| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0415/З |
| Дугаар | 128/ШШ2021/0626 |
| Огноо | 2021-10-04 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: А.Б Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалын А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эр цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаанаас олгогдсон 2010/24 тоот гэрчилгээний дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын Ар Зайсангийн аманд 0,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Тус газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны А/79 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6- заасан үндэслэлээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Тус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1.3 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26.1. Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 31.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй. гэж заасныг тус тус зөрчсөн. Хариуцагчийн зүгээс хуульд заасан дээрх ажиллагааг хийсэн бол миний зүгээс газрын төлбөрийн үлдэгдлийн талаар тодорхой арга хэмжээ авах, газрыг ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтуудыг гарган өгснөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх шийдвэр гаргахгүй байх боломж байсан. 2. Тус газар нь тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах боловч газрын төлбөрийн асуудал нь харьяалагдах дүүргийн газрын албаны эрх хэмжээнд байдаг. Газрын тухай хуулийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна, 23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах; гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Газрын албатай төлбөр төлж барагдуулах хуваарь баталж хэсэгчлэн төлөхөөр болсон. Гэвч Ковид-19 вирусын цар тахал Монгол Улсад гарсантай холбоотойгоор орлого, мөнгөгүй болсон тул миний бие газрын төлбөрийг бүрэн төлж чадаагүй. Иймд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалан газрын төлбөрийг хэсэгчлэн төлсөн байхад газар ашиглах байдлаас шалтгаалан газрын төлбөрийг хэсэгчлэн төлсөн байхад газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. 3. Би тус газартаа 2013 онд батлуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу аялал жуулчлалын цогцолбор барихаар эскиз зураг гаргаж архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө батлуулахаар одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газарт өгсөн боловч элдэв шалтгаанаар баталж өгдөггүй одоог хүрсэн. Харин 2020 онд Хан-Уул дүүргийн Газрын алба, Засаг даргатай зөвшилцөж шинэ ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дагуу төлөвлөлтөө шинэчилж спортын зал нэмж оруулан батлуулахаар өгсөн байгаа болно. 4. Миний бие тус газарт Соёмбо аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаа явуулахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг батлуулж улмаар нарийвчилсан үнэлгээ байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Сайхан ариун дэлхий ХХК-аар гүйцэтгүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч Д.Э 2021 онд тус байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ батлагдсанаар дараагийн үйл ажиллагаа явуулах боломжтой болох үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлах үйл ажиллагааг хэрэгжүүлж байх явцаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус газар дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг баталснаар газар дээрх үйл ажиллагаа явуулах боломжийг нээсэн атлаа түүнтэй зэрэгцээгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр миний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хоорондоо илтэд зөрчилтэй байна. гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын иргэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг анх авсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 09-ний А/57 дугаар тушаалаар газар ашиглах эрхээ дахин 5 жилийн хугацаагаар сунгаж, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 0,33 га талбайг ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 365 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа олон жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй... байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Дээрх тушаалыг гаргахдаа 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 09/7995 тоот Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан бөгөөд энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.Б нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд 0,3 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхтэй болж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар дахин 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.Бгийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн дуусгавар болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтын дагуу газар ашиглагч этгээд нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ холбогдох газарт бүртгүүлж, гэрээ байгуулаагүй, мөн газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалж ашиглаагүй бол тухайн газар ашиглагчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, газар ашиглагчаас хамаарах шалтгаанаар гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох учиртай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх боловч нэхэмжлэгч А.Б нь газар ашиглах эрх олгосон гэрчилгээ, тушаал гарснаас хойш хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гурвалсан гэрээг байгуулаагүй болох нь шүүхийн шинжлэх судлах нөхцлөөс хэтэрсэн байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасны дагуу нэгэнт нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, тодруулбал, газрын төлбөрөө төлөх, зориулалтын дагуу газраа ашиглах зэрэг Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээргүй байна. Түүнчлэн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгч болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай зохих ёсоор гурвалсан гэрээ байгуулаагүй атлаа гэрээ байгуулсны дараа эдлэх газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй буюу газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч болон холбогдох бусад этгээдийн нэрсийг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй. Дүгнэвэл, нэхэмжлэгч А.Б нь маргаан бүхий газар болох Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын Зайсангийн ам нэртэй 0,3 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, гэрчилгээний үндсэн дээр ашиглах эрх нь үүссэн ч өөрөөс үл хамаарах нөхцөл байдлын улмаас Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулаагүй эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэх эсэхийг захиргааны байгууллага шийдвэрлэх нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр Богдхан Уулын Зайсангийн аманд байрлах 0,3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын А.Бд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын А.Бд холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
|