| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0101/И |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 129
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух З овогт Д.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Б овогт Ш.Б-д холбогдох,
Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Замын-Үүд сумын эргэх депод ажилладаг. Тус сумын 1 дүгээр багт байрлах одоогийн хаягаар Сүлд баг 28 ам метр сууцны талбай бүхий 2 өрөө орон сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлж өмчлөн авсан. Хариуцагч мөн адил өөрийн 12 ам метр талбайтай өрөөг мөн дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлалаар өмчилж авсан. Тухайн үед гал тогооны өрөө, үүдний хэсгүүдийг дундаа хамтран өмчилж, нэг хаалгаар орж гардаг байсан. Манай дүү нар уг байранд түр хугацаагаар амьдрахдаа миний дангаар өмчилж байсан хэсэгт гадагш хаалга гарган махны дэлгүүр нээн ажиллуулж байсан. Одоо засвар хийн, цэвэр бохир усны төв шугамд холбож, өөрийн дундын өмчлөлийн төв хаалгаар орох гэтэл хажуу айл болох хариуцагч тал өөрийн ханаа буулгаж, манай орж гарах хаалгыг таглаж өөрийн өрөөтэй нийлүүлснээс бид дундын өмчлөлийн зүйлээ эзэмшиж ашиглах өөрөөр хэлбэл хаалгаараа орж гарах боломжгүй болсон. Хариуцагчаас зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байх тул нэхэмжлэгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож, дундаа хамтран өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б миний бие Г-н нэхэмжлэлтэй холбогдуулан дараах саналыг нэхэмжлэгчид гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох ... байрны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн оногдох хэсэгт миний бие хана босгон өөрийн эзэмшилд аван засаж, сайжруулсан. Одоо уг ханыг нурааж дундын өмчлөлийн талбайг чөлөөлөхөд надад болон манай гэр бүлд багагүй хүндрэл учран, зардал гарч бэрхшээл үүсч байгаа тул уг дундын өмчлөлийн талбайгаас Г-д оногдох хэсэгт нь 900.000 төгрөгөөр тооцон төлж, бидний маргаж буй дундын өмчлөлийн хэсгийг цаашид миний бие өөрийн эзэмшилдээ авахыг хүсч байна. Иймд миний уг саналыг нэхэмжлэгчийн тал нааштайгаар хүлээн авч эвлэрэх хүсэлтэй байна. Дундын эзэмшлийн талбайд жорлон коридор, сарай /жижиг/ зэрэг орж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах ... байрны ... тоот 28 м2, 2 өрөө байрны дундын өмчлөлийн зүйл болох коридор, жорлон зэргийн хамтран өмчлөх эрх маань зөрчигдөж байх тул зөрчлийг арилгах, өмчлөх эрхээ сэргээлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан эвлэрч, өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин нэхэмжлэгчийн зүгээс энэ тухай нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн өмчлөх эрхийг сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад хариуцагч Ш.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... байрны дундын эзэмшлийн хэсгийн Д.Г-д холбогдох хэсэгт 900.000 төгрөг төлж, уг ... байрны дундын эзэмшлийн хэсгийг өөрийн эзэмшилдээ үлдээх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ш.Б нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Б-д холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Бнь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... байрны дундын эзэмшлийн хэсгийн Д.Г-д хэсгийг өөрийн эзэмшилдээ үлдээх саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35.100 төгрөгийг, хариуцагч Ш.Б-с 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц