Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0276

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0276

Улаанбаатар хот

 

 

 

 

“М***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч “М***” ХХК

  Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын “М***” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0002 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,

Хэргийн индекс: 120/2024/0028/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “М***” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын “М***” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохнэхэмжлэлийг гаргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.8, 27.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан “М*** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан “...илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1., 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдтэй холбон тайлбарладаг боловч маргаан бүхий актад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.2, 23.3, 28 дугаар зүйлийн 28.3-д заасныг үндэслэсэн буюу хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, солбицол, хугацаа зэрэг зохицуулсан асуудлаа тодорхой бичсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх бөгөөд хэн, хэрхэн хэрэгжүүлж, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж буй нь ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасанд хамаарахгүй,

3.2. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж заасан байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтын дугаарыг “35.1.18” гэж өөрчилж, 35.1.17 заалтыг нэхэмжлэгчийн үндэслэлдээ тайлбарласан агуулгаар нэмсэн билээ. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16, 17, 18, 23 дахь хэсгүүдэд холбогдох дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж хууль хэрэглэх эрэмбэ, дарааллын талаар тодорхой хуульчилсан бөгөөд энэ нь аливаа газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлыг тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулиар буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна гэсэн хуулийн агуулгыг илэрхийлж байна. Гэтэл шүүх маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тогтоохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий захиргааны актыг гаргах бүрэн эрх хуулиар олгогдсон эсэхэд дүгнэлт өгөлгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэсэн нь учир дутагдалтай.

3.4. Өөрөөр хэлбэл, “хамгаалалтад авах”, “хамгаалалтын бүс тогтоох” гэдэг нь 2 өөр агуулга утгаар хэрэглэгдэх ойлголт байхад шүүх 1 агуулгаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд үл нийцэж байна. Тодруулбал, хариуцагч нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамгаалалтын бүс тогтоогоогүй бөгөөд харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “И***” нэртэй 1110.49 га газар нутгийг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан билээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “М***” ХХК нь 2015 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Зангат уул” нэртэй газарт 1110.49 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын МV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

Маргаан бүхий захиргааны акт болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших “И***” нэртэй 1110.49 га, “Билүүт, Хадат, Цагаан эрэг, Баянхошуу” орчмын 22262 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газар, Баясах багт хийгдсэн археологийн нарийвчилсан судалгааг үндэслэн “түүх соёлын дурсгалт газрын ангиллаар” 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхацсан.

4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “...тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг ... илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 заасан утга агуулгын илэрхий алдаатай, ойлгомжгүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэхэд эргэлзээтэй ... мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.4-т заасан болон Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5-д заасан хуулийн шаардлага хангаагүй, мэдэгдэх, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, хуулийг зөрчсөн...” хэмээн,

хариуцагчаас “...маргаан бүхий актад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.2, 23.3, 28 дугаар зүйлийн 28.3-д заасныг үндэслэсэн буюу хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, солбицол, хугацаа зэрэг зохицуулсан асуудлаа тодорхой бичсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх бөгөөд хэн, хэрхэн хэрэгжүүлж, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж буй нь ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасанд хамаарахгүй” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүх “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох эрх хэмжээтэй байх хэдий ч “түүх, соёлын дурсгалт газар”-ын ангиллаар газрыг сумын тусгай хэрэгцээнд авах эрх түүнд хуулиар олгогдоогүй ... Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.12, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаас үзэхэд хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газрыг тусгай хэрэгцээнд авах эрхийг Засгийн газарт олгосон байх тул хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий тогтоолоор өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхий газрыг бүхэлд нь хамруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 35.1.18-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 3/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж,

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж,

  Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 4.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 4.2-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай саналд дараахь зүйлийг тусгана”, а) “хамгаалалтад авах тухай үндэслэл, шаардлага, хилийн зааг”, б) “авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг” хэмээн тус тус заасан.

  Хууль, тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн Засаг даргаас ирүүлсэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авбал зохих газрын талаарх санал хууль, журамд заасан шаардлагыг хангаж байх тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй.

 7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/672 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрүүлэхээр санал” хүргүүлсний 8-д “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудал багтсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 2/02 дугаар тогтоол, 2/01 дугаартай хуралдааны тэмдэглэл, тусгай хамгаалалтад авах газрын байршил, хил зааг, эргэлтийн цэг зэргийг тусгасан Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын ашиглалтын MV-01*** дугаартай талбайн солбицол зэргийг хавсарган хүргүүлсэн.

     Маргаан бүхий тогтоолоор тус сумын Баясах багт хийгдсэн археологийн нарийвчилсан судалгаагаар “И***” болон “Билүүт, Хадат, Цагаан эрэг, Баянхошуу” орчмын газарт  хүрлийн үеийн мөнгөн тайга хэлбэрийн булш 1, дугуй дарааст булш 3, тахилын байгууламж 7, он цаг тодорхойгүй булш 2, он цаг тодорхойгүй тахилын дурсгал 9 зэрэг, нийт 5 төрлийн 22 дурсгал тогтоогдсонтой холбогдуулан тухайн газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газар хэмээн “түүх соёлын дурсгалт газар”-ын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид заасан журмыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх ... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15-д 'хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар гэж заасан зориулалтаар тусгай хэрэгцээнд авах эрх аймаг, суманд олгогдоогүй ... хариуцагч өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж ... шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

  8. Өөрөөр хэлбэл, Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журмын 2.1-д Газар нутгийг дор дурдсан зорилгоор орон нутгийн  хамгаалалтад авна. Үүнд: гээд 1/-д байгалийн унаган төрх,  түүх,   соёлын дурсгалт зүйлийг хадгалах,  хамгаалах,  доройтсон орчныг нөхөн сэргээх; гэж, 2.2-т Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авахад дараахь  шалгуурыг  баримтална: гээд 6/ аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн хамгаалалтад байх  түүх,   соёлын жагсаалтанд орсон газар нутаг гэж тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь  маргаан бүхий захиргааны актыг гаргасан байхад анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасанд хамаарна” гэж дүгнэсэн нь буруу, мөн хуулийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх боломжгүй.

  Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хэмжээ, солбицол, хугацаа зэрэг зохицуулсан асуудлаа тодорхой бичсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх бөгөөд хэн, хэрхэн хэрэгжүүлж, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж буй нь ойлгомжтой...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 10. Үүнтэй холбогдуулан, энэхүү магадлал нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн давхацсан хэсэгт Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговор нэхэмжлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М*** ХХК-иас  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын “М***” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА