Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0624

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0624

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “А” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Бт холбогдох 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудасны зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Ц.Б, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “А” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын шаардлага, үндэслэлдээ: ...”А” ХХК нь Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б. Б.Б нарын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус компанид шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийн зөвхөн шүүхийн шүүхийн шийдвэр өөрчилнө мөн зүйлийн 47.19-дТатвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн захиргааны журмаар гомдол гаргаж байна. .

“А” ХХК нь 2013 оноос эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төмрийн хүдрийг нойтон аргаар буюу баяжуулалт боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Манай компани ашигт малтмал олборлох уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бусад ААН болон БНХАУ-ын компаниудын төмрийн хүдрийг боловсруулж баяжуулдаг.

Хэдийгээр экспорт нь “А” ХХК-ний нэр дээр гарж байгаа хэдий ч дараах зардлуудыг баяжуулалт хийлгэж буй харилцагчид маань гаргадаг болно. Үүнд: Уурхайгаас гарч буй түүхий хүдрийн төлбөр уурхайгаас хуурай аргаар баяжуулах үйлдвэр хүрэх тээврийн төлбөр болон хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ажлын хөлс, хуурай аргаар баяжуулах үйлдвэрээс нойтон аргаар баяжуулах үйлдвэр хүртэлх тээврийн төлбөр болон баяжуулалтын ажлын хөлс, нойтон аргаар баяжуулах үйлдвэрээс Бор-Өндөрийн төмөр замын өртөө хүртэлх тээврийн төлбөр, Бор-Өндөр өртөөнөөс БНХАУ-ын эрээн хот хүртэлх вагоны тээврийн төлбөрийг төлдөг. Энэ бүхнээс манай компанийн олох орлого бол зөвхөн нойтон аргаар боловсруулсан үйлдвэрийн ажлын хөлс байдаг болно. Манай компани нь экспортоос орлого олдоггүй ба зөвхөн төмрийн хүдрийн баяжуулалтаас орлого олж, дотооддоо ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг онцгойлон дурдмаар байна.

Татварын улсын байцаагч нарын 2016-2018 оны үйл ажиллагааны тайлан дээр хийсэн шалгалтын үр дүнд:

1. 2016 онд 323,891,432.80 төгрөг, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгийн борлуулалтын орлогод ААНОАТ ногдуулаагүй гэж 2016 онд 7,510,140.70 төгрөг, 2017 онд 32,641,098.50 төгрөгийн торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Татварын улсын байцаагч нар Гаалийн Ерөнхий Газрын мэдээлэлд буюу тус компанийн олоогүй бодит бус орлогод үндэслэж нөхөн төлбөр торгууль ногдуулсан. Энэ нь ААНОАТ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1; Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно: 13.1.1. Тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх: 13.1.2.-д албан татвар төлөгч албан татвар ногдох олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх гэсэн заалтыг зөрчиж тухайн тайлангийн хугацаанд шууд холбогдон гарсан 2016 он болон 2017 оны төмрийн хүдрийн үнэ болон холбогдох зардлыг хасч тооцох ёстой бөгөөд ингэж тооцоход манай компанийн татвар ногдох орлого, татвараа үнэн зөв тайлагнасан болно. Иймд хууль буруу хэрэглэж шийтгэлээр ногдуулсан 2016 оны 7,510,140.7 төгрөг, 2017 оны 32,641,098.5 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгнө үү.

2. 2016 онд 1,214,185,972.20 төгрөг, 2017 онд 4,366,991,714.50 төгрөгөөс тооцсон 558,117,768.67 төгрөгийг НӨАТ-н буцаан авалтаас хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 Монгол улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанд албан татварын 0 хувь хэрэглэнэ гэж заасан тул 558.1 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авах буюу нэмэгдсэн өртгийн албан татварын авлагаас хасч тооцсон нь хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд 0 хувь хэмжээг хэрэглэнэ гэсэн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Хууль тогтоогчоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн зохицуулалтыг дотоодод борлуулсан эцсийн бүтээгдэхүүн гэж өрөөсгөл үзэж экспортод гаргасан тул уул уурхайн бүтээгдэхүүнийг хамруулан ойлгож хэрэглэхгүй байгаа нь буруу юм.

Иймд хууль буруу хэрэглэж шийтгэлээр оногдуулсан 7,510,140.7 төгрөг, 32,641,098.5 мянган торгуулийг НӨАТ-н буцаан авалтаас 558,117,768.67 төгрөгийг хассаныг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О. Болдбаатар, Б. Байгалмаа бид Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй ***** тоот регистрийн дугаартай, "А" ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн **** тоот томилолтоор тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар 7,509,011,704.00 төгрөгийн зөрчил илэрч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар 601,740,084.10 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 183,801,904.60 төгрөгийн торгууль/торгох шийтгэл/, 9,277,485.20 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ нийт 794,819,474.20 төгрөгийн төлбөр оногдуулсан.

“А” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах нь:

*** тоот регистрийн дугаартай “А” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр 5-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газарт төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Баяжуулсан төмрийн хүдрийг гэрээний дагуу БНХАУ руу экспортод гаргаж борлуулдаг. “А” ХХК тайлангаар 2016 онд 1,368,551,870.00 төгрөгийн, 2017 онд 11,628,397,874.00 төгрөгийн баяжуулсан төмрийн хүдрийн экспортын борлуулалт хийсэн. Тухайн экспортод гаргасан ашигт малтмалыг эцсийн бүтээгдэхүүнээр тооцож /гаалийн мэдүүлэг/нэмэгдсэн өртгийн тайлангаар 0" хувиар татвар ногдуулсан. 2016-2017 онд экспортод гаргасан баяжуулсан хүдэр нь гаалийн мэдүүлгийн баримтаар 60-69 хувийн төмрийн агуулгатай байсан учраас Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл. Албан татварын тэг / 0 хувь хэрэглэх 12 1. Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: 12.1.7. ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүү, 12.5. Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно. Засгийн газрын 2015 оны 12-р сарын 21-ны өдрийн 502-р тогтоол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. /хавсралтын дугаар 11-т код 7203.10.00 тайлбар баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай байх) гэсэн заалтуудыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг "0 хувиар ногдуулах нь үндэслэлгүй, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх борлуулалт гэж үзсэн.

2016 онд 1,214,185,972.20 төгрөгийн, 2017 онд 4,366,991,714.50 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх 14.9. Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно гэж заасныг.

2016 онд 323,891,432.80 төгрөгийн, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгийн борлуулалтын /экспортын борлуулалтын орлого/ орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулаагүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод татвар ногдуулна 8.1.1-д 'Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогод 12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зүйл; ...12.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, мөн хуулийн 12.1.1-д түүхий эд, ...бүх төрлийн материалын зардал гэж заасныг зөрчсөн тул,

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд 18.1Татвар төлөгч... үүрэг хүлээнэ 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх 18.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам...нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан гаргах 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд: 4.1.Аж ахуйн нэгж...-ын нягтлан бодох бүртгэлд. зарчмыг баримтлан:.. 4.1.2.санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал бодит тоо, мэдээнд үндэслэх. заалтыг зөрчсөн мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 -д 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн. хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл. тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан; ...1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн. ,бол татварыг нөхөн төлүүлж хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын үндэслэн,

2016 онд 1,214,185,972.20 төгрөгийн, 2017 онд 4,366,991,714.50 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 558,117,768.67 төгрөгийн нөхөн татвар /хохирол/ оногдуулах,

2016 онд 323,891,432.80 төгрөгийн, борлуулалтын /экспортын борлуулалтын орлого- орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан зардал 273,823,827,80 төгрөгийг хасч 50,067,605.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогод 5,006,760.50 төгрөгийн нөхөн татвар /хохирол/, 1,502,028.15 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 1,001,352.10 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ оногдуулах,

2017 онд 1,417,830,926.70 төгрөгийн, борлуулалтын /экспортын борлуулалтын орлого/ орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан зардал 1,200,223,603.70 төгрөгийг хасч 217,607,323.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогод 21,760,732.30 төгрөгийн нөхөн татвар /хохирол/ 6,528,219.69 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/ 4,352,146.46 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “А” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б нарт холбогдуулан гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсын зарим хэсгийг /Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 3 ,6, 8/ хүчингүй болгуулах гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот томилолтын дагуу “А” ХХК-ийн 2016-2018 оны хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсаар нийт 7,509,011,704 төгрөгийн зөрчилд 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 183,801,904.60 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 794,819,474,20 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч “А” ХХК-ийн зүгээс татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 23-ны 19/89 тоот албан бичгээр татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа маргаан бүхий шийтгэлийн хуудасны хавсралт дахь Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсэгт 2016 онд 1,214,185,972 төгрөгийн, 2017 онд 4,366,991,714.50 төгрөгийн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон нь үндэслэлгүй... гэж тодорхойлон маргажээ.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2021 оны 01 дүгээр cарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 102 тоот тогтоолоор 167,435,330.60 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 16,366,574 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 627,384,143.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан, бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг төлөх татвараас 2016 онд 1,214,185,972.20 төгрөг, 2017 онд 4,366,991,714.50 төгрөгийг хассан /Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсэг/ зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн, 12.5-д Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно, 14 дүгээр зүйлийн 14.9-д Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтын 11-т 7203.10.00 кодтой Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн байх бөгөөд Баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай байх) гэж заасан байна.

Тус компани нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нутаг дэвсгэр дэх өөрийн эзэмшлийн газарт төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж БНХАУ-д экспортод гаргадаг байх бөгөөд 2016 онд 26,552.57 тонн, 2017 онд 104,391.40 тонн төмрийн баяжмалыг борлуулан орлого олсон, уг орлогоо тус компанийн 2016-2017 оны тайланд тайлагнасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагчийн 2016-2017 онд экспортод гаргасан төмрийн баяжмал нь 51-67.57 хувийн агуулгатай болох нь гаалийн мэдээллээр тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-д Дараах барааг албан татвараас чөлөөлнө: энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн-д хамааруулан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн-д Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төмрийн баяжмал нь 80 хувиас дээш агуулгатай бол хамаарахаар байх тул “А” ХХК-ийн экспортод гаргасан төмрийн баяжмал нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй юм.

Харин татварын улсын байцаагчдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-аар тус компанийг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвараар 613,310,542.90 төгрөгийн илүү төлөлттэй болохыг баталгаажуулсан атлаа 558,117,768.60 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь актаар баталгаажуулсан илүү төлөлтийн зөрүүгээр нөхөн төлүүлэх татвар тооцон торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудасны торгуулийн дүнг 167,435,330.60 төгрөгөөр бууруулж шийдвэрлэлээ.

Хоёр. Борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон зөрчлийн /Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэг/ тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23190500121 тоот томилолтын дагуу “А” ХХК-ийн 2016-2018 оны хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсаар борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон зөрчилд татвар ногдуулсан ба гомдол гаргагч 2019 оны 07 сарын 23-ны өдөр Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд шийтгэлийн хуудасны зарим хэсгийг хүчингүй болгуулахаар хэсэгчлэн гомдол гаргажээ.

Уг гомдолдоо шийтгэлийн хуудасны хавсралт дахь Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг үндэслэлгүй хэмээн маргасан байх бөгөөд шүүхэд гаргасан гомдолд дурдсан Ногдуулсан төлбөрийн тооцооны 3,8 дахь хэсэгт заасан асуудлаар Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар бичгээр хандаагүй байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолын агуулгаас үзэхэд “А” ХХК-иас гаргасан гомдлын хүрээнд маргаан бүхий шийтгэлийн хуудасны хавсралт дахь Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсэгт заасан зөрчлийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно., 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй, 47 дугаар зүйлийн 47.5-д Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ:, 47.5.1-д аймаг, нийслэлийн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл;, 47.19-т Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй. гэж тус тус заажээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:, 14.1.1 дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заажээ.

          Дээрх хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд авч үзвэл, гомдол гаргагч “А” ХХК нь маргаж буй татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах бөгөөд уг маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрөл 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэтэл гомдол гаргагчийн зүгээс гомдлын шаардлагын энэ хэсэгт холбогдох агуулгаар Маргаан таслах зөвлөлд бичгээр хандан шийдвэрлүүлээгүй, шууд шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд гомдлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон зөрчлийн /Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэг/ хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7, 12.5, 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудасны зарим хэсэг болох Ногдуулсан төлбөрийн тооцооны 2, 6 дахь хэсгийн 7,509,011,704 төгрөгийн зөрчилд 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 183,801,904.60 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 794,819,474,20 төгрөгийн дүнг 167,435,330.60 төгрөгөөр багасгаж үлдэх хэсэг болох 601,740,084.40 төгрөгийн нөхөн татвар, 16,366,574 төгрөгийн торгууль, 9,277,485.20 төгрөгийн алданги, нийт 627,384,143.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-иас гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсын зарим хэсэг болох борлуулалтын орлогыг 2016 онд 323,891,432.80 төгрөгөөр, 2017 онд 1,417,830,926.70 төгрөгөөр дутуу тооцсон зөрчлийн /Ногдуулсан төлбөрийн тооцооны 3, 8 дахь хэсэг/ хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА