Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/823

 

 

 

 

 

        2022         06          28                                         2022/ШЦТ/823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,      

шүүгдэгч Т.Снарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Т.Схолбогдох эрүүгийн 210 802 0271 014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 орцны 00 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Снь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 000 тоотод оршин суух хохирогч Н.Өыг Бүгд найрамдах Солонгос улсад байх хугацаанд буюу 2020 оны 11 сарын 25-аас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогчоос дансаар шилжүүлж өгсөн “хонь худалдаж авах” 500.000 төгрөг, “банкны хүү төлөх 1.500.000 төгрөг, мөн итгэмжлэн хариуцаж байсан гэрийнх нь складанд байсан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг маск, 350.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж зэргийг хувьдаа завшиж нийт 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Т.Снь 2020 оны 11 сарын 25-аас 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Н.Өын Солонгос улсад байхдаа “хонь худалдаж аваарай” гэж шилжүүлсэн 500.000 төгрөг, “банкны хүү төлөөрэй” гэж шилжүүлсэн 1.500.000 төгрөг, мөн итгэмжлэн хариуцуулсан гэрт байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг монетон бөгж, складанд байсан 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг маск зэргийг завшсан болох нь :              

- хохирогч Н.Өын гаргасан гомдол /хх-10/,

- хохирогч Н.Өын...Би Содномыг багаас нь танина, манайхан айл саахалт байсан...Би Солонгос явсныхаа дараа 2020 оны 2 сараас Содномын дугаарыг найзаас олж утсаар холбогдсон, түүнээс хойш холбоотой байдаг...Манай байшингийн сууриар зоорь руу ус ороод байна гэхээр нь Содномд янзлаад өг гээд гэрийн болон складны түлхүүрээ хүргэнээрээ өгүүлсэн ба тэрээр манай байшинг янзлаад манайхаар ирэн очин байдаг болсон...Намар нь Т.СГовь-Алтай аймагт очсон байна, энд хонины мах хямдхан байна, нэг хонийг 50.000 төгрөг гэж байна гэхээр нь би Т.Содномын хамаатан Ганболд гэдэг хүний данс руу 2020.11.25-ны өдөр 500.000 төгрөг хийлгүүлээд, хэд хоносны дараа хонь туранхай байсан болохоор авсангүй, мөнгийг чинь дараа өгнө гээд таг болсон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны 5100468026 тоот данс руу 1.500.000 төгрөг хийгээд Голомт банкны зээл хийчихээрэй гээд өгөхөд миний мөнгийг банканд өгөөгүй байсан. Маргааш нь миний складнаас 500 ширхэгтэй хайрцагтай маск байсныг аваад явсан байсан...Миний нэг ширхэг бөгжийг “Сайн ломбардад 165.000 төгрөгөөр тавьсан ба тухайн бөгжийг олж авч чадаагүй...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,   

- хохирогч Н.Өын “Хаан” банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,  

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ : SNP брэндийн нүүрний маск 500 ширхэг, нийт үнэлгээ 1,000,000 төгрөг, монетон бөгж 2,5 грамм-350,000 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 1.350.000 төгрөг /хавтаст хэргийн 34 дэх  тал/,

- шүүгдэгч Т.Содномын...Би өөрийн гэм буруутайд үйлдлээ хүлээн зөвшөөрч

байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэв.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

              

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус хэрэгт мөрдөн шалгах, хянах ажиллагаа зарим талаар шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүйгээр бүрэн бус хийгдсэн байх боловч шүүгдэгч Т.Схолбогдох тус гэмт хэргийг прокурорт буцаахгүйгээр, харин “ноцтой алдаа” хэрхэн гаргасныг нь анхааруулж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэв.    

Тухайлбал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдлүүд нийлмэл шинжтэй гэмт хэрэг байж болохыг огт шалгаж тогтоогоогүй, таамаглал төдий байдлаар ханджээ.     

Хохирогч нь байшин, зоорьт засвар хийлгүүлэхээр гэр, складны түлхүүрээ Т.Сөгсөн байх боловч энэ нь тухайн гэрт болон складанд байгаа бүх хөрөнгийг түүнд итгэмжлэн хариуцуулсан үндэслэл, эх сурвалж хэрхэн болж байгаа эсэх, хохирогчийн бөгжийг хэзээ, ямар ломбардад тавьсан байсан эсэх, мөн хохирогч нь гэмт хэрэг үйлдсэн байж болох хүнийг нэр заан тодорхой утгаар гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн байтал Т.Сгэрчээр “хэлбэр төдий” байцаасан нь /хх-30-31/ хууль бусад тооцогдохоос гадна Т.Сяллагдагчаар байцаахдаа хууль зөрчсөн буюу гэмт үйлдэл бүрт хамаарах нотолбол зохих зүйлсийн хүрээнд тодорхой асуулт асууж, зохих хариулт авахгүйгээр, зөвхөн “яллагдагчаар татсаныг зөвшөөрөх үү” гэх хэлбэрийн төдий асуултаар байцаалтыг төгсгөсөн /хх-49/ зэрэг ноцтой алдаа гаргасан байгааг анхааруулж тэмдэглэж байна.

2.2. Хохирогч, шүүгдэгч нарын хувьд “гэмт хэргийн зүйлчлэл”-ийн талаар маргаангүй байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Схөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

 

  1. Хохирол, хор уршиг:      

 

Хохирогчид нийт 3.350.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 2.000.000 төгрөг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул төлөгдөөгүй үлдсэн  1.350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Өт олгохоор байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамаарах баримт /хх-37, 38, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт цугларсан, судлагдсан байна.

Харин шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэг хэд хэдэн төрлийн сонгох санкцитай, түүнчлэн хохирол төлөгдөх үндэслэлүүд байсаар атал шүүгдэгч ажил хөдөлмөр хэрхэн эрхэлдэг эсэх, түүний оршин суух, ажиллах газрын байршил, зорчин явах маршрут болон хөрөнгө орлого, түүний эрүүл мэнд, бусад хувийн байдалд хамаарах хууль ёсны нотлох баримтуудыг нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд зайлшгүй нотлох үүргийг мөрдөгч, прокурор биелүүлэхгүйгээр орхигдуулсан байгаа нь зөвтгөх боломжгүй алдаа болохыг анхааруулан тэмдэглэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирол бүрэн төлөөгүйгээс гадна түүний хөрөнгө орлого, ажил эрхлэлт, байнга оршин суух ба ажиллах газрын хаяг, маршрут тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан түүнд торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  боломжгүй гэж үзсэн ба харин түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхдээ түүний эрүүл мэндийн байдалд хамаарах баримтыг харгалзан эрүүл мэндэд нь тохирсон ажил хийлгэхийг анхаарвал зохино.          

 

2. Бусад асуудал   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Т.Схөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Соногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Өт олгосугай.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР