Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар  2023/ШЦТ/462

 

 

 

2023         04          03                                   2023/ШЦТ/462

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........овогт П.М-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зенет пуужингийн офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний .......... инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

......... овогт П.М , /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч П.М нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... тоотод хохирогч Г.М-той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж хоншоор ясны баруун хөндийн цөмөрсөн хугарал, духанд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн дал, баруун бугалгамд зулгаралт, баруун зүүн, зовхи, амны баруун булан, хацар, баруун завж, уруулын дотор салст, зүүн эгэм, баруун мөр, цээж зүүн дал, хэвлийд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

- Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед ....... тоотод салсан эхнэр, 2 хүүхдийн хамт байхад хүргэн дүү П.М согтуу орж ирээд агсам тавиад байхаар нь маргасан. Босож ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод гэмтэл учирсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

- Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ унтаад амраад байж байтал манай эхнэрийн дүү М  нь согтуу орж ирээд хэл амаар доромжилж байгаад гараараа нүүрэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаартай: 1.Г.М-ийн биед хоншоор ясны баруун хөндийн цөмөрсөн хугарал, духанд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн дал, баруун бугалганд зулгаралт, баруун зүүн, зовхи, амны баруун булан, хацар, баруун завж, уруулын дотор салст, зүүн эгэм, баруун мөр, цээж зүүн дал, хэвлийд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.М нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... тоотод хохирогч хүргэн ах Г.М-той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж хоншоор ясны баруун хөндийн цөмөрсөн хугарал, духанд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн дал, баруун бугалгамд зулгаралт, баруун зүүн, зовхи, амны баруун булан, хацар, баруун завж, уруулын дотор салст, зүүн эгэм, баруун мөр, цээж зүүн дал, хэвлийд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ...... дугаартай: 1.Г.М-ийн биед хоншоор ясны баруун хөндийн цөмөрсөн хугарал, духанд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн дал, баруун бугалганд зулгаралт, баруун зүүн, зовхи, амны баруун булан, хацар, баруун завж, уруулын дотор салст, зүүн эгэм, баруун мөр, цээж зүүн дал, хэвлийд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар бэхжүүлсэн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч     П.М нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... хохирогч Г.М-той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж хоншоор ясны баруун хөндийн цөмөрсөн хугарал, духанд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн дал, баруун бугалгамд зулгаралт, баруун зүүн, зовхи, амны баруун булан, хацар, баруун завж, уруулын дотор салст, зүүн эгэм, баруун мөр, цээж зүүн дал, хэвлийд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Гэм буруугийн тал дээр маргахгүй зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч П.М нь хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.М нь хохирогч Г.Мийн эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

 Шүүгдэгч П.М нь хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч П.М-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1400  нэгж буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Өнөөдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулахаар санал гаргасан. Гэм буруугийн тал дээр улсын яллагчтай санал нэгж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй. Ял шийтгэл хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд зэвсэгт хүчний байгууллагад 11 жил ажиллаж байгаа. Ахлагч хийдэг байгууллага хамт олон удирддаг. Эх орноо төлөөлж энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн. Гэр бүлийн хувьд ээж  нь бие муудаж энэ хүний шууд асрамжид байгаа. 6 сараас 3 насны хоёр хүүхэдтэй. Тухайн гэм буруутайд тооцох зүйл ангийн торгуулийн багахан хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч П.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирогчтой хамаатан садангийн харилцаатай зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч П.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч .......... овогт П.М-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М-т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ