болж маргасан талаар би мэдээгүй. Удалгүй Жаргалсайхан эгч нэг найзынхаа хамт ороод ирсэн. Уг найз нь дээгүүрээ нүцгэн байсан ба миний гар утас куртик өгөөдхи гээд байсан. Тэгэхээр нь таны гар утас курткийг аваагүй гэсэн чинь над руу дайраад бид хоёр маргалдсан чинь манай эхнэр салгасан. Тэгээд манай эхнэр та гар яв гэсэн чинь нөгөө хүн манай эхнэрийн гэдэс рүү өшиглөсөн. Тэр хүн хэрүүл хийгээд маргаад зогсоод байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд манай эхнэрийн доороос цус гарсан. Би сандраад түргэн дуудсан. Түргэн ирэхээр нь би эхнэрээ авч яваад эмнэлэгт үзүүлээд эргээд гэртээ ирсэн. Жаргалсайхан эгчийн гарыг хэн хугалсан талаар би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 10/

         Хохирогч Х.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамж 281-Б тоотод өөрийн хоёр охины хамт амьдардаг бөгөөд хашаандаа Мөнхбаатар, Баттулга гэх 2 айл буулгасан байгаа юм. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн хүүхдүүд болох Ж.Оюунсувд, Ж.Оюун-Эрдэнэ нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар самранд явсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр самарнаас ирсэн. Тухайн үед надтай хамт самранд явсан залуучууд болох Амраа, Дорж бусад залуучуудын нэрийг одоо санахгүй байна Амраа, Дорж нартай нийлээд 6 залуу байсан тэдгээрийн хаягыг сайн мэдэхгүй. Бүгдээрээ Сүхбаатар аймгийн залуучууд байсан. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр надтай хамт самранд явсан Амраа, Дорж нар болон бусад залуучууд манай хашаанд байдаг зуны байшинд нэг өдөр архи уугаад хонож болох уу гэж асуухаар нь хамт самранд явсан болохоор тэгээ гэж хэлээд зөвшөөрсөн. Тухайн өдрийн орой 22.00 цаг болж байхад гэрээсээ гараад өөрийн найз Оюунчимэгийн гэрт орж 0.5 граммтай Вива архи хувааж уусан. Тухайн үед Оюунчимэгийн гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд шөнө 02.00 цаг болж байхад цагаа сайн санахгүй байна гэртээ ирэхэд хашаан дотор Дорж, Амраа нар болон бусад залуучууд манай хашаанд байдаг Мөнхбаатар гэх залуутай маргаад зодоон хийсэн байсан. Мөн Баянзүрх  дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар ирсэн байсан. Цагдаа нар манай хашаанд байсан Амраа, Дорж болон бусад залуучуудыг явуулсан. Намайг гэртээ ороод унтах гэж байтал хашаан дотор хоёр хүн маргаад байх шиг болсон. Тэгэхээр нь би босоод  гэрээсээ гараад хартал Мөнхбаатар өөрийнхөө нэг найзтай маргаад байж байсан ба манай хашааны хаалгаар урд талын гудамжинд байдаг Даринчулуун гэх залуу хараад Жаргалсайхан наана чинь юу болоод байгаа юм гэж асуухаар нь би манай хашаанд амьдардаг залуу найз нартайгаа маргаад байна гэж хэлсэн. Тэгтэл Даринчулуун хашаанд орж ирээд Мөнхбаатарын гэрт надтай хамт ороод та нар яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гэхэд Мөнхбаатар чамд ямар хамаатай юм юу яриад байгаа юм гэсэн. Тэгээд Даринчулуун, Мөнхбаатар хоёр барьцалдаж аваад гэрээс гарсан ба Мөнхбаатарын найз Сүхээ, Эрдэнэбат гэх залуус гэрээс хамт гарсан. Намайг араас нь гарахад Мөнхбаатар, Сүхээ хоёр Даринчулууныг газар унагаад зууралдаад авсан. Тэгэхээр нь би Сүхээг хойш нь татаж унагаагаад дээр нь гарч суугаад та нар хүн нийлж зодож болохгүй гэхэд Сүхээ за Жагаа эгчээ гэсэн. Тэгээд байж байтал Мөнхбаатар,Даринчулуун хоёр салаад бид нар Мөнхбаатарын гэрт орсон. Мөнхбаатарын гэрт ороход Мөнхбаатарын эхнэр Хандаамаа газар явган суучихсан хүүхэд зулбах гээд байх шиг байна гээд байж байсан. Тэгэхээр нь би хажууд нь суугаад яанаа түргэн дуудах уу гэсэн. Гэтэл Мөнхбаатар миний хүүхдийг алдаг та нар хэн юм бэ гэж хэлээд гал тогооны шүүгээний шургуулгаа онгойлгоод дотор талаас нь хутга авахад Даринчулуун, Мөнхбаатарын гэрээс гараад зугтаасан чинь Мөнхбаатар араас нь хөөгөөд гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад болиоч чи хүн алах нуу гэхэд Мөнхбаатар хөлөөрөө миний цээж рүү өшиглөөд намайг газар унатал зүүн гаран дээр хөлөөрөө нэг удаа дэвсээд гүйгээд явчихсан. Би туслаараа Даринчулуунаа гэж орилход Даринчулуун над дээр ирсэн. Даринчулуун над дээр ирээд босооч гэхээр нь би миний зүүн гар өвдөөд байна одоо Мөнхбаатар дахиад ирнэ дээ гээд бид хоёр Дүүргийн 6 дугаар гудамжны  мухарт нуугдсан. Тэгээд би Даринчулуунд манай бэр эгч Мягмаржавыг дуудаад өгөөч гэсэн.  Даринчулуун эгчийг дуудаад манай эгч ирсэн. Тэгээд тэр хоёр намайг түшээд гэрт оруулсан. Тэгж байтал Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа а/а Нацагдорж дуудлагаар ирээд би чамайг гэртээ ор гэж байхад яах гэж гарсан юм бэ гэж хэлээд миний гарыг барьж үзээд хугарсан юм биш үү гэсэн. Мягмаржав эгч бид хоёр түргэнээр ГССҮТ ороод мэс заслын тасагт нь хэвтсэн. Миний зүүн гарны бугалга хугарсан байсан. Мөнхбаатар надад 600.000 төгрөг өгсөн. Мөн 58.000 төгрөгөөр эм авч өгсөн.  Одоо би 1.700.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 13-14//хх-н 11-16

           Гэрч Ц.Эрдэнэсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Сүхбаатар аймаг Уулбаян сумаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд өөрийн найз Розатай уулзаад өөрийн найз Мөнхбаатарын автомашин засварын газарт ирсэн. Мөнхбаатарын автомашин засварын газар мөн манай найз Мөнхчулуун байсан. Тэгээд бид нар Мөнхбаатарын автомашины засварын газрын хажуу талд байрлах Онон Pub-д орж хүний нэг нэг шил пиво авч уусан. Харин Роза уугаагүй. Бид нарыг сууж байхад Мөнхбаатарын эхнэр Хандаамаа залгаад ирэх болж байна уу хоол чинь болж байна гэсэн. Тэгээд бид тэндээсээ гараад Мөнхбаатарын гэрт ирсэн. Замаараа дэлгүүр орж 0.5 граммтай Соёрхол архи болон ундаа авсан.  Тэгээд Мөнхбаатарын гэрт ирээд хоол ундаа идээд архиа дөнгөж задлаад байж байхад Мөнхбаатарын хашааны эзэн болох Жаргалсайхан эгч халамцуу орж ирсэн. Ус авах гэсэн үү ус уух гэсэн юм уу орж ирээд нөхрөөсөө салсан гээд уйлаад суугаад байсан. Тэгж уйлж байснаа болиод надад архи өгөхгүй юм уу гэсэн. Мөнхбаатар хоёр удаа архи хундаглаж өгсөн. Тэгээд байж байтал Жаргалсайхан эгч бие засаад ирий гэж хэлээд гараад явсан. Удалгүй 10 гаран минутын дараа буцаж орж ирэхдээ цээж нүцгэн залуутай хамт орж ирсэн. Нөгөө залуу нь гэрт орж ирэнгүүтээ та нар миний утас, хүрэм хоёрыг өг гэсэн. Гэтэл Мөнхбаатар гар зайл гэсэн. Энэ үед Хандаамаа нөгөө Жаргалсайхан эгчтэй маргасан. Гэтэл гэрийн баруун талын матрас дээр сууж байсан Хандаамааг нөгөө гэрт орж ирсэн залуу хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгтэл Мөнхбаатар уурлаад гэрээс зайл гэж хэлсэн чинь Жаргалсайхан болон нөгөө цээж нүцгэн залуу хэрүүл хийгээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Жаргалсайхан эгч нөгөө залуутай гараад явсаны дараа Хандаамаагийн доороос цус гарсан. Гэтэл Мөнхбаатар та нар миний хүүхдийг аллаа гэж хэлээд гал тогооны шүүгээнээс юм авах гэхээр нь би араас нь тэвэрч аваад цагдаа дуудсан байгаа гэж хэлээд авахуулаагүй. Тэгтэл Мөнхбаатар гэрээс гүйгээд гарсан. Би гутлаа өмсчихөөд араас нь гартал Мөнхбаатар хашааны хаалганы хажуу талд байх модон жорлонгийн хажуу талд зогсож байхаар нь чи яах гээд байгаа юм цагдаа ирж байгаа ш дээ гэсэн. Тэгээд бид гэрт эргэн орсон. Мөнхбаатар дахин гараад такси бариад орж ирсэн. Тэгээд Мөнхбаатар, Хандаамаа, Роза бид нар машинд суугаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явж байхад түргэний тэрэг хажуугаар өнгөрхөөр нь зогсоогоод Хандаамаа, Мөнхбаатар хоёрыг явуулсан. Маргааш өглөө нь би 11.00 цаг болж байхад сэрсэн. Өөр болсон асуудлыг мэдэхгүй гэжээ./хх-н 23-25/

             Гэрч Ч.Мөнхчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20.00 цаг өнгөрч байхад ажлаа тараад өөрийн найз Мөнхбаатар, Сүхээ болон түүний найз охин Роза нарын хамт манай ажлын хажуу талд байрлах Онон Pub-д орж хүний нэг нэг шил 0.5 граммтай пиво уусан. Ямар нэртэй пиво уусан талаараа сайн мэдэхгүй байна. Тэгээд 21.00 цаг өнгөрч байхад бид уг газраас гараад найз Мөнхбаатарын гэрт очсон. Мөнхбаатарын гэрт орохдоо замаараа дэлгүүр ороод 0.5 граммтай Соёрхол архи авч уусан. Тэгээд Мөнхбаатарын гэрт ороод хоол унд идсэн. Тухайн үед Мөнхбаатарын гэрт Мөнхбаатар, түүний эхнэр Хандаамаа, Сүхээ болон түүний найз охин Роза нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд байж байхад Мөнхбаатарын хашааны эзэд гээд нэг эмэгтэй орж ирээд үүдний хэсэгт сандал дээр суугаад юм яриад байх шиг байсан. Юу яриад байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Би тэндээс удалгүй гараад явчихсан. Мөнхбаатар бид хоёр найзлаад 6 жил болж байгаа. Мөнхбаатар зан байдлын хувьд хүнд тусархуу сайн залуу байгаа юм гэжээ.  /хх-н 26-

           Гэрч С.Роза мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз нар болох Мөнхбаатар, Сүхээ, Мөнхөө нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их Засаг их сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Онон Pub-д орсон. Бид нар тэнд хүний нэг нэг пиво авч уусан. Тэгээд тэндээс 22.00 цагийн үед гараад найз Мөнхбаатарын гэрт очсон. Мөнхбаатарын гэрт орохдоо бид нар архи болон ундаа авч орсон. Мөнхбаатарын гэрт ороход түүний эхнэр нь болох Хандаамаа шөлтэй хоол хийчихсэн байж байсан. Бид нар хоол идээд архиа уугаад байж байтал Мөнхбаатарын хашааны эзэн болох Жаргалсайхан гэдэг эгч согтуу орж ирсэн. Тэрээр үүдний орчимд сандал дээр суугаад эрчүүд аймаар муухай манай нөхөр намайг хаяад явсан би хүүхдээ тэжээх гэж зовж байна гэж хэлээд уйлаад байсан. Тэгж байснаа та нар надад архи өгөхгүй юм уу харамлаад байна уу үгүй юу гэсэн.  Тэгтэл Мөнхбаатар архи хундаглаж өгсөн. Тэгээд Жаргалсайхан эгч архинаас хоёр удаа татаад бие засаад ирий гээд гарсан. Тэгээд удагүй буцаад ороод ирсэн. Буцаж орж ирэхдээ нэг шалдан залуутай хамт орж ирсэн. Нөгөө залуу нь миний утас хүрэм хоёр хаана байна гээд байсан. Тэгтэл Мөнхбаатар та манайд дөнгөж сая орж ирсэн биз дээ таны юм манайд яаж байдгийм гэж хэлсэн. Гэтэл Мөнхбаатар уурлаад босоод ирсэн ба эхнэр Хандаамаа нь Жаргалсайхан эгчээ та юун хүн оруулаад ирэв гэж хэлсэн.  Гэтэл Жаргалсайхан эгч та нар зүгээр л манай найзын утас, хүрэмийг өгчих гэсэн. Тэгэхээр нь би Жаргалсайхан эгчид та яасан сонин юм бэ та ганцаараа гараад явсан биз дээ тэгээд удаагүй орж ирээд юу яриад хэрүүл хийгээд  байгаа юм бэ гэтэл Хандаамаа бид хоёрыг гичий янхан гээд янз бүрээр доромжилсон. Тэгж байснаа Хандаамааг Жаргалсайхан эгч алгадаад газар түлхээд унагаатал нөгөө шалдан залуу нь Хандаамааг нэг удаа өшиглөсөн. Хандаамаа босоод орон дээр суутал түүний доороос цус гарсан. Тэгтэл Мөнхбаатар та нар миний хүүхдийг аллаа гэж хэлээд шүүгээнийхээ шургуулгийг татаж унагаагаад гараад гүйчихсэн. Бид нар утсаараа түргэн дуудсан. Түргэн удаад ирэхгүй болохоор нь бид нар такси бариад явж байтал түргэн ирж байсан. Тэгээд Мөнхбаатар, Хандаамаа хоёр уг машинд суугаад явсан. Бид нар араас нь очсон. Тэгээд эмнэлгээс ирээд Мөнхбаатарынд амарсан. Хандаамааг хэвтэрийн дэглэм барь гэсэн юм гэнэлээ. Бид нарыг ирээд амарч байхад үүдийг маш хүчтэй цохьсон. Гэтэл Жаргалсайхан эгчийн найз болох нөгөө залуу орж ирээд та нар хүнийг ямар аймаар зоддог юм бэ гэсэн. Мөнхбаатар уурлаад орноосоо босоод яваад өгсөн. Би санаа зовоод араас нь гартал Мөнхбаатар хашаан дотроо байж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна гэжээ. /хх-н 28-30/

           Гэрч О.Даринчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө  цагаа сайн мэдэхгүй байна гэртээ харих гээд явж байтал манай ар талын гудамжинд байдаг Жаргалсайхан гэх танил эмэгтэй хашаан дотроо хүнтэй маргалдаад байхаар нь хэнтэй  маргалдаж байгаа юм бол гэж бодоод хашаанд нь ороход тэрээр хашаандаа байдаг хэдэн залуучуудтай маргаад байж байсан. Намайг гэрт ороход гэрт 3 залуу, 3 эмэгтэй хүн байсан. Би ороод та нар яагаад нийлчихээд ганц эмэгтэй хүн рүү дайраад  байгаа юм бэ гэхэд гэрийн эзэн болох Мөнхбаатар гэдэг залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг заамдаж аваад цохих гээд байсан. Бид хоёр гэрээс гараад нилээн ноцолдсон. Эргээд гэрт ороход Мөнхбаатарын эхнэр гэх хүүхэн гэдсээ дараад доошоо суусан тэгтэл Мөнхбаатар хутга аваад дайрхаар нь би шууд зугтаагаад гараад гүйсэн. Би гүйж байгаад эргээд хашаанд иртэл Жаргалсайхан гараа барьчихсан зогсож байсан яасан бэ гэтэл  Мөнхбаатар сая намайг түлхэж унагаагаад явлаа гэж хэлсэн гэжээ.  /хх-н 31-32/

          Гэрч Д.Мягмаржав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шилжих шөнө 01.00 цаг өнгөрч байхад манай гэрт нэг танихгүй залуу орж ирээд та Жаргалсайханы эгч Мягмаржав мөн үү Жаргалсайхан хүнд зодуулсан байна тэгээд таныг дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааныхаа гадаа гарахад Жаргалсайхан хашааныхаа гадаа уйлаад сууж байсан. Юу болсон юм гэхэд манай хашааны залуу намайг зодчихлоо гэсэн. Би Жаргалсайханыг өргөөд босгох гэтэл миний гар өвдөөд байна гээд байсан. Гэрт нь оруулах гэхэд манай айлын залуу ууртай байгаа гэрт орж ирээд дахиад зодуул яах юм гээд байсан. Тэгэхээр нь Жаргалсайханыг гэрт нь оруулаад нөгөө айлын залуутай уулзах гээд гэрт нь ортол байхгүй байсан. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн.  Эхлээд цагдаа ирсэн. Тухайн үед ирсэн цагдааг Нацагдорж гэж байсан. Нацагдорж цагдаа Жаргалсайханы гарыг барьж үзээд хугарсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд гарыг нь хугарсан байна гэж хэлсэн. Чухам хаагуураа хугарсан талаар нь би мэдээгүй. Жаргалсайхан надад хэлэхдээ Мөнхбаатар намайг газар унагаагаад дээрээс дэвссэн гэж хэлсэн. Мөнхбаатар манай дүү Жаргалсайханы хашаанд эхнэрийн хамт түр амьдарч байгаа юм. Одоо нүүсэн байх гэжээ. /хх-н 33-35/

          Гэрч Ч.Нацагдорж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний хооронд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа жолоочоор гарч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамжинд дуудлага аваад буцаад явж байхад 281-б тоот хашаа руу том пиво барьсан сэжиг бүхий 3 залуу явж орохоор нь араас нь дагаад орсон. Тэгээд хашаанд ороход 7-9 эрэгтэй, эмэгтэй хүн хашаанд архи уугаад сууж байхаар нь бичиг баримтыг нь шалгаж үзэхэд эдгээр хүмүүс нь уг хаяган дээр оршин суудаггүй хүмүүс байсан. Тэгэхээр нь уг хүмүүсийг тараагаад явуулсан ба хашааны эзэн Жаргалсайхан гэх эмэгтэйг гэрт нь оруулж амраасан. Ажил дээрээ ирээд байж байхад одоо санаж байхад 22.00 цаг өнгөрч байтал У-10-с Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамж 281-б тоотод хүмүүс архи уугаад зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд дуудлагын дагуу Дүүргийн 6-281-Б тоотод очиход Жаргалсайхан гэх эмэгтэй намайг манай хашаанд байдаг залуу сая гудамжинд өшиглөж унагаагаад миний зүүн гарын дээр дэвсэж гар гэмтээчихлээ гэсэн. Мөн Жаргалсайханынд байсан Даринчулуун гэдэг залуу хэлэхдээ хашаанд нь байдаг залуу зодож гэмтээчихээд гараад зугтчихлаа гэж хэлсэн. Би 103 дугаарт дуудлага өгөх талаар зөвлөгөө өгөөд явсан. Уг эмэгтэй өөрөө согтуу байсан. Түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй гэжээ.  /хх-н 36-38/  

         Х.Жаргалсайхан,С.Мөнхбаатар нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-10/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 39/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13434 тоот акт. ДҮГНЭЛТ:

1.Х.Жаргалсайханы биед зүүн гарын атгаал ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40/

         Х.Жаргалсайханы өвчний түүхийн хуулбарыг ГССҮТөвөөс хуулбарлан авсан байна. /хх-н 42-46/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл/ хх-н 47-48/,

          С.Мөнхбаатарт бусдын батлан даалтадөгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/ хх-н 62-64/

          С.Мөнхбаатарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 67-73/

          С.Мөнхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н82 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 95/,Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 5-116 тоот нийтийн байранд оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт хх-н 81/ зэрэг болно.

         С.Мөнхбаатар нь  2016 оны  9 дүгээр сарын 23-ны орой  23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13  дугаар хорооны  6 дугаар гудамжны 218-б тоот хашаанд оршин суух иргэн Х.Жаргалсайхантай маргалдан улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Х.Жаргалсайханы биед зүүн гарын атгаал ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн нүдний зовхинд шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 40/

          Хохирогч Х.Жаргалсайханы  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … Мөнхбаатар миний хүүхдийг алдаг та нар хэн юм бэ гэж хэлээд гал тогооны шүүгээний шургуулгаа онгойлгоод дотор талаас нь хутга авахад Даринчулуун, Мөнхбаатарын гэрээс гараад зугтаасан чинь Мөнхбаатар араас нь хөөгөөд гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад болиоч чи хүн алах нуу гэхэд Мөнхбаатар хөлөөрөө миний цээж рүү өшиглөөд намайг газар унатал зүүн гаран дээр хөлөөрөө нэг удаа дэвсээд гүйгээд явчихсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13-14/

         Гэрч Ц.Эрдэнэсүхийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … Мөнхбаатар та нар миний хүүхдийг аллаа гэж хэлээд гал тогооны шүүгээнээс юм авах гэхээр нь би араас нь тэвэрч аваад цагдаа дуудсан байгаа гэж хэлээд авахуулаагүй. Тэгтэл Мөнхбаатар гэрээс гүйгээд гарсан. Би гутлаа өмсчихөөд араас нь гартал Мөнхбаатар хашааны хаалганы хажуу талд байх модон жорлонгийн хажуу талд зогсож байхаар нь чи яах гээд байгаа юм цагдаа ирж байгаа ш дээ гэсэн мэдүүлэг ./хх-н 23-25/

          Гэрч С.Розагийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн : Мөнхбаатар та нар миний хүүхдийг аллаа гэж хэлээд шүүгээнийхээ шургуулгийг татаж унагаагаад гараад гүйчихсэн. …Жаргалсайхан эгчийн найз болох нөгөө залуу орж ирээд та нар хүнийг ямар аймаар зоддог юм бэ гэсэн. Мөнхбаатар уурлаад орноосоо босоод яваад өгсөн. Би санаа зовоод араас нь гартал Мөнхбаатар хашаан дотроо байж байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 28-30/

          Гэрч О.Даринчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн …Намайг гэрт ороход гэрт 3 залуу, 3 эмэгтэй хүн байсан. Би ороод та нар яагаад нийлчихээд ганц эмэгтэй хүн рүү дайраад  байгаа юм бэ гэхэд гэрийн эзэн болох Мөнхбаатар гэдэг залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд намайг заамдаж аваад цохих гээд байсан. Бид хоёр гэрээс гараад нилээн ноцолдсон. Эргээд гэрт ороход Мөнхбаатарын эхнэр гэх хүүхэн гэдсээ дараад доошоо суусан тэгтэл Мөнхбаатар хутга аваад дайрхаар нь би шууд зугтаагаад гараад гүйсэн. Би гүйж байгаад эргээд хашаанд иртэл Жаргалсайхан гараа барьчихсан зогсож байсан яасан бэ гэтэл  Мөнхбаатар сая намайг түлхэж унагаагаад явлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 31-32/

          Гэрч Д.Мягмаржавын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … шөнө 01.00 цаг өнгөрч байхад манай гэрт нэг танихгүй залуу орж ирээд та Жаргалсайханы эгч Мягмаржав мөн үү Жаргалсайхан хүнд зодуулсан байна тэгээд таныг дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хашааныхаа гадаа гарахад Жаргалсайхан хашааныхаа гадаа уйлаад сууж байсан. Юу болсон юм гэхэд манай хашааны залуу намайг зодчихлоо гэсэн. Би Жаргалсайханыг өргөөд босгох гэтэл миний гар өвдөөд байна гээд байсан. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн.  Эхлээд ирсэн цагдааг Нацагдорж гэж байсан. Нацагдорж цагдаа Жаргалсайханы гарыг барьж үзээд хугарсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд гарыг нь хугарсан байна гэж хэлсэн. Чухам хаагуураа хугарсан талаар нь би мэдээгүй. Жаргалсайхан надад хэлэхдээ Мөнхбаатар намайг газар унагаагаад дээрээс дэвссэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/

        Шүүгдэгч С.Мөнхбаатарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Шүүгдэгч С.Мөнхбаатарт холбогдох хэргийн зйүлчлэл зөв тохирсон байх тул түүнийг  бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч С.Мөнхбаатар нь би Х.Жаргалсайханы гарыг хугалаагүй гэж  мэдүүлж байх боловч хохирогч Х.Жаргалсайханы мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв.

          Шүүгдэгч нь хохирогч Х.Жаргалсайханд эмчилгээний зардалд 658.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдах нь зүйтэй

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хорыг арилгасан  зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт аасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөх овогт Сугарын Мөнхбаатарыг  бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Мөнхбаатарыг  2 жилийн хугацагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар С.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,С.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар  хэлтэст даалгасугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөдтогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мөнхбаатарт  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН