Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0034

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Э.Оюунтунгалаг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан

хохирогчийн  өмгөөлөгч: Д.Очирваань

иргэдийн төлөөлөгч: У.Даваадаш

шүүгдэгч: Б.Дөлгөөнтамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батмөнхийн  Дөлгөөнтамирт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625012775 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батмөнхийн  Дөлгөөнтамир, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, 2 ах, эгч, эмээ, 2 дүүгийн  хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1233 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан, РД:УП94121571,

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Дөлгөөнтамир нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Сандей худалдааны төвийн урд замд М.Бат-Оргилтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисоноос хохирогч газар унаж биед нь зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсаны дээр цус хуралт тархи доргилт зүүн дух, зулай чамархайн зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Дөлгөөнтамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед “Сан Дэе” төвийн гадаа ахыгаа хүлээгээд машинд сууж байхад Бат-Оргил гэдэг залуу машины хойно явган хүний зам дээр явж байгаад унах шиг болсон. Би тухайн үед анзаараагүй. Хойно дуу гарахаар нь эргээд харахад Бат-Оргил цонхон дээр ирээд пизда минь машинаа хол тавиач гэсэн. Тухайн үед би Бат-Оргилыг зам гарч яваа юм байна гэж ойлгоод чи явган хүний замаараа гарчих гэхэд Бат-Оргил миний сууж байсан хэсэгт тойрч ирээд намайг буугаад ир гээд цонхоор татсан. Тухайн үед би цонхоо хаах гэсэн боловч намайг барьсан байсан учир цонхоо хааж чадаагүй. Тэгээд машинаас буутал Бат-Оргил над руу дайрахад нь би эсэргүүцээд гарыг нь барих гэж оролдоход Бат-Оргил намайг боосон. Тухайн үед миний нүд харанхуйлаад байхаар нь өөрөөсөө холдуулах санаатай хохирогчийг түлхэсэн. Намайг түлхэх үед Бат-Оргил хойшоогоо 2, 3 алхаад унасан. Тэгээд ээж нь ирээд миний хүүг яаж байгаа юм бэ, хүүхэд аллаа гээд миний толгой руу цохисон. Бат-Оргилыг унахдаа яаж унасныг хараагүй. Тэгээд Бат-Оргилын ах, эгч нь ирсэн. Бат-Оргилын ээж нь намайг зодоод байхаар нь би цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд Бат-Оргилын ээж нь миний утсыг газарт цохиж унагаахаар нь би утсаа аваад зайтай очиж байгаад цагдаа дуудсан. Бат-Оргилын ах гэж 1 залуу ирээд чи доошоо суу, ялтан минь, чи яахаараа хүүхэд зоддог юм бэ, одоо чамайг зодно гээд айлгаж сүрдүүлээд байж байхад цагдаа ирж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү авч явсан. Би Бат-Оргилыг гэмтээх зорилготой түлхээгүй. Өөрөөсөө зайлуулах гэж л түлхсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

          Шүүгдэгч Б.Дөлгөөнтамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орой 18.00 цаг өнгөрч байхад би Өнөрбилэг ахын машинд Өнөрбилэг ахыг Сандэй худалдааны төвөөс гарч ирэхийг нь хүлээгээд зогсож байтал Бат-Оргил гэх хохирогч залуу явган хүний зам дээгүүр явж байгаад хөл алдаад машин руу унасан. Тэгээд машин мөргөчихөөд машинаа хол тавиач пизда минь гэхээр нь би өөдөөс нь чи гарцаараа гарчихаач гэж хэлсэн. Тэгсэн чинь миний хажууд ирээд цонхоор гараа оруулж ирээд миний цамцнаас боож татаад буугаад ир гэж хэлсэн. Би машинаасаа буусан чинь миний хоолойноос гараараа багалзуурдаж бооход миний нүд харанхуйлаад байса. Тэгэхээр нь гарыг нь тавиулах гээд цааш нь түлхсэн чинь газар уначихсан. Тэр залууг газар унасны дараа ээж нь гэж хүн ирээд намайг хүүхэд аллаа гэж хэлээд цохиод маажаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас 102-т дуудлага өгсөн. Мөн эгчийгээ дуудах гээд утсаа бариад зогсож байтал нөгөө ээж нь гэх эмэгтэй чи хэнтэй ярьдаг юм гээд миний гар луу цохиод утсыг маань газар унагаачихсан. Удалгүй цагдаа ирсэн. Миний нүд харанхуйлаад хоолой боогдоод байсан болохоор нь л би Бат-Оргилыг түлхсэн. Надад өөр санаа бодол байгаагүй. Би 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын бага хүүхэд. Би дээрээ 2 эгчтэй. Манай 2 эгч тусдаа гарчихсан. Намайг 16 настай байхад манай ээж өвчний улмаас нас барсан. Тэгээд би ээжийнхээ дүү болох Туяа эгчийнд амьдардаг болсон. Би 36 дугаар сургуульд 9 дүгээр ангиа сурч төгсөөд 87 дугаар сургуульд шилжээд 2011 онд уг сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Монгол Солонгосын политехникийн коллежид элсэн ороод 2 дугаар курсдээ хэрэгт холбогдоод сургуулиасаа гарсан. 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Сандэй худалдааны төвийн 7 дугаар давхарын цайны газарт бэлтгэгчээр ажилд орсон байсан юм гэжээ. /хх-ийн 58/

             Хохирогч М:Бат-Оргил мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20.00 цагийн орчимд Сандэй худалдааны төв орчихоод ээж Энхцэцэгийн хамт гараад Улаанбаатар их сургуулийн урд талаар зам дагуу хойшоо явж байгаад цэнхэр өнгийн Кроун маркийн авто машины  хойгуур нь тойроод гарах гэсэн чинь 1 дүгээр эгнээнд зогсож байсан Кроун маркын машин хойшоо ухраад намайг мөргөчихсөн. Тэгэхээр нь би уурлаад тэр машины жолоочид хүн дайрлаа замаа хараач гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч хөөе пизда минь явган хүний замаараа яв гэж  хэлэхээр нь би юу гэнээ гэж хэлээд машиных нь урд талд очсон чинь машинаасаа бууж ирээд надтай барьцалдсан. Барьцалдаад зогсож байхад тэр залуу намайг эхлээд баруун гараараа цээж рүү цохих гэхээр нь би гараараа хаагаад дахиад цохихдоо баруун шанаа руу 1 удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Нэг сэрсэн чинь баахан хүмүүс тойрчихсон байсан. Мөн ээж хажууд ирчихсэн байсан. Тэр хавьд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан гэжээ./хх-н 24-25/

          Хохирогч Б.Дөлгөөнтамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр таньдаг ах Өнөрбилэгтэй хамт Сандэй худалдааны төв орсон. Тэгээд Өнөрбилэг Сандэй худалдааны төв рүү ороод би хүлээгээд машинд нь сууж байтал хажуугаар явган хүний замын хашлага боржууран дээгүүр алхаж байсан 1 залуу хальтраад миний машиныг мөргөсөн. Тэгээд тэр залуу над дээр ирээд пизда минь чи наад машинаа замаас хол тавь гээд өндөр дуугаар буруу талын буюу машины баруун талын цонхон дээр ирээд орилсон. Тэгэхээр нь би тэр залууд гарцаараа гар гэж хэлсэн чинь уг залуу машины цонх хагас онгорхой байхад ирээд миний цамцнаас бариад татсан. Тэгэхээр нь би машинаасаа буусан чинь ахиж миний цамцны захаас боогоод чи миний гарцаар гарахыг мэддэг юм уу гээд дайраад хоолой боогоод амьсгаа давчдаад нүд харанхуйлаад ирэхээр нь би нөгөө хүнийг цааш нь түлхчихсэн. Тэгсэн чинь тэр залуу явган хүний зам дээр зүүн талаараа уначихсан. Тэр залуу газар унахад ээж нь ирээд намайг алгадаад бас нэг эмэгтэйтэй нийлээд намайг цохиод чихнээс зулгаагаад толгойны хэсэг рүү цохиод байсан. Би тэр үед ганцаараа машиндаа байсан. Надтай хамт явж байсан хүн Сандэй төв рүү орчихсон байсан юм. Би тухайн үед цагдаад мэдэгдэх гээд утсаа залгаж байтал хохирогчийн ээж нь миний утас руу цохиод чи хэнийг дууддаг юм гээд цохиод унагаасан. Би ер нь хохирогчийн буруутай үйлдлээс болоод ийм асуудалд холбогдсон гэж үзэж байна. Би тэр хүнийг түлхэж л авсан түүнээс өөр байдлаар цохиж зодоогүй гэжээ./хх-н 26-28/

         Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 22/

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 23/

          Гэрч Ц.Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Дөлгөөнтамирын ээжийх нь дүү байгаа юм. Миний дүү Дөлгөөнтамир 1994 оны 12 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод айлын 3 дах хүү болж төрсөн. Бага байхдаа ирээдүй цогцолборт сурч  байсан.  2009 онд Дөлгөөнтамирын ээж Ц.Тунгалаг нь зүрхний өвчнөөр нас бараад энэ хүүхэд  над дээр ирсэн. Тэгээд над дээр ирээд 87 дугаар сургуулийг төгссөн. Дээрээ 2 эгчтэй. Эгч нар нь бүгд тусдаа гарчихсан юм. Аав нь гэж хүн байдаг боловч архи уугаад гэр орондоо ирдэггүй юм. Дөлгөөнтамир өнөөдрийг хүртэл над дээр амьдарч байгаа юм. Монгол Солонгосын хамтарсан коллежид сурч байгаад хэрэгт холбогдоод сургуулиа төгсөж чадаагүй. Уг нь зан аашийн хувьд дөлгөөхөн зантай, хүний үгэнд их оромтгой хүүхэд байгаа юм. Би энэ хүүхдийг яагаад ийм хэрэгт холбогдоод байдгыг мэдэхгүй юм. Уг нь над дээр байгаад дутагдах юмгүй л амьдардаг юм. Ээж аав нь байхгүй болохоор сэтгэл санааны хувьд хэцүү байдаг байхаа. 2016 оны 7 дугаар сарын 1-ны өдөр Дөлгөөн тамир над руу яриад хүрээд ирээ би хэрэгт холбогдчихлоо гэсэн гэжээ.  /хх-н 29/

             Гэрч Ц.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би санаж байна. Тэр өдөр орой болж Улаанбаатар их баруун урд талын хашааны үзүүрт Кроун маркын машиныг зам дагуулаад тавьчихсан байсан. Тэгтэл Сандэй худалдааны төвөөс ээж хүү хоёр зам гарч байсан. Ээж нь түрүүлээд замын нөгөө талд гарчихсан байсан. Миний харсанаар Кроун маркын машины хажуугаар явж байсан залуу машины жолооч руу замаа хараач гээд хэрэлдэж байсан. Тэгээд явган явж байсан залуу нөгөө Кроун машины жолоочын машины цонхны хажууд очоод маргалдаад байсан. Тэгсэн чинь Кроун машины жолооч машинаасаа бууж ирээд хоорондоо заамдалцаж авсан. Тэгээд хоорондоо толгойруугаа цохилцож байх шиг байсан. Тэгж байснаа нөгөө явган явж байсан залуу цохиулаад газар уначихсан чинь нөгөө жолооч залуу толгой руу нь нэг удаа өшиглөж байх шиг харагдсан. Тэгтэл нөгөө зодуулсан залуугийн ээж нь замын эсрэг талаас гүйж гарч ирээд нөгөө жолооч залууг хүүхэд яаж байгаа юм гээд толгой руу нь цохиод байсан. Тухайн өдөр наадмын өдөр байсан болохоор хөл хөдөлгөөн их байсан.  дээр  сургуулийн/хх-н 30-31/

           Гэрч М.Өнөрбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэр өдөр наадмын өмнөх өдөр байсан болохоор орой 8.30 цагийн үед Сандэй худалдааны төв хаасан. Тэгээд би гадаа байсан машин дээрээ очиход Дөлгөөнтамир болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд жоохон түлхсэн чинь боржуур мөргөөд уначихлаа та явж бай гэсэн. Намайг гараад ирэхэд маргаан болоод дуусчихсан байсан. Дөлгөөнтамир надад болсон асуудлын талаар хэлсэн. Дөлгөөнтамир бол их даруухан, хүнтэй нэг их маргалдаад байдаггүй юм гэжээ.  /хх-н 32/

           Гэрч М.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Тэр өдөр би нөхөртэйгээ хамт Архангай аймаг явах гээд Цэцэг төвийн дэргэд хүнсээ цуглуулаад явж байсан чинь манай ээж Энхцэцэг над руу залгаад дүү чинь хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь Сандэй худалдааны төвийн урд талд байх Улаанбаатар их сургуулийн үүдэнд очсон чинь ээж салгачихсан байж байсан. Манай дүү Бат-Оргил газар явган суучихсан толгойгоо бариад байж байсан. Хэн зодсон юм бэ гэхэд ээж дээгүүрээ цагаан өнгийн нимгэн цамцтай саравчтай малгайтай жинсэн өмдтэй залууг зааж байсан. Нөгөө залуу нь мөн сандарчихсан утсаа гаргаж ирэхээр нь чи хэн рүү залгах гэж байгаа юм бэ гэхэд эгч рүүгээ залгах гэж байна гэж байсан. Тэгэхээр нь би гарнаас нь таттал нөгөө залуу утсаа газар унагаачихсан. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд нөгөө залууг аваад явсан гэжээ.  /хх-н 34/

        Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Дээрх гэмтэл нь унах болон цохих үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2 болон 1-ээс дээш  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хувь хүний биеийн байдал болон  хатуу хальснаас дээрх цусан хураа хир их хуримтлагдсан байгаагаас хамааран харилцан адилгүй эдгэрнэ. Гавлын ясны шугаман хугарал үүссэн үед идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж болдог. / хх-н 35

   Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 42/

 Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9762  тоот акт  Дүгнэлтэд:

            1.Бат-Оргилын биед зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. /хх-ийн 44/

         М.БатОргилын өвчний түүхийн хуулбар /хх-н 81/

         М.Бат-Оргилын эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 116-126/

    Б.Дөлгөөнтамирыг Ц.Туяа, Д.Одхүү нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 50-52/

Б.Дөлгөөнтамирыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 55-58/,

Б.Дөлгөөнтамирын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  Баатархайрханы 1233 тоотод ам бүл 7-уулаа оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 78 /зэрэг болно.

Б.Дөлгөөнтамир нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Сандей худалдааны төвийн урд замд Кроун маркын машин  дотор сууж байхад М.Бат-Оргил чи наад машинаа замаас хол тавь гээд орилоход нь өөдөөс нь Б.Дөлгөөнтамир  гарцаараа гар гэж хэлээд машинаасаа бууж очин түүнийг наг удаа шанаа хавьд нь цохиж газар унагасанаас  биед нь зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт баруун бугалганд цус хуралт бүхий  хүнд гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч .Бат-Оргилын биед зүүн зулай ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсны дээр цус хуралт, тархи доргилт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

          Хохирогч Бат-Оргилын мөрдөн байцаалтад мэдүүлсэн … Улаанбаатар их сургуулийн урд талаар зам дагуу хойшоо явж байгаад цэнхэр өнгийн Кроун маркийн авто машины  хойгуур нь тойроод гарах гэсэн чинь 1 дүгээр эгнээнд зогсож байсан Кроун маркын машин хойшоо ухраад намайг мөргөчихсөн. Тэгэхээр нь би уурлаад тэр машины жолоочид хүн дайрлаа замаа хараач гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч хөөе пизда минь явган хүний замаараа яв гэж  хэлэхээр нь би юу гэнээ гэж хэлээд машиных нь урд талд очсон чинь машинаасаа бууж ирээд надтай барьцалдсан. Барьцалдаад зогсож байхад тэр залуу намайг эхлээд баруун гараараа цээж рүү цохих гэхээр нь би гараараа хаагаад дахиад цохихдоо баруун шанаа руу 1 удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад уначихсан гэсэн мэдүүлэг хх-н 24-25/

           Гэрч Ц.Ууганбаярын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … Миний харсанаар Кроун маркын машины хажуугаар явж байсан залуу машины жолооч руу замаа хараач гээд хэрэлдэж байсан. Тэгээд явган явж байсан залуу нөгөө Кроун машины жолоочын машины цонхны хажууд очоод маргалдаад байсан. Тэгсэн чинь Кроун машины жолооч машинаасаа бууж ирээд хоорондоо заамдалцаж авсан. Тэгээд хоорондоо толгойруугаа цохилцож байх шиг байсан. Тэгж байснаа нөгөө явган явж байсан залуу цохиулаад газар уначихсан чинь нөгөө жолооч залуу толгой руу нь нэг удаа өшиглөж байх шиг харагдсан гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/

           Гэрч М.Өнөрбилэгийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … би гадаа байсан машин дээрээ очиход Дөлгөөнтамир болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд жоохон түлхсэн чинь боржуур мөргөөд уначихлаа та явж бай гэсэн. Намайг гараад ирэхэд маргаан болоод дуусчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 32/

           Гэрч М.Болортуяагийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн… манай ээж Энхцэцэг над руу залгаад дүү чинь хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь Сандэй худалдааны төвийн урд талд байх Улаанбаатар их сургуулийн үүдэнд очсон чинь ээж салгачихсан байж байсан. Манай дүү Бат-Оргил газар явган суучихсан толгойгоо бариад байж байсан. Хэн зодсон юм бэ гэхэд ээж дээгүүрээ цагаан өнгийн нимгэн цамцтай саравчтай малгайтай жинсэн өмдтэй залууг зааж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 34/

        Шинжээч Т.Номинцэцэгийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн …Дээрх гэмтэл нь унах болон цохих үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2 болон 1-ээс дээш  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хувь хүний биеийн байдал болон  хатуу хальснаас дээрх цусан хураа хир их хуримтлагдсан байгаагаас хамааран харилцан адилгүй эдгэрнэ. Гавлын ясны шугаман хугарал үүссэн үед идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж болдог гэсэн мэдүүлэг  / хх-н 35

        Шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын мэдүүлсэн … Өнөрбилэг Сандэй худалдааны төв рүү ороод би хүлээгээд машинд нь сууж байтал хажуугаар явган хүний замын хашлага боржууран дээгүүр алхаж байсан 1 залуу хальтраад миний машиныг мөргөсөн. Тэгээд тэр залуу над дээр ирээд пизда минь чи наад машинаа замаас хол тавь гээд өндөр дуугаар буруу талын буюу машины баруун талын цонхон дээр ирээд орилсон. Тэгэхээр нь би тэр залууд гарцаараа гар гэж хэлсэн чинь уг залуу машины цонх хагас онгорхой байхад ирээд миний цамцнаас бариад татсан. Тэгэхээр нь би машинаасаа буусан чинь ахиж миний цамцны захаас боогоод чи миний гарцаар гарахыг мэддэг юм уу гээд дайраад хоолой боогоод амьсгаа давчдаад нүд харанхуйлаад ирэхээр нь би нөгөө хүнийг цааш нь түлхчихсэн. Тэгсэн чинь тэр залуу явган хүний зам дээр зүүн талаараа уначихсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Б.Дөлгөөнтамир нь М.Бат-Оргилтой маргалдан түүнийг түлхэх үед зүүн талаараа боржур дээр унасан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.Дөлгөөнтамирыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын өмгөөлөгч нар Б.Дөлгөөнтамирт холбогдох хэрэгт асуугдвал зохих гэрч нар асуугдаагүй байх тул түүнийг олж гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Дөлгөөнтамрын хэлсэний дагуу мөрдөн байцаалтын явцад тухайн гэрчийг олж асуух талаар хангалттай ажиллагаа хийсэн боловч  олдоогүй байсан байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тухайлбал шүүгдэгч өөрөө түүнийг түлхэж унагахад боржур дээр зүүн талаараа унасан гэдгийг мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа учир заавал гэрчийг асуулгах шаардлагагүй гэж шүүх үзэв.

          Б.Дөлгөөнтамир нь хохирогч М.Бат-Оргилд эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг  төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Хохирогч одоогоор нэмж нэхэмжлэх зүйлгүй, шүүхэд гаргаж өгөх нотлох баримтгүй байгаа боловч цаашид эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ  гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх  хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдав.

Шүүгдэгч Б.Дөлгөөнтамирын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Б.Дөлгөөнтамир нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журмалан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4  дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба  нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй гэсэн заалтаас үзэхэд 2015 оны  11 дүгээр сарын  05-ны өдрөөс эхлэн найман жилийн хугацаа тоологдож байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасан ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах болон  хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх  үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон  овогт Батмөнхийн  Дөлгөөнтамирыг  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирыг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирт оногдуулсан 5  жил 01 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөлгөөнтамирын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх  хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Дөлгөөнтамир нь  бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Бат-Оргил цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Дөлгөөнтамирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дөлгөөнтамирт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                     С.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                   Т.ШИНЭБАЯР